Номын хүмүүсийн бараанд явж, Монголын томоохон сэтгүүлчдийн цөм болсон “Үнэн” сонины халуун тогоонд чанагдаж, орон нутгийн сонины бор амьдралаас сэтгүүлчийн ажлаа эхэлсэн миний бие 3О гаруй жилийн турш долоо хоног бүхний эхний даваа гарагийн Шуурхай хуралд сууж. Харин хэлтсийн дарга, ерөнхий редакторууд бүр өглөө бүр үг үсгийн алдаа, сонинд бол гарчиг өгөх, агуулга бичлэгийн ур чадвар, залуу сэтгүүлчдийн ур чадвар энэ тэрээ гээд... Бага үд хүртэл хуралдана. Энэ зарчим Монголд бүү хэл, дэлхийн хэвлэлийн ертөнцөд тэр чигээрээ мөрдөгддөг юм билээ. Тухайн шуурхайгаас ганц нэг нийтлэл, сэтгүүлчдийн материал сайшаагдах юм уу, “Чанар” үнэлгээнд дэвшигдэж тэр үнэлгээг авсан бол тэр өдөр редакцийн дарга нүүр дүүрэн инээмсэглэлтэй, их л сайхан зантай өнждөг байж. Үүнийг санахын учир “Монголын мэдээ“ сувгийн даваа гарагийн Шуурхайгаас үүдсэн буюу. Утга төгөлдөр ярьж чадахгүй мөхөс надад бичих нь бусдад ойлгомжтой очих болов уу.
Нийтлэлийн гарчгийг онож өгсөн, аль эсвэл утга төгөлдөр үгийг онож шигтгэсэн, агуулга төгс, асуудлыг аль өнцгөөс харсан гээд “Чанар“ үнэлгээний шалгуур өндөр. Гэхдээ зарим тохиолдолд уран бүтээлчээ урамшуулах, зоригжуулах бодлого барьдаг юм уу, оносон ганц шигтгээ шиг өгүүлбэр, онож өгсөн гарчгийн төлөө “Чанар“ өгнө, гол төлөв залуучуудад. Сайн бичиж байгаа бол хэдэн ч удаа тэр хүнд дараалан энэ үнэлгээг өгч болно. “Чанар“-т дэвших материалыг эхлээд хэлтэс буюу редакц дотроо дэвшүүлж редакцийн “халуун тогоо“-ндоо ярилцана. Бичил хамт олон ярьж хүлээн зөвшөөрсний дагуу Ахлах редактор гарцаагүй гэсэн ганц, хоёроо аваад Ерөнхий эрхлэгч буюу захирлын өрөөнд редакцийн дарга нарын хуралд оруулна. Нөгөө муу бүтээлийг маань том сэтгүүлч, редакторууд баална, миална, магтана, дээш нь, доош нь хийнэ. Барьж, имэрч үзнэ. Дахин уншина, шүүнэ, тунгаана, чанар өгөх хэсгийг нягтлан үзнэ. Ийм л нарийн шүүлтүүрээр орж нүүр улайлгасан шүүмж, нулимс унагасан баярын дунд уран бүтээлийн “Чанар” үнэлгээг авдаг байж. Тиймдээ ч эсрэг, тэсрэг хоёр туйлын дунд уран бүтээлч хүн хатуужиж, үг дааж сурдаг юм. Бас “Чанар“ үнэлгээ авсныхаа төлөө хөөрөн, “тэнгэрт“ нисч, олны өмнө “доош нь“ хийлгэсэндээ газар харанхуйлж “Би бичнэ, заавал чадна“ хор шарандаа буцалж “ХАТУУЖИЖ БОСЧ“ ирдэг байж. “Чанар“ үнэлгээ бол тэр уран бүтээлчийн амжилтын хэмжүүр, шагнал сайшаалд хүрэх гол гогцоо нь байсан юм. Ийм л үнэ цэнэтэй “Чанар“ үнэлгээг авах гэж уран бүтээлчид бодлоо цэгцэлж, тархиа гашилгадаг байж дээ.
Түүнээс биш яг манай сувгийн хурал дээрх шиг “За би ийм агуулгатай, ийм сайхан мэдээ хийлээ. Тийм сайн зочинтой ярилцлаа, би ингэж хурдан хийлээ, үүнийгээ “Чанар“-т дэвшүүлнэ“ гэж өөрөө өөрийгөө магтан томордоггүй л байлаа. Бас нэг долоо хоногт тоо томшгүй ийм олон “Чанар“-тангууд ч төрдөггүй байж. Энэ том үнэлгээний чинь өмнө хэвийн, шаардлага хангасан, сайн гэсэн олон хэмжүүр байдаг юм. “Усыг нь уувал ёсыг нь дагана” гэгчээр би ч гэсэн нэвтрүүлгээ нэг удаа “Чанар“-т дэвшүүлж орхисон. Халуун юм билээ, олны дунд. “Өөрийгөө магтсан хүн өөдөлдөггүй” гээд хар багад минь хэн ч хэлчихсэн юм бэ дээ, хараал идсэн энэ үгийг. Батцэнгэл даргын хэлсэнчлэн “Тогорууны дэгдээхэй тогоруундаа хөөрхөн, Тоодгор үр минь наддаа хөөрхөн“ гэдгээр өөрийн хийсэн нэвтрүүлэг өөртөө болчихсон юм шиг санагдаад байдаг. Уран сайхны зөвлөлөөр оруулаад өөрт болоод байсан нэвтрүүллгийг минь навс доош нь хийгээд, хэлээд өгөхөөр бас нэг юм энэ муу толгойд орно шүү.
