![](/uploads/202201/news/thumb/956291f3099a20ffbaa804be33f9b44a_x3.jpg)
МҮОНР-ийн Баянхонгор аймаг дахь сэтгүүлч, сурвалжлагч Пагвын Санаадагва шинэ оны босгон дээр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнуулсан юм. Тэрбээр он солигдохын өмнө Монголын радиогийн өндөр босгоор алхаж, хамт олондоо болон байгууллагадаа хүндэтгэл үзүүлэв. Тэр үеэр уулзаж ярилцсанаа уншигч танаа хүргэе.
-Төрийн хүндэт цол хүртсэн танд баяр хүргэе. Хэддэх жилдээ мэргэжлээрээ ажиллаж байна вэ?
-Баярлалаа. Миний энэ шагнал бол зөвхөн өөрийнх биш миний үе үеийн хамт олны, мянга мянган сонсогчдын минь шагнал юм. Монголын үндэсний гэдэг үг нь намайг улам бардуулж, бахархах сэтгэл төрүүлдэг. Би их хувь заяатай хүн юм. Тэнгэрт дэвшсэн ижий, аав минь намайг өнөөдөр харж байгаа байх. Тэр тусмаа “Миний хүү үндэсний хэмжээний салбарт ажиллаж байгаа нь зөв” гэж магтаж байгаа болов уу. Би Монголын сэтгүүл зүй гэдэг хүндтэй армид 1978 оны наймдугаар сарын 1-нд “элссэн”. Гэхдээ сэтгүүлчийн хөдөлмөрийг “Ленийн зам” сонины газар, хэвлэх үйлдвэрийн хамт олон дундаас эхэлсэн. Үндсэндээ анхан шатнаас нь эхэлсэн гэсэн үг. Ер нь хүн өдий зэрэгтэй хөгжихөд багаас нь эхэлж, дээд шат хүртлээ явах хэрэгтэй юм билээ. Миний бие сонины газрын хэвлэгчээс эхлээд хянагч, сурвалжлагч, сэтгүүлчээр ажиллаж байгаад хэвлэх үйлдвэрийн дарга хүртэл болсон.
-МҮОНР-ийн Баянхонгор аймаг дахь сэтгүүлчээр хэдэн оноос эхэлж ажилласан бэ?
-2017 оноос эхэлсэн. Орон нутгуудад Монголын радиогийн төлөөлөл байдаг. Монголын үндэсний радио Монголын ард түмнийг сэрээдэг. Монголын ард түмний сэтгэлийн нарыг гэрэлтүүлдэг. Үүр цайлгадаг ийм сайхан байгууллагыг нутагтаа төлөөлж ажиллаж байгаадаа баяртай явдаг. Намайг энэ том байгууллагад төлөөлөл болгон ажиллах саналыг Бидэрийн Баярсайхан хэмээх зохиолч, яруу найрагч дүү маань тавьсан. Б.Баярсайхан тухайн үед МҮОНР-ийн даргаар ажилладаг байв. Намайг энд ажиллахаас өмнө миний хуурай ах, яруу найрагч Л.Дагийрааз байсан бол дараа нь С.Гантулга гэдэг бүсгүй ажиллаж байсан юм билээ. Тэд сайн ч ажилласан гэдэг. Тэр жил би ганцаараа орж ирээгүй. Говьсүмбэр аймгийн авьяаслаг сэтгүүлч Т.Болдбаатартайгаа хамт нэг байгууллагад ажилладаг болсон.
-Яриа эхлэх үед та сонины газар ажилладаг байсан гэж хэлсэн. Ямар ямар сонинд ажиллаж байв?
-“Үнэн” сонинд ажиллаж байгаад чөлөөт хэвлэлүүд бий болоход “Зиндаа”, “Хийморь”, “Дээдсийн хүрээлэн”, “Сэрүүлэг” гэсэн сонинд орон нутаг хариуцсан сурвалжлагчаар ажилласан. Би мэргэжилдээ хайртай, сонирхолтой. Тэгж гэмээн тухайн хүнээс өнгөтэй, өөдтэй бүтээл төрдөг. Үндсэндээ би 43 жил сэтгүүлчээр ажиллаж байна даа. Энэ хугацаанд би орон нутгийн сэтгүүл зүйдээ үнэнч байлаа. Цаашид ч тийм байх болно. Миний бодолд “Сайн сэтгүүлч болохыг хүсвэл сониноос ажлын гараагаа эхэл” гэсэн дүрэм байдаг. Бичиж сурсан сэтгүүлч хожим телевиз, радио, цахим орчинд ч гологдохгүй.
-Таны төрсөн нутаг Баянхонгор аймаг уу?
-Тийм. Тодруулбал, Галуут сумынх. Бүр цаашилбал сарлагтангуудын өлгий нутгийн хүүхэд. Манай аймагт миний Галуут, Эрдэнэцогт гээд хангайн сумд дөрвөөс таван түмэн сарлаг тоолуулсан нь ч бий. Миний унасан газар Монголынхоо түүхэнд алдаршсан гурван бүсийн нутаг. Хангай, говь, тал хээртэй. Түүнчлэн хүн анх үүссэн өлгий нутаг. Дэлхийд алдартай Шаргалжуут рашаантай, дээдэс чуулсан хүрэн бэлчиртэй сайхан нутаг. Би нутгаараа цаг мөнхөд бахархдаг.
