Тэртээ 1776 онд тусгаар тогтнолоо зарласан, Европын голдуу цагаачдаас бүрдсэн энэ улсад төрсөн газраар иргэншил олгох тогтолцоо хамгийн тохиромжтой гэж үзэж ирсэн. Эцэг эх нь цагаач боловч хүүхэд нь АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн л бол шууд америкийн иргэн болдог тогтолцоог АНУ-ын Үндсэн хууль дахь 14-р нэмэлт өөрчлөлтийн Иргэншлийн заалт хэсэгт тусгаж өгсөн байдаг.
Тус заалтад дурдсанаар “АНУ-д төрсөн, хууль ёсны дагуу нутаглан суурьшсан бүх хүн АНУ болон муж улсуудын иргэн мөн юм” гэж бичжээ. 1952 онд мөн энэ заалтад иргэн гэдгийг дахин тодорхойлж, мөн нэг хэлээр ярьдаг хүмүүс гэж тодотгож өгсөн байна.
АНУ-ын дотоодын аюулгүй байдлын яамны тоон баримтын дагуу 2022 оны байдлаар АНУ-д 11 орчим сая хүн бичиг баримтгүй хууль бусаар оршин суудаг гэсэн тоо байна. Энэ тоо өнөөдрийн байдлаар 13-14 сая бол өссөн гэж мөн судалгааны байгууллагууд тооцоолдог.
Харин эдгээр хууль бус цагаачдын хүүхдүүд АНУ-ын иргэншлийн тухай хуулийн дагуу АНУ-ын иргэн мөн гэж бүртгэгдсэн байдаг.
Гэхдээ АНУ дахь гадаад улс орны дипломат албаны ажилтан, албан тушаалтны хүүхэд АНУ-ын иргэн болох боломжгүй. Учир нь аливаа улс орон дахь дипломат консул нь суугаа орны бус төлөөлж байгаа орны нутаг дэвсгэр гэж тооцогддог юм.
Трамп харин АНУ-д төрснөөр иргэншил олгодог тогтолцоог эсэргүүцэж, гадаад улс орны эмэгтэйчүүд АНУ-д ирж хүүхэд төрүүлэн, хүүхдэдээ иргэншил авах зорилго агуулж цагаачилж байна гэж шүүмжилдэг. Харин судлаачдын өнцгөөс АНУ-ын Үндсэн хуулийн 14-р нэмэлт өөрчлөлтөд тусгасан иргэншлийн тухай заалтыг мөн ялгаатай байдлаар үзэх нь элбэг. Зарим судлаачид хэрвээ анх энэ хууль эрхзүйн заалтыг Үндсэн хуульд оруулсан хууль тогтоогчид АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн бүх хүнд иргэншил олгохыг зөвшөөрөх байсан бол анхнаасаа яг энэ заалтад “хууль ёсны дагуу оршин суугаа” гэж зааж өгөхгүй байсан гэж мэтгэдэг. Энэ үг, өгүүлбэрийн дагуу хууль бусаар АНУ-ын хил давсан, бичиг баримтгүй оршин суугаа хүний хүүхэд америкийн иргэн болох ёсгүй гэж үздэг байна. Энэ гаргалгааг эсэргүүцэх судлаачид ч цөөнгүй байдаг. Гэсэн ч АНУ-ын иргэншлийн тухай хууль АНУ-ын Үндсэн хуулийн нэг хэсэг тул хүчинтэй үйлчлэх эрхзүйн орчин нь чанга гэсэн үг. АНУ-ын хууль тогтоогчид Үндсэн хуулиндаа захирагддаг. Үндсэн хуулиндаа захирагдаж иргэншлийг зохицуулдаг. Урьд нь өөр ямар ч ерөнхийлөгч Үндсэн хуулин дахь иргэншлийн тухай зүйл заалтыг өөрчлөх, дахин тодорхойлохыг оролдож байгаагүй юм. Харин Трамп энэ удаагийн бүрэн эрхийн хугацаанд ч биш, анхны сонгогдохдоо л энэ тогтолцоог өөрчилнө гэдгээ амлаж байв.
Хуульчдын үзэж байгаагаар Трамп АНУ-д төрснөөр иргэншил олгодог тогтолцоог дахин тодорхойлох талаар зарлиг буулгах эрхтэй. Магадгүй Трамп энэ иргэншлийн хуулийг өөрчлөхдөө АНУ-ын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхэд америкийн иргэн болохын тулд эцэг эхийнх нь аль нэг нь АНУ-ын иргэн, байнгын оршин суугч, эсвэл зэвсэгт хүчний гэр бүлээс төрсөн байх ёстой гэж зүйл заалтыг нь өөрчилж болзошгүй. Хэрвээ энэ шаардлагад нийцэхгүй бол хууль ёсны бичиг баримт олгохгүй гэж өөрчилж болно.
Гэхдээ Трампын дэвшүүлэх эдгээр өөрчлөлтийг АНУ-ын үндсэн хуулийн шүүхээс зөвшөөрөх эсэх нь эргэлзээтэй. Дийлэнх нь үндсэн хуулийн шүүх энэ өөрчлөлтийг дэмжихгүй гэж үзэж байгаа. Гэхдээ АНУ-ын иргэн хэн байх ёстой вэ гэдэг асуудлыг хөндөж байгаа учраас энэ асуудал дахин дахин хөндөгдсөөр байх үндсийг Дональд Трамп тавьж байгаа юм. Хэрвээ Үндсэн хуулийн шүүх иргэншлийн тухай хуулийг өөрчилнө гэж үзвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаас өөр аргагүй.
АНУ-ын үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд АНУ-ын хууль тогтоох дээд доод байгууллагын аль алиных нь гишүүдийн гуравны хоёроос багагүй нь зөвшөөрч, муж улсуудын хууль тогтоох байгууллагын дөрөвний гурав нь хүлээн зөвшөөрч байж дараагийн шатанд очих ёстой болно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулна гэдэг хэдэн ч жилээр сунжирч үргэлжилж болдог процесс юм. Хамгийн сүүлд АНУ 1992 онд үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулж байжээ.
Д.Трамп АНУ-д төрсөн бол иргэншил олгодог тогтолцоог халахаа мэдэгдсэн | ||
Үзсэн: 2037 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.