![](/uploads/201001/news/thumb/.png)
Өнгөрсөн зун ихэнх нутгаар гандуу байгаа тухай мэдээлж л байсан. Гэсэн ч төр засгийн зүгээс дорвитой алхам хийгээгүйгээс өдгөө давхар цохилтод орчихоод байна, бид. Малчид зунжин зүгээр суучихаад зуданд буруугаа чихэж өвс тэжээл гуйдаг гэх нэгэн байхад, дэлхий дахинд нүүрлээд байгаа агаар мандлын гаралтай хүйтний өмнө яалтай ч билээ гэж өмөөрөх нэгэн ч байх. Ямартаа ч улсын нөөцөөс өвс, тэжээл тарааж, багагүй хөрөнгө гаргаж байгаа. Мал, малчин хоёр хэврэг болж, балчир есийн хүйтэнд хуу хиарч байгаа тухай уулзалтад ирсэн хашир мэргэжилтнүүд халаглаж сууна.
... “Энэ сарын 8-ны өдрийн байдлаар нийт нутгийн 80 гаруй хувь нь цастай байгаа бөгөөд цасны дундаж зузаан 10-35 см, зарим уулархаг газруудад 50-70 см цасан бүрхүүл тогтоод байна. Баян-Өлгий, Увс, Завхан, Ховдын зарим нутгаар салхины хурд 16-28 м/с буюу аюултай үзэгдлийн, Баянхонгорын Баацагаан, Эхийн гол, Дундговийн Дэрэн, Гурвансайхан, Адаацаг, Мандалговь, Өмнөговийн Булганд 30-40 м/с буюу онц аюултай хэмжээнд хүрсэн. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас энэ сарын эхний 10 хоног хүртэлх хугацаанд улсын хэмжээнд нийт 486.000 мянган мал хорогдоод байгаагийн дотор өвөлжилтийн байдал нэн хүндрэлтэй байгаа Баян-Өлгий, Увс, Ховд Завхан, Говь-Алтай, Өвөрхангай, Дундговь, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгуудад нийт хорогдсон малын 89.2 хувь нь оногдож байна” гэсэн таагүй мэдээллүүдийг сонсгосноор ХХААХҮЯ-ны удирдлагууд болон мал аж ахуйн салбарын мэргэжилтэн, тус салбарын ахмад үеийнхний цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зохион байгуулж буй уулзалт эхлэв.
Хүйтний эрч чангарч, цагийн байдал хүндэрсэн энэ үед дан ганц өвс, тэжээл тарааснаар зудыг давахгүй нь тодорхой учир малчдыг идэвхжүүлэх, тэдэнд зориулсан зөвлөмж хүргэх нь зүйтэй хэмээн ХХААХҮЯ-ныхан үзэж тус салбарын ахмадууд болон мэргэжилтнүүдийг хамруулсан уулзалтыг өчигдөр зохион байгууллаа. Ц.Лоохууз, Ч.Дашдэмбэрэл, Д.Пэрэнлэй зэрэг хашир туршлагатай эрхмүүд хүрэлцэн ирсэн байв.
Дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлтийн улмаас байгалийн гамшигт үзэгдлийн давтамж, учруулах хор уршиг нэмэгдсээр байгаа. Он гарснаас хойш дэлхийн улс орнуудад агаар мандлын гаралтай байгалийн гамшигт үзэгдэл урьд жилүүдэд тохиолдож буй тухай бүхий л сувгаар мэдээлж байна. АНУ-д 70 жил ороогүй цас орж, зарим муж улсуудад 50 см хүртэл цасан бүрхүүл тогтсон бөгөөд ихэнх орнуудад агаарын болон авто замын харилцаа саатах зэрэг хүндрэл тохиолдож байна. Тэгэхээр ганц манай улс хүйтний өмнө чичирч зогсоо юм биш аж.
