Шууд Chart

27 сая хувь борлогдсон ном

2021-01-15 09:51:18

"Монсудар” хэвлэлийн газраас Израйлийн түүхч Юваль Ной Хараригийн “Хүн төрөлхтний товч түүх”, “Маргаашийн товч түүх” номыг эх хэлнээ орчуулан гаргажээ. Эдгээр бүтээл олон улсад 27 сая хувь борлогдож өдгөө дэлхийн 50 гаруй хэлнээ орчуулагдаад байгаа аж.

Энэ бол ном хэвлэлийн салбарт ховорхон тохиох амжилт төдийгүй жинхэнэ утгаараа шуугиан тарьсан юм.

Хэрхэн ийм амжилтад хүрч чадав?

Нэгдүгээрт Юваль Ной Харари түүх бичлэгийг сурвалжийн мэдээ баримт, үйл явдлын он, дарааллын жагсаалт маягаар бичих арга барил хоцрогдсоныг харуулж харин уншигчдадаа хүн төрөлхтний түүхийг тэс өөр өнцгөөс харуулж, аливаа явдлын учир шалтгаант холбоог нь мэдүүлж чаддагт түүний бичлэгийн онцлог оршиж байх шиг. Тэрбээр бидний төдийлөн анхаардаггүй зүйлсийг гайхалтай ажиглаж, түүнийгээ ер бусын егөөдөж уншигчдад номоо эхнээс нь дуусах хүртэл салгахгүй унших сэдлийг өгч чаддаг нь түүний авьяас ажээ.

Мөн түүний аливаа асуудлыг зөвхөн нэг талаас харж тайлбарлалгүйгээр биологи, физик, хими, түүх, газарзүй зэрэг олон шинжлэх ухааны судалгаа шинжилгээнд тулгуурлан ердийн уншигчдад ойлгомжтой байдлаар хялбарчлан тайлбарладаг нь уншигчдын таалалд хамгийн их нийцдэг чанар юм.

Түүний 2011 онд хэвлүүлсэн Sapiens: Хүн төрөлхтний товч түүх бүтээл 2011 онд анх Хебрю хэлээр хэвлэгджээ. Харин 2014 онд англи хэлнээ орчуулагдсан олон улсад борлуулалтаараа тэргүүлж өдгөө 10 сая гаруй хувь зарагджээ. Юваль Ноа Харари энэхүү бүтээлдээ үйл явдлыг он дарааллын дагуу бус түүхийг хэрхэн унших, үйл явдлын учир шалтгаан, уялдаа холбоог тодотгож өгчээ.

Хүн төрөлхтний түүхийн талаарх ихэнх номууд түүхийн эсвэл биологийн талаас харж бичигдсэн байдаг бол Харари энэ хэвшмэл байдлыг барагцаагаар 70,000 жилийн тэртээх түүхийг орчин үеийн танин мэдэхүйн аргаар бичигдсэн маш шинэлэг энэхүү номоороо эвдэж чадсан. Зуун мянган жилийн өмнө дэлхий дээр хамгийн багадаа зургаан төрлийн хүн амьдарч байв. Харин өнөөдөр ердөө нэг л зүйлийн хүн үлдсэн нь бид буюу Хомо Сапиенсууд. Бусад төрлийн хүмүүст юу тохиолдсон бэ? Бидэнд бас юу тохиолдох вэ?

Эх дэлхийн эко системд хүн төрөлхтний хувьслын үзүүлж байгаа нөлөөг судлахаас эхлүүлээд эзэнт улсуудын хүчирхэгжилтийг жагсаан, түүнчлэн түүх болон шинжлэх ухааныг хослуулснаар хүлээн зөвшөөрөгдсөн түүхийг дахин эргэн харж, өнгөрсөн дэх хөгжлийг орчин үеийн үзэл баримтлалтай холбон, тодорхой үйл явдлыг илүү өргөн хүрээгээр судалсан юм. Тэрбээр биднийг ирээдүй рүү харахыг хүссэн. Учир нь өнгөрсөн хэдэн арван жилийн турш хүн төрөлхтөн өнгөрсөн дөрвөн тэрбум жилийн турш захирсан байгалийн шалгарал гэдэг хуулийн өмнө бөхийж эхэлсэн. Бид бүхэн биднийг хүрээлэн байгаа байгаль дэлхийгээс гадан өөрсдөдөө зориулж загварчлах аргад суралцаж байна. Энэ нь биднийг хааш нь хүргэх вэ, бид юу болохыг хүсч байна вэ? гэх асуултаар номоо дуусгажээ.

Харин тэрбээр өмнөх номын үргэлжлэл бүтээлдээ уг асуултад хариу өгөхийг хичээжээ. Түүний удаах бүтээл буюу монгол уншигчдад хэдийнээ танил болсон Homo Deus: Маргаашийн товч түүх бүтээл нь эхнээсээ л өөрсдийгөө ертөнцийг төв, бүх зүйлсийн утга учир, эрх мэдлийн эх сурвалж хэмээн боддог хүн төрөлхтний “ирээдүйд хэлэлцэх шинэ асуудал юу байх вэ?” гэсэн асуултаар эхэлнэ.  Гэвч хүн төрөлхтөн ирээдүйн тухай бодохын тулд өнгөрсөнд бид юуг ялан дийлж чадсан тухайгаа эргэцүүлэн бодох шаардлагатай болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

27 сая хувь борлогдсон ном  
Үзсэн: 858 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй