"Мазаалай Баавгайн судалгаа, хамгаалал" сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн номын санд өнөөдөр зохион байгуулагдлаа. Энэхүү хуралд Мазаалай баавгай судлаачид болон ТББ-ын төлөөлөл зэрэг 80 гаруй хүн оролцсон. Тус хурлаар Мазаалай баавгайн сүүлийн үеийн судалгааны үр дүнг нэгтгэн дүгнэж, цаашид авч хэрэгжүүлэх шинжлэх ухааны үндэслэлтэй хамгааллын арга хэмжээ, судалгааны ажлын чиглэлийг хэлэлцсэн байна.
БОУАӨЯ- ний Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг нээж хэлсэн үгэндээ, "Мазаалай баавгайн тоо толгойн үнэлгээг 60 жил хийсэн ч өнөөдрийг хүртэл хэд байгаа талаарх асуудал маргаан дагуулсан хэвээр байгаа. 2022 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-тай хамтарсан төсөл хэрэгжүүлж, тодорхой хэмжээний чухал судалгаануудыг хийсэн байдаг. Гэсэн ч Мазаалайн тоо толгойг тэд гэж хэлэх боломжгүй. Тухайлсан нэг төрөл зүйлийг хамгаалахад чиглэсэн орон нутгийн төсөвт санхүүжилт байдаггүй байсан. Энэ оныг Мазаалайг хамгаалах жил болгон зарласны хувьд Ерөнхийлөгчийн Тамгын газраас Сангийн яаманд үүрэг болгосны дагуу нэг тэрбумыг төсөвлөсөн. БОУАӨЯ-аас бол баримтат кино, ном, контент бүтээхэд голлон ажилласан" гэлээ.
МАЗААЛАЙ ЦӨӨН ТООГООР АМЬДАРДАГ, ПОПУЛЯЦЫН ХУВЬД УСТАХ АЮУЛД ОРЧИХСОН БАЙГАА АМЬТАН
Харин Биологийн ухааны доктор Б.Мижиддорж Мазаалай баавгайн тоо толгой, цаашдаа анхаарах ёстой асуудлын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Монголд 52 мазаалай баавгай байгааг биологийн судалгааны арга ашиглаж тогтоосон Энэхүү судалгааг генетикийн аргаар хийсэн бөгөөд Мазаалайнууд Алтайн өвөр говь, Говийн дархан цаазат газрын хэсэгт байна гэж үзсэн. Мазаалай нь махан идэштэн амьтдын овогт багтдаг. Холимог идэш тэжээлтэй, Алтайн өвөр говийн хэт гандуу цөлийн хуурай бүсэд амьдардаг говийн баавгай юм. Дэлхийд говийн баавгай гэх нэрээрээ алдаршсан.
Мазаалай цөөн тоогоор амьдардаг, популяцын хувьд устах аюулд орчихсон байгаа амьтан. Тиймээс Мазаалайг хамгаалахын тулд Говийн их дархан цаазат газрыг байгуулсан. Мазаалайн үндсэн тархац нутгийг бүрэн хамруулсан бөгөөд 30 гаруй Мазаалай байгааг ул мөрөөр нь судалж, тогтоосон. Харин одоо бол биологийн сүүлийн үеийн судалгааны арга ашиглаж 52 Мазаалай байна гэж тогтоосон юм.
Мазаалайг хамгаалахын тулд нэн түрүүнд амьдрах орчныг нь сайжруулах хэрэгтэй байдаг. Тухайн орчиндоо тайван, чөлөөтэй амьдрах ёстой. Монголд 52 мазаалай баавгай байгааг биологийн судалгааны арга ашиглаж тогтоосон хол нүүдэллэж амьдардаг. Идэш тэжээл нь хомс, үржлээр хоорондоо тусгаарлагдсан байдаг. Тиймээс амьдрах орчныг нь хамгаалж авч үлдэх маш чухал болоод байна. 2005 оны судалгаагаар Мазаалай нь Говийн дархан цаазат газрын А хэсэгт 18 мянган километр квадрат нутагт амьдарч байгаа гэсэн тооцоо гарсан. Сүүлийн үеийн судалгааны үр дүнгээр Мазаалай тархац нутгаа баруун тийшээ тэлэх хандлагатай байна. Иймд амьдарч буй орны усан хангамжийг сайжруулах, хаврын улиралд нэмэлт тэжээл тавих шаардлагатай. Гол нь амьдарч буй орчинд хүний болон техник хэрэгслийн нөлөөг бууруулах хэрэгтэй. Мазаалай үргэлж хүнээс дайжиж явдаг, зожиг амьтан юм" хэмээн ярилаа.
МАЗААЛАЙ БААВГАЙГ АВТОМАТ КАМЕРЫН СУДАЛГААГААР МАШ НАРИЙН ХЯНАХ БОЛОМЖТОЙ
ШУА-ын биологийн хүрээлэнгийн судлаач Н.Баттогтох: Манай судалгааны баг 2013 оноос автомат камераар монгол орны ховор амьтан, алтайн өвөр говь болон цөлд цөөхөн тоогоор амьдарч байгаа мазаалай баавгайд урт хугацааны мониторингийн судалгаа хийж байгаа. Энэ амьтан хэзээ эчнээсээ гардаг, хэзээ эчнээндээ ордог. Ямар улиралд ус чийг чухал, бамбаруушаа хэзээ дагуулж явдаг.
Шинэ төрсөн бамбарууш эхтэйгээ хэдэн жил явдаг гэх мэт биологи, экологийн онцлогийн судалгааг 12 жил хийж байна. Сүүлийн үеийн судалгаагаар хамгийн багадаа 36 бодгаль бүртгэгдэж байсан. 2018 оноос хойш мазаалай тоо буурсан үзүүлэлтэй байна. Бид малаа тоолж байгаа шиг нарийн тоо гаргах боломжгүй. Мазаалай баавгай шөнө идэвхтэй асар их орон зайд шилжиж явдаг амьтан учраас нарийн тоог гаргах боломжгүй.
Бодит тоо эцсийн байдлаар тогтоогүй. Цаашид тогтмол энэ амьтны ирээдүй хэрхэн өөрчлөгдөж байгаа байдалд хяналт тавиад мониторинг хийгээд явна. Мазаалай баавгайг автомат камерын судалгаагаар маш нарийн хянах боломжтой. Тухайлбал, энэ жил хэчнээн төл гарсан. Тухайн бамбарууш жилийн дараа эхтэйгээ байна уу. Эсвэл хорогдож уу гэсэн биологи экологи талтай холбоотойгоор учраас автомат камер нэлээд давуу талтай" гэдгийг онцолсон юм.
Б.Мижиддорж: Мазаалайг хамгаалахын тулд нэн түрүүнд амьдрах орчныг нь сайжруулах хэрэгтэй | ||
Үзсэн: 472 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.