Гуравдугаар сар хүртэл хүйтний эрч буурахгүй нь
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр цаашид хүйтний эрч буурахгүй, орох хур тунадасын хэмжээ нэмэгдэх хандлагатай байгаа. Дээрх хугацаанд агаарын температур өдөртөө дунджаар 29-30, шөнөдөө 38-45 градус хүрэх гэнэ. Байгаль эх биднийг нэг мөр хашраахаар шийдэв бололтой. Одоогийн байдлаар улсын хэмжээгээр 1593 багийн 193.000 өрхөд 43.6 сая мал өвөлжиж байгаа. Үүнээс өвөлжилт хүндэрсэн аймгуудын 540 гаруй мянган малыг дөрвөн отрын бүс нутагт оруулан өвөлжүүлж байгаа бөгөөд хилийн зурвас газар 660 мянган мал, тусгай хамгаалалттай 19 газарт 500 мянган мал тус тус отроор нүүдэл хийж байна.
Яамны зүгээс отор нүүдэл хийж байгаа аймгуудад отрын штаб байгуулан ажиллаж байгаа тухай энэ үеэр дуулгасан. Мөн малчдад төрийн болон эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэхэд зориулж Завхан аймгийн Шилүүстэй, Эрдэнэхайрхан, Асгат, Говь-Алтай аймгийн Төгрөг, Жаргалант, Өвөрхангай аймгийн Сант, Уянга суманд түргэн тусламжийн автомашин тус бүр нэгийг хүргүүлжээ. Мөн улсын нөөцөөс малд тарга хүч суулгах, малын бээрэлт, хөлдөлтөөс хамгаалах “шидэт эм”, “хоромхон”, тураалд орсон малын хүч тэнхээг сэргээх зорилгоор “Асклю-ол”, “Бадглюмицитин” зэрэг таван нэр төрлийн 21 сая төгрөгийн эм, биобэлдмэлийг тус тус олгожээ. Ийн төр, засгийн зүгээс боломжоороо тусламж, дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч хүйтний эрч улам чангарч буй тул төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Өвөлжилт хүндэрсэн аймгуудад 3365.5 тонн өвс, 4065 тонн тэжээл худалдан борлуулах эрх өгснөөс 2000 тонн өвс, 2010 тонн тэжээл худалдан борлуулаад байгаа тухай дуулгасан хэдий ч дээрх хэмжээний өвс, тэжээл малчин бүрт хүрч чадахгүй байна. Харин Өмнөговь аймгийн Шивээхүрэн, Гашуун сухайт боомтыг Засгийн газраас түр ажиллуулах шийдвэр гаргуулж чадснаар БНХАУ-аас тусламжаар оруулж ирсэн 576 тонн тэжээлийг малчдад хуваарилаад эхэлсэн гэнэ.
Малчид туршлагагүй, мал нь хэврэг байна
ХХААХҮЯ-наас гаргасан судалгаагаар нийт малчдын 70 орчим хувь нь залуу малчин байдаг гэх. Тиймээс туршлага муутай залуу малчид малаа олноор нь “хар дансанд” оруулж байгаа аж. Тэдэнд онолын мэдлэг зааж, сургахаас илүү амьдралд ойр арга туршлагаасаа хуваалцаж, зөвлөмж гаргах нь энэхүү уулзалтыг гол зорилго бөгөөд цаашид энэ талаар телевизийн хичээл явуулах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Уулзалтын үеэр мал аж ахуйн салбарын туршлагатай ахмадууд залууст өөрсдийн туршлагаасаа хуваалцав.
Ч.Дашдэмбэрэл: Цаг агаарын байдал хүндэрсэн энэ үед малыг дан ганц өвс тэжээлээр авч гарахгүй. Өвс, тэжээл найдаж тайван суух хэрэг огт байхгүй. Эхлээд малаа тэнхрүүлэх хэрэгтэй. Тэнхээ муутай мал өвс, тэжээлээ идэж идэж яваандаа үхдэг. Тэгэхээр хайран өвс, хүч хөдөлмөр болно шүү дээ. Болдог бол малыг дулаан гэрт байрлуулж, тэнхрүүлэх хэрэгтэй байна. Дулаан газар байсан мал дорохноо тэнхэрдэг. Мөн малыг нимгэн цастай газруудад нүүлгэн шилжүүлэх болон дамжин өнгөрөх цэг барих шаардлагатай. Мал эмнэлэг, унаа, харилцаа холбоо, худалдаа бүхий отрын штаб олон газар дутагдаж байна. Мөн шууд хэлэхэд нэгэнт муудсан, тэнхрэхгүй малыг нядлах хэрэгтэй. Үүний тулд хээрийн бойны газар байгуулах боломжтой гэв.
Говь-Алтай аймагт ХААУГ-ын даргаар ажиллаж байсан Д.Пэрэнлэй:
Малчид малынхаа төлөө эртнээс санаа тавьсан бол ийм байдалд хүрэхгүй байсан. Зунжин зүгээр сууж, хэдэн малаа хөсөр хаячихаад ирдэггүй өвөл, ордоггүй цас орчихсон юм шиг сүржигнэж, төр засгаас халамж нэхэж буй нь малчдын буруу. Дээр үеийн хашир малчид “зунд нүү, зуданд суу” гэж ярьдаг байсан. Зундаа нүүж хадлан тэжээлээ сайтар нөөцөлчихсөн байхад зуд боллоо ч зутрахгүй шүү дээ.
Адууг холын оторт явуулах хэрэгтэй. Учир нь нэг адуу 10 богийн идэх өвсийг нэг дор идчихдэг юм. Тэгхээр аль болох бог, бод хоёрыг ойрхон бэлчээрлүүлэхгүй байх хэрэгтэй. Ер нь цаашид орон нутгуудад тэжээл үйлдвэрлэх газар байгуулвал яасан юм бэ? Зуд боллоо, асуудлаа хэлэлцэж, өвс тэжээл нь ирэх гэсээр байтал хэдэн мал нь цааш харчихана. Ирэх сараас хээл хүндэрч эхлэх тул эх малыг усжуулан тэжээх хэрэгтэй байна. Ийм үед өвс, тэжээлээс илүү ус чухал байдгийг хашир малчид андахгүй. Уснаас цус төлждөг, цуснаас сүү гардаг юм шүү дээ. Залуу малчдад би нэг туршлагаасаа хуваалцъя. Бидний үед гавъяат малчин Галиндэв гэж сайн малчин байлаа. Тэр өглөө босоод бууцаа бүгдийг шомбойлгоод, овоолоод тавьчихна. Өнөөх нь өдөржин уур савсаад л байж байна. Орой мал бэлчээрээс ирэхээр нь халуун бууцаа дэвсээд өгчихдөг. Ингэж л малаа арчилдаг юм шүү дээ.
САА-н удирдах газрын дарга асан Ц.Лоохууз:
Малчин бүр өөр, нутаг болгон ондоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад байгаа шиг бүх малчид зуданд нэрвэгдээд, тартагтаа тулаад байгаа юм биш. Туршлагатай, хашир, малдаа хайртай малчид эртнээс малаа тэнхрүүлэн өвс, тэжээлээ бэлдчихсэн данги сууж л байгаа. Нэгэнт тохиосон зудыг давж гарахын тулд малчдыг идэвхжүүлэх, дайчлах хэрэгтэй байна. Өнөөдрийн зудыг давж гарахаас гадна дараа дараачийн зуданд хэрхэн мэнд үлдэх талаар эртнээс анхаарч байх нь чухал. Бас энэ хэцүү цагт ямар малаа авч үлдэх, ямрыг үхүүлэхийг ч тооцоолох хэрэгтэй. Ер нь бол шүдлэнгээс дээш насны малаа авч үлдэх нь чухал байдаг. Тэгээд хавар болонгуут хэдэн охин төлөг, хурга ишиг аваад л малаа өсгөх хэрэгтэй дээ. Малд өвс, тэжээлээс гадна ус чухал дэмтэй байдаг. Би Говь-Алтайн хүн. Манай алтайчууд зун намар хөмөл, таана түүгээд гүзээнд хийгээд орхичихдог. Өвөл тогоонд ус халаагаад өнөөхөө хийгээд өгөхөд мал тэнхрээд л ирдэг юм.
Ийнхүү дэлхий дахиныг хамраад буй их хүйтрэлээс мал, малчин хоёроо аврахын тулд төр, засгаас багагүй анхаарч байна. Харин малчид үүнээс сургамж авч жил жилийн зун наадам хэсч зугаалдагаа больж, хийсч ирдэггүй хэлж ирдэг өвөлд хөл алдахгүй байх хэрэгтэй.
Хийсч ирдэггүй, хэлж ирдэг өвөлд хэдий болтол зутрах вэ? | ||
Үзсэн: 2221 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.