![](/uploads/201405/news/thumb/9f9d0c78d5a9144e5e74a5707786dc7d_x3.jpg)
Хилийн чинадад монголчууд янз бүрийн хөдөлмөр эрхэлж амьдардаг. Нийтлэг ойлголтоор бол гадныхны аль хүнд хүчир гэсэн тодотголтой ажлуудыг гүйцэтгэдэг гэх. Гэтэл эсрэгээрээ бизнесийнх нь салбарт хүч үзэн, үйлдвэр, үйлчилгээний газрууд байгуулсан монгол хүн цөөнгүй байдаг аж. Тэдний төлөөлөл болох Г.Энхтөр, Ш.Мэндсайхан нар хамтран өөрсдийн эзэмшлийн “Top master marble&granite”үйлдвэрийг нээн ажиллуулж буйтай танилцав. АНУ-д анх очсон даруйдаа чулууны үйлдвэрт ажиллаж байсан ч эдүгээ “Top master marble&granite” үйлдвэрийн захирал болсон Г.Энхтөртэй цөөн хором хөөрөлдлөө.
- Анх хэдэн онд АНУ-д ирсэн бэ?
- Би 1993 онд АНУ-д гэр бүлээрээ ирж байлаа. Ирснийхээ дараа бусдын жишгээр янз бүрийн ажил хийж яваад чулууны ажлыг сонгож аван энэ чиглэлээр арав гаруй жил тасралтгүй зүтгэж байна. Намайг ирж байх үед эндхийн чулууны бизнесийг ихэвчлэн туркүүд эзэгнэж, монголчууд тэдний үйлдвэрүүдэд ажилладаг байсан юм.
-Монголчууд энд чулууны бизнесийн салбарт амжилттай ажилладаг бололтой?
-Монголчууд ер нь чулууны бизнест их одтой юм шиг санагддаг. Зөвхөн Вашингтон ДиСи хот орчимд монголчуудын үүсгэн байгуулсан арваад чулууны үйлдвэр тогтмол үйл ажиллагаа явуулдаг. Ер нь чулууны үйлдвэрүүдэд монгол залуус ажиллах хүсэл сонирхолтой байх нь бий. Манай залуус бяр сайтаагаас гадна тэсвэр тэвчээртэй, ажилсаг, хичээнгүй зан төлөвтэй. Энэ оронд хөл тавьснаасаа хойш Солонгос, Латин Америк, Мексик, Энэтхэг зэрэг маш олон орны иргэдтэй ажиллаж байлаа. Монгол залуус тэднээс бүхий л талаараа илүү байдаг нь бахархалтай.
- Үйлдвэрээ хэдийд байгуулав?
- Үйлдвэрээ 2007 оны хоёрдугаар сард Ш.Мэндсайхан гэдэг залуутай хамтран байгуулж байсан. Манай үйлдвэр байршиж байгаа энэ хэсэг бол Вашингтон ДиСи хотын Виржинагийн “Шантила” хэмээх үйлдвэрийн чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг нэгдсэн байршилт газар юм. Бид энд нүүж ирээд удаагүй байна. Энэ бүх үйлдвэрүүд бүгд түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Түрээсийн байрыг нь бэлдэж өгөөд, за эндээ төвлөрөөд ажлаа явуул гэсэн шаардлага тавина. Сардаа дөрвөн мянга орчим ам.долларын түрээс төлдөг. Үйл ажиллагаанд нэг их дарамт болоод байхгүй л дээ. Анх үйлдвэрээ Стерлинг дүүрэгт байгуулж байсан. Үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор байраа томруулаад байгаа нь энэ.
- Анх чулууны чиглэлээр бизнес эрхлэх санаа хэрхэн төрсөн бэ?
