Шууд Chart

Төрийн байгууллагуудын Шилэн дансны мэдээлэл хангалтгүй байна

2015-10-26 17:56:35

Шилэн дансны тухай хуулийн үйлчлэлд яам, агентлагаас эхлээд аймаг, нийслэл, сум, дүүрэг зэрэг бүхий л шатны 5000 төсвийн байгууллага, Төрийн болон орон нутгийн өмчийн 360 гаруй үйлдвэр байгууллага хамрагдаж байгаа. Эд бүгд хуулийн дагуу шилэн дансаа веб сайт болон мэдээллийн самбартаа байрлуулж байгаа. 

Шилэн данстай холбоотой мэдээллийн хамгийн том нэгдсэн веб сайт болох shilendans.go.mn сайтад хийсэн ажиглалтаа хүргэж байна. Иргэн та ч энэхүү сайтаас дээрх байгууллагуудаас гадна Ерөнхийлөгч, их хурал, 16 яам, шүүх, прокурор, төрийн 29 агентлаг,  21 аймаг, 34 төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчит компанийн шилэн дансыг үзэж болно.

Энд бүх байгууллагын жилийн төсөв, орлого, зарлагын хэмжээ, тендер, хандив тусламж мөнгө төгрөгтэй холбоотой бүхий л мэдээлэл байх ёстой. Мөн 5 сая төгрөгөөс дээш хэмжээний бүх орлого, зардлыг хянаж болно.

Жишээ нь8 Зам тээврийн яам тавдугаар сард оюутны сургалтын төлбөр гэсэн утга бүхий 25 сая 434 мянган төгрөгийн зарлага гаргажээ. Сангийн яам "Блүүмберг"-ийн төлбөрт хоёр болон есдүгээр сард нийт 66 сая төгрөг шилжүүлсэн байна. Мөн шилэн дансны программын төлбөрт 56 сая төгрөг шилжүүлжээ. Эрүүл мэнд, спортын яамны шилэн данснаас олон албан хаагч ажлаас чөлөөлөгдсөн болохыг харж болно. Тухайлбал, он гарсаар Бүтцийн өөрчлөлтөөр ажлаас чөлөөлөгдсөн албан хаагчдад олгох тэтгэмж нэрээр хэд хэдэн удаа зарлага гаргасан бөгөөд нийтдээ 106 сая төгрөгийг ажлаас халагдсан албан хаагчдад олгосон байна. 

Энэ мэтээр таван сая төгрөгөөс дээш зарлагыг хянаж болох ч бүх гүйлгээ шилэн дансанд орсон уу гэдэг нь эргэлзээтэй. Жишээ нь, Батлан хамгаалах яамны 5 сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлого, зарлагыг үзвэл сар бүр маш урт дараалал бүхий тайлан гарч байгаа юм. Энэ бол нууж хаасан юмгүй, бүх зардлаа шилэн дансандаа оруулсан жишээ.  Гэтэл ихэнх төрийн Байгууллага ердөө л байрны түрээс, дулааны төлбөр, гэх мэт ойлгомжтой урсгал зардлуудаа бичиж, нүд хуурахаас хэтэрсэнгүй ээ. 

Хуулинд таван сая төгрөгөөс дээш зардлаа заавал тайлагна, харин доошхи зардлаа сайн дураараа тайлагнаж болно гэж заасан. Сайн дураараа, бүх зардлаа нэгд нэгэнгүй тайлагнасан сайн жишээ ганцхан байлаа. Энэ бол Иргэний харъяалал, шилжилт хөдөлгөөний газар юм. Эднийх 100 мянган төгрөгийн гүйлгээг хүртэл шилэн дансандаа байршуулжээ. Шилэн данс яг ийм л байх нь хамгийн зөв шийдэл гэж АТГ-ын мэргэжилтнүүд хэлж байна.

Учир нь 5 сая гэдэг босго бол өөрөө нууц зардал гэдэг зүйлийг бий болгож байна. Ингэхээр хэл аманд орчихоор юм уу, нууж хаах шаардлагатай ямар ч хэмжээний мөнгийг хэдэн хэсэг хувааж, 5 саяаас доош болгочихоно. Энэ зардлыг иргэд хянаж чадахгүй ээ. Хуулийн цоорхой гэдэг шиг зүйл энд харагдаад байгаа юм.

Тэгвэл Газрын харилцаа, геодизи, зурагзүйн газар болон Онцгой байдлын ерөнхий газар, Шудрага өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын хувьд жилийн төсөв, зардал, татаас, хөрөнгө оруулалт гээд төсөвтэй холбоотой хамгийн наад захын ерөнхий мэдээлэл ч байхгүй байлаа. Мөн Уул уурхайн яам хөрөнгө оруулалтын хэмжээнээс бусад урсгал зардал, нийт төсвийн хэмжээг мэдээлээгүй байна.

Ер нь 2014 оны Төрийн байгууллагуудын ил тод байдлын индексээр Хууль зүйн яам хамгийн сайн үзүүлэлттэй гарсан бол Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Газрын тосны газар зэрэг байгууллагууд дундаас доогуур хангалтгүй  гэсэн үнэлгээ авчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Төрийн байгууллагуудын Шилэн дансны мэдээлэл хангалтгүй байна   
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй