“Редакцын зочин” буландаа Монгол Улсын Шилдэг залуу инженер, “ГБЭТ” /Гүүр, барилга, эрдэм шинжилгээ, төсөл/ компанийн Ерөнхий захирал, барилгын болон гүүрний инженер Эрхэмбаярын Тодгэрэлийг урьж ярилцлаа. Түүнтэй инженер зохион бүтээгчдийн талаар болон бүтээн байгуулалт, нийслэлийн түгжрэлийг шийдэх арга зам зэрэг өргөн сэдвээр ярилцсанаа хүргэж байна.
-Юун түрүүнд бидний урилгыг хүлээн авч цаг зав гарган ярилцаж буйд баярлалаа. Та хоёр дахь үеийн инженер, инженерийн чиглэлээр АНУ-д боловсрол эзэмшсэн юм билээ. Манай уншигчдад өөрийгөө болон гэр бүлээ танилцуулаач.
-Би 2009 онд АНУ-ын Техас мужийн “Texas A&M university” /Техасийн A&M их сургууль/-ийн Civil engineer буюу барилгын инженерийн сургуулийг төгссөн. Үргэлжлүүлэн ШУТИС-д сурч гүүрний инженерийн ангийг төгссөн. Манай аав Монгол Улсын Гавьяат инженер, Зөвлөх инженер Баатарын Эрхэмбаяр гэж хүн бий. Аав болон дүү минь мөн гүүрний инженер. Аав 1970-аад онд Москвагийн Автозамын их сургуулийг гүүр, туннелийн инженер мэргэжлээр төгссөн. Миний дүү Э.Байгаль мэргэжлээрээ докторын зэрэг хамгаалсан гүүрний эмэгтэй инженер бий.
Гүүр, автозам зэрэг нь аливаа нэг саад тотгорыг аюулгүй давах бүтээн байгуулалт. Эдгээр бүтээн байгуулалтын зураг төслийг гаргасан инженер зохион бүтээгч тухайн бүтээн байгуулалтын автор нь болж явдаг. Би 2010 оноос мэргэжлээрээ ажилласан. Онцлох ажлууд гэвэл Булган аймгийн Сэлэнгэ сум Сэлэнгэ мөрөнд хийсэн Монголын хамгийн урт буюу 437 метр автозамын гүүрний зураг төсөл дээр ажилласан. Дэвшилтэт технологиор бүтсэн бүтээн байгуулалт гэвэл Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр зам байна. Энэ 416.1 км төмөр замд нийт 2.4 км урттай 27 ширхэг төмөр бетонон гүүр хийсэн. Зураг төслийг нь монгол инженер гаргаж, бүтээн байгуулалт дээр нь дотоодын 90 аж ахуйн нэгж, 5000 цэрэг оролцож дан монгол хүн ажилласан. Говьд 50 хэм хүртэл халдаг байлаа. Энэ бүтээн байгуулалт дээр ажиллаж байсан хүмүүс тэр халуунд нөхцөлд төмөр зам тавьсан, бетон цутгаж гүүр барьсан. Би энэ төсөлд зохиогчийн хяналт буюу авторын хяналтаар оролцсон.
Монголчууд хэзээ ч бие дааж төмөр зам, гүүр барьж үзээгүй байсан. Энэ зууны түүхэнд тэмдэглэгдэхээр том бүтээн байгуулалтыг нэг жилийн дотор хийж гүйцэтгэсэн гэсэн үг. Энэ бүтээн байгуулалтаараа Нэгдүгээрт, нэг удирдлага,зөв зохион байгуулалттай бол ямар ч бүтээн байгуулалтыг бий болгож чадна, Хоёрдугаарт, зарим нэг орны мэргэжилтэн монголчууд төмөр зам, гүүрний зураг зурж, барьж чадахгүй гэдэг байсан бол монгол инженерүүд, гүүрний салбарынхан чаддаг гэдгээ харууллаа.
-Монгол инженер, зохион бүтээгчид төмөр замаа өөрсдөө барьж байна. Харин Дарханы автозамын бүтээн байгуулалт яагаад удаашралтай байгаа вэ?
-Авто замын гүүр зуун жилийн ус үерийн магадлалыг тооцож барьдаг. Төмөр замын гүүр бол 300 жилийн үер усны магадлалыг тооцоолдог. Монголчууд Дарханы автозамаас хоёр дахин урт төмөр замыг нэг жилийн дотор барьчихсан байна шүү дээ.
Харин Дарханы автозам яагаад явахгүй байна вэ гэвэл миний сонссоноор хуучин болон шинэ автозам дээрээ хоёр өөр газраас санхүүжилт авч байгаа юм билээ. Аль санхүүжилтээ түрүүлж авах дээрээ буруу тооцоолол хийсэн учраас хуучин замаа хуулсан. Эхлээд шинэ замынхаа санхүүжилтийг аваад замаа хийчихээд дараа нь хуучин замаа засаж янзлах байсан юм билээ. Уялдаа холбоотой ажиллах ёстой байсан.
ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ХИЙЖ БУЙ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ЧАНАРЫГ ХАМГИЙН ӨНДӨР ТҮВШИНД БАРИМТЛАХ ЁСТОЙ
-Таны одоо ажиллаж буй Яармагийн автозамын явган хүний нүхэн гарцыг тойрсон нэлээдгүй шүүмжлэл цахим орчинд өрнөсөн. Та уншсан уу?
-Ямар ч ажил хийсэн сайн, муу шүүмж дагаж байдаг. Би бүх л шүүмжийг хүлээж авдаг. Уурлахаасаа өмнө энэ шүүмжлэл бодит уу, худлаа юу гэдгийг бодно, эргэцүүлнэ. Инженер хүн бүтээн байгуулалтын бүх л алдаа эрсдэлд хариуцлага хүлээдэг. Аливаа том, жижиг бүх л бүтээн байгуулалт зураг төслөөс эхэлдэг. Тиймээс зургийн инженер гэдэг нь зохиогч буюу аливаа нэгэн бүтээгдэхүүн бүтээцийн анхдагч бөгөөд түүнийгээ тооцоо, судалгаанд үндэслэн зураг болгон хувиргадаг гэж хэлж болно. Тэрнээс таамгаар хийнэ гэж байхгүй. Мэдээж би ч тэгнэ. Манайд өмнө нь гаднын зураг хуулж зурдаг мэр сэр тохиолдол байсан. Одоо больсон байна.
Инженер-зохион бүтээгчид бүтээн байгуулалтаа тухайн нутаг дэвсгэрийн нөхцөлд тааруулж хийх ёстой, оршин суугчид, иргэд гээд бүгдийн саналыг сонсож тусгана. Жишээлбэл, Гүүр болгон өөрийн гэсэн онцлогтой. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд судалгаа хийснийхээ дараа 220 метр урттай гүүрний зураг төсөл боловсруулж бариулсан. Урд нь модон гүүртэй байсныг нь маш өндөр даацтай бетон гүүр болгосон. Учир нь Ерөө сумын цаана уурхай байдаг. Магадгүй хэтдээ тэр гүүрээр уурхайн машин явах юм байна гэдгийг хүртэл тооцоолж байгаа юм. Хэрвээ уурхайгүй байсан бол хэт өндөр даацын гүүрний зураг төсөл боловсруулахгүй.
Миний баримталдаг зарчим бол би татвар төлөгчдийн мөнгөөр хийж буй бүтээн байгуулалтуудын зураг төслийг хийж байгаа инженер хүн. Ажлаа зөв хийх хэрэгтэй. Өнөөдөр би ч, чи бүгд татвар төлж байна. Тиймээс татвар төлөгчдийн мөнгөөр хийж буй бүтээн байгуулалтад чанарыг хамгийн өндөр түвшинд баримтлах ёстой. Би өөрийн мөнгөөр сандал хийлээ. Эвдэрчихвэл би хохироод дуусна. Гэтэл татвар төлөгчдийн мөнгөөр чанаргүй бүтээн байгуулалт бүтээвэл тэр бүх татвар төлөгч хохирно. Ялангуяа инженерийн байгууламж бол мөнгө санхүүгээс түрүүнд хүний амь чухал. Тиймээс нэн тэргүүнд чанартай, хоёрдугаарт илүү дутуу зардал гаргахгүй, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулахыг хичээдэг.
Авто замын явган хүний нүхэн гарц Улаанбаатарт нэн шаардлагатай. Өнөөдөр нийслэлд 1.5 сая хүн амьдарч байна. Замын түгжрэл ямар байгаа билээ. Анх Улаанбаатар хотыг 500 мянган хүн амд зориулж төлөвлөсөн гэдгийг яриад ч яахав. Яармагийн авто замд явган хүний нүхэн гарц байгуулах ажил эхлээд зам хаасан чинь “Фэйсбүүк”-ээр хүмүүс сэтгэгдлээ илэрхийлснийг уншсан. Сайн сайхан юм хэлж байгаа хүн нэг ч алга. Дунд нь бүр миний найз ч явж байсан. Иргэд тухайн өдөр зам хааснаас болж төрсөн, мэдэрсэн мэдрэмжээ шууд бичиж байгаа юм. Мөн Зам, тээврийн хөгжлийн яаманд өндөр албан тушаал хашиж байсан нэгэн эрхэм буруу өнцгөөр харсан сэтгэгдлээ цахим хаягтаа бичсэн байна лээ. Уг нь манай салбарын өндөр албан тушаал хашиж байсан хүн байж зөв өнцгөөс нь харж болно доо.
Яг тэр хэсэг замын урд талдаа “Шинэ Монгол Харүмафүжи”, замын хойд талдаа “Сакура” сургуультай, хажууд нь мөн шинэ сургууль нээгдсэн байна лээ. Цаад талд нь “The British School of Ulaanbaatar”, түүнчлэн олон нийт үйлчлүүлдэг “Хүннү” гээд том молл бий. Судалгаа хийсний үндсэн дээр тухайн байршлыг сонгосон. Учир нь олон жилийн дунджаас харахад тэр замд жилд 4-6 хүүхэд зам тээврийн ослоор нас бардаг. Тэр зам дундаа зааглах зурвастай, зургаан урсгалтай автозам. Хүний урсгал их болохоор явган хүний гарцаар амжиж гарч чаддаггүй. Мөн гурван урсгалтай замд гурав дахь урсгалын жолооч өндөр хурдаар орж ирэхдээ явган хүний гарцаар гарч буй том хүнийг харах ч хүүхдийг харахгүй байх тохиолдол байдаг. Сонгуулийн үеэр Яармагийн авто замын зааглах зурвасын хоёр талаар нэр дэвшигчдийн самбар байрлуулдаг. Энэ нь жолоочид үзэгдэх орчныг тодорхой хэмжээнд хаадаг. Мөн буруу гар талдаа үрүүлтэй автомашин жолоочид үзэгдэх орчныг тодорхой хэмжээнд хязгаарладаг.
Гэтэл “Шинэ Монгол Харүмафүжи” сургууль өргөтгөл нь баригдаад дуусахаар сурагчийн тоо нь нэмэгдэх юм байна. Нэмээд “Сакура” сургууль, “Хүннү молл” руу өдөрт хэчнээн хүүхэд, хүн орж гарч байгаа билээ. Тэр бүх хүн явган хүний гэрлэн дохиогоор зам гардаг. Тиймээс хүмүүсийн хөл хөдөлгөөнийг тооцоолж өргөн нүхэн гарцын зураг төсөл хийсэн. Нүхэн гарцтай болчихоор тэр хавийн сургуулиудад хүүхэд нь сурдаг эцэг эхчүүд гэрлэн дохиотой явган хүний гарцан дээр гардаг аюул ослын тал дээр санаа зовохгүй байж болно.
Өнөө /өнгөрсөн баасан гараг/-ийн байдлаар автозамын хоёр талын бүх урсгалаа нээчихсэн, автозамын доорх хонгилоо хийгээд дуусчихсан. Яг долоо хоног зам хаахад нүхэн гарцын ажил 24 цагаар тасралтгүй үргэлжилсэн. Олон нийтэд түгжрэлээс үүдэж төрдөг бухимдлыг арилгах бүтээн байгуулалт хийхийн тулд энэ байтугай зам хаах шаардлага үүснэ. Үүнд иргэд бэлэн байх хэрэгтэй.
-Маш олон хүн баяр наадмын өдрүүдээр яагаад хийж болоогүй юм бэ гэсэн байсан.
-Болно. Яагаад хийгээгүй вэ гэхээр Үндэсний их баяр наадмын өдрүүд Бүх нийтийн амралтын өдөр байдаг. Тэр хавьд оршин суудаг хотод амарч баярлаж байгаа иргэд гэр бүлээрээ Төв цэнгэлдэх орж Үндэсний их баяр наадмын нээлтээ үзчихээд, амарч баярлаж байгаад гэр рүүгээ буцсан замыг нь хаачихсан байвал баяр наадмын баяр баясгалан алга болчихно, уур бухимдал нь төрнө шүү дээ. Бүтээн байгуулалт хийхэд энэ мэт маш олон зүйлийг судалж, тооцоолж эхлүүлдэг.
-Тэр хэсэгт яагаад явган хүний гүүрэн гарц хийж болоогүй юм бэ гэсэн иргэдийн санал сэтгэгдэл нэлээд байсан.
-Болох л байсан л даа. Яармагийн гүүрнээс Нисэхийн тойрог хүртэлх өргөн зурвас нэг захаасаа нөгөө зах хүртлээ чөлөөтэй харагддаг. Хэрвээ явган хүний гүүрэн гарц хийчихвэл тэр харагдах, үзэгдэх орчныг халхалчихна. I love UB.
Мөн гүүрэн гарц салхи хаана. Цаашдаа нэмээд гүүрэн гарцууд барьчихвал салхийг нь тэр чигт нь хаачихна шүү дээ. Харин нүхэн гарцууд баривал салхилаад ядаж л өвөлдөө утаагүй байна.
Гэрлэн дохиогоор гардаг явган хүний гарц авто замын хөдөлгөөний эрчмийг бууруулдаг. Хөдөлгөөний эрчим буурахгүй бол түгжрэл үүсэхгүй. Нүхэн болон гүүрэн гарц олон байвал тэр хэрээр нийслэлийн түгжрэл буурна. Мөн явган хүний гарцыг нүхэн гарцаар шийдчихвэл жолооч нарыг баруун гар тийш эргэхийг зөвшөөрөх хэрэгтэй.
МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮД МЭДЛЭГТЭЙ, МУНДАГ БОЛСОН. ЯМАР Л БОЛ ЯМАР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫГ БОСГОХ ХЭМЖЭЭНД ИРСЭН
Нүхэн гарц гүүрэн гарцыг бодвол харагдах орчинд нөлөөлөхгүйгээс гадна хоёр хананд тодорхой хэмжээний төлбөртэй зарлалын самбар байрлуулах зэргээр ашиглалтын зардлаа буюу өдөр тутмын цэвэрлэгээ, ашиглах хугацааны элэгдлийг засах зардлаа олох боломж байдаг. Мэдээж ингэхдээ хэт урт, их бичигтэй самбар тавьчихвал нийтийн хөдөлгөөнийг гацаачихна. Харин гүүрэн гарцанд ашиглалтын зардлыг нь олох энэ төрлийн боломж байдаггүй. Мөн нийслэлд гүүрний хоёр талд байрлуулсан цахилгаан шат ихэнхдээ ажилладаггүй. Учир нь цахилгаан шатны тросс хасах таван хэмээс илүү хүйтэнд хөлдчихдөг. Мөн нийтийн хэрэглээний цахилгаан шатыг гацах, эвдрэх тохиолдолд засаж янзлах хариуцсан хүн хажууд нь байж байх ёстой. Манайд ихэнх гүүрэн гарцанд ийм хүн байдаггүй. Татвар төлөгчдийн мөнгөөр “ажилладаггүй” цахилгаан шат байрлуулснаас пандус /стандартын дагуу налуу зам/ байрлуулах хэрэгтэй. Сансарын туннелийн нүхэн гарцын зураг төслийг би боловсруулсан. Тэнд пандус байрлуулсан байгаа. Барилгын инженерүүд гүүрэн гарцын зураг зурахаараа цахилгаан шат байрлуулчихдаг. Харин гүүрний инженерүүд зураг төслийг нь боловсруулсан гүүрэн гарц цахилгаан шатгүй пандустай байгаа.
