Шууд Chart

Д.Энхжаргал: Энэ оны хоёр дахь ЭЕШ-ын бүртгэл арваннэгдүгээр сарын 10-нд хаагдана

2023-10-26 11:15:05

2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн асуудлаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн ерөнхий шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Энхжаргалаас тодрууллаа. 

-2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл үргэлжилж байна. Бүртгэлийг хэрхэн зохион байгуулж байна вэ?

- Элсэлтийн ерөнхий шалгалтын хоёр дахь бүртгэл аравдугаар сарын 8-нд эхэлсэн. Энэ шалгалтад бүрэн дунд боловсрол эзэмшсэн, өмнөх онуудад ЭЕШ-ын босго оноог давж чадаагүй, их, дээд сургуульд элсэн орох хүсэлтэй өмнөх оны төгсөгчид хамрагддагаараа онцлог байдаг. Бүртгэл арваннэгдүгээр сарын 10-нд хаагдана. Ажил хийж байгаа, мөн их, дээд сургуульд элсэх хүсэлтэй, өнгөрсөн зургаадугаар сард босго онооны болзлоо хараахан хангаж чадаагүй шалгуулагчид энэ хугацаанд багтаж бүртгүүлэх шаардлагатай.

- Хавар, өвлийн ЭЕШ юугаараа ялгаатай юм бэ?

-Энэ удаагийн шалгалтад зөвхөн энэ он биш 2022, 2021, 2020 зэрэг өмнөх онд шалгалт өгөөд босго онооны болзол хангаж чадаагүй болон ажил хийж байгаа залуус хамрагдах боломжтой. Зургаадугаар сард бол бүрэн дунд боловсрол эзэмшсэн 12 дугаар ангийн шалгуулагчид аймаг орон нутгаас бүгд хамрагддаг учраас 38-40 мянган хүүхэд энэ шалгалтыг өгдөг юм. Хоёр дахь ЭЕШ-д харьцангуй цөөн шалгуулагч шалгалт өгдөг.

-Босго оноо гэхээр Монгол хэл, бичгийн хичээлээр шалгалт өгнө гэсэн үг үү?

-Үгүй. ЭЕШ-ыг арван хичээлээс сонгож өгдөг. Өнгөрсөн хавар Монгол хэл, бичгийн шалгалтад 400-гаас доош оноо авсан шалгуулагчид хамрагдах боломжтой. Ер нь 400-гаас дээш оноо авч байж их, дээд сургуульд  элсэх эрх нь нээгддэг. Хэдийгээр сонгосон хичээл дээрээ тэнцсэн ч монгол хэл, бичгийн хичээлийн босго онооны болзол хангаж чадаагүй шалгуулагчид байдаг. Эдгээр хүмүүс зөвхөн монгол хэл, бичгийн шалгалт өгөөд өвлийн элсэлтээр их, дээд сургуульд элсэх боломжтой. 400-гаас доош оноо авсан шалгуулагчдыг манай цахим бүртгэл автоматаар бүртгэж байгаа. Арван хичээлээс сонголт хийхэд манай систем рүү хандсан тохиолдолд тухайн хүүхэд монгол хэл, бичгээр босго оноогоо аваагүй бол автоматаар бүртгэгдэх боломжтой.

-Шалгалт зөвхөн Улаанбаатар хотод зохион байгуулагдах уу?

-21 аймаг, Улаанбаатар хотод шалгалтын төвийг бэлтгэнэ. Тухайн аймагт хэдэн хүүхэд шалгалт өгөхөөр байна, тэдгээр хүүхдэд зориулсан нэг шалгалтын төв байна. Шалгалтын комисс ажиллана. Шалтаглт үндэсний хэмжээнд яг л зургаадугаар сард зохион байгуулагддаг тэр журмаараа явагдана.

-Шалгуулагчдын нийтлэг алдаа юу байдаг бол. Шалгалт өгөхөөр очихдоо юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Ерөнхийдөө манай шалгуулагчид бүртгэлд хамрагдахдаа хамгийн эхлээд өөрийнхөө зургийг зөв оруулах хэрэгтэй. Энэ зураг нь сүүлийн гурван сарын дотор авахуулсан, эгц урагшаа харж суусан, арын фон нь цулгуй, сэлфи хийгээгүй, ямар нэг зурагнаас дарж оруулаагүй, файлаар оруулах хэрэгтэй. Шаардлага хангаагүй зураг оруулсан тохиолдолд зураг нь автоматаар устгагдаад, дахиж зургаа оруулна уу гэсэн мэйл очдог. Мэйл очихгүй байвал миний зураг шаардлага хангасан гэж ойлгож болно. Хэрэв мэйл ирсэн байвал зургаа дахин оруулах шаардлагатай байна гэсэн үг. Ер нь шалгуулагчид шалгалтын цагийг баримтлах, шалгалтаас 30 минутын өмнө очсон байх, яг шалгалт өгөх ангидаа 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх журам бий. Тиймээс шалгуулагчид цагаа зөв хуваарилах, гэрээс гараад шалгалт өгөх газрын замын ачаалал, түгжрэл гээд бүх зүйлийг тооцоолон шалгалтаасаа хоцрохгүй байх шаардлагатай. Хоцорсон тохиолдолд шалгалтад оруулахгүй. Сэдэв, даалгавар тараагдсан үед хаалга тогших боломжгүй, тухайн хүүхдийг оруулах ч боломж байдаггүй.

