Шууд Chart

Мотокроссын тамирчин Э.Янжмаа: Би эмэгтэй тамирчидтай уралдахыг мөрөөддөг...

2014-08-01 16:10:04

ЭМШУИС-ийн төгсөх ангийн оюутан энэ охин Монголын техник спортын төв клубын мотокроссын цорын ганц эмэгтэй тамирчин. 2006 оноос буюу 13 настайгаасаа  мотоспортоор хичээллэж эхэлсэн. Спортын дэд мастер. Хот, улсын аварга шалгаруулах тэмцээн, Бүх ард түмний спортын их наадмын мөнгө, хүрэл медальт. Олон улсын тэмцээний тусгай байрын шагналт. Түүнийг энэ удаагийнхаа редакцийн зочноор урилаа. 
 
-Анх ангийнхаа хүүгийн бэлтгэл хийхийг хараад энэ спортод татагдсан гэсэн. Харин аав, ээж нь яаж хүлээж авав?
-Ангиараа Энх-Эрдэнийн тэмцээнийг үзэж ирчихээд орой нь аав, ээждээ хэлсэн. Аав их дуртай хүлээж авсан. Харин ээж, эмээ хоёр эмэгтэй хүүхэд болохгүй, эрсдэлтэй гээд зөрчилдөж байсан ч би дийлсэн. /инээв/  Аав, ээж хоёр техник спортын тамирчин хүмүүс болохоор тэгээд дэмжиж эхэлсэн дээ.  
 
-Хичээллэж эхлэхэд ямар байв?  
- Их жаахан байсан болохоор уначихаад босч чадахгүй. Мотоциклээ даахгүй хүн иртэл хэвтэж л байна. Аав байнга дагаж явна, тэгээд ирээд босгоно. Бас унаад шороо болчихоороо хувцсаа цэвэрлээд зогсчихно. Одоо бол юун цэвэрлэх. Анхандаа хүчний бэлтгэл маш их дутаж байсан. Тэгээд аажим аажмаар бэрхшээлүүдийг даван туулсан даа. Эхлээд бусад тамирчдын багадсан хувцсыг өмсөөд уралддаг байлаа.  Анх ямар ч мэдэгдэхүүнгүй очсон. Тэгээд багш дугуй унаж чаддаг бол унаж чадна гээд конус, хааз, тоормоз гээд бүхнийг заасан. Анх удаа хашаа мөргөж унасан. Багш хаазаа буцаа гэж зөндөө орилсон ч би сонсоогүй гэсэн. Манай багш охиноо алчихлаа гээд гүйж ирсэн. Анхны аваар энэ. Аав бид хоёр эхлээд унаснаа ээж нууж хуйвалддаг байсан. Одоо аав гадаадад байгаа болохоор ээж хамт явна. Тэгээд ээж арчаагүй юмаа тэгээч, ингээч, хаазлаач гээд л бүүр эвлэрчихсэн.
 
- Багш нарынхаа тухай яриач?
-Хамгийн анх Хадбаатар багш тэгээд Эрдэнэбилэг, Очирсүх багш нараараа заалгасан. Одоо бол ОУХМ Батцэнгэл ах дасгалжуулагч багш маань. Машинд бид хоёр цуг уралддаг. Би багш нараасаа техникээ зөв эзэмшиж сурсан.
 
-Мотоцикль, хувцас хэрэглэлээ өөрөө авах уу?
-Тийм ээ. Манай ихэнх тамирчид хувцас энэ тэрээ Америк, Япон руу захидаг. Өртгийн хувьд жаахан өндөр. Миний мотоцикль бол бүх юм нь нийлээд 4000  доллар. Хааяа спонсор олддог. Түрүү жил олон улсын тэмцээнд явахад “Жуулчин” компани ивээн тэтгэсэн.
 
-Бас машинаар уралддаг гэсэн?
-Машинаар гурван удаа уралдсан. Хамгийн анх УАЗ 469 машинаар нэг өдрийн богино зайны ралли хийсэн. Дараа нь Япон улсаас зохион байгуулдаг олон улсын найман өдрийн тэмцээнд орсон. Мөн бага ралли гээд гурван өдрийн тэмцээнд орлоо. 
 
-Алинд нь илүү дуртай вэ?
-Хоёулаа гоё. Машины хувьд аваар осол багатайн дээр багаар ажилладаг. Мотоцикль бол ганцаараа, эрсдэл өндөр. Миний мотоциклийн төрөл нь мотокросс, машиных нь ралли. Кросс гэхээр богино зайд зөвхөн тухайн замаа л тойрно. Ралли гэхээр холын зайн уралдаан өдөрт 700-800 км зам туулна. Тэгээд энэ замаа хамгийн богино хугацаанд туулсан нь тухайн өдрийнхөө ялагч болно. Кроссын төрөлд надаас өөр эмэгтэй тамирчин байхгүй. Сүүлд орж ирсэн тамирчид нь дандаа раллигийнх. Харин одоо  10 настай хоёр охин хичээллэж эхэлж байгаа.
 
-Эрчүүдтэй ганцаараа уралдахад хэцүү юу?
-Эхэндээ их хэцүү байсан. Одоо бол зүгээр. Манай клубын ах нар намайг их хайрладаг. Ганц охиноо шахчихгүй гарчих юм сан, харайхдаа дээр нь буучихвий гэцгээдэг байсан. Одоо бол адилхан ана мана үзэлцээд явна.
 
-Гадаадад эмэгтэй тамирчин олон уу?
-Гадаадын улс орнууд маш олон эмэгтэй тамирчинтай учраас эмэгтэй төрөлтэй. Миний хувьд эмэгтэйчүүдтэй уралдаж үзээгүй. Солонгосын Воньжу хотод өөрийнхөө төрөлд орчихоод сууж байсан чинь эмэгтэй тамирчдын гараа гээд зарласан. Тэгээд гайхаад багшаас асуусан чинь чамайг эмэгтэй тамирчин гэж мэдээгүй юм байна, одоо өнгөрсөөн гэсэн. Би эмэгтэй тамирчидтай уралдаж үзэхийг мөрөөддөг. /инээв/
 
-Бэртэл аваад нэлээн завсарласан гэж сонссон?
-2009 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх өдөр нэгдсэн бэлтгэл дээр гэмтсэн. Бэлтгэлээ их сайн хангасан болохоор харамсалтай санагдаад тэмцээнээс өөр юу ч бодогдохгүй байсан. Тэгээд орой нь аавтайгаа ярьж байгаад гипсээ хайчлаад тэмцээндээ орсон. Өвдөгний чагтан холбоо тасарсан болохоор аймаар өвдсөн. Амжилт гаргаж чадаагүй ч бариандаа орсон. Манай багш нар тамирчин хүн бариандаа заавал орох ёстой гэж хэлдэг. Тэгээд Тайваньд очиж хагалгаанд ороод гурван жил спортоо орхисон. Ноднингоос эргээд хичээллэж эхэлсэн. Уг нь таван жил гам барих шаардлагатай ч миний хувьд өөрийгөө одоо болсон гэж дүгнэсэн.
 
 
-Спортын энэ төрөл хүнээс юу шаарддаг вэ?
-Биеийн хүчний бэлтгэл их чухал. Шуу, хөлөндөө их хүчтэй байх ёстой. Сайн гүйх хэрэгтэй. Би багштайгаа ярьж судалж байгаад хөл, шууны дасгал их  хийдэг.
 
-Энгийн үед мотоцикль унах уу?
-Миний мотоцикль шороон замаар явдаг мотоцикль. Грашт тавих, засч янзлах,  ёслолын ажиллагаанд оролцох гэх мэт ховор тохиолдолд замын хөдөлгөөнд оролцдог.
 
-Мотоцикль нь эвдэрвэл яах вэ?
-Ойр зуурын засвараа өөрөө хийчихнэ ээ. Ер нь багш нар клубын тамирчид засдаг. Би түлхүүр багажаа зөөнө.  
 
-Шантарч байв уу?
-Үнэндээ шантарч байгаагүй. Мэдээж хэцүү үе бий. Бариандаа орох л ёстой гэсэн зорилгоор уралддаг. Хөлөө бэртээхэд их хэцүү. Бас нэг удаа Сэлэнгэ аймагт олон улсын тэмцээнд орж байхдаа аймаар их халуурсан. Гэсэн ч шүдээ зуугаад л уралдсан.
 
-Чамаас өмнө эмэгтэй тамирчин байсан уу?
-Наранцэцэг гэж ахмад тамирчин бий. Одоо 80 гаруй настай. Би уулзаж ярилцдаг. Тэр хүн  ”Би залуудаа чам шиг ингээд ганцаараа дандаа эрчүүдтэй уралддаг байлаа” гэж ярьдаг.   
 
 
-Машин хэдийд унаж сурав?
-Мотоцикль унаж сураад машин барьж эхэлсэн. Анх аав зааж өгсөн. Дараа нь ОУХМ Лхамаа ах надад раллид орох санал тавьсан. Тэр тэмцээнд анхны эмэгтэй тамирчин би маш амжилттай бариандаа орж наймдугаар байрт орсон. Тэгэхэд Лхамаа ах баярлаад тэр машинаа бэлэглэсэн. Би энэ бэлэгний машинаараа уралддаг. 
 
-Аав, ээж нь уралдааны замд гарахад баахан захиас өгөх үү?
-Болгоомжтой яваарай, битгий сандраарай гэнэ. Хамгийн анхны тэмцээн их түгшүүртэй. Шөнө нь ерөөсөө унтаагүй.  Гараанаасаа гарах гэсэн чинь конусны боолт их сул салгалаад, өөрөө дагаж салгалаад... Сэтгэл зүй их чухал. Тиймээс аав, ээж хоёр тэмцээний өмнө тайван байлгахыг хичээдэг. Гадаадын тамирчид их гоё бүгд сэтгэл зүйчтэй.
 
-Сэтгэл зүйч үнэхээр хэрэгтэй гэдгийг мэдэрч байв уу?
- Би хөлөндөө бэртэл аваад гурван жил болохдоо өөрөө өөртөө сэтгэл зүйч болсон. Өвчнөө тэсвэрлэх, мотоцикль унах хүслээ дарах, буцаад яаж хэвэндээ орох вэ гээд маш олон зүйл бодогдоно. Гэхдээ энэ бүхнийг өөрийнхөө үзэл бодол хүсэл эрмэлзлэлээр туулж чадсан.  Манай сургуульд сэтгэл судлалын мэдрэмж тайлах нэг өдрийн хичээл ордог.  Ангиараа багштайгаа суугаад өөрт тохиолдсон хамгийн хүнд асуудлаа ярилцдаг. Энэ өдөр би хөлөө гэмтсэн тухайгаа хуваалцахад багш надад нэг ном өгсөн.  “Өөртөө итгэлтэй бай” гэх энэ номд гэмтсэн алдартай тамирчин, эмч хоёрын хоорондын харилцааг өгүүлсэн. Тэр хоёр өөрсдөдөө тулгамдсан асуудлыг хамтарч маш сайхнаар шийдэж чадсан байдаг. Энэ номыг уншаад сэтгэл зүйч заавал хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон.
 
-Мөрөөдөл тань юу вэ?
-Сайн эмч болох.  Бас эмэгтэй тамирчидтай уралдах. 
 
-Өөрөө морин хуур тоглоно, мотоцикль, машинаар уралдана.  Их өвөрмөц сонирхолтой юм. Уралдааны үед арьсаа арчлах асуудал хүнд үү?
-Юу ч түрхдэггүй. Тэр их шороон дунд юу түрхэх вэ дээ. Яарсан үед агаар шүүгчээ аваад шууд бензинд дүрнэ. Нэг удаа ээж харчихаад их уурласан. Тос масло шороо тоостойгоо холилдоод л явна. Тэгж их цэмцэгнээд байхгүй ээ. Угаасаа спортын аль ч төрөл тухайн хүнийг яг өөрийн хүн болгодог нь жам. 
 
-Барианаас гарахын өмнө эмчид үзүүлдэг үү?
-Даралт зүрхний цохилт энэ тэр гэсэн ерөнхий амин үзүүлэлтийг үздэг.  
 
-Юуны эмч болох билээ?  
-Би одоо ерөнхий эмчээр сурч байна. Дараа жил нарийн мэргэжлээр сурна. Хичээлийнхээ хажуугаар гэмтлийн эмнэлэгт дагалдагч эмч хийдэг. Ер нь цаашдаа гэмтлийн эмч болох болов уу. Магадгүй энэ спорттой ч холбоотой байх.
 
-Уралдааны замд ямар мэдрэмж төрдөг вэ?
-Бэлтгэлээ сайн хангасан үед бол гоё. Эвгүй харайлтууд их байдаг. Тэрийгээ даваад тогтоочихоор их гоё. Чадахгүй бол унаад,  босоод цаашаа явна.
 
-Ирээдүйд ээж болох хүнд энэ төрөл арай эрсдэлтэй санагддаггүй юу?
-Хүмүүс яг тийм ойлголттой байдаг. Гэхдээ зориулалтын хамгаалалт хэрэгслээ зүүгээд явбал ямар ч эрсдэл байхгүй. Гадаадад олон эмэгтэй тамирчин байдаг шүү дээ.  
 
-Гадаадын тамирчид чамайг хэр хүлээж авдаг вэ?  
-Орост их гоё хүлээж авсан. Миний орос нэрийг Оксона гэдэг. Арван жилдээ орос хэлний гүнзгий ангид сурч байсан болохоор оросоор чөлөөтэй ойлголцоно. Ард түмэн нь их гоё хүлээж авсан. Ангарскийн зам дээшээ өргөж шиддэг тэгээд харайхаар Оксона гээд орилолдоно. Байр эзлээгүй ч эндээс нэлээн туршлага суусан. Зам нь битүү шавартай. Манай зам бол тийм биш.
 
-Та нар нэлээн гэмтдэг байх. Эмчилгээний зардлаа хэрхэн шийддэг вэ?
-Зардлаа өөрсдөө гаргадаг. Хөнгөн гэмтэл, яс хугарал энэ тэрийг бол нутагтаа эмчлүүлнэ. Харин хүнд гэмтэл бол гадагшаа явна.  
 -Өвөл бэлтгэлээ хаана хийдэг вэ?
- Зуны улиралд зориулалтын зам дээр нэгдсэн бэлтгэл хийнэ. Өвөлд биеийн хүчний дасгалаа клуб дээрээ хийнэ.  
 
-Энэ төрлөөр хичээллээд зан чанар,  үзэл бодол тань хэр өөрчлөгдсөн бэ?
-Би арван жилд байхдаа их  ноомой даруухан хүүхэд байсан. Ямар сайндаа арван жилийн ангийн маань нэг хүү  “Чамайг анх мотоциклиэр хичээллэдэг гэж сонсоод галзуурчихаж гэж бодсон” гэхэв дээ. Надаас тийм зоримог алхам гарсан гэж төсөөлөгдөхгүй  байсан гэсэн. Бүүр коммент биччихсэн байсан. Ямар ч спорт хүнийг зоригтой шийдэмгий, тууштай, хатуужилтай болгодог. Энэ спорт надад их юм өгсөн.
 
 
-Олон эрчүүд дунд ганцаараа байх ямар вэ?
-Одоо бараг эр, эм гэсэн зүйл мэдэхээ больсон. Яг ах нар шигээ идээд, хувцсаа солиод л. Эхлээд удаан идэж хоцорно.  Буланд нуугдаж хувцсаа солиод хоцорно. Одоо бол тэдэнтэйгээ яг адилхан болсон. Ихэнх найзууд маань ч гэсэн эрэгтэй.
 
-Бас морь унадаг гэсэн?
-Морь сайн унана.  Эмээгийн дүүгийнд очихоор өөр ажил хийхгүй адуунд л явна. Тэгээд ах "Янжсааг ирчихээр амар байдаг юм" гэж ярьдаг.  
 
-Та нар уралдахдаа гомдолгүй гэж гарын үсэг зурдаг гэсэн?
-Үнэн. Миний бие өөрийн хүсэлтээр орж байна. Ямар нэг эрсдэл гарвал өөрөө хариуцана гэсэн утгатай. Аав, ээж үүнийг зөвшөөрч байна гэж давхар гарын үсэг зурдаг. Тэрийг нээх тоодоггүй ш тээ. Дуртай дургүй гялс зураад явуулна. Заримдаа ээжийн өмнөөс өөрөө зурчихдаг.  
 
-Нэг эмэгтэй дүүтэй гэсэн. Дүү нь мотоцикль сонирхож байна уу?
-Түрүү зун унаж сурсан. Одоо надтай булаацалдаад л. Гэхдээ ээж дүүг хичээллэхийг зөвшөөрөхгүй гэсэн. Нэгийг нь яая гэж байхад гэж хэлсэн. Би охидыг уриалах дуртай. Охидтой цуг хичээллэвэл гоё шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. 
Нийтэлсэн: Б.Баярт

Мотокроссын тамирчин Э.Янжмаа: Би эмэгтэй тамирчидтай уралдахыг мөрөөддөг...   
Үзсэн: 7912 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
124.158.126.xxx [124.158.126.xxx] 2014-08-04 12:43
ene oh surhii yumaa.
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2014-08-01 21:15
чи анхных бишээ 1990 онд анхных нь олон улсын тэмцээнд ороод медальтай ирж байсан юмэ Багш Батцэнгэлээсээ асуугаарай
103.10.23.xxx [103.10.23.xxx] 2014-08-01 20:03
mundag shuu :)
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-01 18:17
bas ih huurhun ohin ymaa keke
103.26.193.xxx [103.26.193.xxx] 2014-08-01 18:17
haha gaihaltai. buz 469 r uraldaand orno gdgchin yu we mani met n odoo 69 unaad hotdoo ch yawj chadkude haha. hotod gants hoyr chopper unasan ohid haragddag tednii neg u? yer n yaj haana motorcycle unaj surah we end tend surgaltiin gazar bnu? meddeg hun amitan baiwal bicheerei. unaj surmaar bnshd hh. za ohin min hurd hvchtei baih boltugai. muu muuhai chamaas holuur baig. tenger chamaig iweeg ;)

Бидэнтэй нэгдээрэй