Цаашлаад Улаанбаатар хотын төвд том том гүүр барьснаараа ойр орчмоо халхалчихсан тохиолдол бий. Учир нь гадаад зохион бүтээгчдээр зураг төсөл гаргуулахаар тохирохгүй зураг төсөл хийх тохиолдол байдаг. Тиймээс энэ хотдоо амьдардаг, хотдоо хайртай монгол зохион бүтээгчдээрээ зураг төсөл гаргуулах хэрэгтэй.
Одоо монгол инженерүүд мэдлэгтэй, мундаг болсон. Ямар л бол ямар бүтээн байгуулалтыг босгох хэмжээнд ирсэн. Жишээлбэл, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын нийт 2.4 км урттай 27 ширхэг төмөр бетонон гүүрийг хүлээлгэж өгөхөд тухайн үеийн Ерөнхийлөгч Х.Баттулга “Энэ бүтээн байгуулалтыг нэг жилийн дотор барина гэж үнэндээ төсөөлсөнгүй. Дор хаяж 2-3 жил шаардана гэж бодож байлаа” гэж хэлж байсан. Энэ бүтээн байгуулалтаараа би 2021 онд онд Төрийн дээд “Алтан гадас” одонгоор шагнуулсан. Мөн өнгөрсөн жилээс эхлэн “Монгол Улсын Шилдэг залуу инженер” шагналыг жилд ганц удаа олгохоор болоход анхны шагналыг хүртсэн. “Монгол Улсын Шилдэг залуу инженер” шагналыг энэ жил хараахан олгоогүй байгаа юм билээ.
-Яармагийн авто замд ус тогтдог. Шинээр баригдсан явган хүний нүхэн гарц борооны үеэр битүү ус болох вий гэсэн болгоомжлол мөн сошиалаар өрнөсөн?
-Мэдээж энэ бүх асуудлыг тооцоолж, судалсны дүнд нүхэн гарц барих газраа сонгоно, зураг төслөө боловсруулна шүү дээ. Ус тогтдоггүй хэсэгт явган хүний нүхэн гарц барьж байгаа. Хэрвээ энэ нүхэн гарц руу ус орлоо гэхэд яах вэ гэдэг эрсдэлийг ч тооцоолно шүү дээ. Тиймээс явган хүний нүхэн гарц ус ороход соруулж гадагшлуулах нацос, ёнкостой.
-Сансарын шатахуун түгээх станцын автозамын явган хүний гүүрэн гарцын зураг төслийг таны дүү боловсруулсан юм билээ. Тухайн байрлалд нүхэн гарц барих боломжгүй байсан уу?
-Тийм ээ. Энэ төсөл дээр манай компани ажилласан. Тэр хавьд явган хүний нүхэн гарцын орох, гарах хэсгийг барих сул газар байхгүй, мөн газар доогуураа замбараагүй их шугам сүлжээтэй байсан.
Яг тэр гүүрэн гарцаар Цагаан даваагийн гэр хороололд оршин суудаг маш олон сурагч 48 дугаар сургууль руу хичээлдээ явдаг, буцдаг юм билээ. Би нэг өглөө харахад бага ангийн маш олон хүүхэд тэр гүүрээр зогсоо зайгүй зам гарч байсан. Тэр гүүрэн гарц баригдсанаар тэр олон хүүхэд, мөн маш олон иргэд аюулгүй зам гарч байна.
-“Улс орны хөгжлийг инженерүүд, эрдэмтэд авч явдаг” гэдэг. Харин Монголд спорт, урлагийн салбарынхны гавьяа зүтгэлийг “шуурхай” үнэлдэг ч инженерүүд, эрдэмтдээ орхигдуулаад байна гэсэн шүүмж байдаг. Та энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?