-Шалгалт шударга зохион байгуулагдаж байгаа эсэхийг хянах боломж бий юу? 

-Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын төвүүдэд томилогдсон комисс хүүхдийн бичиг баримтыг шалгаж, гар утас болон бусад зүйлийг биедээ авч орж байгаа эсэхийг материал илрүүлэгчээр шалгадаг. Тухайн шалгуулагчийн оронд өөр хүүхэд орох вий гэсэн болгоомжлолоос үүдэн зургийг нь өөртэй нь харьцуулдаг. Үүнийг танхимд орохоос өмнө хийдэг. Шалгалт авах байр, анги, танхимд бүгдэд нь камер байрлуулсан байдаг. Шалгалт дууссаны дараа материалыг шууд засалтын шилэн технологи ашиглан засдаг. Шилэн технологийн дэвшлээр шалгуулагчийн оноо 24 цагийн дотор гарч байна. 

-Шалгалтын материалыг хэрхэн боловсруулдаг вэ?

-Их, дээд сургуулийн төлөөлөл болсон нэг багш, ерөнхий боловсролын өндөр ур чадвартай хоёр багш сэдэв, даалгаврыг зохионо. Сэдэв, даалгаврыг зохиосон багш эксперт хийнэ. Шалгалтыг боловсруулахдаа Улаанбаатар хотоос зайдуу, сүлжээгүй газар, вакумжуулсан орчинд, цагдаагийн хамгаалалтад бүтэн сарын турш камерын дор ажилладаг. Тэгээд сэдвээ Тагнуулын ерөнхий газарт хянуулан, 21 аймаг руу түгээх, эргүүлэн татах гэсэн зарчмаар ажилладаг.  

-Шалгалтын тов гарсан уу?

-Арваннэгдүгээр сарын 10-наас хойш буюу бүртгэл дууссаны дараа хүүхдийн суудлын хуваарь гарна. Энэ суудлын хуваариар хаана, ямар зааланд, хэддүгээр суудал дээр сууж шалгалт өгөх вэ гэдэг нь тодорхой болно. Бид бүхэн 2023 оны хоёр дахь Элсэлтийн ерөнхий шалгалтыг арваннэгдүгээр сарын 30-наас арванхоёрдугаар сарын 3-ны хооронд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

-ЭЕШ-ыг зохион байгуулахад танай байгууллагаас аймаг болгонд төлөөлөл очдог уу?

-Бид аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газартай хамтарч ажилладаг. Боловсролын үнэлгээний төвөөс комисс томилно. БШУГ нууцлалыг хадгалах, тэнд ажиллах багш нарыг томилдог. Сэдэв, даалгавар нууцлалтайгаар Тагнуулын ерөнхий газраас тухайн аймгуудад очно. Шалгалтын комисс сэдэв, даалгаврыг Тагнуулын ерөнхий газраас аваад эргүүлээд Тагнуулын ерөнхий газар хүлээлгэж өгнө. Мэдээж орон нутагт ажиллахад тавигдах шаардлага гэж байна. Шалгалт авах багшийн тухайд бол зургаа болон арванхоёрдугаар сард өөрийнх нь хүүхэд, ойр тойрны хамаатан нь 12 дугаар анги төгсөөгүй байх, ашиг сонирхлын зөрчилгүй байх зэргийг харгалзан үздэг. Хэрэв томилогдсон багшийн хүүхэд юм уу, дүү, ойр дотных нь хүн шалгалт өгөх бол багш өөрөө учир шалтгаанаа хэлээд, ёс зүй хэм хэмжээгээ баримтлаад, шалгалтаас чөлөөлөгдөж болно. Манай байгууллагатай гэрээ байгуулаад ажилладаг учраас ерөнхийдөө хариуцлагатай, өндөр ур чадвартай багш нар ажилладаг.

Нийтэлсэн: Т.Урангуа

Д.Энхжаргал: Энэ оны хоёр дахь ЭЕШ-ын бүртгэл арваннэгдүгээр сарын 10-нд хаагдана  
Үзсэн: 1677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй