Долоогийн бүлгийн орнууд Оросын нефтийн үнэд тогтоосон тотго үнэ одоо баррель тутамд 60 ам.доллар байгааг 40 болгож бууруулах боломжийг хэлэлцэж байна. Түүнээс гадна Оросын түүхий нефтийн боловсруулалтыг мөн бүрэн хориглох боломжийг Жи-7 судалж байгаа гэдэг мэдээллийг Блумберг эх сурвалжуудаас иш татан уламжилсан байна. Энэ босго үнийн тухайд Европын Холбоо 2022 оны сүүлээр анх тогтоож, Оросын нефтийг европын орнууд руу нийлүүлэхэд хориг тавьсан юм.
Түүний дараагаас Долоогийн бүлэг болон Австрали, Швейцар улс ийм хориг тогтоон мөрдөж байгаа юм. Тэгвэл одоо хэлэлцэгдэж байгаа арга хэмжээг дэмжигчид Оросын нефтийн тотго үнийг доошлуулснаар Украины эсрэг оросын дайныг үргэлжлүүлэхэд нь Кремльд шаардлагатай санхүүжилтийг хязгаарлана гэж үзэж байгаа юм байна. Гэхдээ Долоогийн бүлэг одоогоор оросын нефтийн худалдаанд тавьсан хязгаарлалтаа ингэж улам чангатгах тохиролцоонд хүрээгүй.
Хоригийг ингэж чангаруулах нөхцөлд олон улсын нефть худалдаа болоод бусад хүрээн дэх тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлөх эрсдэл мөн тулгарна гэж Оросын “Коммерсант” сонинд дурджээ. Барууны орнуудын зүгээс Оросыг нефтиэ “сүүдрийн флот” ашиглаж гадагш нийлүүлж байгааг энэ байдлаас нь шалтгаалж оросын нефтийн худалдааны орлогыг бууруулах чармайлт нь талаар болж байгаа нь маш ихээр мэдэгддэг. Ингэснээр ЕХ энэ 7 хоногийн эхээр баталсан Оросын эсрэг 15 дахь удаагийн багц хориг арга хэмжээндээ Орос нефть худалдаагаа барууны хоригоос бултуулахад ашиглаж байгаа “сүүдрийн флот”-ын эсрэг бүрэн цогц арга хэмжээг тусгаснаа зарласан.
ЕХ-ны араас Британи бас оросын сүүдрийн флотын эсрэг шинээр хязгаарлалт тогтоожээ. Дараагийн алхмыг АНУ хийнэ гэж сангийн сайд Жанет Иеллен хэдийнэ зарласан байна. Үүний зэрэгцээ Олон улсын эрчим хүчний агентлагийн 12 сарын тайлан илтгэлд ирэх 2025 онд нефтийн нийлүүлэлт зах зээлийн эрэлтээс давах өндөр магадлалтай байгаа нь барууны орнуудыг Оросын эсрэг шахалтаа нэмэгдүүлэхэд эвтэй нөхцөл болж таарч байгаа талаар “Дойче велле” мэдээндээ дурджээ. Оросын нефтийг барууны хоригт өртүүлэлгүй тээвэрлэж байгаа “сүүдрийн флот” гэдэгт зарим мэдээгээр, 700 орчим, мөн өөр эх сурвалжийн мэдээлснээр 1400-аад хөлөг онгоц багтдаг байна. Ингэж хол зөрүүтэй тоо яригдаж байгаа нь дэлхийн шатахуун тээврийн хөлөг онгоцны флот дунд ихэнх нь анзаарагдахгүй өнгөрдөгтэй холбоотой гэж Карнеги сангийн шинжээч бичжээ.
Долоогийн бүлэг Оросын нефтийн худалдаанд шинэ хязгаарлалт тогтоохоор хэлэлцэж байна | ||
Үзсэн: 710 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.