За яахав, хэмжээгүй их ардчилал, хүний эрх чөлөө хажууд ирчихсэн байхад чи хоцрогдсон л гэх байх. Энэ их эрх чөлөө чинь ёс зүйгүй, ичих булчирхайгүй болгож, дэндүү эмх замбараагүйтэл, зоригтой их тэнэглэл рүү түлхээд байна ... БИДНИЙГ.
“ЭРДЭМТ ХҮН ДАРУУ, ИХ МӨРӨН ДӨЛГӨӨН“ гэдэг үгийн үнэ цэнэ буураагүй шүү гэдгийг залуус минь санаж яв. Дэлхийн сонгодог бүтээл “Ромео Джульетта“ , “Титаник“, “Титус“, “Өргөст модны шувуу“ гээд олон киног эх хэлнээ, орос хэлнээ англи хэлнээс хөрвүүлсэн, өдий төдий номыг гадаад, дотоод хэл дээр бичсэн зохиолч, орчуулагч, удам дамжсан бичгийн хүн Хасбаатарын Мэргэнийг “Би энэ киног үнэхээр сайн орчуулсан, намайг үнэлгээнд дэвшүүлээд аль“ гэж бархирч байсныг санахгүй юм. Харин “Зөөлөн бороо биш, намуухан бороо гэж орчуулсан бол илүү наалдах байж, тэнэгийн ухаан цувж ордог гэгчээр одоо санадаг байна шүү“ гээд зөвхөн тэр үгний төлөө ажил руугаа эргээд очиж явахтай нь тааралдаж биширч явлаа Мэргэнийгээ...
Нэрт найруулагч Бадар-Ууган агсан, СГЗ, нэвтрүүлэгч Ж.Бямбаа, СГЗ сэтгүүлч Г.Золжаргал, СГЗ сэтгүүлч Оюут гээд ... Өчүүхэн бидэн шиг тэд өөрсдийгөө дөвийлгөн “Би тийм юм хийчихлээ, би тийм юм орчуулчихлаа “Чанар”-т дэвшүүлээд аль” гэж хашгирч явсныг нь огт сонсоогүй юм байна. Харин тэдний бүтээлд хамт олон нь, мэргэжил нэгт нөхөд нь, үзэгч түмэн маш олон удаа “Чанарын үнэлгээ" өгснөөр тэд алдар нэрд хүрч, олны хүндлэлийг хүлээсэн юм.
Бидний сэтгэл зүрхээ зориулж, цаг нартай уралдан хийж байгаа гол ажил бол бүхэлдээ энэ телевизийн уран бүтээл. Үнэлэх ёстой, ярих ёстой ганц “Үндсэн бүтээгдэхүүн“ маань ч энэ. “ЧАНАР“ гэдэг энэ эрхэм үнэлгээг жинхэнэ чанартай уран бүтээлд олгож, шагнал мөнгийг нь өгсөн юм шиг өгдөг болгооч гэж хүсэх байна. Одоо томилогдон ажиллаж байгаа, ажиллахаар томилогдон ирэх эрхэм мэргэн дарга нарт “Ардчилал, ил тод“-ын цаг үедээ тохирсон уран бүтээлийг үнэлэх, цэгнэх зөв тогтолцоо, шалгуур, шатлал тогтоох нь уран бүтээлийг чанартай хийх жинхэнэ хөшүүрэг ч болж болох. Тэгэхгүй бол “БИ, БИ” гэж цээжээ дэлдсэн, биеэ томд, бэтэгээ цатгаланд бодсон баахан “Хоосон толгойтнууд“-аар энэ саарал байшин дүүрэх нь.
Харин залуус, дүү нар минь “ЭРДЭМТ ХҮН ДАРУУ, ИХ МӨРӨН ДӨЛГӨӨН” гэсэн эрхэм үгийг эргэн эргэн санаж бай. “ГОРХИНЫ УРСГАЛ ТҮРГЭН БАЙХ ТУСМАА ИХ ДАЛАЙДАА ХҮРЧ ЧАДДАГГҮЙ ЮМ ШҮҮ” ... гэдгийг дахин дахин сануулъя.
Сэтгүүлч Пэрэнлэйн Алтанцэцэг 2017-1-16
Горхины урсгал түргэн байх тусмаа далайд хүрч чаддаггүй | ||
Үзсэн: 3714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.