-Сонинд ажиллаж байгаад радиод ажиллахад ялгаа нь хэр их мэдрэгдсэн бэ?
-Түрүүн би “Бичиж сурсан хүн ямар ч салбарт ажиллахад гологдоггүй” гэж хэлсэн дээ. Тэр утгаараа ах нь нүүр улайхааргүй ажиллаж байна даа. Ялгаа нь нэг их мэдэгдээгүй ч сонины сэтгүүлч материалаа бичгээр хүнд хүргэдэг бол радиогийнх дуу хоолойгоороо хүргэдэг. Монголын радиог ярихаар энд ажиллаж байсан болон ажиллаж байгаа сайхан нөхөд, дүү нараа дурсмаар болдог. Хамгийн түрүүнд “Болор цом”-ын хошой эзэн, Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул, манай нутгийн хүргэн “Дэрэнгийн хар азарга” хэмээгддэг Ц.Чимэддорж агсныгаа яримаар байна. Мөн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Л.Мөнхтөр, миний нутгийн Дан.Нямаа, зохиолч яруу найрагч Б.Баярссайхан, Ц.Бавуудорж нарыгаа хэлэхэд таатай байна.
-Одоо та “Өнөөгийн Баянхонгор” сонины эрхлэгчээр ч ажиллаж байгаа юм билээ ...
-Тийм. Одоо ах нь 60 нилээд гарчихсан явна. Ер нь би зогстлоо сэтгүүл зүйдээ үнэнч байхаар шийдсэн. Б.Дарамжав гэж манай нутгийн нэг ахмад сэтгүүлч ах минь байлаа. Тэр хүн нэг удаа надад “Сэтгүүлч хүн тэтгэвэрт гарчихаад зүгээр битгий суугаарай” гэж хэлсэн юм. Тэгээд ч би зөвхөн Баянхонгор аймагтаа бус Монголдоо толгой цохих хэдэн айхтар бурхан эрхлэгчийн гар дамжсан хүн. Их ч загнуулж, ихийг ч сурсан. Өдий зэрэгтэй явахад минь тэд нөлөөлжээ. Зарим нь бурхан болсон бол зарим нь энэ сайхан хорвоод хамтдаа аж төрж байна. Тэдний минь нэг Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул Шарын Ренцэн, Бууцагаан сумын Арсэдийн Хоогой байна. Тэд маань аав, ээж шиг минь хүндлэгдэж, хайрлагддаг хүмүүс.
-Хэвлэлийн үйлдвэрт ажиллаж байсан хүний хувьд сонингийн цаасны үнэр одоо ч гэсэн дотно санагддаг байх даа ...
-Ямар гоё асуулт вэ. Хэвлэх үйлдвэр ажилладаг хүн бүр энэ үнэрийг дэндүү сайн мэднэ. Красик буюу сонин хэвлэдэг будагны үнэр юм. Түүнээс биш сонины цаасны үнэр биш л дээ. Тухайн үед үйлдвэрүүдээс олон баатар төрж байлаа. Тэдний нэг нь баатар болоогүй ч баатар мэтээр дуудагддаг “Халзан” хэмээх Лувсанбатын Дармаа гуай юм. “Лениний зам”-ын Дармаа ч гэж нэрлэгддэг байлаа. 1948 оны тавдугаар сарын 1-нд Баянхонгор аймгийн “Лениний зам” нэртэй сонины анхны дугаарыг энэ хүн хэвлэн гаргасан байдаг.
-Сэтгүүлч гэж нэрлэгдээд. Тэр ч бүү хэл анхны материалаа сонин дээр гаргаад бариад алхаж байх мэдрэмж маш гоё байсан биз ...
-Хачин сайхан. Сэтгүүлч хүн бүрийн хамгийн сайхан мэдрэмж тэр. Аавынхаа нэрийг өөрийнхтэйгээ сонинд гаргачихаад алхаж байсан минь давхар баяр болж байлаа. Ертөнцөд хүн болж төрсөн хамгийн сайхан бахархал юм даа. Гэхдээ тэр үед би сэтгүүлч болоогүй байсан үе шүү дээ. Сонин гэдэг чинь их сонин шүү. Сонины хүмүүс содон байдаг. Сонин хачин ихтэй болохоор нь сонин гэж ч нэрлэсэн байх.
-Номонд дуртай хүмүүс ямар нэгэн ном газарт унасан байвал дээш нь тавьдаг. Харин сониныхон аль нэг сонинг шалан дээр унасан байхыг харвал бүр дээш нь залдаг зантай болсон байдаг гэдэг ...
-Яг тийм. Сонин бол тухайн цаг үеэ хадгалаад үлддэг хамгийн том зэвсэг. Бас түүхийн том баримт. Уншигчдын гарт баригдаж, оюунд нь мэдрэгдэж, нэгээс нөгөөд уншигддаг зүйл. Сайт ч ялгаагүй сонингийн шинэчлэгдсэн хэлбэр юм. Гэхдээ сонингийн зах зээл дэлхийгээс арчигдах болоогүй.
-Ярилцсанд баярлалаа.
П.Санаадагва: Сонингийн зах зээл дэлхийгээс арчигдах болоогүй | ||
Үзсэн: 2489 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.