Амбасэлмаа сэтгүүлч маань энэ жил 83 нас хүрчээ. Сайхан нас ... Бор ногоон өнгийн нимгэн тэрлэг, яг түүнийхээ өнгө дагуу жижигхэн өсгийтэй ногоон туфль өмсөж, шилэн оймсоор гангарсан нь илүү дутуу, гялгар цалгаргүй бөгөөд эрхэмсэг, хээнцэр. Ёжтойхон үг шидэлж, зөөлөн цөмцгөрхөн алхах нь донжтой. Цагтаа АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ж.Самбуугийн бэр байж, дээдсийн дунд заларч, Москвагийн их сургуулийн оюутны үдэшлэгт залууст уригдаж, Монголын радио, телевиз болон Монголын сэтгүүлзүйн их ертөнцөд тэргүүн зэргийн сэтгүүлч гэгдэж яваа түүнд хэнд ч давтагдашгүй, хэнээс ч гарахгүй авьяас билгийн их охь бий.
Радио, телевиз, сонин гэсэн гурвалсан мориор оюун санааны их орон зайг туулдаг Монголын чадварлаг тоотой хэдхэн сэтгүүлчдийн нэг бол Д.Амбасэлмаа.
Энэ хавар юм даа... Тавдугаар сард амралтаа аваад “Найрамдал” зуслангийн баримтат киноны зохиол бичих далимаар хэд хоногоор явахдаа Амбасэлмаа сэтгүүлчийг хамт амрахыг урьсан юм. Зөвшөөрч байна аа... “Амбалайнх нь нь астам хөдлөөд юун ашгүй юм, үеийнхэнтэйгээ амрахаар баахан өвчин ярьсан улс, санаа нийлэх хүнтэй хэд хонох минь” гэснээр бид хоёр “Найрамдал” зуслангийн тохилог өрөөнд хаврын хавирга нэвт шуурсан хэдэн өдрийг халуун дотно яриагаар сүлж өнгөрөөсөн юм. Ясны цэгцтэй, яхирдуу зангаас нь бэргэж байсан ч бид хоёрыг мэргэжилдээ хайртай сэтгэл, сэтгүүлчийн “араншин” улам, улам ойртуулж байлаа. Зүрх нь түүнийг гашуун юмнаас хойш чангааж байгаа боловч тэрээр зүгээр байсангүй. Амралтын дэд захирал н.Отгонбат бид хоёртой ганц нэг хундага хатуу юм татлаа. Дөрөв дэх хундаган дээр хорих маягтай үг хэлсэн чинь “Сурсан юмыг сураар боож болдоггүй юм аа. Үлдсэн насанд маань үлдсэн сэтгэл, үлдсэн элэг, үлдсэн зүрх хангалттай” гээд “томорч” байна. Нэртэй төртэй сэтгүүлчтэй амрах сайхан. Над шиг өчүүхэн амьтанд тун ч завшаантай. СГЗ сэтгүүлч Дорждулам, сэтгүүлч Сумьяа, Д.Сайнбаяр болон шавь нар нь тасралтгүй эргэн ирж, миний бие буянтны буянд “юм, юмаар” тасрахгүй сайхан байлаа.
Амбалай маань домог мэт сайхныг үлгэр мэт амилуулж ярина. Түүний хормойдож өссөн Дүгэр эмээ нь яг Амбалай шиг цэгцтэй, ухаалаг нэгэн байсныг Баянцагааныхан дурсаж байна лээ. Бас тэрээр миний багад “Доржзовд”, “Үлгэрийн далай” залаагүй айл манай Баянцагаанд байдаггүй байлаа гэж ярина. Их судар, их өвгөдийн дэргэд өссөн болохоор Амбасэлмаа сэтгүүлчийн үг өдий насанд ийн тод яруу, ухаан санаа нь ялгуун цэлмэг байдаг биз. Энэ хэдэн хоногт Амбалайгаас их ч юм сонссон, бас ч үгүй жижиг тэмдэглэл бичиж өөртөө хадгалав. Ирээд л домог болсон энэ хүнээр телевизийн нэвтрүүлэг бэлтгэх санаагаа СГЗ, сэтгүүлч Г.Золжаргалд тавьсан ...
Насаараа бусдын төлөө бичиж, бусдын төлөө дуугарч, бас бусдын тухай хэдэн зуун хөрөг найруулал хийж сэтгэл оюунаа нэрсэн тэрээр өөрийнх нь тухай нэвтрүүлэг хийгдэх болсон тухай дуулгахад телевизийнхэндээ, Наранцэцэг шавьдаа их баярласан. “Хутга хэдий хурц ч ишиндээ хүрдэггүй” гэдэг юутай үнэн үг вэ. Тэр хэзээ ч өөрийнхөө тухай бичиж, ярьж байсангүй. Нэг өгүүлбэр нь миний тархинд хэзээ ч арилахааргүй шингэж. Энэ л бодол тархинд аргамжаатай явдаг юм. “Жинхэнэ сэтгүүлч хүний тархи зам хөндлөн гарахдаа амиа аврах бодол руу шилждэг юм. Бусад цагт тэр л бичиж байгаа сэдэв, гарчиг, түүнийгээ яаж сонин болгох вэ гэсэн бодлоор дүүрэн явах, нэг бодлын тамын ажил даа” гэж билээ. Зураг авахаар Төв аймгийн Баянцагаан суманд очсон, багынхаа найз нартай уулзлаа, төрсөн буурин дээрээ очлоо, их догдоллоо. Тэр уйлж, уярч, баярлаж, дурсаж, дуулж, өнгөрсөн бүхий л амьдралаа эргэж нэг харах шиг санагдсан ... Бас СГЗ сэтгүүлч Гүнсэнгийн хамт “Зориг” сангийн байрны гадна зургаа татуулж, 1958 он, Монголын радио, залуу нас руугаа нэг очсон.
Баяртай, гунигтай борхон өдрүүдийг үдэж, эрээнтэй бараантай 80 гаруй жилийн амьдрал дундуур “туучсан” ахмад сэтгүүлчийн маань амьдрал уран бүтээлийн түүх хутгаад авахад ус шиг арвин ч гэлээ, ухаан эвээр тайлах амаргүй зангилаа байдаг юм. Монголын сэтгүүлзүйд 60 жил иссэн, исгэсэн дарс шиг аагтай, амттай, аатай бүтээл туурвисан, одоо ч гандахгүй туурвисаар яваа эмэгтэй сэтгүүлч бол Дүгэрийн Амбасэлмаа яах аргагүй л мөн дөө ...
2015-12-16
Завханд сурвалжлага хийж яваад ижийтэйгээ уулзаж чадаагүй, бурхны оронд явуулчихаад харамсахдаа
...Толгодын цэнхэр орой нь тоосроод, тодроод байна
Тогоруун дуутай цуваа нь холдоод, ойртоод байна
Торгоор урласан дээл чинь сэмрээд, сэмрээд байна
Тоонот түшсэн намайгаа нялхаар нь бодоод байна
Шүүдэр шиг ариун сэтгэл ижий таных л байдаг
Сүү шиг цагаахан мөр ижий таных л байдаг... гээд гансарсан сэтгэлээ зөөллөх гэж дууны шүлэг хүртэл бичсэн.
Тэнэгийн ухаан цувж ордог хойно доо. Амьдад нь зориулж дуу бичих нь битгий хэл, ганц удаа ч телевизийн бичлэгт оруулаагүй л байсан даа. Тийм болохоор ижийгээ амжиж баярлуулж байгаа хэний ч хүүхдүүдэд би чин сэтгэлээсээ баярладаг. Амбасэлмаа сэтгүүлчийн 85 насны ой, улсад ажилласны 7О жилийн ойг түүний үр хүүхдүүд ямар даруухан, яруухан, хүндэтгэлтэй тэмдэглэв ээ? Баярлалаа, Саруул аа, Ураа, Нараа... Бусад үр хүүхдүүд, хүргэн бэрүүдэд нь ч талархлаа.
...Ухаарч гүйцээгүй гэнэн сэтгэлийг, уужим болгон тэлсэн билээ... гэж танхим дүүрэн эгшиглэхэд хүн бүхэн тэнгэрт явчихсан ижийгээ амилуулж нэг бодсон байх. Амьд байгааг нь амжиж баярлуулаарай, дүү нар минь. Хэзээ хойно бурхны оронд явсан хойно, голоо харлатал мэгшиж, гэмшиж суухын хэрэггүй юм билээ.