-Соёл урлаг, спортын салбарынхан олон нийтэд хамгийн түрүүнд танигддаг. Иргэд зурагтаа асаалаа тэд л гарч байдаг, сувгаа солилоо өөр суваг дээр ч гарч л байдаг, сошиал орсон ч зураг нь, бичлэг нь явж л байдаг. Тиймээс урлаг, спортын салбарын хүмүүсийн гавьяа зүтгэлийг Төр засаг, бизнесийн салбарынхан үнэлэх нь зөв үү зөв. Тэдэнтэй барьцаад байх юм байхгүй. Соёл урлагийн салбарынхны уран бүтээл, спортын салбарынхны гаргасан амжилт нийгмийн стрессийг арилгадаг уу гэвэл тийм, маргах юмгүй. Инженер, зохион бүтээгчдийн салбар энэ салбаруудаас өөр. Хийсэн ажил, бүтээн байгуулалтыг нь хүмүүс өдөр болгон хэрэглэж байдаг ч хэн зохион бүтээснийг нь тэр бүр мэддэггүй, сонирхдоггүй. Мөн инженер, зохион бүтээгчид байнга зурагт, сошиалаар гараад яриад байдаггүй нуугдмал байдаг. Харин харьяа яаманд нь мэргэжилтнүүдийн судалгаа гэж байдаг, тэр дундаасаа Төр засгийн шагналд тодорхойлж байх хэрэгтэй. Төр засгийн одон медаль тэр дундаа Гавьяат, Хөдөлмөрийн баатар хамгийн том шагнал. Ийм том шагналаа тэтгэвэрт гарахад нь юм уу, гарсных нь дараа өгөх бус том төсөл, бүтээн байгуулалт дээр амжилттай ажилласан инженер, зохион бүтээгчид, эрдэмтдэдээ залуу байхад нь өгвөл урам зориг орж илүү ихийг бүтээх байх гэж боддог.
-Та гадны зээлээр баригдаж байгаа бүтээн байгуулалтын талаар ямар бодолтой байдаг вэ?
-БНХАУ-аас мөнгө зээлж бүтээн байгуулалт хийхдээ яагаад Хятадын компаниудаар хийлгэдгийг гайхдаг. БНХАУ-аас зээл авч болно. Хятад улсаас зээлсэн мөнгөний талыг нь бараа материал, цалин гээд тэр улсын компаниуд аваад явчихаж байна. Энэ бодож үзэх ёстой зүйлийн нэг шүү.
Би ажил олгогч буюу хүнд цалин өгдөг хүн. Тэр цалин Монгол хүний гэр бүлд тодорхой хэмжээнд баяр баясгалан аз жаргал бий болгодог гэж итгэж явдаг.
МОНГОЛД МЯНГА МЯНГАН МУНДАГ ИНЖЕНЕР БИЙ
-Сүүлийн хариултыг танд асуултгүйгээр үлдээе гэж бодлоо.
-Монголд мянга мянган мундаг инженер бий. Би өөрийгөө тэр бүгдийн нэг төлөөлөл гэж боддог. Инженерийн ажил тооцоо судалгаагүй явдаггүй. Тиймээс иргэд олон нийт дараа дараагийн бүтээн байгуулалтад зөв хандлагатай байгаасай. Зам хаагаад 24 цагаар ажиллаж байхад нь амжилт хүсэж дэмжиж, “хурдан ажиллаарай, урагшаа” ч гэдэг юм уу сайн сайхан үгээр урамшуулж байгаарай. Нэг болсон явдал ярьж өгье. Нөгөө
Монголчууд маань ч гэсэн инженер, зохион бүтээгчид, бүтээн байгуулалт дээр ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажлыг ойлгож урам хайрлаж байгаарай гэж хүсмээр байна. Монгол инженерүүдээ дэмж, итгэ. Зөв үйлдэл нэг хүнээс эхэлдэг.Инженер Э.Тодгэрэл: Сүүлийн бүтээн байгуулалтыг монголчууд муулж байхад зөвхөн гадаад хос л баяр хүргэж, амжилт хүссэн | ||
Үзсэн: 5393 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.