- Би монголчуудынхаа нэгэн адил чулууны үйлдвэрт ажиллаж байгаад дээр хэлсэнчлэн хуурай дүүтэйгээ хамтарч үйлдвэрээ нээсэн. Би өөрөө гарын ур дүйтэй, мужаан хүн болохоор чулууны үйлдвэрт дажгүй цалин авдаг байлаа. Нэг удаа миний ажиллаж байсан үйлдвэрийн эзэн гомдол гаргасан үйлчлүүлэгчийн гэр рүү намайг явууллаа. Би очоод шаардсан зүйлсийг нь сольж байх хооронд өнөөх хүн үйлдвэр, үйлчлүүлэгч хоёрын хооронд байгуулсан гэрээгээ үзүүлж “Би өдий хэмжээний доллар төлчихөөд байхад” гээд гомдоллож байна. Би өмнө нь тэр гэрээг нарийвчлан үзэж байгаагүй. Зөвхөн гүйцэтгэл хийдэг байсан болохоор сонирхол татан лавлаж үзэв. Гэтэл миний сольсон ажлын үйлчилгээ нь үйлдвэр дээрх арван тийм хэмжээний ажлын гүйцэтгэлтэй тэнцэж байх юм. Өөрөөр хэлбэл, би 30 ам.долларын ажлын үнэлэмжтэйгээр чулуун хавтанд угаалтуурын нүх гаргадаг бол тэр нь үйлчлүүлэгчийн гэрт 300 ам.доллараар үнэлэгдэн очдог юм байна гэдгийг мэдлээ.
Тэгээд л гэнэт шар хөдөлсөн юм. Ер нь өөрөө үйлдвэр байгуулж яагаад болохгүй гэж гэсэн санаа зурсхийн орж ирсэн. Тэр үед хуурай дүү Ш.Мэндсайханд энэ санаагаа хэлж, хоёр талаасаа доллараа нийлүүлэн үйлдвэрээ байгуулж байлаа. Одоогоор арав гаруй ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
- Үйлдвэр байгуулах зөвшөөрөл авах тухайд хүндрэл багатай байдаг юм шиг?
- Америкчууд бизнесмен улс орныг хөгжүүлнэ гэсэн ойлголттой явдаг хүмүүс. Тэр ч утгаараа анхлан үйлдвэрийн бичиг баримт хөөцөлдөх, татвар төлөх, хөнгөлөлттэй үйлчилгээ авах эрхүүд нь харьцангүй уян хатан байдлаар үйлчилдэг. Холбогдох засаг захиргааны нэгжүүдэд хандаад, үйл ажиллагаа явуулах зөвшөөрлөө авна. Татварын хувьд ч тэр, нэг их дарамт үүсгээд байхгүй. Жилд ойролцоогоор 4-5 мянган ам.долларын татвар төлөөд, жилийн эцсээр зарим хэсэг нь эргэн олгогдох тохиолдол ч гарна. Хийсэн ажлын их багаас хамаарч, татвар жил бүр хэлбэлзэлтэй гарах нь бий. Татвараа авахын тулд тухайн улсын иргэн эсэхээс үл хамаарч, ажиллах эрхтэй л бол бизнесийн орчинг нь бүрдүүлж өгөх үүрэг хүлээн ажилладаг.
- Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн сурталчилдаг вэ?
- Ихэвчлэн хоёр янзаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ бусдад сурталчилдаг. Сонингуудад зар байршуулах, сурталчилгаа түгээх, худалдааны томоохон төвүүдэд чулууныхаа мини хэлбэрийг танилцуулгынхаа хамт байршуулах замаар идэвхжүүлэлт хийнэ. Үйлчилгээний машинууддаа лого, тэмдгүүдээ наах маягаар ч сурталчилна. Хамгийн гол нь ажил бүрээ үйлчлүүлэгчийн сэтгэлд нийцтэл чанартай хийж, төгс үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Ингэснээр үйлчлүүлэгчид нэгэндээ санал болгох замаар цөөнгүй ажлууд олдох нь бий.
- Техникийн хувьд ямар байна вэ?
- Техникийн хувьд харьцангуй өндөр үзүүлэлт бүхий компьютер санамжтай машинуудаар ажлаа явуулдаг. Манайх огтлогч, зүсэгч, цоологч, булан гаргагч зэрэг үйлдэл хийдэг машинуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладаг юм. Хүчин чадлыг нь харж байгаад, үйлдвэр дээрээс нь шууд худалдан авдаг. Бид загвараа мөн давхар хийж гүйцэтгэлдээ оруулж өгдөг.
Сонирхуулж хэлэхэд, энд бизнес эрхэлж буй олон хүн лизинг хэлбэрээр техникүүдээ худалдан авч, үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлдэг. Гэхдээ монголчууд бид эндхийн байнгын оршин суугчид биш болохоор томоохон лизингүүдэд хамрагдаад байх боломж нь жаахан хязгаарлагдмал. Байр, орон сууц, унаа тэргээ бол лизингээр аваад байж болно л доо.
- Түүхий эдээ хаанаас яаж авах уу?
- Чулууны үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэшсэн дэлхийн томоохон орнууд болох Энэтхэг, Бразил, Мексик, ОХУ-аас түүхий эд ирдэг. Нийт гурван мянга гаруй төрлийн чулуу байдаг. Өнгө, хэмжээ, нимгэн зузаанаасаа шалтгаалан харилцан адилгүй үнэтэй. Бид үйлчлүүлэгчийн хүссэн чулууг үйлдвэрлэгчээс шууд тээвэрлэн худалдаанд гаргадаг тэдгээр цэгүүдээс авдаг юм. Олон жил хамтраад ажиллачихсан болохоор тодорхой хөнгөлөлт эдлэх, зээлээр авах боломжууд ч бас нээлттэй байдаг.
- Та үйлдвэртээ хөдөлмөр хамгааллыг хэр мөрдөж ажилладаг вэ?
- Миний зүгээс хамгийн ихээр баримталдаг асуудал бол хөдөлмөр хамгаалал. Ажилтан өөрөө цаг минут тутамд хянамгай байдлыг үүсгэж, техниктэйгээ горимын дагуу харьцах ёстой. Ажлын сахилгыг сайн баримталсан хүнээс аваар осол холуур өнгөрдөг. Техникүүд нь өөрөө маш хурдан хугацаанд өндөр хүчин чадлаар ажилладаг учраас хуруугаа эсгэх, гар, хөлөө хугалах зэрэг ослууд ажлын нөхцөлд үүссэнийг харж байсан. Яг манай үйлдвэр дээр бол осол, эндэл гарч байгаагүй юм байна.
-Монгол Улсаас хүртэл захиалга ирдэг гэж сонслоо?
- Онлайнаар харилцан, өөрийн хүссэн загвар дизейнераар загвараа өгөх боломж бүрэн дүүрэн нээлттэй байгаа. Манай улсын иргэд бидэнд хандан, захиалга өгөх үе гарна л даа. Бид ажлыг гүйцэтгээд тээвэрлүүлдэг. Тэндээс энд ажиллаж байсан туршлагатай хүнээр угтуулан суурилуулах ажлыг нь гүйцэтгэж өгдөг юм.
- Хар яриагаар бол “шатна” гэж хэлдэг. Үе үе хийсэн ажил бүтэлгүйтэх, хөлс мөнгөө авч чадахгүйд хүрэх тохиолдлууд гарна л биз дээ?
- Мэдээж, бизнес юм чинь шатах үе гарна аа. Захиалагчид гэнэт өөрийн баталгаажуулсан загвараа голох, бидний гүйцэтгэсэн ажлыг чамлах, хэлсэн ярьснаасаа буцах, захиалсан ажлаа авахаас татгалзах зэрэг тохиолдлууд гардаг. Гэхдээ олон биш. Тухайлбал, нэг иргэн гал тогооны чулуун хавтан захиалаад гэрээ хийсний маргааш нь “Уучлаарай, манай эхнэр өнөөдөр ажлаасаа гарчихлаа. Би мөнгөө ахуйн хэрэглээндээ зарцуулах хэрэгтэй байна” гэж хандах жишээтэй. Тэр тохиолдолд би мөнгийг буцааж ажлаа зогсоохоос аргагүй байдалд орно.
- Үнэхээрийн хүсээд хийлгэж буй хүмүүс ч бас олон таарна биз дээ?
- Тийм ээ. Нэлээд өндөрлөг газар амьдардаг гэрээрээ дүүрэн мууртай нэгэн эмгэн биднээр чулуун хавтан хийлгэж байлаа. “Би ийм чулуун хавтантай болохын тулд зургаан жил мөнгөө хураасан” гэж ярьж байсан нь санаанаас ердөө гардаггүй юм. Чулуу өөрөө тансаг хэрэглээ, элит байдлыг үүсгэдэг түүхий эд учраас хэн хүнгүй л гэртээ их бага хэмжээний чулуун хавтантай байхыг чухалчилдаг. Энэ бол бидний оршин тогтнож байгаагийн эх үндэс. Гэхдээ мэдээж чанартай сайн хийснээр ажил амжилттай үргэлжилдэг.
- Чулууны үйлдвэрт ажилладаг хүний дундаж цалин хэд байдаг вэ?
- Дундаж цалингийн хувьд цагийн 14-15 ам.доллар байдаг. Өдөрт найман цаг ажиллаад, 120-130 доллартай буух жишээтэй. Гэхдээ ажил мэргэжилдээ сайн хүн илүү өндөр цалин авах боломжтой. Цагийн үнэлэмж нь 24-25 ам.долларт хүрдэг ажилчид бас байна.
- Энэ бизнесийнхээ ажлыг эх орондоо эрхлэх хүсэл байдаг уу?
- Сүүлийн жилүүдэд манай улсын барилгын салбар хурдацтай хөгжиж энд ажиллаж байсан монголчууд эх орондоо бизнес эрхлэх хүсэлтэй болж байгаа. Тэр хүслээ ажил хэрэг болгосон залуус ч байна. Миний хувьд дараа жил эх орон руугаа буцаж тэндээ суурьшихаар төлөвлөсөн байгаа. Хамгийн гол нь үйлдвэр байрлах байр сууцаа эхлээд сайн тооцоолох хэрэгтэй. Эхний ээлжинд барилгын чиглэлийн хэд хэдэн хүнд механизм, техникүүдийг эх орон руугаа явуулсан. Очсон хойноо бизнес орчноо сайн судлах шаардлага үүснэ.
- Чулуугаа тээвэрлэхэд нэлээд асуудалтай байх юм болов уу?
- Чулуу үйлдвэрлэгч орнуудад очиж гэрээ байгуулах шаардлага үүснэ. Тээвэрлэлтийн хувьд нэлээдгүй хугацаа алдах тал бий. Түүнээс биш чулуу муудаж чанараа алдана гэх юм байхгүй болохоор санаа амар тээвэрлүүлж болно. Гэхдээ л болгоно гэвэл болно. Эх орондоо хийж байгаа гэж бодохоор урам зориг өндөртэй, шантралгүй ажиллана шүү дээ.
-Тэгэхээр энэ үйлдвэр Монгол руу нүүнэ гэсэн үг үү?
- Яг ч тийм биш. Ш.Мэндсайхан дүү маань энэ үйлдвэрээ хариуцан ажиллуулна. Монголд манай салбар нээгдэнэ гэж л ойлгох хэрэгтэй /инээв/.
- Одоогоор гэр бүлийн тань хүн эх орон руугаа буцсан гэсэн үү?
- Тийм ээ. Эх орондоо суурьших ажлуудаа бага багаар эмхэлж хотод төвхнөхөөр бэлтгэлээ базааж байгаа. Би ганц охинтой хүн. Охин нутаг буцаж намайг өвөө болгосноор эхнэр маань эх орон руугаа явсан. Ач хүүтэй болсон хүн чинь эх орон руугаа улам бүр яардаг юм байна. Монгол нутгийнхаа хээр тал унаган байгалийг л их санах юм. Монгол орноо зүүдлэхгүй шөнө ч гэж үгүй болж.
- Ярилцсанд баярлалаа
![](/uploads/assets/image/ESPRESSO-dc(2).jpg)
![](/uploads/assets/image/after01.jpg)
![](/uploads/assets/image/2012-04-24 15_35_30.jpg)
![](/uploads/assets/image/Cinamon(2).jpg)
Г.Энхтөр: “Ер нь өөрөө үйлдвэр байгуулъя” гэсэн санаа зурсхийн орж ирсэн | ||
Үзсэн: 2778 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.