
Монгол Улсын манлай уяач Жамбалын Содномпил өчигдөр ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.
Тэрээр 1970-аад оны дундуур говь нутгаас төрийн наадмын дэвжээнд тодрон гарсан түүхтэй.
Мөн анхны 10 улсын алдарт уяачийн нэг, анхны 11 манлай уяачийн нэгээр тодорч байсан ба эцэг, үр гурван хүрэн адуугаар төрийн наадамд ирэх бүртээ айраг ууж байсан Халхын нэрт хүлэгч байв.
Энэ дашрамд түүний талаар уншигч танаа өгүүлье.
Аль сумынх вэ?
Манлай уяачийг Дундговийн олон сум булаацалдах нь бий. Хулд, Луус, Дэлгэрхангай, Сайнцагаан гээд. Морь уях нь хэрэггүй муу гэж ажил гэж ад үзэгдэж байх цагт зориг гарган жил өнжилгүй улсын наадамд уралдаж, айраг цагаа хүртэж нутгийн нэрийг гаргасан уяачийг дарга нар биш ард иргэд нь булаацалдах нь аргагүй юм даа. Тийм л цаг үе байж. Одоо бол шилдэг сайнаар өргөмжлөөд мандах биз. Угтаа их уяач Дэлгэрхангай сумын Ёндонгийнд мэндэлж, Хулд сумын Бүлээн багийн уяач сөхөө хэмээх Жамбалд өргөгдсөн гэдэг.
Жамбал гуайн хамаатан садангууд одоо ч Хулдад бий. Харин их уяачийг төрж байх цагт Бүлээн баг Луус сумын харьяаны баг байсан гэнэ. Сүүлийн жилүүдэд Сайнцагаан буюу аймгийн төвд голдуу амьдарч байгаа. Өлзийтөөр отрын адуутай гарч ирэх нь ч бий. Гэхдээ төрийн наадмын оноо дансанд Дундговь аймгийн Хулд сумын харьяат, Цагаан Овоогийн нүүрсний уурхайн жолооч Ж.Содномпил... хэмээн үлдсэн нь тодорхой юмаа.
Морьтой холбогдох шижим
Түүний өргөсөн аав Жамбал сүрхий барилдчихдаг, адуу мал уядаг юм юмны захтай эр байлаа. Төрсөн дүү нь хөх хэмээх Дашдондог. Энэ хүний хүүхдүүд өдгөө ч Хулд суманд амьдарч байна. Дашдондогийн Дамиранг миний хамгийн сайн унаач байсан хэмээн үнэлсэн нь ч бий. Д.Дамиран унаачийн яриаг хойно оруулах болно. Нутагтаа дунд сургууль дүүргээд Худалдааны техникумын оюутан болж ирсэн ч удалгүй Төмөр замын техникумд орж үргэжлүүлсэн сурсан байдаг. Техникумаа төгсөөд жолооч болж өөрийн унаган нутаг Үнстийн Цагаан-Овоод нээгдсэн уурхайд 1964 онд ирж ажиллав. Совин бэлгэ, сэтгэлийнх нь энэ дуудлага түүнийг хурдан морьтой холбох бас нэг далд шижим, гүүр болж өгсөн юм.
Бараг 30 нас хүрч байж наадамд морь уяж эхэлсэн юм гэдэг. 1972 онд эцэг Жамбалыгаа дагаж Хулд сумын наадамд очоод хоёр насны морь нь түрүүлснээр уяач болох сонирхол төрсөн байна. Луус сумын Суварга бригадын малчин Ц.Пүрэвийн социалист хөдөлмөрийн бригадын арван жилийн ойд зориулсан наадамд газар, газрын хурд цугласан гурван насны морины уралдааны бүх түрүүг авч ихэд баярласан төдийгүй хурдны өм нээгдээд ирлээ. Хүний өм нэг нээгдэхээр ч сайхан юм даа. Уургын морио уяхад хүртэл айрагдаж, үгүй ядахад бүрэн жаргалд давхина. Жил бүрийн зургаан сарын дундуур ээлжийн амралтаа авч, зуны нэгэн сарыг хурдан морины уяан дээр нойр, хоолыг мартан өнгөрөөдөг болсон байна.
Их хүрэн
Их хүрэн азаргыг Говь-Угтаалын Морьт багийн хоньчин Бадарчин гэдэг хүнээс авчээ. Дэрэнгийн Хайнзан, Говь-Угтаалын Гармаа гээд сайн сайн уяачид Говь-Угтаалд нэг сайн хүрэн үрээ байна, хаана ч очсон айрагтай адуу юм байна. Бас эзэн нь зарчихвал ч зарчихаар хүн юм гэж хэл дуулгажээ. Эзэнд нь захиа бичээд хоёр сар хүлээгээд хариу ирэхгүй болохоор нь найз Цэнджавын хамт очиж авлаа. Мөнгө хатуу байхад 2000 төгрөгөөр авч. Соёолондоо сумандаа түрүүлсэн байв. Угшлыг нь хөөвөл Батбуян гуайн адууны угшильтай, Говь-Угтаалын Бадарчингийн унаган, эцэг нь Дэрэнгийн Гармаагийн ах Маналын хүрэн азарга юм. Эх нь Борын Галтын хар азарганы үр хар гүүнээс гарсан хүлэг. Бадарчийнх гэдэг нь Боржгины Ловон отгийн Гэлэгяринпилийнхэн гэж арван засагт азарга морь хоёр айрагдуулсан айлын голомт юм.
Долоон настайдаа азаргатай ноцолдож байгаад хөл нь доголоод уягдаагүй. Найман насандаа Хулдад их хол түрүүлсэн. Их хүрэн газар холдох тусам л хаазыг нь нэмэхээр хүчээ аваад байдаг машин шиг адуу байсан хэмээн дурссан нь бий. 1973 онд Дундговь аймагт болсон том наадамд азарга их морь хоёроо түрүүлгээд буцах явцдаа Бударгана усанд болсон уралдаанд хүрэн азаргаа замгүй хол түрүүлгэж улсад явах бодол тээсэн байна. Ийм хүлэгтэй хүн улсын наадмыг зорихоос яахав. 1974 онд хүрэн азаргаа 10 настай байхад нь улсад явах гэтэл ажлаас нь чөлөө өгдөггүй. “Шинэ самосвальтай чиний хувьд хийх ажил их байна. Харин тэргээ өгөөд ажлаасаа гараад явдаг бол хамаагүй” гэсэн хариу өгчээ. Дөнгөж 30 мянган км явсан шинэхэн тэргээ өгөөд зургадугаар сарын 23-24 нд нутгаасаа гарч Богдын хүрээг зорьжээ. Замдаа нийлэх морь байхгүй алаг морьтойгоо сунгачихаад очлоо.
Говийн хүрэн магнай тэнийлгэв
Азарга эргэжээ. Айдсын давааны араас эхлэн улаан нүдэн Дамдинсүрэнгийн зэгэл өнгөлж Алтанбулагийн Луузайн хул Содномпилын хүрэн хоёр зуузай холбон араас нь нэхэж байв. Буянт-Ухаа руу тонгойтол зэгэл өнгөлсөөр байв. Араажаваар яриад байгаа. 535 дугаартай хүүхэд унасан хар азарга түрүүчийн азарган дээр ирлээ гэх нь тэр. Хүрэн азарга хөлсөндөө нэвтэрч хар харагдсан хэрэг. Энэ агшинд ч хүрэн азарга зэгэлийн хажуугаар сул юм шиг шуугиад өнгөрөв. Төрийн наадмын түмэн эх болов. Хан Уулын ард анх удаа ирж уралдсан хүн морь хоёр ийнхүү наадмын од болжээ. Энэ наадамд Баянцогтын Дамдинсүрэнгийн зэгэл аман хүзүүдэж, Луузайн хул гурвалж, Дорнойн Сундуйн хүрэн, Алтанбулагийн Содномпилын хээр алаг удаалав.
Энэ баярын талаар их уяач Д.Даваахүү нэгэнтээ “Их хүрэнг түрүүлсэн дараа манай ажаа, нутгийн бас нэг уяачтай очиж үзсэн. Дээд удмаараа энэ хүлэг чинь манай адуутай бас хамаатдаг л даа. Мөн ч гоё шүү. Цуг явсан хүн ийм жижигхэн азарга төрийн наадамд бас түрүүлдэг юмаа гэхэд Ажаа маань Үгүй чи тэр нүдийг нь хараач, ямар сайхан юм бэ, одоо аягүй бол өшиглөчих гээд зогсч байгаа биз....гэж байсан юм даа. Бага хүрэн гоё азарга гэхдээ их хүрэнгийн дэргэд бол дуураймал юм даа” хэмээн ХХ зууны аварга морьдыг өөрийн нүдээр гарсан их уяач магтаж байж билээ.
Их хүрэнгийн эгэлгүй амжилт
Төрийн наадамд хүрэн азаргаа түрүүлгээд буцах замдаа Өнжүүлийн наадамд очлоо. Хүрэн азаргаа мордуулахгүй, алга морио уралдуулья гэж бодож байтал “сумын наадмыг голоо юу” гэсэн яриа гарч уралдуулан түрүүлэв. Алаг морь нь Чойдогийн хурдан харлагийн ард ирж аман хүзүүдлээ. Дараа жил нь Дундговь аймаг Адуучид, үхэрчдийн баяр том наадамд хийх дуулианаар их уяачийг улсад явуулаагүй юм гэдэг. Аймагтаа наадаж хүрэн азарга алаг морь хоёр түрүүлж, хүрэн үрээ айрагдлаа.
Тэр жил улсын наадамд Дорнойн Сундуйн хүрэн азарга түрүүлсэн. Ж.Содномпил хожим “Уул нь 1975 онд улсад явсан бол ямар ч байсан айраг авах байсан. Эзэн хүний хувьд бол түрүү байсан байх гэж одоо хүртэл бодож явдаг даа. Үүний дараа улсын наадамд 1976, 1977 онуудад дараалан аман хүзүүдсэн. 1976 онд Зэвгээгийн борын дараа орж айрагдсан. Зэвгээгийн бор азарга хошуу өлгөж түрүүлэхэд хүмүүс болдогсон бол нэг гуядаад түрүүлэх байсан даа гэж халаглаж байв. Хүрэн азарга ер нь зоргоороо, ширүүн зан төрхтэй, гуядвал булгидаг, амыг нь татвал хадуурдаг, зөнгөөрөө уралддаг адуу.
Их хүлгийн хэцүү ааш
Их хүрэн азарга даанч авиртай амьтан. Анх барихад 3-4 хүн өдөржингөө хөөцөлдөж байж, бас тусгай бугуйлтай байж л барина. Оосорлуулахгүй чөдөрлүүлэхгүй, ширүүлэх юм бол хүн шиг ноцолдох шахуу юм болно. Нэмнэж хөлсөлж болдоггүй, дандаа задгай хөлсөлдөг, чөдөрлөж байж хусдаг, морь их хасдаг, хүзүүнд нь оосор зүүгээд тавина, тэгэхээр зөвхөн хүүхдэд л баригдана. Ер нь хүрэн азаргыг захын хүн уяж эдлэхээргүй, хар багаасаа адуу мал дагасан, малд эртэй Содномпил тулдаа л ард нь гараад байсан хэрэг. Хүрэн азарганы унаач хүүхэд нь уралдаж ирээд буугаад цааш зугтаадаг байсан гэх яриа ч бий. Хажуунаас нь харахад нимгэхэн юм шиг өмнөөс нь харахад тэвхийгээд агуу харагддаг байсан гэж үзсэн улс дурсах нь бий.
Бага хүрэн
Тойруулгын түмэн эхүүд их баяр наяад оны эхээр говиос бас нэгэн алдарт ажнай тодорсон нь Ж.Содномпилын бага хүрэн болой. Хязаалан соёолондоо улсад арав гаргаж хориодоор давхиж байсан. 1980 онд найман настайдаа Тойруулгын Алтан гадас азарганы дараа орж анх аман хүзүүдсэн. Тойруулгын цуут тогоруу халтар гуравт давхиж байлаа. Тойруулгын энэ хоёр азарга тухай үед ид байсан. Д.Даваахүү манлай ч хоёр азаргаа мордуулчихаад “Миний хоёрын дунд хавчуулах адуу бараг үгүй болов уу” хэмээсэн гэж домог түүхэд өгүүлдэг.
1981 эхний тасарсан зургаан азаргыг хөтөлсөөр хар замаар буруу уралдаж нисэхийн товчоон дээр ирэхэд чиглүүлэгчийн машин гүйцэж зүүн урагшаа эргүүлэн морьдтой нийлүүлсэн юм. Тэгэхэд цээжинд явсан морьдын 20-иодоор нийлэн урагш туулан уралдаж аргагүй хурднаа батлан гурвалсан. 1982 онд Э.Сүрэнхорол унаж дөрвөөр давхихад Баянцогтын Төрийн Самдангийн зээрд халзан түрүүлж байсан байна. Харамсалтай нь энэ хүлэг өвчин тусаад залуухан эндсэн юм. Бараг төл үлдсэнгүй. Бага хүрэн гарч уралддаг, их хүрэн бол 40-50 хавьд эргээд суудаггүй алсан цартай хүлэг байв.
Одон хүрэн
1978 онд улсын наадамд явж байхда Өнжүүлийн баян Дамаа хэмээх хүнтэй танилцав. Улсын наадамд их олон бага адуу айрагдуулсан уяач. Үхэр тууж явсан. Арваад морь уячихсан хожмын манлай уяачид хандаж “Миний морьдыг аваад улсад аваад явахгүй юу гэсэн” байна. Нэг даага, нэг морийг нь аваад, бас нэг уяж байсан даагыг нь худалдаж аваад улсын наадмыг зорив.
Дамаа өвгөний нэр дээр мордуулсан бор нь түрүүлж, өөрийн авсан бор нь аман хүзүүдсэн байна. Их хүрэнгийн төл одон хүрэн морь нь энэ их наадамд соёолон настай түрүүлж, үндсэндээ хоёр түрүү авсан байна. Одон нийлээд улсад нэг айрагдаж арвын дотор хэд хэд давхисан. Цөөнгүй жил Айдасаар зарлуулж давсан хүлэг. Хамгийн сүүлд 1987 онд Хулд сумын Талын цэцэг нэгдлийн 30 жилийн ойгоор уралдаж хол түрүүлж яваад далных нь хуудас буучихсан юм гэдэгээ.
Бусад төлүүд хийгээд буурал духт
Их хүрэнгийн шууд үр улсын алдарт уяач М.Энэбишийн зээрд азарга сумдад дөрөв түрүүлж, 9 айрагдсан. Дэлгэрцогтын Хүүхэнбаатар хүрэн үрээ авч төл нь Есөнзүйлд айрагдаж, Дундговьд түрүүлсэн. Луусын улсын хошой аварга малчин Дэмбэрэлдорж зээрд үрээ авч, үр төлүүд нь Дундговийн баруун талд хэсэгтээ дийлдэхээ байв. 1983 онд улсад морь уяж очиход Лүнгийн Жамьяндорж ирж уулзаад азарган үрээ гуйсан байна. Ингээд намар нь очиж хүрэн үрээгээ авахад нь хурааж явсан ганц гүүг нь дагуулж өгөв. Энэ хүлэг Лүн сумандаа айрагдаж, түүний үр нь буурал духт хэмээх өнгөрсөн зууны сүүлээр зартай түмэн эх төрөв. Энэ аварга азарга 90-ээд оны дундуур улсын чанартай бүх уралдаанд айрагдаж шагшуулан эзэндээ алдарт уяачийн малгай авчирч билээ.
Ж.Содномпилын алаг морь
Аймгийн баяр наадамд хоёр түрүүлсэн нэрт хурдан алаг морь Луус сумын харьяат олноо годон хэмээгддэг их уяач Жигмэд гуайн морины байнд ирсэн даага юм. 1967 онд Жигмэд Луустаа хар даага түрүүлгэж байнд нь алаг даага ирсэн байна. Хойтон хавар нь хотон дотор хоньтой цуг онд орсон алаг үрээг зорьж сургасан хүн байхгүй хүүхдүүд гадуур хонинд унадаг “хонины алаг” нэртэй болсон байв. Зун нь Жигмэд Луусын наадамд хурдан хар үрээгээ уяж байлаа. Ойр хавь айл аймаг морь уясан хүн байгаагүйн болов уу, хар үрээгээ хонины алагтай сунгаж өвгөн хоёр үрээгээ эргүүлээд хүүхдэд захиж энд татуулаарай гэсэн байна.
Хоёр үрээгээ эргүүлчихээд араас нь шогшиж ирээд “Аль нь өнгөлөв” гэхэд хөлсийг нь хусаж зогссон хүү Дэмбэрэлдорж “Хонины алаг л өнгөлж байна” гэжээ. Жигмэд гуай ч нэг их юм бодоогүйн болов уу, удалгүй адууны өртгөнд Жамбал гуай ирж авчээ. Жигмэд гуайгаас хожим алаг морины тухай асуухад “Алгийг хурдан ч гэж мэдээгүй удаан ч гэж санаагүй л дээ. Би хурдан морь сайн таньдаггүй, харин ямар ч адууг хамгийн дээд давхилд нь хүргэж уядаг байсан юм болов уу даа” хэмээн дурсаж байжээ.
