Шууд Chart

Үнийн талаар үнэнийг сурвалжлахад ийм байна

2014-03-28 12:01:35

Хавар цагт хүнс, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ өсдөг гэм бий. Томоохон, зах худалдааны төвүүдээр явж үнийн талаар дараах сурвалжлагыг бэлтгэлээ.  

Бидний очсон эхний газар “Бөмбөгөр” худалдааны төв байлаа. Олны хөлд дарагдсан энэ үйлчилгээний төвийг зорин очих хүмүүсийн цуваа тасралтгүй үргэлжилнэ. Ажилтай нь зав гаргаж цайны цагаараа тус худалдааны төвийг зорьдог бол нийслэлийнхний олонх нь ажлаа таараад тийш зүглэдэг. Гэхдээ ажил нь хол хүмүүсийн хувьд энэ худалдааны төвөөс“Ажил тараад хүнсээ базаана” гэдэг бас асуудалтай. Учир нь тус худалдааны төвийг холоос зорьж буй хүмүүсийн хувьд “Бөмбөгөр”-ийг хаахаас өмнө амжиж очиж чадахгүй байх нь их аж. Тиймээс амралтын өдрүүдээр энэ төвөөр үйлчлүүлэгчийн тоо эрс  нэмэгддэг байна.  
Тус төвийн хүнсний ногооны тасагт үйлчлүүлэгч олонтой байв. Хүмүүс ямар ногоог сонгон хүнсэндээ хэрэглэдэг, хүнсний ногоогоо хэдэн төгрөгөөр худалдан авч байгаа талаар тодруулахаар “Бөмбөгөр”худалдааны төвийн хүнсний ногооны тасгийн худалдагч Н.Баясгаланбаттай уулзлаа.Тэрээр “Одоо хавар болохоор зооринд хадгалсан ногоо элбэг байхаа болиод байна.   
Төмс, лууван зэрэг ногоог Хятадаас оруулж ирдгийг болиулахгүй бол урд хөршөөс хүнсний ногоо оруулж ирэх магадлал их байгаа. Мөн Сэлэнгэ болон хойд зүгийн аймгууд ногоогоо ОХУ руу их хэмжээгээр ачуулж байгаа сураг дуулдсан. Монголчууд хойд хөрш рүү төмсөө гаргачихаар иргэд ямар ч сонголтгүйгээр хятад  төмс хүнсэндээ хэрэглэх болчих гээд байна. Энэ асуудал дээр төр засаг анхаарч ажиллавал зүгээр байна. Хамгийн гол нь төмс, лууван, сонгино бол монголчуудын хүнсэндээ түлхүү хэрэглэдэг ногоо юм. Хүмүүс дийлэнхдээ Сэлэнгэ, Жаргалантын төмс, ногоог худалдан авдаг. Сүүлийн хоёр жилийн хугацаанд “Бөмбөгөр” худалдааны төв маш сайн ногоотой болоод байгааг иргэд мэдэж байгаа даа. Дулаарахаар ногоог гадаа зарах нь ихэснэ. Ингэхээр чанар мууддаг” гэлээ.
 
Харин үнийн тухайд өссөн гэж байна. Тодруулбал, төмс нэг кг нь 700 төгрөг байсан бол одоо 800 төгрөг болжээ. Харин манжин 1500-2000 төгрөгийн үнэтэй байна. Тэрээр өөрийнхөө лангуунаас байнга ногоо авдаг үйлчлүүлэгчдэдээ ногоогоо хямдруулж зарахаас гадна сайн ногоо өгдөг гэсэн юм.
 
Махны үнэ нэмэгдэхээр дагаад хиамны үнэ нэмэгддэг
 
Монголчуудын голлох хүнсэнд мах, махан бүтээгдэхүүн зайлшгүй багтдаг. Тиймээс бид “Бөмбөгөр” худалдааны төвийн мах, махан бүтээгдэхүүний тасагт очлоо. Тус тасгийн худалдагч Л.Амаржаргал ингэж ярив.“Би хиам голдуу махан бүтээгдэхүүн зардаг. Хиам нь махнаасаа өндөр үнээр зарагддаг юм. Хүний хөдөлмөр шингэсэн байдаг учраас тийм байдаг байх л даа. Манай лангуун дээр хамгийн өндөр үнэтэй хиам нь 16 мянган төгрөгийнх. Өмнө нь харьцангуй хямд үнээр зарж байсан. Харин одоо махны үнэ нэмэгдсэн болохоор дагаад хиамны үнэ нэмэгдчихээд байна. Лангуун дээр зарагдаж байгаа хиамны хамгийн хямд нь энэ нарийн хиам /заав/ 5800 төгрөг байна” гэлээ. Түүний лангуун дээр 7500, 10000, 14000 төгрөгөөр борлуулж буй хиам ч байлаа.  
 
“Бөмбөгөр” худалдааны төвийн мах махан бүтээгдэхүүний тасгийн худалдагч З.Болдбаатар хонь, үхэр, адууны мах л зарж байв. Адууны цул мах кг-ыг нь 7500, үхрийн цул махыг 10 мянга, хонины цул махыг 7800, ямааныхыг 6800 төгрөгөөр тус бүр борлуулж байв. Тэрээр “Хавар болоод мах ховордож эхэлсэн. Малчид махныхаа үнийг өсгөөд байна. Зарим иргэн биднийг л үнэ өсгөөд байгаа гэж ойлгоод байдаг. Энэ бол буруу ойлголт. Бид ч гэсэн амьдрах гэж зүтгэж яваа хүмүүс. Манайх олон газраас мах авдаггүй. Нэг хүнээс л авдаг” гэв.
 
Махны үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн байна
 
Түүний лангуунаас мах худалдан авах гэж буй Э.Уранзаяатай уулзаж дараах асуултад хариулт авлаа.   
 
-Та ямар малын мах авах гэж байна вэ?
-Махны үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн байна. Би хэд хоногийн өмнө эндээс мах авсан. Ер нь хавар болохоор махны үнэ эрс нэмэгддэг юм шиг санагддаг. Мах ховордохоор л ингэдэг юм болов уу гэж бодож байна. Арай хямд нь гэвэл ямааны мах л байна даа. Миний хувьд энэ бас л үнэтэй байна. 7000 төгрөг гэж байна. Цалин нэмэгдээгүй байхад бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд л байх юм.  
 
-Хүнсний бүтээгдэхүүнээ ихэнхдээ хаанаас авдаг вэ ?
-Бид хоёр уг нь “Хүчит шонхор” захаас авдаг юм. “Хүчит шонхор”, “Бөмбөгөр” хоёрт махны үнийн ялгаа бараг алга. Ирж, очих унааны мөнгөний зөрүү л байх шиг байна. Махны үнэ хавар ингэж их өсөөд, наадмаар бас дахин нэмэгдээд намар сургуулийн хүүхдүүд цугларах үеэр жаахан бууна байх. Манайх шиг мал ихтэй оронд махны үнэ өндөр байна гэдэг төрийн бодлого муу байгаагийн шинж гэж бодож байна.  
 
-Танайх нөөцийн мах хүнсэндээ хэрэглэдэг үү?  
-Нөөцийн мах манай хажуугийн дэлгүүрт байдаг. Нэг удаа авч идэж үзсэн л дээ. Идэхэд дүүрэн л яс байдаг юм билээ. Хөрөөгөөр жижиглээд зардаг. Энэ нь идэхэд эвгүй, ясны үүрмэг ихтэй, хүүхэдтэй айлд хэрэглэхэд тохиромжгүй санагдсан. Монгол уламжлалаа бодсон ч гэсэн арай эвгүй харагдсан. Махыг чинь сайхан эвдэж, янзлаад зарж болно шүү дээ. Тийм болохоор “Нарантуул”, “Хүчит шонхор”, “Бөмбөгөр” зэрэг захаас мах авч хүнсэндээ хэрэглэж байна.   
 
 
Монголчууд махыг ийм өндөр үнээр хүнсэндээ хэрэглэж байгаа нь эмгэнэл
 
Тус төвийн үйлчлүүлэгч Ц.Өрнөбаяртай уулзлаа.
 
-Махны үнэ бага зэргээр нэмэгдсэн байна. Танд хэрхэн нөлөөлж байна вэ?  
-Нөлөөлөлгүй яах вэ. Мал олонтой орон байж иргэд нь махаа ийм өндөр үнээр худалдан авч хүнсэндээ хэрэглэнэ гэдэг бол эмгэнэл юм. Ченжийн гар оролцсоноос л болж үнэ хадаад байгаа хэрэг. Ченжүүд хятадуудад мах дамлаж зарахдаа өндөр үнээр борлуулдаг гэсэн. Хавар мах ховордоод эхлэхээр өнөө хятадууд чинь цааш нь хийсэн махаа монголчуудад өндөр үнээр зардаг. Энэ мэтээс болж махны үнэ өсдөг гэж би хувьдаа боддог.
 
-Та сая хэр их мах авсан бэ?
-Би хэтэвчнийхээ хэмжээнд тааруулаад л мах авлаа. Хоёр хоолны мах авсан. Арай хямд гэсэн махнаас нь л авлаа. Тэр ч гэсэн үнэ нь нэмэгдсэн байна. Хэдийгээр бид хотжиж байгаа ч ядаж мах, сүү, ногоогоор элбэг дэлбэг байвал зүгээр санагдах юм. Төр засгаас зохион байгуулалттайгаар энэ асуудалд анхаарах хэрэгтэй байна. Одоо бид хүний ёсоор амьдарч байгаа юм шиг мөртлөө амьтны хуулиар амьдраад байна шүү дээ. Хүчтэй нь хүчгүй дээрээ ноён сууж байгаа гэдэгтэй би санал нийлдэг.
 
“Бөмбөгөр” худалдааны төвийн гурил, гурлин бүтээгдэхүүний тасгийн худалдагч Х.Равдангийн лангуун дээр гурил, будаа, ургамлын тос, масло, цай, гоймон зэрэг хүнсний бүтээгдэхүүн байв. Тэрээр будааны үнэ өсч байгаа гэх мэдээллийг бидэнд өглөө. Таван кг-аар савласан цагаан будаа 14 мянган төгрөг болжээ. Кг цагаан будааны үнэ 2700-3000 төгрөгийн хооронд хэлбэлзэж байгаа гэв. Тус лангуун дээр арвайн гурилыг 700-800 төгрөгөөр худалдаалж байв.   
 
Манай сурвалжлах багийнхны очсон дараагийн газар “Нарантуул” олон улсын худалдааны төв юм. Тус төвийн Хүнсний шинэ захын худалдагч А.Цэцэгмаа“Манай лангуун дээр таван хошуу малын мах байгаа. Адууны махыг 7000, үхрийн цул махыг 10 мянга, ястайг нь 9500 төгрөгөөр борлуулж байна. Хонины мах 7800, цул махыг нь 7500, ямааны цул махыг 6000 төгрөгөөр худалдаж байгаа” гэлээ.
 
Өдөрт хэр хэмжээний мах зарж байгаа тухай асуухад “Одоо хүмүүсийн боломж их муу болжээ. Өдөр өдрийнхөө л хоолны махыг авч байна. Мах ер нь жижиглэнгээр л зарагдаж байна даа. Өнөөдөр би 30 гаруй кг мах зарлаа. Цагаан сараас хойш хэсэгтээ махны гүйлгээ багасдаг юм. Мах ховордчихоор махны үнэ өсч байна” гэсэн. Тэрээр өглөө эрт “Хүчит шонхор” захаас мах бөөндөж аваад 200 төгрөг нэмж зардаг ажээ. Мөн махны үнэ худалдааны төвүүдээр жигд байгааг хэлж байв.
 
 
“Нарантуул” олон улсын худалдааны төвийн Хүнсний шинэ захын худалдагч С.Батдоржоо дараах асуултад хариулт авлаа.  
 
-Та хүнсний ямар бүтээгдэхүүн зардаг вэ?
-Би одоо хиам зарж байна. Үйлдвэрээс маш өндөр үнээр авч зардаг. Бид үйлдвэрийн үнэ дээр 200 төгрөг нэмж зардаг. Ерөнхийдөө хиам зарах нь ашиггүй байдаг. Бас мал их өндөр үнэтэй орж ирдэг болохоор махны үнэ өндөр байдаг. Монголчууд өөрсдөө сүү үйлдвэрлэдэг мөртлөө л маш өндөр үнээр борлуулдаг. Одоо сүүний үнэ өдөр ирэх тусам өсөөд байна. Хамгийн доод үнэ нь л гэхэд 2300 төгрөг гэж байна.
 
-Хүнсний бүтээгдэхүүн зарах нь ашигтай байж чаддаг уу?
-Чадахгүй ээ. Бид чинь энэ үйлчилгээний газраа 600 мянган төгрөгөөр түрээслэдэг. Түрээсээ төлөөд өөртөө ашиг олох гээд л зүтгэж байна. Яваандаа ашигтай ажиллана байх гэж итгэдэг. Зарим үед наймаачид сүү тасрах гэж байна гэсэн сургаар агуулахдаа хадгалаад явчихдаг. Тэгээд хадгалсан сүүнийхээ үнийг дураараа нэмээд борлуулж эхэлдэг юм. Үүнийг л болиулмаар байна. Би лангуун дээрээ байгаа өндгийг 330 төгрөгөөр үйлдвэрээс нь аваад 350 төгрөгөөр зардаг. Хорин төгрөг л нэмээд зарж байгаа юм. Орос өндөгний үнэтэй яг л адилхан байгаа биз дээ. Өөрсдөө үйлдвэрлэж байж орос өндөгтэй адилхан үнээр яагаад зардгийг гайхаад байх юм.
 
Захуудад хүнсний гол нэрийн барааны үнэ ийм байна. Нийслэлийн статистикийн газраас гаргасан гуравдугаар сарын дөрөвдүгээр долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүний үнийг ЭНД-ээс харна уу.                                                                                                             
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Үнийн талаар үнэнийг сурвалжлахад ийм байна   
Үзсэн: 4841 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй