Шууд Chart

Ахуйн ажилд хэт оролцох нь эрчүүдийн бие махбодид нөлөөлдөг

2010-01-19 02:48:29


У.ТЭНҮҮН


Өв тэгш амьдрал гэж байдаггүйтэй адил зөрчил, маргаангүй гэр бүл ч нийгэмд ховор. Тиймээс биднээс салахгүй мөшгидөг “Гэр бүлийн маргаан” хэмээх сэдвийг тойрсон олон арван асуудлын талаар зөвлөгөө авахаар “Сэтгэлийн толь” мэргэжлийн сэтгэлзүйн төвд хандлаа.
Шалтгаан уу, шалтаг уу?
Ажлын ачаалал, сэтгэлийн дарамтнаас түр ч гэсэн ангижрах боломж олгодог гэр бүл халуун дулаан уур амьсгалыг хэрүүл маргаан, хүйтэн хөндий байдлаар эвдэхийг хэн хүсэх билээ. Харамсалтай нь зөрчилгүй гэр бүл гэж үгүй. “Бид хэзээ ч маргалдаж байгаагүй” хэмээн мэтгэх гэж байгаа бол Та түр азнаарай. “Бодит харилцаа үүсэхгүй байгаагийн нэг илрэл нь зөрчилгүй байдал” гэдэгт эрдэмтэд аль хэдийнэ санал нэгдээд байгаа.
Гэр бүлийн маргаан аахар шаахар зүйлээс эхэлдэг ч үнэндээ бодит шалтгаан нь огт өөр зүйл байдаг. Үүнд архи хэтрүүлэн хэрэглэх зэрэг хорт зуршилд автах, хардалт зэрэг хүн бүрийн мэдэх шалтгаанаас гадна:
1.    Нэгнийхээ хүсэл сонирхлыг үл хүндлэх. Гэр бүл болоход хүний сонирхол хумигдаж, өөрчлөгдөх бус улам хүрээгээ тэлдэг гэдгийг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Нэгнээ бүрэн таньж, мэдээгүй хосууд гэрлэснээр хүсэл, сонирхол нь зөрчилдөх тохиолдол цөөнгүй. Гэр бүлийнхээ хүний сонирхолд зөвхөн өөрийн байр сууринаас хандахгүй байх нь хамгийн оновчтой сонголт.
2.    Хуучин дурсамж сөхөх. Ялангуяа Монгол гэр бүлийн тулгамдсан асуудлын нэг нь хуучин дурсамж сөхөх. Нэгнийхээ хийсэн зүйлийг дахин дахин сануулах эсвэл бусдын ярьсан дэгс яриаг гэр бүлийн амьдралтайгаа холбох нь зөрчил үүсгэдэг.
3.    Өөрийгөө хэт үнэлэх. Эсвэл огт үнэлэхгүй байх нь ч гэр бүлийн зөрчлийн бас нэгэн шалтгаан болдог гэдгийг та мэдэх үү. Ялангуяа бүсгүй хүн өөрийгөө нөхрөөсөө илүүд үзэж, өөрийнхөө хүчинд бардах нь “хэрүүлийн алим” болдог. Үүнийг эрчүүд андахгүй, бүсгүйчүүд төдийлэн анзаарахгүй байх нь элбэг. Түүнчлэн сэтгэл судлаачдад хандаж байгаа гэр бүлийн хүмүүсийн дунд өөрийгөө эхнэр, эсвэл нөхрөөсөө доогуур үнэлэгчид цөөнгүй. Ийм нөхцөлд нэг хүний давамгайлсан эрх үүрэг зонхилж, тэнцвэргүй байдал үүсдэг.
4.    Гэр доторх ажил үүргийн хувиар алдагдах. Магадгүй үүнийг та шалтгаан биш шалтаг хэмээн тодорхойлох байх. Үнэндээ эрчүүд хүүхэд асарч, хоол унд хийх зэрэг гэр орны асуудлыг хариуцах үед сэтгэл санаа төдийгүй биологийн хувьд тамирдаж, зөрчил үүсгэдэг. Энэ үед эзэгтэй нар өөрийн мэдэлгүй нөхрөөсөө давуу гэдгээ мэдэрч, харин нөхрүүд доромжлуулж байгаа мэт сэтгэгдэлтэй үлддэг. Мэдээж нэгнээ ойлгож, тухайн нөхцөлдөө дасан зохицох чадвартай, уян хатан гэр бүлд ийм уур амьсгал төдийлэн анзаарагддаггүй ч цаг хугацааны явцад харилцаанд сэв суух нь бий.
5.    Өвчлөл, сэтгэл санааны хямрал. Харамсалтай нь хэлж ирдэггүй өвчин ч бас гэр бүлийн маргааны шалтгаан болох нь бий. Өвчлөл өөрийн эрхгүй сэтгэл санааны хямрал үүсгэдэг тул маргааныг эхлэл болох нь бий. Тиймээс сэтгэл санаа таагүй байсан ч сэтгэл санаагаа хуваалцаж, өөрийн үзэл бодлоо тулгахгүй байх нь зөрчлөөс гарах гарц болдог.
6.    Буулт хийхгүй байх. Инээдтэй сонсогдох ч энэ нь гэр бүлийн маргааны бас нэгэн шалтгаан болдог. Салалт нь үүнээс ихээхэн хамааралтай болохыг сэтгэлзүйчид анхааруулдаг. Алдаа гаргадаггүй хүн гэж үгүй. Бурууг өөрөөсөө хайж, алдаагаа хүлээн зөвшөөрөх, дахин давтахгүй байхаас гэр бүлийн оршин тогтнох эсэх хамаардаг.

Гэр бүлийн маргаанд ялагч байдаггүй
Гэр бүлийн маргаанд ялагч байдаггүй, бүгд хохирч үлддэг. Гэвч Та өөрийгөө ялсан хэмээн дүгнэж байгаа бол ямар үнээр энэ байдалд хүрснээ эргэн санаарай хэмээн зөвлөе.
Тиймээс маргалдах үедээ:
-Өнгөрсөн асуудлыг эргэн сөхөх гэж улайрах хэрэггүй
-Ойр дотнынхныхоо асуудлыг бүү дурс
-Нэгнийхээ алдаа, сул талыг өсгөн шүүмжлэх хэрэггүй
-Доромжлох үг, хараалаас зайлсхий
-Өөрийгөө хохирогч мэтээр төсөөлж, үүний гол бурууг гэр бүлийн хүндээ тохох гэсний хэрэггүй
 

Нийтэлсэн: Б.Багабанди

Ахуйн ажилд хэт оролцох нь эрчүүдийн бие махбодид нөлөөлдөг  
Үзсэн: 1757 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй