Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсны 20 жил, дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн хүрээнд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл тус улсын сэтгүүлчдийн төлөөллийг хүлээн авч сонирхсон асуултад хариулт өглөө.
Хоёр улсын хооронд соёлын салбарт хамтран ажиллах гэрээг 1994 онд баталсан бөгөөд гурван жил тутамд шинэчлэн байгуулдаг. Энэ жил уг төлөвлөгөөг дахин шинэчлэн байгуулахаар ажиллаж байна. Түүнчлэн энэ сарын 22-30-ны өдөр Улаанбаатар хотноо Хятадын соёлын өдрүүдийг тэмдэглэх гэж буйг салбарын сайд онцоллоо.
Үүний зэрэгцээ хилийн бүсийн аялал жуулчлалыг зохицуулах хуралдааныг энэ онд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Аялал жуулчлалын товчоо, Манай улсаас ССАЖЯ, ОХУ-ыг төлөөлж Буриад Улсын ССАЖЯ хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн гурван улсын түүх соёл, аялал жуулчлалын хамтарсан бүтээгдэхүүн боловсруулах зорилго бүхий батлагдсан “Цайны зам” төсөл нь одоог хүртэл амжилттай хэрэгжсээр байгаа юм.
Сэтгүүлчид боловсролын чиглэлд анхаарч манай улсын сургуулиудад зааж буй гадаад хэл болоод гадны их дээд сургуулиудад суралцах Монголын залуусын хүсэлтийн талаар сонирхож байсан юм. Сайд Ц.Оюунгэрэл “Сурагчид өөрсдөө сурахыг хүсэж буй хоёр дахь хэлээ сонгож олонхийн саналаар түүнийг дэмжсэнээр тухайн хэлийг зааж сургадаг. Ихэвчлэн англи хэлийг сонгон суралцаж байгаа. Үүний зэрэгцээ сургуулиудад турк, герман, солонгос, япон, хятад хэлийг зааж байна. Манай улс соёлын чиглэлээрээ ОХУ-д оюутнуудаа сургах хүсэлтэй байдаг. Сүүлийн жилүүдэд хөгжмийн зохиолч нараа танай улсад бэлтгэж байна. Харин сэргээн засварлах чиглэлээр Азийн орнуудад суралцуулах хүсэлтэй байгаа. Инженерийн чиглэлээр Япон Улсад оюутнуудаа суралцуулахаар зэхэж байна. Манай улсын Засгийн газраас дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд суралцах оюутнууддаа тэтгэлэг олгохоор болсон ба эдгээр сургуулиудад танай орны сургуулиуд ч багтаж байгаа. Энд суралцуулахад манай улсаас оюутнуудаа дэмжиж байна” хэмээн хариулсан юм.
Харин соёлын өвийн тухай асуултад “Бид гадаадын иргэдтэй харилцахдаа юун тэргүүнд тэдний соёлоос суралцдаг, дараа нь өөрсдийн соёлыг тэдэнд таниулдаг. Сүүлийн үед морин хуур, уртын дуу, хөөмий сурахыг хүссэн гадаадын иргэн олон болж байна. Олон улсын уртын дууны наадамд Герман, Японы хүчтэй өрсөлдөгчид ирж биднийг гайхшруулж байсан. ЮНЕСКО-д соёлын өвөө хамтран та бид бүртгүүлснээр манай хоёр орон соёлын өвийг таниулахад олон улсын түвшинд ажиллаж байгаа нь ихээхэн үр дүнтэй байгаа” хэмээн хариулт өглөө.
БНХАУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй уулзав | ||
Үзсэн: 1152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.