Алаг морь хачин номхон, бие жижигтэй уягдаад ирэхээрээ харин өндөр болж зэнзийгээд дээш босож ирнэ. Хязааландаа Хулдад уяж очоод хүүхэд нь балчирдаж аман хүзүүджээ.
1973 онд орон нутагтаа тодроод байх үед нь алаг морь их хүрэн азарга хоёртойгоо аймгийнхаа баяр наадамд ирж нааджээ. Энэ хоёр хурданг Содномпилын дүү Дашдондогийн Дамиран унаж байлаа. Их хүрэн азаргыг унаж Дэрэнгийн Довуучийн аварга зээрдийг барьж чадалгүй алдан аман хүзүүдэж байв. Хожим Содномпил гуай өөрөө дурсахдаа миний морьдыг Д.Дамиран, Э.Сүрэнхорол нар онцгой сайн унаж байсан гэж үнэлсэн нь бий.
1974 онд Хүрэн азарга, алаг морь хоёроо уяаны явцад морьтой нийлүүлэлгүй зөвхөн хооронд нь уралдуулсаар ирж их Хүрэн азарга нь улсын наадамд сайхан түрүүлж баярын магнай тэнийсэн байна. Харин алаг морины хүүхэд нь унаж бүтэлгүйтсэн гэдэг. Их наадмын дэвжээнд бүл муутай, нэг унаачтай, нэг туслахтай ирсэн уяач хаширлаж таван даагаа мордуулалгүй буцсан юм гэнэлээ. Таван дааганы нэг нь Хулдын М.Энэбишийн хүрэн, нөгөөх нь Л.Цэвэг-Очирын халиун гээч хурдан хүлгүүд болов. Хүрэн нь сумандаа дөрөв, халиун нь хоёр түрүүлж гайхуулсан байна.
Их наадмын ээдрээ
Анхлан төрийн наадмыг зорьсон талаар Д.Дамиран унаач нэлээд сонин түүхийг хүүрнэсэн юм. Би ахыгаа Абаа гэдэг юм. Замдаа алаг морь, хүрэн азарга хоёроо хооронд нь сунгана. Мотоцикльтой дагаж хурдыг нь харан үсэргэдэг байлаа. Би алаг морио унаад, хамаатных нь Ганбаатар хэмээх хүү хүрэн азаргыг унаж хөтөлж яваад эргүүлэн уралдуулдаг байсан юм. Яармагт ирж буулгачихаад Абаа маань хот руу давхиад явчихлаа. Гэтэл хажуу талын майхны хэдэн хүн намайг дуудаж байна. Чихэр жимс өгөөд хаанахын ямар улс уу, яаж нааддаг морьд уу гээд шалгааж гарлаа.
Гэнэн томоогүй би ярьж гарлаа. Хаана яаж түрүүлсэн, хэдэн миллтэй явдаг, хэр баримжаатайг нь ёстой л нэг хүүрнэж байв. Харин энэ нь хожим дэмий зүйл байсныг ойлгосон. Хүрэн азарга улсад мордоод шууд л түрүүлсэн. Ганбаатар унаж байсан юм. Харин алаг морь мордуулчихаад хүлээгээд байдаг ирдэггүй. Унаач нь түргэний тэргээр ирдэг. Абаа маань морио хайж явсаар олж айлын гадаа захиж уячихаад ирж байсан юм. Ганбаатарын яриагаар “Морьд эргэнгүүт хоёр талаар нь дөрвөн морьтой хүүхэд орж ирээд дөрөөг нь мултлаад морийг нь гуядчихсан” гэж байсан. Бас ч мориноос тийм амар унахааргүй хүүхэд л дээ. Харин хэд хоногийн дараа нөгөө гадна нь уясан айлаас эмээлтэй алаг морь сурсан улс ирж байсан гэдэг юм. Их наадмын дэвжээ амаргүй шүү. Мань хүн хаширлаад улсын наадамд даагануудаа мордуулаагүй буцсан даа...
Хожим
Их уяач саяхныг болтол морь уясан. 1997 онд л гэхэд Шилийн унаган хар үрээ даншигт аман хүзүүдүүлж байсан. Энэ Содномпилын хар гэж сайн азарга болсон. Мөн нэг жил Өлзийт сумын ойд хоёр нас ч түрүүлгэж байлаа. Төрд уралдахаар санаанд нь нийцэх адуу байгаагүй юм болов уу, хашир уяач аймаг сумандаа наадаж айраг түрүү авсаар л байсан юм.
Говийн их хүлэгч тэнгэрт дэвшжээ | ||
Үзсэн: 3036 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.