Энэ мягмар гарагт БНСУ-ын ерөнхийлөгч Юүн Сог Ёл сөрөг хүчнүүд Умард Солонгосыг дэмжсэн, төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан гэдэг үндэслэлээр цэргийн онц байдал зарлаж байгаагаа мэдэгдсэн. Харин Солонгосын парламентын олонхыг эзэлдэг сөрөг хүчний намууд Юүн Сог Ёлыг шаардлагагүй үндэслэлээр онц байдал зарлаж, улс орон даяар эмх замбараагүй байдал үүсгэсэн гэж импичмэнт буюу ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх хуулийн төсөл санаачилсан. Тэгвэл өнөө өглөөний байдлаар Юүн Сог Ёлын тэргүүлдэг эрх баригч намын гишүүд энэ хуулийн төслийг эсэргүүцэж байна гэдгээ илэрхийлснээр нөхцөл байдал тодорхойгүй болж ирж байна. Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх хуулийн төслийг баталж, ерөнхийлөгчийг албан үүргээс нь буулгахын тулд сөрөг хүчний намууд эрх баригч намын хууль тогтоочдоос дор хаяж 8 хүний зөвшөөрсөн саналыг авсан байх ёстой юм байна.
Өмнөд Солонгос улсад Ерөнхийлөгч нь эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан, үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн тохиолдолд Үндэсний Ассамблей буюу парламентаас нь ерөнхийлөгчийг огцруулах хуулийн төсөл танилцуулж, олонхын саналаар дэмжигдсэнээр ерөнхийлөгчийг буулгаж болдог. Энэ хуулийн төслийг өргөн барьснаас хойш 24-72 цагийн дотор хууль тогтоогчдын дунд санал хураан, Үндэсний Ассамблейн дарга үр дүнг танилцуулах үүргийг хүлээнэ. Энэ хуулийг батлахын тулд Үндэсний Ассамблейн гишүүдийн багадаа гуравны хоёр нь зөвшөөрсөн байх ёстой. Ерөнхийлөгчид итгэл үл үзүүлэх хууль батлагдсаны дараа Солонгосын Үндсэн хуулийн шүүх 180 хоногийн дотор ерөнхийлөгч огцрох эсэхийг шийдэхийн тулд хуралдана. Нийт 9 шүүгчтэй Үндсэн хуулийн шүүхийн 6 нь импичмэнтийг дэмжвэл ерөнхийлөгч албан ёсоор огцрох юм. Ерөнхийлөгч огцорсны хойно түүний орыг дараагийн ерөнхийлөгч сонгогдтол Ерөнхий сайд хариуцан эрхэлнэ. Ерөнхийлөгч огцорсноос хойш 60 хоногийн дотор ерөнхийлөгчийн сонгууль болж дараагийн ерөнхийлөгчийг сонгох учиртай юм.
Тэгвэл өнгөрсөн 4-р сард Парламентэд олонхын суудал авсан сөрөг хүчний 6 нам өчигдөр импичмэнтийн хуулийн төслийг өргөн барьсан. Одоогоор эрх баригч намын гишүүд импичмэнтийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсээр байгаа ч Юүн Сог Ёлын тэргүүлдэг эрх баригч Ардын хүч нам дотроо ихээхэн хагаралтай байгаа тул цаашид яах нь тодорхойгүй байна.
Импичмэнтийг зөвшөөрөх эсэх санал хураалт маргааш дуусна. Ерөнхийлөгч Юүн Сог Ёлын Мягмар гарагийн орой зарласан цэргийн онц байдал улс төрийн аливаа үйл ажиллагааг хорьж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хязгаарлах ёстой байсан. Гэсэн ч цэргийн онц байдал зарласны дараа Үндэсний Ассамблей 300 гишүүний 190 нь цугларч, ерөнхийлөгчийг цэргийн онц байдлаа цуцлахыг шаардсан хуулийн төсөл өргөн барьснаар цэргийн онц байдал зарласнаас хойш 6 цагийн дараа ерөнхийлөгч Юүн үүнийгээ цуцалсан юм. Энэ зургаан цагийн хугацаанд БНСУ-д нийгмийн тогтворгүй байдал үүсэж, Юүний Ардын хүч нам, засгийн газар улам ганхахад хүрсэн байна.
Өмнөд Солонгосын сөрөг хүчний намууд импичмэнтийн хуулийн төслийг танилцуулж байхад Үндэсний ассамблей дахь эрх баригч намын 108 гишүүний аль нь ч байгаагүй байна. Харин ард иргэдийн дунд ерөнхийлөгч Юүн Сог Ёлыг дэмжих дэмжлэг сүүлийн үед улам буурсаар байсан. Түүний рейтинг сүүлийн хэдэн сар 20 хувьтай л байсан бол энэ хэргийн дараа тэрээр улам хүнд байдалд орж байна. Ерөнхийлөгч Юүн Сог Ёлын авторитар маягийн бодлого, тэргүүн хатагтайн санхүүгийн хэрэгт холбогдсон зэрэг нь ерөнхийлөгчийн нэр хүндэд улам ч муугаар нөлөөлжээ.
БНСУ-ын Ерөнхийлөгчийг огцруулах хуулийн төслийг эрх баригч намын гишүүд эсэргүүцэв | ||
Үзсэн: 1041 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.