Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд Азийн хөгжлийн банктай хамтран Улаанбаатар хотноо “Жендэр ба хөгжил-2021” үндэсний чуулганыг зохион байгуулж байна.
Чуулганы гол зорилго нь 2018 оны “Тогтвортой хөгжлийн зорилго: Жендэр ба хөгжил” олон улсын бага хурлаар баталсан жендэрийн эрх тэгш байдлыг хангах 21 зорилт бүхий “Улаанбаатарын тунхаглал”-ын хэрэгжилт, үндэсний түвшинд гарч буй ахиц дэвшлийг дүгнэж, ирэх жилүүдийн хамтын ажиллагаа болон зорилтыг тодорхойлж, зөвлөмж боловсруулах юм.
“Улаанбаатар тунхаглал”-ын хүрээнд зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт, жендэрийн шалгуур үзүүлэлтүүдийг үндэсний болон олон улсын түвшинд нэвтрүүлэн ашиглах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, эрсдэлийг бууруулах, хөдөөгийн охид эмэгтэйчүүдийн аж байдлыг сайжруулах гэсэн гурван дэд чиглэлээр 21 зорилт дэвшүүлсэн.
Жендэрийн үндэсний хороо нь эдгээр зорилтыг “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, үндэсний хөтөлбөр арга хэмжээний төлөвлөгөө (2017-2021)-нд тусган хэрэгжүүлсэн байна. Үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг АХБ-тай хамтран Японы Засгийн газрын санхүүжилтээр 2017-2019 онд “Салбар, орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа”, 2019-2021 онд “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслүүдээр дамжуулан үндэсний хэмжээнд хангаж ажиллажээ.
Үр дүнд нь Монгол Улсын нийт 14 салбар яамд, нийслэл болон нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн төрийн захиргааны байгууллага жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагааны зорилт, хөтөлбөрийг хэрэгжүүлдэг болж, үндэсний хэмжээнд жендэрийн тэгш эрхийг хангах тогтолцоо бэхжсэн гэв. Мөн төслүүдийн хүрээнд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн гэр бүл, нийгэм, эдийн засаг, соёлын харилцаан дахь жендэрийн тэгш эрхийг хангахад сөргөөр нөлөөлж буй жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх, жендэрт суурилсан ялгаварлан гадуурхалт, хүчирхийллээс сэргийлэхэд олон нийтийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх зорилтот үйл ажиллагаа өндөр үр дүнтэй хэрэгжсэнээ танилцуулав.
Төр болон хувийн хэвшлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт болон эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд хүлээсэн дүр, үүргийн тухай хэвшмэл ойлголт, хандлагад нөлөөлснөөр Монгол Улс дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр танилцуулдаг “Жендэрийн ялгаатай байдлын индекс”-ээр нэг жилийн дотор 10 байр урагшилж, 153 орноос 69 дүгээрт жагссан байна.
Чуулганы үеэр “Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй эдийн засгийн өсөлт”, “Хөдөөгийн хөгжил ба жендэр”, “Жендэрийн түншлэл, хамтын ажиллагаа” гэсэн гурван салбар хуралдаан зэрэг явагдаж, панел хэлэлцүүлэг, илтгэлүүд тавих аж.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангаж ажилласан гурван жилийг дүгнэлээ | ||
Үзсэн: 710 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.