Галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагч Нармандахын Ренчинсүрэн өнгөрсөн ажил, хөдөлмөрөөрөө "Мэргэжлийн аварга"-аар тодорсон юм. Басхүү орчин цагийн залуусын тод төлөөлөл. "Зургаан жилийн өмнө би Захиран хуваарилах хэлтэст диспетчерээр ирэхдээ хамгийн залуу нь байлаа. Одоо дунд үеийнхний эгнээнд шилжсэн. Манай ахмадууд "Диспетчер гэдэг залуу насны ажил" гэж ярьдаг. Хараад байхад ганцхан манай хэлтсийн хэмжээнд ч бус нийгэмлэг тэр чигтээ эрс залуужиж байна. Энэ ч утгаараа залуу төмөр замчдынхаа төлөөлөл болж энэ хүндтэй шагналыг хүртсэндээ маш их урамшсан. Анх энэ шагналд тодорхойлох тухай яригдахад манай хамт олон, үе тэнгийн залуус маань намайг маш сайхан дэмжсэн. Хамт олныхоо итгэлийг хүлээнэ гэдэг сайхан шүү дээ. Шагналаа гардан авах мөчид их догдолсон. Гэхдээ энэ хүндтэй шагналын эзэн болж байгаагийн хувьд "Илүү өндөр хариуцлага надад ногдлоо шүү. Цаашид би юу хийх билээ" гэсэн бодол төрсөн" хэмээснээр бидний яриа эхэлсэн юм.
Тэрбээр, удам дамжсан төмөр замчин. Ээж нь Амгалан өртөөнд туслах жижүүрээр 30 гаруй жил ажиллаад гавьяаны амралтдаа гарчээ. Ренчинсүрэнгийн хүүхэд нас төмөр замын тосгоны хүүхдүүдийн л адилаар ээжийнхээ ажил дээр очиж, галт тэрэгний дохион дуу сонсож явсан дурсамжаар дүүрэн. Төмөр замчдын амьдралыг дэргэдээс нь харж явсаар нэг л мэдэхэд "Би төмөр замчин болох ёстой" гэж бодсон гэдэг. Ээж нь ч түүний саналыг дэмжснээр, дунд сургуулиа төгсөөд л ТЗДС-д элссэн байна. Ингээд 2009 оноос төмөр замчны гараагаа эхлүүлж, Улаанбаатар, Замын-Үүд, Багануур өртөөнд ажиллаж байгаад 2015 оноос одоогийн ажиллаж байгаа хэлтэстээ вагон хуваарилагч-диспетчерээр ирсэн аж. Улмаар, 2016 оны тавдугаар сараас диспетчерээр дагнан ажиллах болжээ. Харин өнгөрсөн гуравдугаар сарын 15-наас галт тэрэгний хөдөлгөөний ахлах зохицуулагчаар томилогдсон байна.
Ажил мэргэжлийн талбарт хөл тавьж байсан үеийнхээ дурсамжийг "Анх ажилд ороод хамт олонтой болно гэдэг ямар гоё юм бэ гэж бодож байлаа. Хамт олонтой хүн гэдэг баяр жаргалаа хуваалцах, зовлон тохиолдсон үед нөмөр нөөлгийг нь мэдрэх тэр мэдрэмж хамгийн сайхан. Ажлын ачаалал ихтэй үед хамтран ажиллаж байгаа хүмүүстэйгээ маргалдах, заримдаа ажлаасаа шантрах үе ч гардаг. Гэхдээ тэр ажлынхаа ард гарчихаад "Хэдүүлээ чадлаа шүү" гээд ярьж суух нь төмөр замчин хүний хамгийн том аз жаргал юм даа. Намайг анх галт тэрэгний найруулагчаар ажиллаж эхлэх үед манай ах нар вагоноос хэрхэн зүүгдэх, явуут дунд нь ямар техникээр буух, ямар газарт бууж болохгүй зэргийг нэг бүрчлэн зааж өгсөн. Сургууль төгсөөд дөнгөж ажлын талбарт гарсан хүүхдэд өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж ажиллах ёстой вэ гэдгийг огтхон ч цааргалалгүй зааж сургасан тэр хүмүүст би маш их баярлаж явдаг. Тэдний заасан зүйлүүд ихэвчлэн ном дээр бичигдээгүй зөвхөн хувь хүмүүсийн ажлын туршлага, практик дээр тулгуурласан зөвлөмжүүд шүү дээ. Энэ хамт олны дунд орсноороо би зөвхөн ажил мэргэжлийнхээ талбарт амжилт гаргаад зогсохгүй амьдралдаа ч олон сайхан ахиц дэвшлийг бий болгосон. Одоо манай гэргий бас Улаанбаатар өртөөнд төмөр замд ажилладаг. Гэр бүлээрээ нэг салбарт хүч хөдөлмөрөө зориулах нь хэн хэнийхээ ажлын онцлогийг ойлгохоос эхлээд сайхан шүү" хэмээн дурсав.
"Манай хамт олон УБТЗ-ын хөдөлгөөнтэй холбоотой бүх аж ахуйн нэгжийн ажлыг уялдуулан галт тэрэгний хөдөлгөөнийг зохицуулдаг. Зохицуулах гээд хэлэхэд ганцхан ерөнхий утга сонсогдож болох ч хойноос урагш, урдаас хойш чиглэлд явж байгаа транзит тээвэр болон импорт, экспортын ачааг хаана буулгах, хаанаас ачих, хаана хэзээ очих вэ зэргээр тээврийн бүх зохион байгуулалтыг хийнэ гэсэн үг. Жишээ нь, машинч нарыг хаана хэдэн минут зогсох, хэзээ хаашаа явах, замчид хаана ямар ажил хийж байгаа, тэдний ажлыг хэдийд зогсоож, хэзээ үргэлжлүүлэх вэ. Аль галт тэрэг нь хэзээ яваад, хаана түрүүлж очиж байж маргаашийн вагонуудыг найруулах вэ гэхчлэнгээр маш нарийн ажиллагаанууд орно. Товчхондоо, бид бусад албадын ажил мэргэжлийн онцлогийг бүгдийг нь мэддэг, тэднийг ойлгодог байх ёстой.Энэ нь, нэг талаараа бидний үндсэн үүрэг" хэмээн ажлын онцлогийнхоо талаар хүүрнэсэн юм. Түүнчлэн, "Олон галт тэрэгтэй, ажлын ачаалал ихтэй үед төлөвлөсөн ажил санаснаар болохгүй байх нь бий. Энэ үед стресстэх тохиолдол мэдээж бишгүй л гарна. Нэг л ажил удааширвал дараа дараагийн ажил овоорчихдог юм. Диспетчерүүд цаг, минут, секундтэй уралдаж ажилладаг хүмүүс. Суудлын галт тэрэгний хөдөлгөөн хатуу зурмагаар явдаг болохоор нэгнийх нь л зөрчихвөл дараа дараагийн галт тэрэгний хөдөлгөөнд саад үүсдэг. Тиймээс удирдлагадаа ажиллаж байгаа хүмүүст шаардлагыг өндөр түвшинд тавьж ажиллах үүрэгтэй. Бидний шаардлагыг хүмүүс хүлээж авах нь байна хүлээж авч чадахгүй нь ч байна. Үүнд тухайн хүний харилцааны ур чадвар, мэдрэмжийн асуудал онцгой нөлөө үзүүлнэ. Хүн хүний зан байдал өөр. Зарим нэгийг нь магтаж урамшуулахад илүү сайн ажилладаг бол заримд нь хатуу шаардлага тавих тусам илүү чамбай ажилладаг нь ч байна. Тэр бүгдийг мэдэрч, хэнтэй нь яаж харьцах вэ гэдгээ зөв тодорхойлдог байх нь диспетчер хүний мэргэжлийн ур чадвар юм даа. Шинээр ажилд орсон хүнийг л гэхэд загнаж зандарвал сандарч, ажлаа улам л хийж чадахгүйд хүрнэ гэдгийг тооцоолж, зөвлөн туслах байдлаар аядуу зөөлөн харьцахыг хичээдэг" гэв.
УБТЗ сүүлийн жилүүдэд дохиолол, холбооны системийн хөгжилдөө өндөр ач холбогдол өгч, энэ чиглэлд даацтай хөрөнгө оруулалт хийсэн. Үүний гол жишээ нь "СИРДП-Е" систем. Энэхүү төслийн гол судсыг атгаж, бусад албадын харилцан уялдаа холбоог зангидаж байгаа хүмүүс нь галт тэрэгний хөдөлгөөн зохицуулагчид гэвэл нэг их хилсдэхгүй болов уу. Тийм ч учраас тухайн системийн хэрэгжилт, үр дүн хэр байгаа талаар түүнээс тодруулсан юм. Тэрбээр энэ талаар "СИРДП-Е" систем нэвтрээд хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Хагас автомат хориглол ихэнх газраа байхгүй болж гол зам бүхэлдээ өртөө хоорондын хориглолын системд шилжсэн. Бүх өртөө зөрлөгөө хянах боломжтой болсон, галт тэрэгний нитка буюу зурмаг цаг маш их хэмнэдэг гээд олон давуу тал гарсан. Өнгөрсөн онд зам угаагдсан учраас тухайн замыг сэргээн босгох хугацаанд Агуйт-Наран-Элгэн хооронд хурд заагаад галт тэрэг явуулсан. Ингэхэд маш их нитка хэмнэсэн. Хэрэв хагас автомат хориглолтой байсан бол нэг галт тэргийг очих газраа хүрснийх нь дараа нөгөө галт тэргийг аялуулах байдлаар явбал хугацаа их алдана шүү дээ. Товчхондоо шинэ систем нэвтрүүлсний үр дүнд УБТЗ-ын нэвтрүүлэх чадвар үлэмж хэмжээгээр сайжирсан. Нөгөө талдаа галт тэргийг ар араас нь мөрдүүлэн аялуулахад хааяа сүлжээний саатал гардгаас эхлээд хүндрэлтэй талууд мэр сэр гарч байгаа нь нууц биш. Гэхдээ манай төмөр замчид нэг үеэ бодвол зүгшрээд энэ систем дээр хэрхэн ажиллах вэ гэдэг арга барилаа олоод явж байгаа. Ер нь аливаа шинэ зүйл эхэндээ амаргүй байдаг шүү дээ. Хүмүүс хэрхэн ажиллах эв дүйгээ олоод ирсний дараа энэ бүхэн илүү хялбар болдог" хэмээн ярьсан юм.
Н.Ренчинсүрэн "УБТЗ ХНН боловсон хүчний салбартаа илүү анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Өрсөлдөгч төмөр зам олноор бий болж байгаа энэ үед залуу боловсон хүчнээ алдахад хүрч байна. Мэдлэг туршлагатай төмөр замчид илүү боломжийг эрэлхийлэхэд хүрлээ. Уг нь, бид бусдын бүтээсэн рүү шуурахаас илүү унаган байгууллагадаа өөрсдөө энэ шинэчлэл өөрчлөлтийг хийгээд явбал илүү амттай юм шиг санагддаг. Цаашид УБТЗ мэдээж хос төмөр замтай болох чиглэл рүү явна. "Богдхан" төмөр замын төсөл ч яригдаж байна. Үүнийг залуус бид л гардан хийнэ гээд бодохоор манай байгууллагын ирээдүй гэрэлтэй харагддаг. Хэрэв "Богдхан төмөр зам" ашиглалтад орвол Улаанбаатарт төвлөрдөг их бөөгнөрөл саарна. Урд, хойд тулгуур өртөөдийн ачаалал ч сийрэгжинэ гээд их сайхан болно. Одоо ч гэсэн хойноос галт тэрэг авч байгаа Сүхбаатар, Дархан өртөөд, төвийн хэсэгтээ Улаанбаатар, Амгалан өртөөдийн буулгалт, Урд чиглэлд Сайншанд-Зүүнбаян-Замын-Үүд зэрэг ачаалал ихтэй өртөөд маш сайхан өргөжиж байгаа хэмээн салбарын хэтийн хөгжлийн талаарх санал бодлоо хуваалцсан юм.
Тиймээ, хамт олонтой байхын сайхныг мэдрэх, эзэмшсэн мэргэжлийнхээ талбарт тод гялалзаж явах хамгийн сайхан...
Н.Ренчинсүрэн: Хамт олонтой байх хамгийн сайхан | ||
Үзсэн: 1548 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.