![](/uploads/201401/news/thumb/e2a7e5f42282984dec3a5a38c8d1a93f_x3.jpg)
Хүнд гэмгүй тагтаа шувууг хүмүүс хооллохыг хүснэ, үүнийгээ буян хэмээн бодсоор цөөнгүй он жилүүдийг ардаа үдэж байна. Гэтэл тагтаа хоолловол буян ирдэг гэдэг номлол Монголчуудын 87 хувь нь шүтэх шарын шашны сургаалд байдаггүй гэх юм. Хэзээнээс энэ зан үйл болтлоо бидний амьдралд хэвшигдэв гэдэг асуулт гарч байна. Түүнчлэн тагтааны талаарх тоо баримт холбоотой олон асуудал байдгийн зах зухаас нь энд хөндөхийг хичээлээ. Ардчилалд шилжихээс өмнөхөн Монголд үйл ажиллагаагаа явуулж буй шашны ганцхан байгууллага байсан нь Гандантэгчинлэн хийд гэдэг.
![](/uploads/assets/image/6404641363_0a245fb9d1_z.jpg)
Тухайн үед Гандантэгчинлэн хийдэд хүмүүс ил биш далдаар өөрийнхөө сайн сайхны төлөө ном бичүүлдэг, мөргөдөг, өргөл өргөдөг байсан. Харин 1990 оноос хүмүүс шашин шүтэх эсэх нь ил болж эхэлснээр шашны холбогдолтой эд зүйлийн арилжааны зах зээл бий болсон. Энэ үеэс л “Гандангийн тагтаа” гэх тодотголтой тагтаа шуувуун сүрэг бий болж, тэднийг хооллоход зориулсан будаа зардаг хүмүүсийн арилжааны талбар бий болсон. Шарын шашинд “Эх болсон зургаан зүйл, хамаг амьтны тусын тулд” гэдэг утгаараа амьтныг хайрлан энэрэх үүднээс буян хэмээн бодож бид тагтааг хооллосоор ирсэн байх талтай гэж учир мэдэх хүмүүс ярьдаг.
Мөн Христийн шашны шинэ гэрээнд ариун сүнсний бэлгэдэл хэмээдэг бол Гэгээн Мухаммед-д Хижара дах нэгэн агуйн дэргэд дайснуудаа дарахад нь ач тус хүргэсэн гэж үздгээс Исламын Шашинд ариунд тооцогддог шувуу аж. Гэвч ямар ч шашин амьтдыг энэрэн хайрлахыг сургаал номондоо айлдсан байдаг учраас аль ч төрлийн шашинд тагтаа хайрлагддаг гэдэг нь тодорхой юм.
Түүнчлэн тагтаа ой тогтоолт сайтайн дээр орчиндоо амархан дасан зохицох чадвартай. Хүн ихтэй хотод тагтаа ихээр оршдог бөгөөд хүний нөлөөгөөр тоо толгой нь ихэсдэг байна. Өөрөөр хэлбэл тагтаанд 5-6 удаа нэг газраас хоол өгсөн тохиолдолд тэр нь зуршил болон хэвшдэг гэнэ. Саар тал нь орчин тойрондоо халгаатайн дээр байшин барилгын чанарыг хурдан хугацаанд сангасаараа муутгадаг амьтан юм байна.
Эрт цагаас тагтаатай холбоотой муу, сайн мухар сүсэг өнөөг хүртэл байсаар иржээ. Дундад зууны үед тагтааг алах нь гэмт хэргийн тоонд ордог. Мөн нас барсан хүний сүнс тагтаанд шилждэг гэж үздэг байж. Түүнчлэн дайны үед ч тагтаагаар шууданчийн үүрэг гүйцэтгүүлдэг байжээ. Энэ нь түүнийг тэнгэр газрыг холбодог дамжуулагч гэсэн утгыг илэрхийлдэг юм байна. “Хэрэв танд ямар нэгэн нандин хүсэл байвал тагтаа барьж аваад хошуунд нь хүслээ шивнээд тэнгэрт хөөргө. Таны хүсэл заавал биелэх учиртай” гэсэн үзэл ч байдаг гэнэ.
Түүнчлэн тагтааг золиосонд өргөдөг, төрөл бүрийн ид шидийн зан үйл, тэр дундаа хараал жатга хийхэд цусыг нь ашигладаг байсан тухай эх сурвалжуудад тэмдэглэгдэн үлдсэн байдаг юм байна. Тагтаанд цөс байдаггүй тул эртний эмч домч нар эмчилгээнд хэрэглэдэг зэрэг түүнтэй холбоотой олон зүйлийг дурьдаж болно. Эвтэй дөрвөн амьтны хамгийн ахмад настай нь болох “тагтаа” угтаа “сойр” хэмээх нэгэн төрлийн шувуу гэнэ. Энэ шувуу Ази тивд амьдардаг бөгөөд 100 см урт, 6.7 кг жинтэй. Энэ шувуу нь тагтаатай ихэд төстэй харагддаг нь тагтаа хэмээн андуурагдахад хүргэдэг гэнэ.
Гандангийн тагтаа буюу “H7N9” вирус
Шинээр сэргэж байгаа томуугийн А хүрээний H7N9, H9N2 зэрэг вирусын халдвар манай урд хөршид гарсаар байна. ДЭМБ-аас мэдээлж байгаагаар энэ халдвараар 152 хүн өвчилснөөс 48 хүн нас баржээ. 2014 он гарсаар 14 хоногийн хугацаанд БНХАУ-ын Гуандун, Шэжин муж болон Шанхай хотод нийт дөрвөн тохиолдол бүртгэгдсэн нь тийм ч бага тоо биш юм.
Гагцхүү олон нийтэд ил болж байгаа нь энэ боловч цаанаа хэдэн ч тохиолдол илэрч, хэдэн хүн энэ өвчнөөр нас барж байгаа нь тодорхой бус юм. Манай орны хувьд цөөхөн хэдэн монголчууд маань энэ өвчнөөр бүгд өвчлөхгүй гэсэн баталгаа алга байна. Тиймээс ч энэ явдалтай холбогдуулаад Нийслэлийн мал эмнэлгийн газраас тагтаанд гар дээрээс будаа өгч болохгүй хэмээн хориглоод байгаа. Гэтэл энэ хориг төдийлөн хэрэгжихгүй байгаа нь гандангийн тагтаа хооллож байгаа иргэдээс бэлхнээ харж болохоор байгаа юм.
Нөгөө талаар тагтаа нэг газраас хоол өгөөд байвал тэр газраа бүр суурьшдаг суурин газрын шувуу. Суурин газрын шувуу гоц халдварт өвчний эх үүсвэр болдог бөгөөд бага байх тусмаа сайн гэж үздэг байна. Мөн сүүлийн үед гар дээрээс тагтаанд будаа өгсний дараа нүүрээр тууралт гарах тохиолдол бий болсныг албаны хүмүүс хэлж байна. Тийм ч учраас өмнөд хөршид дэгдэх шувууны ханиад манайд орж ирэхгүй, хүнд халдварлахгүй гэх баталгаа хомс юм.
Дээр нь тагтаа дагаад будаа зарж амьжиргаагаа залгуулдаг хүмүүс Гандан хийдийн дуртай газраа ил задгай бие засч байгаа нь халдварт өвчин гарахгүй гэх баталгаа байхгүй гэдгийг эх сурвалжууд хэлэх болжээ.
Түүнчлэн өнгөрөгч 2-3 жилийн хугацаанд тагтааг нууцаар барьж, Хятад ресторануудад хоол хийж байсан хэд хэдэн хэрэг хүчний байгууллагад бүртгэгдсэн аж. Цаашилбал, тагтааг хятад рестораны зоогийн цэсэнд оруулах, мөн шонхор шувууг барихад хамгийн тохиромжтой өгөөш тул араб хүмүүст нэгийг нь 15 мянган төгрөгөөр худалдаалдаг гэх мэдээлэл ч нэг хэсэг гарч байсан. Гэх мэтчилэн тагтаа тойрсон олон тал бүхий мэдээлэл хөвөрч байна.
Будааны бизнес эрхлэгчид
Тагтаан сүргийг дагаад цэцэглэн хөгжиж буй бичил бизнес бол будаа зарах. Будаа зардаг Н.Наранцэцэг гэх эмээтэй хэсэгхэн хором өвлийн хүйтэнд будаа зараад хэр ашиг олдог, амьдрал ахуйд нь хэрхэн зарцуулагдаж байгаа талаар асууж ярилцлаа. Тэрбээр хэлэхдээ “Яахав түлээ нүүрс, өдрийн хоолны мөнгөө олдог л юм. Цагдаа нар ирээд хөөж л байдаг. Энэнээс өөр мөнгө олох арга байхгүй болохоор буцаж ирээд л зардаг” гэлээ. Тэрээр өдөрт 5 кг будааг 1 кг-ийг нь 1000 төгрөгөөр худалдан авч жижиг уутанд хэсэглэн савлаж, нэгийг нь 500 төгрөгөөр, том ууттайг нь 1000 төгрөгөөр зарж, өдөртөө дунджаар 7000-8000 төгрөгийн ашиг олдог юм байна.
Гэхдээ эмээ үдээс хойш ирж будаагаа зарахдаа ийм ашиг олдог бол өглөөнөөс орой хүртэл ажилладаг худалдаачид 15000-20000 төгрөгийн ашиг олдог байна.
Харин тэдгээр будаа зардаг наймаачдаас түрээсийн төлбөр авдаг гэх цуурхал нэг хэсэг газар авчээ. Олны үг ортой гэдэгчлэн энэ талаар будаа зардаг хүмүүсээс лавлахад “тийм хүн байдаг гэсэн шүү. Надаас авч байгаагүй” гэсэн хариуг өгөв. Арга ч үгүй биз. Хэн тэр хүнийг илчилж, хоолоо олох эх үүсвэрээ алдахыг хүсэх билээ. Нөгөө талаас будаа зарагчдаас түрээс авах нэрээр бизнес хийдэг бүлэг этгээд бий болсон гэх нь нэг талаараа тодорхой болж байгаа гэсэн үг юм.
Ганданд хүүхдийн эрх зөрчигдөж байна
Ганданд будааны бизнес хэлбэрээ олоод тогтчихсон гэхэд хилсдэхгүй байх. Үүнээс үүдэн энэ газарт будаа зардаг хүмүүс, халаасны хулгайчид, гуйлга гуйдаг хүмүүс гээд бүхий л хүмүүс цугладаг болж. Тэр дундаа будаа зардаг хүмүүс үе удмаараа, гэр бүлээрээ будаа зарж байх юм. Хамгийн харамсалтай нь сургуулийн насны хүүхдүүд өдөржин будаа зарж, олсон хэдэн төгрөгөө аав ээждээ өгдөг байна.
![](/uploads/assets/image/MN65465sa4d8aswwMP.jpg)
Ихэнх эцэг эх нь тэр мөнгийг архинд өгдөг гэх харамсал тээн ярих наймаачид тэдэн дунд олон байх юм. Дулаан гэртээ аав ээжийн хайраар өсөх ёстой бяцхан хүүхдүүд дөн өвлийн хүйтэнд ээжийнхээ өвөр дээр суучихсан будаа зарах өрөвдөлтэй нэгэн болж. Хүмүүс ч тийм л наймаачнаас сонгон будаа худалдан авдаг. Тэгэхээр будаа авч байгаа нь хүний өрөвдөх сэтгэл зүй дээр тоглох гэж үр хүүхдээ ашиглаж байгаа хэрэг болж таарч байна. Энэ талаар хөндөх хүүхдийн нэрээр овоглосон төрийн, төрийн бус байгууллага одоогоор анхаарал огт хандуулаагүй байгаа гэхэд хилдэхгүй бололтой.
Монголд хүүхдийн төлөө гэсэн тодотголтой 30 гаруй байгууллага бий. Гандангийн зүгээс эдгээр байгууллагад Ганданд хүсээгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүд олон байна, хүүхдийн эрх энд зөрчигдөж байна хэмээн хандсан боловч “бидний асуудал” биш гэсэн хариуг хэд хэдэн удаа сонссоноо нуусангүй.
Гандан бол Нийслэлийн толь
Хотын төв цэгт орших гадаад, дотоодын жуулчид ихээхэн зорьдог, Улаанбаатар хотын нэгээхэн нүүр царай, ард иргэдийн хувьд ариун газар болсон талбар бол Гандантэгчинлэн хийд. Гэтэл өнөөдөр тагтаа шувууны сангас сүм, дуганын дээврээр нэг цайрч харагдаад, сүсэгтэн олны жаргал зовлонгоо даатгадаг хүрд, суварга тагтааны сангасанд идүүлсэн дүр зурагтай болжээ. Улсаас ямар ч төсөв мөнгө авдаггүй энэ байгууллага сүсэгтэн олны ном хуруулах, айлтгал зэргээс олсон орлогоороо санхүүждэг. Гандангийнхны хувьд суваргануудаа Цагаан сарын баяраар, Бурхан багшийн их дүйчин өдрөөр будаж засварладаг юм байна. Энэ засварын мөнгө сүсэгтэн олны хандивын мөнгөнөөс гардаг. Гэвч будаж засварласнаас хойш төд удалгүй шувууны сангасанд даруулдаг аж.
![](/uploads/assets/image/MNd5456d4fgdfgrP.jpg)
Гандангийнхны зүгээс тагтаагаа “хороо” гэж хэлэх эрх байхгүй. Бас хүмүүс тагтаанд будаа өгч байхад “бүү өг өлсөж үхэг” гэж ч хэлж чадахгүй. Гэсэн ч ямар нэг гарц олж, тагтаа, түүнийг дагасан олон арван асуудлыг нэг тийш зүй зохистой шийдэх нь энэ байгууллагын өнгө үзэмж, ард иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдал гээд олон асуудал цэгцрэхэд нөлөөтэй юм. Тэгээд ч тагтаанаас ангижирсан гадаадын шашны байгууллагуудын жишээг харж үзэхэд буруудах зүйлгүй мэт. Тухайлбал, Европын зарим улс оронд тагтааг үргээдэг дуу авиаг ашиглан нэг газарт бөөнөөрөө цугларахаас сэргийлж чадсан практик байдаг байна. Тиймээс бид тагтаа гээч жигүүртэнтэй хэрхэн харьцахаа тодорхойлж, даган бий болсон сайн муу чиг хандлагад өөрчлөлт оруулах цаг хэдийн болсон мэт санагдана.
Тагтаа хооллох нь буян байж болох ч... | ||
Үзсэн: 22803 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.