Дэлхийн яруу найрагчдын баярын өдрийг тохиолдуулан Сэр-Одын шагналт, “Болор цом” наадмын хоёр удаагийн дэд байрын шагналт яруу найрагч О.Цэнд-Аюуштай ярилцлаа.
-Танд “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийн мэнд хүргэе. Энэ өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ?
-Баярлалаа. Энэ өдөр бол их сайхан өдөр. Олон нийтийг хамарсан тэр дундаа үзэгч, сонсогч, уншигчдыг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулагддаг. Миний хувьд ч гэсэн тэдгээр үйл ажиллагаануудад идэвхтэй оролцдог. Бас өөрөө эл өдөрт зориулсан арга хэмжээ зохион байгуулалцдаг. Миний хувьд баяр гэхээсээ илүү тийм тунгалаг, тэмдэглэлт гэгээн өдрүүдийн нэг л дээ. Яагаад гэвэл дэлхийн утга зохиолд хайртай бүх хүн, яруу найрагч, зохиолчид энэ өдөр нэгддэг юм болов уу гэж би боддог юм. Тиймээс бүх уншигч, сонсогчдодоо Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг хүргэе.
-Шүлэг, яруу найргаа та өдөр бүр бичдэг үү?
-Маш цөөхөн шүү дээ. Нөгөө талаар өдөр бүр бичдэг нь сургуулилт юм шиг санагддаг байх л даа. Өдөр болгон бичдэг бол олон ном гаргах байх. Сард нэг, хоёр удаа л бичдэг юм. Ер нь яг бичнэ гэж зүтгэдэггүй. Нэг сайхан аятайхан нөхцөл боломж нь бүрдээд ирэхээр бичиж суух их зүгээр байдаг юм.
-Та Ерөнхий боловсролын сургуулиа хаана төгссөн бэ?
-За би ч их олон сургууль дамжсан шүү дээ. Тааруухан ч сурдаг байсан. Төрсөн нутаг Завхандаа сураад Сэлэнгэ аймгийн Мандал сумд дунд сургуулиа төгссөн. Тэндээс л шүлэг, яруу найраг сонирхож, уншиж эхэлсэн. Манайхан Зүүүнхараа хот гээд мэддэг дээ. Хараа голын хөвөөн дээр байдаг.
-Шүлэг, яруу найраг сонирхож эхлэхэд арван жилийн уран зохиолын хичээл нөлөөлж байв уу?
-Нөлөөлсөн гэж боддог. Би уран зохиолын хичээлдээ их дуртай хүүхэд байлаа. Тэр үед уран зохиолын хичээлийг хавчих барих үйлдэл гараагүй байсан. Монголын томоохон зохиолчдын бүтээлийг уншаад л, дурлаад л явдаг байсан юм. Шүлэг, зохиол сайн цээжилнэ. Одоо бол уран зохиолын хичээлийн цагийг багасгаад л, дээгүүр доогуур янз бүрийн л юм болоод байх шиг байна. Энэ ард түмнийхээ, уншигчдынхаа оюун санааг боддоггүй юм болов уу л гэж бодож байна. Өчүүхэн миний бодож байгаагаар бол Монголын яруу найрагчдын тэр нууц товчоог бичсэн нэр нь үл мэдэгдэх аугаа хүн, Инжинаш, Гулиранс, Данзанравжаа тэргүүтнийг шууд үгүйсгэж байгаа хэлбэр юм болов уу гэж би бодох болсон. Мөн “Монголын нууц товчоо”-г үгүйсгэж байгаа ч юм болов уу. Сократын хэлсэн үг гайхалтай байдаг шүү дээ. Тоо боддог хүн тоо л боддог. Утга зохиол, яруу найргийг уншсан хүн ертөнцийг ухаардаг гэж. Путин сая гайхамшигтай мэдэгдэл хийлээ. Их гүрний Ерөнхийлөгч ондоо л байдаг юм байна. Бид ер нь хүүхэд, залуус, ирээдүйгээ хүмүүжүүлэхийн тулд уран зохиолын хичээлийн цагийг нэмэх шаардлагатай юм байна гэлээ шүү дээ. Гэтэл манайх багасгаад сууж байдаг. Бид ирэх цагийн уран бүтээлч хүний хувьд шүүмжлэлтэй л хандаж байна.
-Монгол хүн шүлэгч байдаг гэж боддог. Гэхдээ олон хүн амьдралын жамаар түүнээсээ хөндийрдөг шиг санагддаг?
-Монголчууд бол ардын аман зохиол, билэг зүй нь гайхалтай сайн хөгжсөн ард түмэн. Тиймээс хүн бүрт бага балчирт нь тийм сэтгэлгээ байдаг гэж би боддог. Бүгдээрээ бичдэг бол их уйтгатай шүү дээ тийм ээ. Тэгээд л хожим хойно нь хүн бүр зам мөрөө хөөгөөд явдаг болов уу гэж би боддог юм. Утга зохиол яруу найргийг ахуйн хэрэгцээ шаардлага дээр тулгуурлан бүтээнэ гэдэг байж боломгүй зүйл юм. Тэгээд ч бүтэхгүй гэж боддог. Миний хувьд бол намайг хэн ч хорьж чадахгүй би өөрөө дурласан юмандаа л явж байна.
-Та гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Би эхнэр, хоёр ихэр хүүхэдтэйгээ амьдардаг.Шүлгээ бичээд л ажлаа хийгээд л явж байна.Ингээд явж байтал болохбайлгүй дээл гэж бодох юм. Айхтар томоохон юм бодсон ч үгүй, амьдарлыг тэгээс нь л эхэлсэн. Надад нэг бодол бий. Ер нь яруу найрагч хүн болгонд байдаг байх л даа. Хөлсөө гаргаж байж олсон юмаа дараа нь жаахан ч гэсэн амсах жаргалтай байдаг гэдэг дээ. Үүнийг л бодож амьдарч явна. Эхнэр хоёр хүүхэдтэй, хүүхдүүд минь өсөж өндийгөөд сайхан л болж байна.
-Хүүхэд байхдаа “Болор цом” наадамд орно гэж боддог байсан байх даа?
-Энэ сайхан наадмыг хүмүүс янз янзаар л шүүмжилдэг. Магадгүй энэ наадам байхгүй энэ наадмыг болиулчих юм бол уншигчид, зохиолчдын дунд ан цав үүсэх байх гэж би боддог. Цаг үе нь тийм догшин байна. Хурд, хүч үйлчилсэн цаг үе бол хамгийн мунхаг цаг үе байдаг гэж нэг мундаг хүн хэлсэн байдаг юм. Манайд бол энэ үйлчлээд байна шүү дээ. Хэн хурдан морьтой, хэн баян, хүчтэй нь байна тэр нь л ноёлоод байдаг. Энэ цаг үеийн нэг ийм хурд нь дуусах байх. “Болор цом” наадмаар шинэ залуу яруу найрагчид уншигчидтайгаа танилцдаг. Магадгүй энэ наадам уншигчдад олон боломж гаргаж өгсөн юм болов уу. Надад ч мөн урам зориг өгсөн. Цаашид үргэлжлүүлэн бичих зориг өгсөн наадам даа. Олон сайхан хүмүүстэй ч танилцуулсан.
-Энэ наадамд та хэдэн жил өөрийгөө сойв?
-Таван жил уралдсан юм байна. Хоёр удаа аман хүзүүдэж, нэг удаа гуравт орж байсан л даа. Цаашдаа улам л бичнэ, сайн оролцоно гэж бодож байгаа.
-Таны үеийн залуус бол нийгмийн бас нэгэн эд эс юм. Тэгэхээр үеийн залуусынхаа тухай яриа дэлгээч?
-Нийгмийн тал дээр авч үзвэл, замын хөдөлгөөнөөс харагддаг л даа. Залуусыг оюунлаг байгаасай, шударга байгаасай, уншаасай, бие биедээ хүнлэг байгаасай, юм болохоор л нударга зангидсан, нэгнийхээ урдуур дайрсан байх юм. Үнэнийг л ярьчихъя тийм ээ. Маргааш яана гэж юу бодож явдаг юм бол. Хүн бүрт туйлын мөрөөдөл байгаасай гэж би боддог. Бүр хүршгүй шүү. Түүн рүүгээ тэмүүлж байгаасай. Тэр нь хүнийг хөтөлж явдаг юм болов уу гэж боддог шүү дээ. Зарим хүнээс тийм юм харагддаггүй юм. Би лав мөнгөнд улайрахгүй. Би бол өмсөх хувцас, орох орон, унах унаатай л байгаа. Өөр шунал хэрэггүй.
-Үргэлжилсэн үгийн зохиол бичиж байгаа юу?
-Би үргэлжилсэн үгийн зохиол уншдаг. Аугаа зүйл л дээ. Минийхээр бол байгалийн өгсөн тэр мэдрэмжийг тас гээд л буулгаж чадах юм бол тэр яруу найраг гэж би боддог юм. Шууд буулгаад яруу найраг болно гэдэг бол хэцүү л дээ. Харин үргэлжилсэн үг бол тэвчээр, асар их цаг хугацаа шаардагдсан ажил юм. Өөрөө уншдаг. Бичих санаа байгаа ч бяр хүрэхгүй байна. Кино зохиол бол сонирхоод оролдож байна.
-Таны төрсөн нутгийг худагт хувилгаадын нутаг гэдэг. Та ямар шашинтай хүн бэ?
-Би тэнгэр шүтлэгтэй хүн л дээ. Тэгэхдээ би Буддын шашинг судлах дуртай. Яагаад гэвэл энэ дэлхийн шашин дундаас хамгийн төгс, хүний сэтгэл зүй гэдгийг задлаж тавьсан. Шинжлэх ухааны түвшинд хүрсэн ямар ч мухардалгүй шашин бол Буддын шашин байдаг юм байна лээ. Тийм учраас би Буддын шашинг шинжлэх ухааны түвшинд нь судлаж авч уншихыг хичээдэг. Харин миний шүтээд байгаа тэнгэр гэдэг бол байгальтай холбоотой учраас өөрийн эрхгүй л сөхөрдөг зүйл бол тэнгэр л байдаг юм.
-Нийгэмд яруу найрагчдыг архи ууж, тамхи татдаг хүмүүс гэж ойлгоод байдаг. Энэ тал дээр юу хэлэх вэ?
-Би бол үүний эсрэг байдаг. Хүмүүсийн олонх нь тийм ойлголттой байсан ч гэсэн арчаагаа алдаад яваад байдаг яруу найрагч би мэдэхгүй. Бүгдээрээ л амьдралтай хүмүүс шүү дээ тэд чинь. Ер нь ууж байсан ч хэнд хамаатай юм. Хэнд гай болоод байгаа юм бэ. Тамхиа татаж байсан ч хэнээс юм гуйчихсан юм. Хааяа нэг татлаа гээд хэний амьдралыг булаачихсан юм бэ. Үүнд санаа зовниж сууснаас унасан газар угаасан усаа хятадуудад хүрздүүлчихгүй байх тухай л бодсон нь дээр байхдаа гэж бодож байна.
-Яруу найрагчдаас та хэнийг илүү хүндэлдэг вэ?
-Би яг үнэнийг хэлэхэд их өчүүхэн байхыг хичээдэг. Яахав залуу нас юм юман дээр л асаж дүрэлзэх гээд байдаг юм байна л даа. Тэглээ ч би өчүүхэн байхыг хүсдэг. Яагаад гэвэл би бүгдийг нь хүндэлдэг. Өчүүхэн байна гэдэг бол минийхээр аугаа ихийн үүд хаалга гэж би боддог шүү дээ. Өөрөө хэн ч биш байж хүмүүс рүү асаж дүрэлзээд байхыг би хүсдэггүй. Мунхагаасаа болж алдсан юм байхыг би үгүйсгэхгүй ээ. Гэхдээ би дотроо ийм л бодолтой явдаг.
-Сүүлийн үед хүмүүс бүхий л зүйлд их шүүмжлэлтэй ханддаг болж. Зурагт үзэхээс ч дургүй хүрлээ гэх юм. Та зурагт үздэг үү?
-Цөөхөн шүү дээ. Миний хамгийн их бухимддаг нэг зүйл байдаг юм л даа. Энэ солонгос кинонууд. Үгүй одоо болиоч ээ, Монголын бүх телевизүүд болиоч. Юу бодож солонгос киног олноор нь гаргаад байгаа юм бэ гэдгийг ерөөсөө ойлгодоггүй. Бид ирээдүйгээ баллаж байгаагаа мэдэхгүй байна. Миний хоёр хүүхэд хоёулаа жаахан л даа. Гэсэн ч солонгос киног сонирхоод хараад байдаг. Энэ солонгос кино одоо өвчин болж байх шиг. Гудамжаар гараад харъя л даа. Эр, эм нь мэдэгдэхгүй залуус олширсон байна. Тирко өмсчихсөн юм уу гэмээр бариу өмд өмсч, үс гэзэг нь хүүхнүүдийнх шиг засалттай болоод л. Хуучны сайхан хүмүүжил, ёс заншил ярьдаг байсан монголчууд яасан бэ. Энэ бүхний цаана Монголыг мөхөөх бодлого байгааг үгүйсгэхгүй. Тэгээд дээрээс нь шалчиганасан, нялцганасан эрчүүд олон болж. Амьдралаас ангид юмнууд яваад байна. Урлаг дотор байх ёстой соёл ч алга. Би чамд хайртай гээд хэлчихэж чадахгүй, би чамд сайн гэдэг болж. Нөхрөө “Хөөе, тэрний аав аа ” гэж дуудаж байна. Одоо үүнийг болих хэрэгтэй. Монгол Улс нэг үеэ бодвол боломжтой болсон. Энэ их олон телевизүүд мөнгөтэй болсон. Манайх тэр солонгосоос чинь том түүхтэй ард түмэн. Энэ түүхээрээ уран бүтээлээ хийгээд ард түмнээ, ирээдүйгээ хөгжүүлж болно шүү дээ. Өөрсдийн соёлоо мартсан бусдын соёлыг тахин шүтсэн ирээдүй одоо бий болоод байна. Би үүнд л их бухимдаж явдаг.
-Та өөрөө байгальд бас шүтлэгтэй ханддаг гэсэн. Тэгвэл танд байгалийн сонин содон явдал тохиолдож байсан уу?
-Бид бүгдээрээ байгалийн шавь нар юм. Бүх уран бүтээлчид байгалиас онгод хийморь авна. Түүнээс биш хүний гараар босгосон барилга байшин дундаас юу ч олохгүй. Уран бүтээлчид байгальтайгаа л холбоотой явбал болно гэж боддог. Байгалийн сүр хүчийг биширсэн тохиолдол надад зөндөө байдаг. Зүүд зэрэглээн дунд ч гэсэн орж ирж байсан шүү. Тэр бүрийг би яриад баймааргүй байна. Энэ бол миний л нууц. Магадгүй бурхан гэдэг бол өөрөө байгаль байж мэдэх юм. Би ингэж л боддог.
-Яруу найрагчид сүүлийн үед Ерөнхий боловсролын сургуулиудаар явж уран зохиолын хичээл зааж, ярилцлага хийж байгаа сураг дуулдсан. Та ингэж хичээл заав уу?
-Би явж байгаа. Яахав захын хорооллын сургуулиудаар утга зохиолын тухай ярьсан. Гэхдээ бид бас Монголын бүх сургуулиар явж чадахгүй юм л даа. Цөөхөн л сургуулиудаар очно. Одоо бидний чадал тамир тийм байна. Би их том том үг хэлж байх шиг байна. Гэвч би үүнийг хэлмээр байгаа учраас л ярьж сууна.
-Ингэхэд хаана ажиллаж байна вэ. Сүүлийн үеп ямар уран бүтээл хийж байна?
-Ажил хөдөлмөрийн хувьд бол одоо монголын хэвлэл мэдээллийн ууган хэрэгсэл тэр дундаа агаарын цэнхэр долгионоор уран бүтээл, мэдээллээ цацдаг өдгөө 80 жилийн түүхтэй МҮОНР-ын Урлаг соёлын албанд сэтгүүлчийн алба хашаад л ажлаа хийгээд явж байна. Энд ажиллаж байгаа нь миний хувьд маш их нэр төрийн хэрэг юм. Амьдрал гэж бас сонин юм. Радио сонсдог байсан болохоос ажиллана гэж бодож байсангүй. “Болор цом” үздэг байсан болохоос энэ сайхан наадамд оролцоно гэж бодож явсангүй. Б.Лхагвасүрэн, Д.Урианхай, Д.Цоодол, П.Бадарч гэх мэт мундгуудыг би зурагтаар л хардаг байсан болохоос очиж гарыг нь барьж, хацраа үнэрлүүлнэ гэж бодоогүй. Минийхээр амьдрал гэдэг бол гайхамшигтай баялаг зүйл. Залуус минь ингэж бодож яваасай. Өнөөдөр гунилаа ч маргааш гайхамшигтай зүйл эхэлнэ гэж би бодож, итгэж явдаг. Амьдрал надад боломж өгвөл би алдахгүй байх ёстой. Харин шударга байх ёстой юм. Тэр дундуу өрсөлдөөнд бүр илүү шударга байх ёстой юм шүү. Одоо би “Дэлхийн хүмүүс”, “Алтан цадиг” гэх хоёр том нэвтрүүлэг хийдэг. “Алтан цадиг” бол Хүннүгийн үеийн тухай цуврал юм. Энэ хүннүчүүдийн соёл, зан заншил, юу байсан талаар судлаж байна. Тэд үнэхээр хүлэг морь зайдан унаж, хөрс арьсыг эгэлдрэглээд дээрэм тонуул хийдэг байв уу? Эсвэл бичиг соёлын боловсролтой хүмүүс байв уу? гэдэг тал дээр эрдэмтдийн судалгаан дээр тулгуурлаж байна. Бид чинь зүгээр л нүүгээд байгаа ард түмэн биш юм байна. Монголчууд дундаас анх Эверестийн оройг эзэгнэсэн хүн байдаг юм билээ. Усан замын ертөнцийг эзэгнэсэн хүн ч байна. Бидний дунд мөн дэлхийн талыг эзэгнэсэн монгол хүн байна. Бид гайхамшигтай ард түмэн. Биднийг энэ цаг үед бол оюун санаа л алдаршуулах юм.
-Таны бодлоор одоо дууны үг ямархуу хөгжиж байна вэ. Та дууны үг бичив үү?
-За энэ ч яахав дээ. Их сонирхолтой зүйл биш болчихлоо. Хүн бүр дууны шүлэг бичиж байна. Тэр компанийн захирлын зохиосон дуу ч гэнэ үү олон дуу төрж байна. Цаг хугацаа явсны дараа бүх зүйл шүүгдэнэ. Одоо бол 70-80-аад оны дуу сайхан байна шүү дээ. Зохиолын дуучин гарч ирээд логик, утгын алдаатай дуу дуулаад л тэр нь хоёр, гурван сар болоод л алга болдог болмон. Харин рок попын дуунууд сайхан л даа. Миний хувьд хоёр л дууны үг бичсэн. “Никитон” хамтлагийн Б.Батчулуун аянд би “Үүлэн үст” гээд шүлэг бичсэн. Монголын рок попын мундаг дуучинтай хамтарч уран бүтээл хийсэн нь миний хувьд том аз юм л даа. Надад энэ дууны шүлгийг бичих санал тавьсан надад хөгжмийг нь авч ирж өгсөн тэр сайхан хөгжим дээр жижигхэн юм нааж болохгүй байсан. Тэгээд бодож байгаад л бичсэн. Одоо сонсогчдын сонорт хүрчих шив дээ. Нэг юмыг би батлаж чадна. Энэ дууг “Никитон” хамтлагийн дуучин МУГЖ Б.Батчулуун л дуулж чадна.
-Урин цаг ирж байна. Яруу найрагчид хавар шүлэг их бичдэг гэдэг?
-Айхтар бичээд байх юм байдаггүй. Энэ зун хөдөө явах бодолтой байна. Нутаг руугаа явж сайхан уран бүтээлийн аялал хийнэ гэж бодож байгаа. Энэ жил би тал нутгаар их явсан байна. Тал үнэхээр гайхамшигтай юм билээ. Уулын хүн эхлээд талд очих их амаргүй байсан. Уул бүр гайхамшигтай тул ер нь боломж бололцоо олддог л юм бол хүмүүс минь уул, усандаа очиж байгаарай. Хамгийн гол нь цэвэрхэн явахад болно. Харин бидний үеийн залуус утга зохиолд орж ирэх бэлтгэлээ хийж байна. Удахгүй ороод ирэх байх л даа. Би утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль төгссөн. Одоо бол Монголын утга зохиолын хүнийг төрүүлсэн томоохон гал голомт гэж би боддог. Би сургуульдаа хайртай. Сайхан ч сургууль гэж ярих дуртай.
-Сүүлд бичсэн уран бүтээлээсээ сонирхуулаач ?
-Хамгийн сүүлд “Орчлон” гэдэг шүлэг бичсэн. Бидний ярилцлагыг уншин суугаа уншигчдад, яруу найрагт дуртай, яруу найраггүйгээр амьдарч үл чадах хүмүүст “Дэлхийн яруу найргийн өдөр”-ийн мэндийг дахин хүргээд энэ шүлгээ зориулъя.
Цасны өчүүхэн ширхэгээр арслан үйлдэж
Цэгээр зорсон буддаг түүнд балгуулсан орчлон
Салхины нэгээхэн эрчээр хуурмаг чанарыг бүтээж
Сэтгэлээр дүүрсэн хүмүүнийг түүнд дасгасан орчлон
Хөвөгч үүлсэд мөнхийн хөдөлгөөний оньсыг нууж
Хөх тэрэгнүүд түүний араас өнхөрсөөр үлдсэн орчлон
Урамдаж байгаа бугын алтан хоолойнд
Усан үзэм шиг хүслийн туулийг амилуулсан орчлон
Ульж байгаа хөх чонын дуунд
Уйтгар гунигийн ёроолыг орхисон орчлон
Өтөл эмэгтэй мөнгөн толинд туссан дүрсээ
Өөр хүнтэй эндүүртлээ хуучирсан орчлон
Өвгөн загасчинтай хамт бүдэгхнээр
Өнгөрсөн хайрын домог манан дотор хөвсөн орчлон
Ургаж байгаа бяцхан мөчирт хэрхэн жимслэхийг зааж
Унаж байгаа хөгшин моддыг чимээгүйгээр үдсэн орчлон
Цагийг эзэлсэн мэргэд лааны гэрэлд сууж
Цахлай шиг хүсэл нь тэнгис далайг гэтэлсэн орчлон
Цагаан морь үүрийн гэгээнээр янцгааж
Цаанаас нар мандсан орчлон
Сүрлэг уулсыг хэрэм цайз болгож
Сүм мэт үлдээсэн орчлон
Олон бүгээн шувууд дэрхийн нисэлдэж
Ондоо ондоогоор дэвсэн орчлон
Очирыг гуулиар зангидаж
Ододыг хоосон алсад үлдээсэн орчлон
Цаг нь болохоор өөрийнхөө мөрийг
Цасан дороос таних орчлон
-Ярилцсанд баярлалаа.
О.Цэнд-Аюуш: Өчүүхэн байна гэдэг бол минийхээр аугаа ихийн үүд хаалга | ||
Үзсэн: 4166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.