Мазаалай зөвхөн Монголд л бий. Манай судлаачид түүнийг дэлхийд өөр хаана ч байхгүйг тогтоосон учраас би ийн итгэлтэйгээр өгүүлж буй хэрэг л дээ. 1980 онд ОХУ-ын эрдэмтэд Монгол мазаалайг судлаад Түвдийн баавгай гэж зарласан байдаг. Харин АНУ-д хийсэн генийн судалгаагаар мазаалайг цор ганц, зөвхөн Монголд байдаг гэдгийг нь тогтоогоод буй юм. БОНХЯ АНУ-ын их сургуультай хийсэн гэрээний дагуу генетикч Т.Одбаяр мазаалай баавгайн амьдрал зүйн асуудлыг эцэслэн шийдвэрлэх зургаан сарын судалгаа хийсэн байдаг. БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Батболд “Энэхүү судалгаагаар Монгол мазаалай манай орноос өөр хаа ч байхгүй гэдгийг тогтоолоо. