Эрүүл мэндийн сайд ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Нюнт-У-тай уулзлаа. Уулзалтаар тун удахгүй болох гэж байгаа архины хяналтын асуудлаар болох үндэсний чуулганы талаар санал солилцов. Чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газар, Эрүүл мэндийн яам, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах гэж байгаа. Чуулганы бэлтгэл ажлын төлөвлөгөө гарсны дагуу ажлын хэсэг ажиллаж байна. Уг үндэсний чуулганд Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Др. Шин Ён Су, ДЭМБ-ын ерөнхий захирал Др. Маргарет Чан нарыг урих ажээ.
Ирэх 2015 оны зургаадугаар сард Монгол Улсад архины хяналтын НҮБ-ын конвенцийн асуудлаар олон улсын бага хурлыг зохион байгуулахаар ДЭМБ-ын Ази, Номхон далайн баруун эргийн бүсийн захирал Др. Шин Ён Су-тай ярьж тохирсон. Үүний бэлтгэл ажил болох уг хурлыг зохион байгуулах хороо болон техникийн ажлын хэсгийг байгуулах талаар санал авч ажиллаж байгаагаа хэллээ.
Түүнчлэн сайд энэхүү уулзалтад Эрүүл мэндийн яамнаас ДЭМБ-ын тусламжийг авах шаардлагатай хоёр асуудал байгааг онцлолоо. Үүнд:
1. “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль”-ийн дагуу аймаг, дүүргийн эмнэлэг бүрт сэтгэц, зан төрхийн эмчилгээний эмч, мэргэжилтэн байна гэж заасан байдаг. Гэвч дээрх мэргэжилтнийг бэлдэх боловсон хүчин манай улсад байхгүй учир ДЭМБ-аас эхний ээлжинд энэ чиглэлийн сургалт явуулах мэргэжилтэнг урьж ажиллуулах талаар;
2. Эбола вирусийн тархалттай холбоотойгоор Монгол Улсад мал, амьтнаас дамжин халдах, байгалийн голомтот өвчнүүд тархах өндөр эрсдэлтэйг харгалзан био аюулгүй байдлын тандалтын тогтолцоо, нэгж байгуулах, түүний чадавхийг сайжруулах чиглэлээр тус тус хамтран ажиллах хүсэлт тавилаа.
Мөн тэрээр элэгний С вирус, түүний эмчилгээний талаар тодорхой бүлэг хүмүүс буруу мэдээллийг тарааж, нийгэм, иргэдийн дунд үл мэдэгдэх хүлээлтийг бий болгож байгааг онцлолоо. Үүнтэй уялдуулан Эрүүл мэндийн яам энэ асуудалд онцгойлон анхаарч, судлан тодорхой мэдээлэл бэлтгэн, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан байна. Түүнчлэн элэгний С вирусийг анагаах “Софосбувир” гэдэг АНУ-д үйлдвэрлэсэн, нэг курс эмчилгээ нь 84.000 ам долларын үнэтэй эмийг бүртгүүлэх асуудлаар ЭМЯ-нд хандсаныг танилцууллаа. Гэтэл бүртгэх явцад дараах хоёр асуудлыг тодорхой болгох шаардлага гарч ирсэн байна. Үүнд:
1. Уг эмийн талаарх албан ёсны гэрчилгээнд эмийн эмнэлзүйн тандалт, судалгаа дуусаагүй байгааг тэмдэглэсэн байсан;
2. Бүртгүүлэхээр өгсөн эмийн бичиг баримт нь Монгол Улсад хэрэгжүүлэх Access (хүртээмж) хөтөлбөрийн хүрээнд нийлүүлэгдэх Канад улсад үйлдвэрлэсэн эм байсан. Уг эмийн загвар дээжийг ирүүлээгүй тул лабораторийн шинжилгээ хийгдэх боломжгүй байгаа нь; эргэлзээ төрүүлж байна.
Иймээс дээрх хоёр шалтгааныг судлаж, тодруулах шаардлагатай байгааг дурдлаа. ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сайдын тавьсан дээрх хүсэлтүүдийг харгалзан үзэж, хамтран ажиллах бүх боломжийг судлан, шийдвэрлэх талаар мэдэгдлээ. Мөн ДЭМБ-ын албан ёсны хамтрагч нь Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам учир тус яамны албан ёсны байр суурийг харгалзан үзэж, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ” гэдгээ ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др. Су Нюнт-У уулзалт дээр онцлолоо.
Тэрээр мөн уулзалтын үеэр зарим эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага ДЭМБ-ын логог ашигласан зохисгүй үйлдэл гаргасныг сайдад дуулгалаа.
ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчтэй уулзав | ||
Үзсэн: 1185 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.