Шууд Chart

Washington DC хот дахь долоо хоног бүрийн “Монголын нэг өдөр”

2014-04-16 10:42:44

АНУ-ын Washington DC хотноо болж буй МҮОНРТ-ийн үзэгч, сонсогчдын уулзалтын хүрээнд тус хотод ажиллаж байгаа багийнхан Монгол сургуулийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, багш, сурагч, эцэг, эхийн зөвлөлтэй уулзлаа. 

Эл сургууль нь монгол хүний сэтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр шимээр үүсэн байгуулагдаж, тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа бидний зочилсон  хоёр дахь сургууль байв. МҮОНРТ-ийн үзэгч, сонсогчдын уулзалтын багийнхан Даллас олон улсын нисэх онгоцны буудлаас балетийн багш Д.Өлзийсайхан, Т.Туяа нарын үүсгэн байгуулсан “Sterling Ballet academy”-д зочлон, хөрөг нэвтрүүлэг, ярилцлага, сурвалжлага бэлтгэсэн билээ.
 
“Sterling Ballet academy” нь 2010 оноос хойш тогтмол үйл ажиллагаагаа явуулж, нийт 300 сурагчийн бүрэлдэхүүнтэйгээр балетийн шаталсан сургалт, жазз, хип хоп бүжгийн хэмнэл, дэлхийн бүжгийн урлагийн түүхэн хөгжлийн хичээлүүдийг нарийвчилсан программын дагуу явуулдаг аж. Тус сургуульд таван монгол хүүхэд сурдаг нь бидний анхаарлыг татаж байсан бол Washington DC хот дахь Монгол сургууль зөвхөн монгол хүүхдэд зориулсан сургалт явуулдгаараа ихээхэн онцлогтой байлаа.
 
Washington DC хот дахь Монгол сургууль нь 2007 онд байгуулагдаж, долоо хоног бүрийн бямба гарагт монгол хүүхдүүдэд зориулсан сургалт явуулсаар ирсэн аж. Сургалтын хөтөлбөрөө АНУ болон Монгол Улсын боловсролын стандартыг нийцүүлэн барьж, Монголын түүх, Монгол хэл, зан заншил, дуу хөгжим, бүжгийн хичээлүүдийг Монгол хэл дээр заадаг юм байна. Тус сургуульд одоогийн байдлаар нийт 70 орчим монгол хүүхэд суралцдаг аж. Цэцэрлэгийн насны ясли, бага, дунд, ахлах ангиуд мөн хавсран үйлчилгээ үзүүлдэг нь Монгол хүүхдүүд багаасаа хэл ярианы хувьд боловсрон, зан заншил, уламжлалт ёсоо танин мэдэх өндөр ач холбогдолтой юм.
 
Монгол сургуулийн сурагчдыг цэцэрлэгийн бүлгүүдтэй нь эрэмбэлэвэл 1.5-14 нас хүртэлх хүүхдүүд байсан  бөгөөд үүсэн байгуулагдсан цагаас нь хойш тасралтгүй суралцсаар, төгссөн хойноо туслах багш хийж буйахлах ангийн хоёр сурагч байлаа. Ажлын таван өдрийн туршид АНУ-ын цэцэрлэг, сургуулиудад сурч хүмүүждэг, өсөх наснаасаа эхлэн эх орныхоо нэрийг зөвхөн дуулах төдийхөн хэмжээнд төсөөлсөөр ирсэн монгол хүүхдүүд анх уг сургуульд суралцаж эхлэхдээ төрөлх хэлний мэдлэгийн түвшин энгийн яриаг ойлгох хэмжээнээс ч доогуур байх тохиолдол байдаг аж.
 
Тийм ч учраас монгол хүүхдүүдийг бага наснаас нь эхлэн төрөлх хэлээрээ ярьж сурах, монгол зан заншил, үүх түүхийн мэдлэгтэй болгохын тулд цэцэрлэгийн насны бүлгийг нээн ажиллуулах зайлшгүй шаардлага үүссэн талаар сургуулийн багш нар тайлбарлаж байлаа. Монгол сургууль нь нийт 11 багш ажилтантай бөгөөд ардын боловсролын тэргүүний ажилтан, Соёлын тэргүүний ажилтан зэрэг цол тэмдгээр энгэрээ мялааж, олон жилийн туршид Монгол Улсын боловсролын салбарт түүчээлэн ажилласан багш нараас бүрддэг нь сайшаалтай санагдлаа.

 
Анх тус сургуульд элсэн орохдоо монгол хэлээр баруун зүүн талаа ч зааж мэддэггүй байсан сурагчид эл хөдөлмөрч багш нарын уйгагүй оролдлогоор төрөлх хэлээрээ чөлөөтэй ярьж сурах хүртлээ боловсордог юм байна. Монгол хүүхдүүдийн хувьд долоо хоног бүрийн бямба гарагт сургууль дээрээ ирснээр монгол хэлээр нэг дор олон хүмүүстэй харилцах боломж үүсч, хэл яриагаа сайжруулах, цаашлаад хичээлүүдийн сургалтын хөтөлбөрт орсон хуваарийн дагуу Монгол зан заншил, ахуйн онцлогийг танин мэддэг байна.
 
Монгол сургууль нь дээр дурдсанчлан, Монголын түүх, Монгол хэл, зан заншил, дуу хөгжим, бүжгийн хичээлүүдийг судалдаг бөгөөд хичээл бүр тусгайлан засаж тохижуулсан танхимуудад хичээллэдэг аж. Тухайлбал, Монгол зан заншлын танхим нь Монгол тоглоом наадгай, ном судар, өмсгөл зүүсгэл, ахуйн хэрэглээний онцлогуудыг нээн харуулсан хэсгүүдээс бүрдэж байна.
 
Уг танхим нь дан ганц сургалтад зориулагдаад зогсохгүй, АНУ-ын иргэд Монгол орны талаар сонирхон судлах хүсэлтээ илэрхийлэн, танхимаар үе үе зочилдог талаар багш нар  ярьсан юм.
 
Тус сургуулийн багш нарын хөндөн ярьж байсан нэгэн чухал сэдэв бол сурах бичгийн асуудал байлаа. Тэд сурах бичиг, гарын авлага, хичээлийн хэрэглэгдэхүүнүүдээ АНУ болон Монгол Улсын боловсролын стандартад нийцүүлэн, өөрсдөө боловсруулдаг аж. Учир нь, манай улсын ерөнхий боловсролын сургуулийн анги дэвших шатлалын дагуу боловсруулагдсан сурах бичгүүд англи сургуульд сурч буй Монгол хүүхдүүдэд хэт хүндэвтэр тусдаг аж. Тиймээс хялбаршуулан боловсруулах замаар сургалтын хөтөлбөртөө тусгаж, сурах бичгүүдийг хэвлүүлэх шаардлага үүсдэг юм байна. Уг асуудлаар “АНУ дахь Монгол сургуулиудын холбоо”-ноос хүсэлт гаргаснаар БСШУЯ-наас дэмжихээр болсон тул сурагчид хялбаршуулан боловсруулагдсан сурах бичгээр тун удахгүй хангагдана гэсэн итгэлтэй байгаа аж.  
 
Түүнчлэн тус сургуулийн сурагчид бүжгийн хичээлийн хуваарийн дагуу Монгол бие биелгээний гайхамшигт өв сангаас нэлээдгүй олон бүжгийг бүжиж сурдаг нь ихээхэн бахархал төрүүлэв. Биднийг уг танхимд ороход ахлах ангийн зургаан охин  “Урианхай” бүжиг бүжиж сурах дасгал хийж байлаа. Бүжгийн хичээлийг дан ганц сургалтын хөтөлбөрт нийцүүлэн заахаас гадна гүнзгийрүүлсэн шатны “Сонгоны бүлэг” хичээллүүлдэг аж. Ахлах ангийн сурагчид сургуулиа дүүргэхдээ ойролцоогоор 12 төрлийн бие биелгээг бүжиж сурдаг бол “Сонгоны бүлэг” 16-20 төрлийн бүжгийг бүрэн эзэмшдэг юм байна.
 
Энэ мэт Монгол Улсын маань нийслэл хот дахь жирийн нэгэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдаас хол давсан хөгжилтэй тал Washington DC хот дахь Монгол сургуулийн сурагчдад байх авч эх орон, элгэн саднаа харахыг хүссэн тэдний битүү санаашрал цаанаа л нэг гунигтай санагдав. Чухамхүү тийм л сэтгэл зүрх үндэснийхээ өв соёл, тусгаар тогтнол, газар шорооныхоо үнэ цэнийг тод томруунаар харж сургадаг мэт.
 
Өөрийн хүсэлтээр Монгол бичгээ сонирхон үзэж, ацаг шүд зуран суугаа жаахан охин ийн хуучилсан нь эрхгүй нэгийг бодогдуулсан тул хэвлүүхэн яриаг нь энд бүрэн эхээр нь буулгалаа.  
 
Т. Амина: Монгол нутгийнхаа өвсийг үнэрлэж үзэх юм сан боддог
 
- Амина Монгол сургуульд хэд дэх жилдээ суралцаж байна?
- Бүр багаасаа явсан. Сайн санахгүй байна /инээв/.
 