...Явсан зүгийг чинь ширтээд
Янагийн дуугаа аялаад
Яралзах одтой нөхөрлөөд
Явж л байна даа, хонгор минь...
Энэ дууг Амбалай надад зөндөө дуулж өгсөн. Сүмбийтэл зассан хумстай , жижигхэн цагаан гараа зүрхэндээ авч нэг, дэлгэж нэг ёстой чин сэтгэлээсээ дуулна. Эгшиглүүлэн дуулах энэ дууны эзэн Амбалайгийн сэтгэлийн чанадын чанадад мөнхөд оршиж байдаг юм. Нугалаа, өргөлт, төгсгөл, донж, намбыг нь олно гэдэг гайхалтай. Ээжийнхээ дуртай дуугаар найрыг эхлүүлсэн нь Амбалайгийн охид ямар мэдрэмжтэйг илтгэх биз.
Одоогоос хэдэн жилийн өмнө Амбалай маань “Нэг сайхан үхрийн хавирга чанаад, шөлөнд нь лавшаа хийсэн. Би Долгорын Нямааг дуудсан, жаахан сууя гэж байна. Очтол Нямааг ирэхээс өмнө Амбалай нь дуулна аа“ гээд цонхны хөшигний араас гарч ирэнгээ “Баянцагаан сумын шинэ үсгийн багш Амбасэлмаагаас сумын ард иргэд та бүхэндээ зориулж агуу их удирдагч Сталины тухай магтуугаар ая барина“ гээд өөрөө өөрийгөө зарлав.
Ганц “зритель” нь алгаа удтал ташлаа.
...Чөлөөт Монголын ард түмний
Чин сэтгэлийн дуулал болсон
Цэлгэр сайхан орны минь
Цэцэглэн мандлын оргил болсон
Сталин таны хайр
Нар шиг биднийг ивээж байна
Сталин таны яруу алдар
Манай дуунд цууриатаж байна
Өргөн Монголын ард түмнийг
Өнөд гийгүүлэх наран болсон
Өршөөлт эцэг Сталин минь
Өнөд мөнх наслах болтугай...гэж л дууллаа.
Хэдийгээр инээдэмтэй юм шиг боловч бас түүх юм шүү гэж Амбалай ярьсан. Зөндөө олон ийм дууны үгийг тэр огт мартаагүй, би заримыг нь тэмдэглэж авсан. Ер нь Амбалай ганц нэг удаа амралтад явахдаа яриа нийлэх, санаа нийлэх хүнтэй явна, эмгэд, өвгөдтэй явахаар нэг бол өвчин ярина, нэг бол ийм ч ач, тийм ч зээ гадаад дотоодод бий... гэхээс өөр юм ярихгүй, тэдний үр хүүхэд хаана байх нь хэнд хамаатай юм, өөр сайхан юм ярьдаг хүнтэй явна гэдэг хүн дээ...
Монголын сор болсон сайхан хүмүүс Амбалайгийн маань 85 насны найран дээр цуглаж, үнэн бас сайхан үгийг Амбалайдаа хэлсэн. Нартай, бороотой, үүлтэй, цэлмэг 85 жилийн өнгийг тэнгэрийн дор өнгөрөөж яваа Амбасэлмаа сэтгүүлчдээ зуу насалж, зургаадай таяг тулахын ерөөл өргөлөө. Хоёр зууныг дамжин 6О гаран жил Монголын сэтгүүл зүйд нэрээ мөнхөлж, мөрөө үлдээж яваа МУСГЗ, сэтгүүлч Дүгэрийн Амбасэлмаагийн тухай бичих тэмдэглэл маань үргэлжилнэ.
Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг
ЖИЧ : “Нартай бороотой 85 жил” Дүгэрийн Амбасэлмаагийн 85 насны ойн баяраас бэлтгэсэн сурвалжлагыг 11 дүгээр сарын 27-ны 21 цаг 20 минутаас “Монголын мэдээ“ сувгаар хүлээн авч үзээрэй.
Амжиж баярлуул, муу ижийгээ | ||
Үзсэн: 21604 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.