Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран 2017-2021 онд хэрэгжүүлж байгаа Орны хөтөлбөр (Country Programme)-ийн дунд хугацааны хэрэгжилтийн тайлангийн хурал энэ сарын 15-ны өдөр ГХЯ-нд боллоо. Тайлангийн хуралд ЭМЯ-ны Дэд сайд Л.Бямбасүрэн, БСШУСЯ-ны Дэд сайд Г.Ганбаяр, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын дарга С.Тунгалагтамир, хөтөлбөр хэрэгжиж буй Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймаг болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч, түншлэгч байгууллагууд, орон нутгийн төлөөлөл бүхий 70 гаруй төлөөлөгч оролцов.
Олон талт хамтын ажиллагааны газрын Дэд захирал Б.Чинүүхэй, НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нар хурлыг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Орны хөтөлбөр”-ийн хүрээнд тавьсан зорилтууд амжилттай хэрэгжиж, хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр тодорхой ахиц, үр дүн гарсныг тэмдэглээд энэ удаагийн хурлын гол зорилго нь хөтөлбөр хэрэгжих үлдсэн хоёр жилийн хугацаанд анхаарч ажиллах шинэ асуудлууд, зорилтуудыг тодорхойлоход оршиж байгааг онцлов.
Дунд хугацааны хэрэгжилтийн тайлангийн хурлаар хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад тавьсан зорилтууд буюу хүүхдийн эсэн мэнд амьдрахуй ба хөгжил, хүртээмжтэй, эрүүл чанартай сургалтын орчинг бий болгох, тэгш боломж бүхий нийгмийн бодлого, хамгааллын тогтолцоог хөгжүүлэх зорилт тус бүрээр холбогдох чиглэлийн яамд мэдээлэл хийж, санал дүгнэлтээ танилцуулсан. Хуралд оролцогчид цаашид Монгол Улсын хэмжээнд тулгараад байгаа чухал асуудлын нэг болох агаарын бохирдлыг, ялангуяа эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, сургуулийн гадуурх, гэмт хэргийн гэрч хохирогч, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асуудлыг хөтөлбөрт тусгайлан нэмж, хэрэгжүүлэх зэрэг тодорхой саналуудыг дэвшүүлсэн.
Цаашид интернетийн хэрэглээ нэмэгдэж, хүүхдийн сурч боловсрох, харилцах арга хэлбэр өөрчлөгдөж байгааг харгалзан цахим орчинд хүүхдийг хууль бус үйлдлээс хамгаалах, хүүхдийн хөгжил, хүмүүжилд сөрөг үр дагавартай онлайн мэдээллийг хянах, зохицуулах хууль эрх зүйн орчинг бий болгох, хүүхдийн эрхийг хамгаалахад салбар дундын зохицуулалт, төсөл, хөтөлбөрийн уялдаа холбоог сайжруулах, тогтвортой байдлыг хангах үүднээс хүний нөөцийг чадавхжуулах чиглэлээр түлхүү анхаарч ажиллах шаардлагатайг төлөөлөгчид онцолсон байна.
НҮБ-ын Хүүхдийн сангаас шинээр дэвшүүлсэн саналуудыг хөтөлбөрт тусган хэрэгжүүлэх, мөн шинэ санаачилгуудыг туршиж сайн туршлагыг бий болгох, түгээн дэлгэрүүлэхэд техникийн туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийлэв.
Тайлангийн хурал болов | ||
Үзсэн: 801 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.