![](/uploads/201401/news/thumb/5af46eb62e61fdea449056b4aa7afc39_x3.jpg)
Барилгын салбарыг хөгжлийн салбар хэмээн нэрийдэх болсон Монгол улс барилгын компаниудынхаа хараа хяналт сул, хайхрамжгүй үйл ажиллагаанаас болж жилд олон иргэнийхээ амь насыг алдаж, эрүүл мэндийг доройтуулж байна. Зөвхөн сүүлийн хоёр жилд гарсан эмгэнэлт харамсалтай үйл явдлыг эргэн саная.
2012 оны 9 сарын 3. СХД-ийн нутаг дэвсгэрт “Төгс гүрэн” компанийн барьж байсан барилгын гарч, цемент шахагч кран унаж талбайн гадуур өнгөрч явсан 12 настай Б.Есүгэн охины амийг авч одсон. Ээж аав, ах дүү, ангийн найзуудынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн энхрий жаахан охин хариуцлагагүй ах нарын урагшгүй үйл ажиллагааны золиос болсон. Манайхан аливаа зүйлийг болсон хойно нь, үр уршгийг нь амссан хойноо “олон юм” ярьдаг хэвшилтэй. Тиймээс Б.Есүгэн охины амиа алдсан өдрийг түүний дурсгалыг хүндэтгэх өдөр болгон зарлаж, барилгын компаниудыг үйл ажиллагааг хянаж “шүүслээд” өгөх талаар хэсэг шуугиад намжсан. Үүнийхээ оронд Хүүхдийг гэнэтийн осол халдлагаас хамгаалах талаар ямар нэгэн суурьтай үйл ажиллагаа явуулж сурталчилгаа хийж байсан бол... гэж бодогдоно.
2012 оны 9 сарын 7. Дээрх хэргээс гурав хоногийн дараа Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших “Хурд” компанийн “Рапид харш” орон сууцны хороололд баригдаж буй барилгын өргөгч кран нурсны улмаас кранист 26 настай С гэх залуу амиа алдав. Гэрчүүдийн хэлснээр краны даац хэтэрснээс хугарсан. Кран хугарах үед кранист залуу бүхээгнээсээ үсрэн газарт унах үед нь хугарсан хэсэг дээрээс нь дарсан байна.
2012 оны 10 сарын 6. 17 цаг орчим. ЧД-ийн нутаг дэвсгэрт "Баганат-Өргөө" компанийн барилгаас хоёр метр труба унаж, Ч гэх залуу амиа алдав. ШУТИС-ийн Уул уурхайн инженерийн ангийн I ангийн оюутан. Гэгээн сайхан мөрөөдлөөр оюутны амьдралд хөл тавиад удаагүй сайхан хүү бас л барилгачин залуусын тусгүй ажлаас болж амьдрах хугацаандаа цэг тавиулав. Ганцхан сарын өмнө ярьж төлөвлөж, үүрэгдэж байсан өнөөх ажил хэрвээ салбарынхны чихэнд, ухамсарт нөлөөлсөн бол Ч гэдэг тэр хүү өнөөдөр амьд мэнд хичээлдээ явж байх байсан. Даанч харамсалтай.
2014 оны 01 сарын 07. Нийслэлийн ЧД-ийн нутагт дэвсгэр “Гэсэр” сүмийн уулзварын зүүн талд баригдаж буй “Макс” группын барилга дээрээс бэхэлгээ төмөр унаж, замын хөдөлгөөнд оролцож явсан 31-39 УБР улсын дугаартай хар өнгийн Ланд Круйзер-200 маркийн машиныг цөмлөн жолоочийн аминд шууд хүрэв. Хүний аминд хүрсэн энэ төмөр нь хоёр талдаа тросстой дүүжин шатыг барилгын дээвэрт бэхлэх зориулалтаар ашигладаг юм байна.
Болсон үйл явдалтай холбогдуулан Барилгын хөгжлийн төвийн дэд захирал дэд дарга Д.Гантулга мэдээлэл өгсөн. Түүний хэлснээс үзвэл манай улсад барилгын тулгаар бэхэлгээ төмрийн хэрэглээ ашиглалтын стандарт байдаггүй гэнэ. Зөвхөн компаниуд өөрсдийн дотооддоо мөрддөг дүрэм журмын дагуу ажилладаг аж.
Манай улсад барилгын ослоос урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах тухай 1000 гаруй хууль дүрэм, журам байдгийн 570 нь мөрдөх ёстой стандарт гэнэ. Гэхдээ барилгынхан энэ 570 стандартаа ягштал мөрдөөд ганцхан стандарт тогтоож, албан ёсны баримт бичгээр баталгаажуулж өгөөгүй тулгуур бэхэлгээ төмрийн ашиглалтыг мөрддөггүй гэвэл өрөөсгөл харагдаж, инээдэмтэй сонсогдоно.
Хэрвээ энэ мэдээллээс үндэслэн ухвал удаа дараа хүний дээрээс унаж “хэрэг тарьж “ буй тулгуур болон бэхэлгээ төмөртэй хариуцлага тооцохоос өөр сэжим алга. Барилга дээр ажиллаж нуруугаа гэмтээсэн, хуруу гараа тасалсан, хөл гараа хугалсан иргэдийн тухай асуудал жам ёс мэт энгийн зүйл болсон.
Хууль сахиулагчид, хяналт шалгалтын түшмэд, эрх мэдэлтнүүд ээ. Автомашины дугаарын хязгаарлалт, архи тамхины хууль, баярын өдрүүдийг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх дүрэм, журам заалтаас илүү анхаарах асуудал БАРИЛГА болсоор их хугацааг үдлээ. Хичээлээ, ажилдаа, гэр рүүгээ хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн сэтгэл тэнүүн алхах эрх чөлөө ард түмэнд чинь дутаад байна. Хэзээ, хаанаас юу унаж ирээд гэмтээчих бол, алчих бол гэсэн айдас түгшүүр баригдаж буй барилгын хажуугаар яваа хэнд ч гэсэн төрөхөөр боллоо.
Б.Есүгэн охины харамсалтайгаар амиа алдсан 9 сарын 3-ныг Ерөнхийлөгч монгол хүний амьд явах эрхийг ярьдаг, аюулгүй орчныг хангаж ажиллах чиглэлээр ахиц дэвшил гаргаж, салбар бүр ажлаа дүгнэдэг байх өдөр болгоё гэж хэлсэн. Харин хэлсэн үгний хэрэгжилт, хийсэн ажлын үр дүнгээс илүү харамсалтай хэрэг дахин дахин гарч давтагдаж буй нь харамсмаар.
Амьдралынхаа нэгэн өдрийг эхэлж, хаашаа ч юуг ч юм зорьж явсан 35-хан настай залуугийн амьдрал Б.Есүгэн охин, оюутан хүү, кранист залуугийн хувь тавиланг давтав. Дахин ийм харамсалтай, харуусалтай, аймшигтай зүйлийг Монгол хүн, монгол айл, монгол аав, ээжид амсуулж үзүүлэхгүйн төлөө ажиллах нь тийм хэцүү зүйл гэж үү.
Төрөөс зарлагдсан тендерийг хийж чаддаг нь авдаг, компаниуд удирдах ажилтан, хурган дарга нараа ёс зүйтэй, хариуцлагатай, ажилдаа эзэн болж чаддаг хүнээр сонгодог, юмыг хийсэн нэр зүүх биш хийсэн шиг хийж, бүтээсэн шиг бүтээдэг хамт олныг цогцлоож чадваас ийм хэрэг дахин дахин давтагдахгүй баймаар.
Барилгын салбарын аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгааллын асуудал өнөөдөр монгол хүний амьд явах эрхтэй эн зэрэгцэж ирээд байна.
Ажлыг зөвхөн цаасан дээр төлөвлөж, цаасан дээр тушааж, цаасаар тайлагнадаг шийдвэр гаргадаг түшмэдүүдийн ажлыг арай өөр хэвшилд оруулж “газардуулах” цаг ирснийг барилгын салбарын аюулгүй ажиллагааны асуудал байн байн сануулсаар л...
Осол гаргасан төмрийг яаж яллах вэ? | ||
Үзсэн: 5035 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.