- Тэгэхээр энд төрж өссөн байх нь ээ?
- Тийм ээ. Би энд төрж өссөн. Монгол эх орондоо ганц ч удаа очиж үзээгүй. Энэ зун аав, ээж минь амрахаар хоёр сарын хугацаатайгаар Монгол эх орон руу маань явна гэсэн. Би тэр хугацааг тэсэн ядан хүлээж байна.
 
- Монгол орноо яг ямархуу байдлаар төсөөлдөг бэ?
- Би зөвхөн хүмүүсийн ярианаас сонссон, телевизээр үзсэн мэдээллээрээ төсөөлдөг. Монгол нутгийн бүхий л зүйл нь сайхан санагддаг. Цэв цэнхэр тэнгэртэй гэсэн.
 
- Эх орондоо очоод хамгийн түрүүнд юу хиймээр санагдаж байна?
- Хүмүүс Монгол эх орны минь талаар ярихдаа цэнхэр тэнгэртэй, гоё үнэртэй өвс ургамалтай гэдэг. Тийм учраас би Монгол нутгийнхаа өвсийг үнэрлэж үзэхийг хамгийн ихээр хүсдэг. Бас эмээ, өвөө, хамаатан садангуудтайгаа танилцана гэж бодохоор зун хурдан болоосой гэж хүсэхэд хүрдэг юм.
 
- Миний дүүг Монгол бичиг сур гэж хэн нэгэн зөвлөсөн юм уу?
- Үгүй ээ. Би өөрийн хүсэлтээрээ суралцаж байгаа юм. Их сонирхолтой санагдаж байна.
 
Төрж өссөн цагаасаа эхлэн Монгол Улсыг зөвхөн томчуудын яриа, хэвлэлийн мэдээллээр дамжуулан төсөөлсөөр ирсэн энэ л балчирхан охин хэн хүнээс илүү эх оронч төлөвшин хөгжсөн нь туйлаас бахархалтай, өхөөрдөм санагдав.
Хүүхдүүдийн энэ л төлөвшил, эх оронч үзлийг Washington DC хот дахь Монгол сургуулийн багш ажилчид төлөвшүүлэн тогтоохоор уйгагүй хөдөлмөрлөж байгаагийн нэгэн сайшаалтай тал нь Т.Анужин охины ухаалаг яриагаар гэрчлэгдэнэ.
 
Сургуулийн захиргааны зүгээс хичээлийн өдрөөр нь монгол хоол идүүлэх бодлого барьж, хүүхдүүд хагас сайн өдөр бүр бууз, гэрийн боорцог, хайлсан тос иддэг аж. Монгол хоолонд дуртай зарим сурагчид “бууз идэхээр хичээлдээ ирлээ” гэж хошигнодог нь учиртай биз. Сургуулийн захиргааны зүгээс дотоод нөөц бололцоогоо ашиглан, тус хотод ажиллаж амьдардаг Монгол иргэдтэй гэрээ байгуулан, сурагчдынхаа хоолыг бэлтгүүлдэг байна. Болдог л санаа. Хэн хэндээ тус нэмэртэй амьдарцгааж, элэг нэгтнүүдээ өөрийн чадлаар туслах ёстой гэсэн нэгэн бичигдээгүй хууль энд үйлчилж байлаа.
 
Эцэг, эхчүүдийн хувьд ч тэр  үндэсний дээл хувцас өмсөн, төрийн дууллаа дуулснаар хичээлээ эхлэх үр хүүхдүүдээ хараад,  монгол ахуйд бага ч болтугай ойртуулж, өөрсдийнхөө өгч чадахгүй сургалт хүмүүжлийг эндээс олж буйд нь сэтгэл өег явдгаа нуусангүй. Гэртээ оронгуутаа англиар дуржигнатал шулганах үрсийн ээж, аавууд монгол хүн гэдгээ мэдрэхгүй өсөх вий гэсэн эмзэглэл тээж явдаг нь харагдаж байлаа. Тийм ч учраас үр хүүхдээ долоо хоногийн нэг өдөр “Монголоор амьсгалуулах” нь тэдний хувьд туйлын эрхэм асуудлуудын нэг болжээ.
 
Эцэст нь эх орноосоо хол өсөн хүмүүжиж буй монгол үрсийнхээ үүх түүх, уламжлалт ёс заншил, ахуй соёлын гайхамшигт өв, хэл ярианы баялгийн мэдлэгт анхаарах үүднээс цөөн хэдэн монголчууд эр зориг, сэтгэл зүрхээрээ нэгдэн байгуулсан Монгол сургуулийн үйл ажиллагаанд оновчтой нэр өгмөөр санагдлаа. Washington DC хот дахь долоо хоног бүрийн “Монголын нэг өдөр”...
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Washington DC хот дахь долоо хоног бүрийн “Монголын нэг өдөр”  
Үзсэн: 7136 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй