МҮОНРТ тавдугаар сарын 19-25-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт нээлттэй өдрүүдээ зохион байгуулсан юм. Энэ үеэр Хөвсгөл аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатартай уулзаж ярилцсанаа хүргэе.
-Аймгийн иргэдтэй уулзаж явахад аймгийн Засаг дарга иргэддээ зориулан бурхан бүтээлгэсэн тухай хэдэнтээ сонслоо. Тэгэхээр энэ талаар яриагаа эхлэх үү?
-Засаг даргын ажлыг хүлээж аваад удаагүй байхдаа аймгийн шүтээн бурхан нь модоор урласан, хориод жил өнгөрсөн тул шаардлага хангахгүй учраас өөрчлөх гэж байгаа тухай сонссон. Үүнээс өмнө нь надад бурхан бүтээх хүсэл бий болсон юм. Хоёр жилийн өмнө гэр бүлийн хүнээ хүнд өвчнөөр алдаж, их хэцүү байлаа. Залуу сайхан ханиа алдсан болохоор тэр хүнд зориулж ямар нэгэн зүйл хийж гэмээнэ сэтгэл арай жаахан хөнгөрөх мэт санагдана. Тэгээд гандангийн хүмүүстэй уулзаж зөвшөөрлийг нь авлаа. Бурхан бүтээх утга учрыг судалж бурханч лам Г.Пүрэвбат багштай уулзахдаа түмэн олынхоо төлөө бүтээх нь илүү буян хишигтэй гэдгийг ойлгосон. Ингээд хоймор нутгийнхаа 123000 иргэн 35000 өрх айл эрүүл энх сайн сайхан байхыг бэлгэдэж 90Х75 харьцаатай бурхан багшийг бүтээлгэж саяхан заллаа. Иргэд маань их сайхан хүндэтгэлтэй хүлээж авсан. Цаасан шуумал энэ бурханг Г.Пүрэвбат багшийн шавь нар 40 хоног урласан. Ханийн минь дүү нар, хүүхдүүдтэйгээ нийлж бүтээлгэлээ. Сэтгэл санаа сайхан уужирдаг юм байна.
-Сайхан буяны үйл хийсэн байна, та?
-Г.Пүрэвбат лам надад олон зүйлийг тайлж хэллээ. Оюун санаа гэдэг мөнх. Бие бол тодорхой цаг хугацааны зүйл. Энэ хоёр нэгдэхээрээ нэг зүйл бие болдог. Салахаараа бие үгүй болж оюун ухаан дараагийн биед шилждэг. Тиймээс гурван жил буян хийх ёстой гэнэ. Эхний жил чи суварга босгосон байна. Энэ нь талийгаачийн зам мөрийг шулуутгаж өгнө. Хоёр дахь жилдээ бурхан бүтээлгэж, энэ бол хойдын болоод шинэ амьдралын сайн сайхан, насны төрөлд маш сайн. Гурав дахь жилд үдэлтийн буян гэж хийдэг. Өөр биед төрсөн ч гурван нас хүртлээ урьд төрөлтэйгөө сэтгэлийн барилдлагатай явдаг учраас тэр. Дөрөв дэх жилээс дараагийн төрөлд бүрэн шилжиж нэг мөсөн тусгаарлагддаг гэнэ. Гурав дахь жилдээ нэг сайхан дурсамж ном хэвлүүлэх бодолтой байна. Миний амьдралын нөхцөл байдал буйн үйлдэх боломж олгож Хөвсгөлчүүдийнхээ сайн сайхны төлөө нэг алхам хийлээ. Хувь тавилан болоод хүмүүсийн дэмжлэг хайраар энэ ажил их сайхан бүтсээн. Үе үеийн хүмүүс сүсэглэн залбирч мөргөж шүтэж явах зүйлийг бүтээсэндээ ихээхэн талархаж сууна. Үүндээ урамшиж Цагаан-Уул сумандаа бас нэг бурхан бүтээлгэх хүсэлтэй ярилцаж байна. Миний эмээ, ээж хоёрын нутаг л даа.
-Унасан газар, угаасан усныхаа тухай яриач?
-Хөвсгөл аймгийн Хатгал хотод 1968 онд төрсөн халх хүн. Миний өвөө манжийн засаглалын үеийн Хөвсгөлийн долоон харуулын нэг Хөхөө харуулын занги хийж явсан Доржготов гэж хүн байж. Дээхнэ үед хилийн заставын дарга хийж явсан. Тэгэхээр аавын талаасаа харуул зангийн удам гэж өөрийгөө доргионоо, хааяа. Аавын тал Алаг-Эрдэнэ сум, ээж Цагаан-Уул сумын Агарын гол, би өөрөө Хатгал, өвөөгийн ажлын газраар бол Чандмань-Өндөр сум. Ингэхээр их олон нутагтай хүн болчихож байгаа юм. Мэргэжил бол түүх нийгмийн ухааны багш.
-Аймгийн Засаг даргын ажлыг аваад нэг их удаагүй байх. Ажлаа юунаас эхлэв?
-Ажилд томилогдоод дөрвөн сар гаруй болчихжээ. Би нэг үгийг өөртөө байнга хэлдэг. “Энэ бол зөвхөн олны итгэл, хүндэтгэл шүү” гэж. Улс төрд олон жил явж орон нутагтаа төрийн албыг удаан хашлаа. Улс төрийн орон зайд буюу сонгуульд надад хүмүүс итгэл өгөөд л гаргадаг. Тийм ч учраас улс төрд би эрсдэл үзсэнгүй. Түмний хайр, итгэлийг дааж гарч ирсэн нь шагнал аль эсвэл онцгой хувь тавилан биш гэж боддог. Тэр ч утгаараа иргэдийнхээ амьдралыг илүү ойрхон мэдэрч бодлого зорилгоо эгэл амьдралын бодитой зүйлд хандуулж явна. Засаг даргын мөрийн хөтөлбөрөө “Иргэндээ ээлтэй аймаг” гэж нэрлэсэн. Агуулга нь ерөөсөө л энэ. Миний бодлоор төр засгийн үндсэн үүрэг нь хүний амьдрах хүсэл сонирхолд дэмжлэг үзүүлэх явдал. Хүмүүс нэг хүсэл бодолтой, сайн сайхан л амьдрах. Энэ хүсэл бодолд нь ямар нэг саад бэрхшээл гарахад иргэн төрийн байгууллага албан хаагчид ханддаг. Тэрэн дээр нь бид үйлчилгээ үзүүлэх ёстой юм. Хүний амьдралын бүхий л асуудлыг төр өөрөө шийдэж чадахгүй. Гэхдээ юун дээр нь хэрхэн дэмжих гэдэг чухал. Ингэхийн тулд төрийн албан хаагч тухайн хүний амьдралыг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Засаг даргын ажлаа аваад аймгийн удирдах ажилтны зөвлөлгөөнийг хийсэн. Хаана ч л хийдэг зөвлөлгөөн л дөө. Гэхдээ би “Ёс зүйтэй манлайлал, шуурхай үйлчилгээ” нэрийн дор бүх албан хаагчаа хоёрхон юман дээр санаа нэгдэхийг уриалсан. Нэгдүгээрт, хүмүүсийн сайн сайхан амьдрах хүслийг зөв зохион байгуулж зөв авч явна гэдэгт итгэсэн учраас хүмүүс чамайг шилдэг гэж гаргасан. Түүнээс биш энэ хувь тавилан аз завшаан биш гэдгийг маш сайн ухамсарлая. Хоёрдугаарт, чи өөрөөрөө бахархах бус, харин сайн даргатай болсон нь манай баг, сум аймгийн иргэдийн хувь заяа гэж хүмүүс боддог байх нь чухал. Энэ хоёр ойлголт дээр дээр нэгдээд хичээгээд явбал төрийн алба шинэчлэгдэнэ.
-Их өвөрмөц арга барилаар ажиллаж эхэлжээ?
-Аймагт улсын төсвөөс 55 тэрбум төгрөг орж ирдэг. Үүгээр маш олон байшин барилга өөр олон зүйлийг барьж хийнэ. Үүнд бид хяналт тавина. Хамгийн гол нь байшин доторх үйлчилгээ сайн байх хэрэгтэй. Тэгвэл төрийн албан дахь сэтгэл ханамж өндөрсөнө. Миний барьж байгаа зарчим энэ. Эмнэлгийн үйлчилгээ, төрийн алба, боловсролын асуудал руу нэлээн гүн орлоо. Манайх 6200 төрийн албан хаагчтай, миний командлах ёстой хүн хүч гэж ойлгож энд зарчим дэглэм хоёроо тогтоохоор ажиллаж байна. Тэгж байж бид нэгдмэл ойлголттой болж механизм жигдэрнэ. Төрийн албаны шинэчлэлийг хүмүүсийн хүсэл сонирхолтой хөл нийлүүлэн явбал үнэлэмж нь сайжирдаг. Энэ бол миний арга барил.
-Орон нутагт тулгамдсан гол асуудал гэвэл..?
-Үндсэн асуудал бол ажилгүйдэл. Манай аймаг хамгийн олон хүн амтай, хамгийн их малтай, зах зээлийн харилцаа боломжийн түвшинд өргөн харилцаанд хөгжсөн газар. Гэвч ажилгүйдэл байгаад л байна.
-Хэр байна?
-Тоо хэмжээгээрээ улсын дундажийн хэмжээнд яваа. Ажилгүйдлийг бууруулах асуудал нь төрийн зорилт байх ёстой. Гэхдээ дангаараа шийднэ гэсэн үг биш л дээ. Ажилгүйдэл хэний оролцоотой буурч багасаж арилах вэ гэхээр хувь хүмүүсийн амьдралын санаачилга. Би ийм хийж чадна, байгуулж болно гэсэн санаачилгыг төр дэмжих хэрэгтэй. Өөрсдөөр нь ажлын байр бий болгож өөрсдөөр нь бүтээлгэх механизм их зөв. Эхний алхам болгож жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн аймгийн зөвлөлгөөнийг зохион байгууллаа. Тэд барьцаа хөрөнгөгүй, зээл авч чаддаггүй болохоор санал санаачилга нь дэмжигддэггүй гэнэ. Тэгээд бодлогоо ойлгуулаад арга зүйн сургалт семинарыг мэргэжлийн хүмүүсийг нийслэлээс авчирч хамруулсан. Дараа нь зээлийн батлан даах санд шууд хамруулж хөдөлмөр эрхлэлт дэмжих сангийн зээлд “ногоон гэрлээр” оруулан 278 хүн зээл авлаа. Би тэдэнд “өөрсдөөсөө гадна хоёр ажлын байр бий болгоорой, ингээд бүгдээрээ нийлээд 1000 ажлын байр бий болгоё” гэж хэлсэн. Бүрэн эрхийн хугацаанд 10 000 ажлын байр бий болгох гэрээг хөдөлмөрийн сайдтай хийсэн.
-Өөр тулгамдсан асуудал гэвэл?
-Дараагийн асуудал бол зээлийн харилцааг оновчтой өргөн хүрээтэй болгох. Дан ганц ХАА дагнасан бүтээгдэхүүн, аж ахуйн чиглэлээр манайх хөгжихгүй нь тодорхой. Үүн дээр аялал жуулчлалыг их оновчтой хөгжүүлж, газар тариалан эрхлэлтийг дэмжиж, дэд бүтцийг сайжруулах онцгой шаардлагатай. Дэд бүтцийн асуудал их аятай болж байна. Хойгуураа Улаанбаатар-Булган-Эрдэнэт, дунд чиглэлээрээ Хайрхан-Өлзийт-Дашинчилэн-Лүн-Улаанбаатар гэж хар замаар холбогдохоор Засгийн газраас концессийн гэрээгээр ороод ирлээ. Босоо тэнхлэгээр Шинэ-Идэр-Жаргал-Ороохын даваа гэсэн зам баригдахаар Засгийн газрын бодлого төлөвлөлтөд орлоо.
-Хөвсгөл аймгийг дотоодын аялал жуулчлалын түшиц газар гэдэг. Тэгэхээр энд ямар ямар шийдлийг бий болгох вэ, юу хийж байна?
-Аялал жуулчлалын бодлого нь бидний хөгжлийн гарц, боломж учраас тодорхой бодлого хэрэгтэй. Энэ талд би шүүмжлэлтэй ханддаг. Аялал жуулчлалын бүсийн төв гээд л байна. Гэтэл жуулчид Мөрөнд буугаад юу үзэх вэ, яаж аялах вэ. Энэ бол асуудал. Тийм ч учраас жуулчид Мөрөнд саатдаггүй. Сүүлийн үед хувийн хөрөнгө оруулалтаар гурван ч том зочид буудал барьсан. Гэтэл өдрийн орлого нь 200 мянган төгрөг. Үнэндээ хүнд байдалд байна. Тийм учраас Мөрөн дотор жуулчны гудамж, цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажил эхэллээ. Засгийн газрын хөрөнгө оруулалтаар “Цаатан” музей байгуулах гэж байна. Цаатан музей жуулчдын сонирхлыг татах өвөрмөц үзвэр болно. Хамгийн наад захын асуудал тээврийн товчоон дээр жуулчдад зориулсан хөтөч танилцуулга байдаггүй. Үүнийг хийж байна. Хөвсгөл гэхээр зөвхөн Далай ээж гэж ойлгож байна шүү дээ. Гэтэл энэ чинь олон ястны өлгий нутаг, жуулчдад үзүүлэх юм өчнөөн байна.
-Тухайлбал?
-Урианхай ястны онцлогийг харуулсан аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн болох Алунгоо эхийн сургаалийн баярыг долоодугаар сарын 29-нд хийнэ. Дархад ястны онцлогийг харуулсан Бошлой хадны баярыг дархадууд санаачлан гаргаад ирлээ. Нутгийн сайд Ц.Оюунгэрэл дэмжинэ гэсэн. Наймдугаар сард болно. Алаг-Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газраас санаачлаад 50/100-гийн огтлолцлын цэгт үйлчилгээ нээж сарлаг, тэмээ унуулъя, унага татуулъя гэсэн. Бүрэнтогтох сумынхан Дамдинбазарын 140 жилийн ой болох гэж байна. Чингүнжав болон хутагттай холбоотой түүх дурсгалын газруудыг жуулчлалын үзвэр болгоё гэнэ. Арбулаг сумынхан Чингүнжавын буюу Хотгойд овоог аймгийнхаа тахилгат овоо болгоё гэснийг төлөвлөгөөгөө хийгээд ир гэсэн. Энэ бүхнийгээ бид “Мөнгөн цагираг” гэж нэрлэж байна. Бүгд ажил хэрэг болоод ирэхээр гадаад дотоодын жуулчид аялагчид “Мөнгөн цагираг”-ийн дагуу хоймор нутгаар аялах юм.
-Мөнгөн цагирагийн дэд бүтцийн асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Одоохондоо байгалиараа. Засгийн газрын бодлого төлөвлөлтөд ороогүй байна. “Мөнгөн цагираг” дагуух аялал жуулчлалын үзвэр үйлчилгээ жил ирэх тусам нэмэгдэнэ. Улсын хэтийн хөгжлийн асуудалд тусгагдаагүй болохоор “Мөнгөн цагираг”-ийн дэд бүтцийн асуудал мөрөөдлийн шинж чанартай явна.
-Дархадын хотгор бол байгалийн үзэсгэлэн төгс бүрдсэн газар. “Мөнгөн цагираг”-т ороогүй байх шиг?
-Хувийн хэвшлийнхний санал санаачилгыг харж байна. Хамгийн хурдан хэрэгжүүлэх боломж бол тэдний саналыг өдөөж гаргах, дэмжих. Манай дархадын нутаг бол байгалийн үзэсгэлэнт тусгай хамгаалалтын газар. Тэнд тул хамгаалах болон загасчлалын асуудал байдаг. За тэгээд Улаан-Уул, Ренчинлхүмбэ, Баянзүрх сумын нутгаар үзэж харах гайхамшиг их бий. Ямар нэг санаачилгатай холбогдоогүй л байна.
-Хөвсгөл далай бол зөвхөн хоймор нутгийн төдийгүй Монголын бахархал болсон газар. Далай хамгаалал болоод их усыг тойрсон асуудлуудын тухайд та юу хэлэх вэ?
-УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн оролцоотойгоор Хөвсгөл далайн төлөвлөлтийн асуудал тодорхой болсон. Хамгийн эхлээд далайгаа дэлхийн өвд бүртгүүлэхээр судалгааны ажил явагдаж байна. Дэлхийн өвд бүртгүүлэх нь нуурын хамгаалалт, хайрлан дээдлэх асуудал олон улсын түвшинд баталгаатай болж ирнэ. Хөвсгөл далайтай хүйн холбоотой Байгаль нуур дэлхийн өвд бүртгэгдчихсэн. Мөн цэнгэг устай нуурыг цэвэрлэх асуудал их чухал. Далайн гүнд асар их бараа бүтээгдэхүүн машин техник бий. Үүнийг Л.Энх-Амгалан гишүүн санаачлаад оросууд ирж хайгуул хийсэн. Чехүүд оролцъё гэсэн санал тавилаа. Далайн гүнд 110 метрт шумбаж эхний тандалтаар живсэн зүйлсийг тоолсон. Боломжоороо тохирсон хугацаандаа цэвэрлэнэ гэж байгаа. Далайн гүнд хүрч амжаагүй, энэ бол маш хүнд асуудал. Далайг тойрсон жуулчны газруудын үйл ажиллагаатай холбоотой хөрсний бохирдол бас нэг асуудал. Ил задгай хог хаягдал нь нуур руу орж байна. Энэ бол хүмүүс үүрэг хариуцлагаа ухамсарлаж нэгдмэл нэг ойлголтод хүрэхэд шийдэгдэнэ. Сэтгэлгээний асуудал шүү дээ. Аялал жуулчлал эрхлэгчдийн аймгийн зөвлөлгөөнийг бид зургаан сард хийж бодлогын асуудлаа ярина.
-Энэ жил дулааралтай холбоотойгоор мөсний баярыг цуцласан. Үүнд Далайн эргийн оршин суугчид ихээхэн дургүйлхсэн бололтой?
-Мөсний баярыг хувийн хэвшилд шилжүүлэхээр болсон. Ерөөсөө төрийн мэдэлд байгаад хэрэггүй гэдгийг ойлгосон. Энэ жилийн захирамжтай холбоотой хэл ам, гомдол шүүмжлэл их гарсаан. Тэр үед мөсний зузаан 57 см байсан. 80 см байхад болно л доо. Хичнээн зуун машин хэдэн мянган хүн цуглана. Тэд удирдлагад орохгүй шүү дээ. Эрсдлээс сэргийлэх нь бидний үүрэг юм. Жуулчны баазынхан, далай дагаж худалдаа, үйлчилгээ эрхэлдэг иргэд гомдолтой байна лээ. Ирэх жилээс энэ баярыг аймгийн аялал жуулчлалын холбоо авч явна. “Женко тур” наадмыг авах санал тавьж мөсөн урлаг, fashion шоуг утгаар нь үзүүлнэ гээд гоё гоё юм ярьж байсан. Гэтэл бүхэл бүтэн холбоо нь байхад ганцхан компанид өгөхгүй гэсэн санал гарсан л даа.
-Хөвсгөл нутгийн бөөг хүчтэй, шидтэй гэх нь бий. Бөөгийн зан үйлээ ямар нэг бүтээгдэхүүн үйлчилгээ болгох санаа бий юу?
-Бөөгийн зан үйлийг эрдэмтэд уйгагүй судалж байна. Бөө гэдэг чинь ерөөсөө л байгальтай оюун санааны харилцаа үүсгэдэг уламжлалт шинж чанартай. Энэ уламжлал хадгалагдаад явах ёстой. Гэхдээ бөө гэдгийг ойлгосон ойлголт болоод харьцааны тухайд үнэгүйдүүлсэн зүйл их байна. Бөө бол харгис хэрцгий, муу муухай зүйл хийдэг гэсэн хандлага бөөгийн нэр хүндийг унагаж байна. Уг нь бол тэр төрөлхийн авьяас чадвартай хүн юм. Тэгэхээр бөөгийн уламжлал чадвар чансаа энэ бүхнийг жинхэнэ утгаар нь харуулах хадгалж харьцах нь зүйтэй юм аа. Манайх төр шашны хоорондын харилцааг зохицуулсан хуультай улс. Харилцаа хандлагын асуудалд анхаарна уу гэхээс нарийн ширийн зүйлд нь төр оролцоно гэдэг утгагүй юм.
-Ялангуяа орон нутгийн удирдлагын асуудалд нэг зүйл ажиглагддаг. Өмнөх хүний мөрийн хөтөлбөрийн дагуу хийж байсан бүтээн байгуулалт дараагийн удирдлага дээр унадаг. Харин та үүнд хэрхэн хандав?
-Хөгжлийг үр дүнтэй байлгахад төр засгийн шийдвэр оновчтой, орон нутгийн төр захиргааны байгууллагын бодлого тогтвортой байх ёстой. Гэтэл улс төрд хүмүүс солигдохоор төрийн байгууллага ганхаж асар их алдаанд оруулдаг. Төрийн ажил уламжлагдаж явах ёстой. Өмнөх өөдтэй өнгөтэй боломжтой сайн талыг уламжлан авч баяжуулж идэвхжүүлэх хэрэгтэй ч улс төрийн шалтгаанаар бүгд үгүйсгэгддэг. Би өөрийнхөө Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг их уламжлалтай хийсэн гэж боддог. Тас хийтэл бүгдийг нь хаагаад архивт хийчихээгүй, авахыг нь аваад л явж байна.
-Та аймгийнхаа хөгжлийн ирээдүйг хэрхэн хардаг вэ?
-Хөвсгөл аймаг бол хамгийн олон хүн ам, мал, ажиллах хүчтэй, аялал жуулчлал хөгжих боломж бүхий зах зээлийн харилцаанд өргөн хүрээнд өсөн хөгжих ирээдүйтэй нутаг. Олон ястны уламжлал харилцаа хандлага энэ газар нутаг дээр тогтчихсон. Энэ бүх зүйлс бидний хөгжлийн тулгуур хүчин зүйлс юм. Бид одоо улсаас татаас авч амьдардаг цөөхөн аймгийн нэг. Тэгэхээр өөрөө үйлдвэрлэдэг, орлогоо бүрдүүлж ажил амьдрал өөдрөг өнгөтэй чанартай болох нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Тиймээс уул уурхай руу, байгаль орчин руугаа ч боломжит хэлбэрээр орох болж байна. Өмнө уламжлагдаж ирсэн уул уурхайн нэг бодлогыг дэмжиж яваа. 50 дугаар өргөрөгөөс хойших газар нутгийг тусгай хэрэгцээнд авч ухахгүй, төнхөхгүй, малтахгүй гэсэн. Энд алт нүүрс олборлох эсэхийг тухайн газар оршин сууж буй иргэд л мэднэ. Эрхийг нь тэдэнд өгсөн гэсэн үг. Тэрнээс ураших нөөц нь тогтоогдсон газруудыг хөвсгөлчүүд ашиглаж бие даасан хөгжлийн бодлогоо тодорхойлох зүйтэй ёстой гэж боддог. Хүссэн хүсээгүй боломжит энэ нөхцөл рүү орж байж улс орон хөгжинө. Гэхдээ ирээдүй хойч болоод байгаль орчинд эрсдэлгүй байхыг сайн шийдвэрлэнэ. Манайд нүүрсний нөөц их бий. Могойн гол, Хорих гээд л. Мөн янз бүрийн рашаан ус их бий, энэ бүгд сувилал аялал жуулчлалын үйлчилгээ болоод хөгжих ёстой. Би аймгийн Засаг даргын хувьд нутгийнхаа хөгжлийн ирээдүйг бүр ч тод томруунаар хардаг. Ирээдүйд дэд бүтцэд суурилсан хөгжил их боломжийн болно. Нийслэлтэйгээ гурван чиглэлээр хар замаар холбогдоно. Бие даасан хараат бус цахилгаан эрчим хүчний эх үүсвэртэй болчихсон. Энэ бол манай нутгийн том боломж юм. Нөгөө талдаа хүн хүчний асуудал байна. Бид ирээдүйгээ сайн бэлдэх хэрэгтэй. Хөвсгөл хүн, хөвсгөл гэр бүлийг маш сайн дэмжих хэрэгтэй. Хүмүүсийн үүсгэл санаачилга чадвар боломж дээр суурилсан ирээдүйн хөгжил амжилттай явна. Аялал жуулчлал жинхэнэ утгаараа хөгжсөн ийм нутаг ус байх юм даа.
-Хоймор нутгийн ард түмэндээ хандаад юуг хэлмээр байна?
-Миний чин хүсэл бол төр, иргэн хоёрыг ойртуулах. Төр нь иргэндээ үйлчилдэг, сайн сайхан амьдрах хүсэл сонирхлыг дэмждэг, аюулгүй амар амьдрах орчныг бүрдүүлдэг иргэд нь үүнд сэтгэл хангалуун байдаг ийм л Хөвсгөл нутаг байгаасай гэж боддог. Тиймээс иргэддээ төр засгийнхаа энэ ажлыг дэмжиж, оновчтой шүүмжилж ажиллаарай. Энэ дээр бидний хамтын ажиллагаа үр дүн харагдах болно гэж хэлмээр байна.
-Ярилцсанд баярлалаа.
А.Эрдэнэбаатар: Улс төрд би эрсдэл үзсэнгүй... | ||
Үзсэн: 6717 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.