Шууд Chart

Арилжааны банкуудад “эзлүүлсэн” орон сууцжуулах төрийн бодлого

2014-05-21 09:23:59

Байр бол зүгээр л мөрөөдөл

Байр бол зүгээр л мөрөөдөл. Бичиг цаасанд дунд талимаарсан хий “хүсэл”.
 
Гэр хороололд амьдардаг иргэд, байрны түлхүүр атгах мөч хүртэл мөн чиг олон адал явдал туулна. Гээд яахав. Насаараа гэр хороололд амьдарч, үр хүүхдүүдээ хөрс нь үхэжсэн шороон дээр өдөржин шуугилдаж байхыг харах зүрх зориг хэн хүнд төрөхгүй юм хойно. Зүтгээд л байхаас...
 
“Зүтгээд байхаас” гэдэг үгэнд эхнээсээ авахуулаад их ээ олон эрэмбэ дараалал бий. Үнэндээ иргэд төрийн зүгээс тавиад байгаа тэр бичиг цаастай холбогдох баримт, материал, ерөнхий шаардлага сэлтийг даваад байгаа юм. Гагц нам гацдаг зогсоол нь арилжааны банкууд. Эдийн засагчдын ширээ, шүүгээ орчимд мөнхийн зогсоолдоо ихэнх материалууд нам зогсох нь туйлаас гачлантай.
 
Хүсэхэд хясах гэгч. Төрийн зүгээс бага дунд орлоготой, байр худалдан авах чадамжгүй иргэдийг орон сууцжуулна гэж хэдэн жилийн туршид ярьж, холбогдох дүрэм, журмыг баталсаар сууна. Хэрэгжсээр байна. Зөвхөн энэ жилийн байдлаар 33 мянган айлын орон сууц барих 189 төсөл хөтөлбөр хэрэгжиж байгаа гэх.
 
Гэтэл хөнгөлөлттэй зээлүүдэд хамрагдсан нийт иргэдийн 10 орчим хувь нь “гэр хороолол”-д амьдардаг гэх албан бус судалгаа байна. Үгүй тэгээд, тэр “Зуун мянган айлын орон сууц”, найман хувийн хүүтэй ипотекийн зээл, “Ахмадын орон сууц хөтөлбөр”-үүдэд чинь ямар иргэд байр аваад байсан болж таарах уу гэх хоржоонтой асуулт эндээс гарч ирнэ.
 
Иргэд эл хөтөлбөр, хямдралтай зээлүүдийг огт сонирхоогүй гэвэл түүн шиг худал зүйл гэж үгүй. Тэд хүссэн. Тэдний хүсэл арилжааны банкуудын зээлийн эрсдлийн үнэлгээнд бүдэрч, “мөнгөтэй бол ав” гэдэг зарчмаар цөөнхийн эрх ашигт  үйлчилжээ. Иргэдийн хамгийн ихээр итгэл тавьж, нэг хэсэгт арилжааны банкуудын ачааллыг дээд цэгт нь хүртэл тулгасан зээл бол “ипотек” гэх манайдаа шинэлэгт тооцогдох хэв маяг.
 
Үр дүн нь харин сөргөөр. Хэсэг мөнгөтэй нөхдүүд ах дүү, хамаатан садныхаа нэр дээр бүхэл бүтэн нэг блок байр худалдан авч, түрээсийн хэлбэрээр сар тутам мөнгө цохиж суугаа сураг, зарын сонины сүлжээгээр “зуучлуулж байгаа нь тэр” хэмээн, өчнөөн төгрөгөө мөнгө хүүлэгчийн халаас руу хийсэн хэсэг, арилжааны банкинд эдийн засагчийн албан тушаал хашдаг  танил тал хайсан сүргийн өрсөлдөөн үүсэв.  Эцэст нь орон сууцны үнэ өнгөрсөн жилийнхээс 23 хувиар буюу 440 мянган төгрөгөөр өслөө.
 
Өөрөөр хэлбэл, орон сууцжуулах төрийн бодлогод гажуудал үүсэж, байрны үнийн хөөрөгдөл эдийн засагт нөлөөллөө үзүүлсээр байна гэсэн үг. Энэ хэрээр Улаанбаатар хотын байранд орох ёстой сигмент нь тэртээ холд үлдэж, зөвхөн мөнгөтэй хэсэгт үйлчлээд байгаа нь нэгэнт нууц биш болжээ.
Гэхдээ төрийн зорилго өөр байсан гэдгийг санах хэрэгтэй. Бодлого, хөтөлбөрүүд нь арилжааны банкны зээлийн эрсдлийн үнэлгээнд намнуулж, өөр өнцөгтэй болж хувьсаад байхаар басхүү өөр аргуудыг хайна аа даа. Тэр нь...
 
Дахиад л гэрэл сөрөг зүгт тусч эхлэв үү
 
Одоогийн байдлаар орон сууцны эрэлт зогсонги байдалд орж, төслүүд санхүүжилтээ хүлээх маягтай байна. Гэхдээ энэ нь байрны үнийг хямдруулна гэсэн үг биш. Ноён доллар 1800 төгрөг давж, юань 290 төгрөгт хүрчихээд байгаа өнөө үед барилгын материалын нэмүү үнийг компаниуд байрны үнэндээ шингээхээс өөр гарц байхгүй.
 
Энд “төрийн зорилго өөр байсныг санах хэрэгтэй” гэсэн зальжин өгүүлбэрээ дахин хэрэглэе. Төр боловсруулан хэрэгжүүлж хөтөлбөрүүдийнхээ алдаа оноог харж байсан. Тэр ч утгаараа “Буянт-Ухаа-1” хорооллын худалдаалах журмыг Засгийн газраас батлан гаргахдаа дээр өгүүлсэнчлэн арилжааны банкин дээр очингуутаа мөнгөтэй талд үйлчлэх хэлбэр рүү шилжчихээд байгаа “хорлол”-ын нигурыг “чихэртэй ус”-аар арчин зүлгэх мэргэн арга олж тусгасан.
 
Тэр нь...худалдан авсан байраа 15 жилийн дотор зарж, түрээслэхгүй байх, өмнө нь байр эзэмшиж байгаагүй гэх зэрэг чангахан заалтуудыг оруулж, улмаар иргэний мэдээллийг төрийн цахим лавлагаатай холбож өгсөн юм. Өөрөөр хэлбэл, ил далд хэлбэрээр цэцэглэн хөгжсөн “мөнгөтэй бол ав” гэх хэлбэрийг бага багаар хусан арилгах төлөвлөгөөний эхлэл ингэж хэрэгжсэн гэж болно.
 
Мэдээж төрийн энэ бодлого ард иргэдэд, тэр дундаа гэр хорооллынхонд үнэхээр сайшаалтай сонсогдсон. Тэр ч үүднээс 1754 айлын багтаамж бүхий “Буянт-Ухаа-1” хороололд байр худалдан авах хүсэлтэй иргэд есөн мянга давж, олон нийтэд нээлттэй хэлбэрээр 1540 иргэн байр худалдан авах эрхээ сугалаагаар баталгаажуулаад байгаа.
 
За ингээд, ончит бодлогоор орон сууцны эрэлт зорилтот хэсэг рүүгээ чиглэлээ гээд бодтол гэрэл эсрэг зүг рүү тусч эхлэв. Тодруулбал, “Буянт-Ухаа-1” хороололд байр худалдан авах эрх баталгаажуулах сугалаа явснаас хойш иргэдийг сонсох "11 11"  төвд уг хороололтой холбоотой санал гомдол олноор ирэх болжээ.
 
Гомдлуудыг ерөнхийд нь авч үзвэл, өнөөх л арилжааны банкны шалгуурт бүдэрсэн иргэд төр засагтаа хандсан нь харагдана. Төдий олон хүнээс сугалаагаар гарч ирсэн багш, баярлаад хашаа байшингаа зарж, урьдчилгаагаа бэлдсэн хэдий ч арилжааны банкны зээл төлөлтийн үнэлгээнд хүрсэнгүй унажээ. Энэ тохиолдолд багш хашаа байшин ч үгүй, байр ч үгүй хоцорч байгаа юм.
 
Нөгөө талд хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, залуу гэр бүлийн зорилтот бүлгүүд нийгмийн даатгал төлсөн жил нь хүрээгүй, сарын орлого зээлийн төлөлтөд хүрэхгүй, хамтран зээлдэгч найдваргүй гэх нэрээр хасагдсаар байгаа тухай хэл ам тасрахгүй байна. Яг энэ тохиолдолд Улаанбаатар хотын 100 орчим мянган орон сууцанд амьдрах шаардлагатай иргэдийн 90 мянгаас доошгүй тоог эзэлдэг байр худалдан авах чадамжгүй иргэдээ дундалж чадахгүй нь үү дээ гэх бараан дүр зураг харагдана.
 
Түүнчлэн зорилтот бүлгийн иргэдэд хамтран зээлдэгч болно гэдэг нь өөрөө тухайн иргэнд эрсдэлд дагуулж байгаа хэрэг юм. Учир нь иргэн хамтран зээлдэгч болсныхоо төлөө дараа дахин байрны зээл авах, бусад зээлүүдэд хамрагдах боломжоо хааж байна. Тийм заалт бүхий журмууд шил дараалан батлагдаад байгаа тул зорилтот бүлгийн иргэдээ байртай болгоно гэсэн “төрийн мөрөөдөл” үндсэндээ арилжааны банкуудын өмнө хүчин мөхөсдөх, хөөс болох төлөв ажиглагдаж эхэллээ.
 
Яг энэ тохиолдолд мянга сайхан сугалаа явуулаад, шударга тогтолцоог хэрэгжүүлж буй ажлын арга барил нь хүртэл ямар ч үр дүн үзүүлэхгүй. Утгаар нь хөөвөл анхнаасаа төрийн зүгээс “Буянт-Ухаа-1” хорооллын худалдаалах журмыг боловсруулахдаа арилжааны банкуудтай зорилтот бүлгийн иргэдийг холбож өгөх илүү уян хатан бодлогыг баримтлах ёстой байж. Нэг асуудлыг иргэний талд шийдлээ гэтэл өөр нэгэн гажуудал үүсэж, арилжааны банкны шалгуурт  төрийн бодлого хүчин мөхөсдөх нь тэр.
 
Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гомдол үүгээр дуусчихгүй. Тэдний сар тутам авдаг халамжийн мөнгийг арилжааны банкууд "орлого биш" хэмээн тодорхойлж байна. Төрөөс уг нь тэдний авч буй цөөн хэдэн төгрөгийг  орлогод тооцон, байр авах боломжтой гэж үзээд байдаг. Ажил хэрэг, бодлого энд чухамдаа алд дэлэм зөрж байгаа юм. Тэгсэн мөртлөө 1.5 хувийн хүүтэй орон сууцны зээлэн дээр халамжийн мөнгийг орлого гэж тоцоод байвал яах уу. Ерөөсөө дураараа дургихын үлгэрийг жинхэнэ утгаар нь арилжааны банкууд үзүүлж байгаагийн нэг илрэл энэ.
 
"Буянт-Ухаа-1"  хороололд байр авах нь өнөөдөр зорилтот бүлгийн иргэдийн хувьд зүгээр л мөрөөдөл байсан мэт дүр зураг харагдана.
 
Нэгэнтээ иргэд байр авахын тулд  төрийн зүгээс тавьж буй тодорхой шаардлагуудыг хангахаас илүүтэйгээр арилжааны банкуудыг хэрхэн “найрах”-аас хамаг зүйл шалтгаалдаг болсон өнөө үед ТӨР мөнхүү замаар банкуудаа “найрах” хэрэгтэй  мэт гаргалгаа эндээс гарна.
 
Төрийн ачааг иргэн үүрсэн өрөөсгөл зүй тогтлыг хэрхэн халахыг шийдэх цаг нь болжээ.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Арилжааны банкуудад “эзлүүлсэн” орон сууцжуулах төрийн бодлого  
Үзсэн: 4509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
49.0.129.xxx [49.0.129.xxx] 2014-05-21 14:41
30: % АА ТӨЛӨХ ХУГАЦАА ;ДЭНДҮҮ БОГИНО БАЙНА.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-05-21 10:26
яах гэж торийн банк байгуулсан юм бэ хувийн банкуудыг царай. алдах ямар нэг но байна даа торийн банкаараа дамжуулаад асуудлаа шийдэж болно шдээ ингээд л бас л авилга явж байна
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-05-21 10:10
банкны 30 хувийн урьдчилгаа гэдэг юм нь бас байрны үнэнд нөлөөлж байгаа шүү хашаа байшингаа зараад байрны урьдчилгаа өгч байгаа хүн байна байр хөлсөлж байгаад байр авах гэтэл тийм боломж байхгүй тэхээр тэр 30 хувийг хүнээс зээлнэ тэрийгээ байрны үнэнд оруулж тооцож нөгөө зээлдүүлэгчдээ өгнө тэхээр байрны үнэ зохиомлоор өсч байгаа нь энэ
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-05-21 10:05
Төрийн бодлого тун зөв,
103.230.82.xxx [103.230.82.xxx] 2014-05-21 09:56
Зочин Арилжаны банзкнуудын эдийн засагч нар гэж бүхэл бүтэн хүнд сурталын сүлжээ үүсгэсэн байгааг банкны удирдлага, бусад хяналтын байгууллагууд анхааралдаа авах хэрэгтэй байна

Бидэнтэй нэгдээрэй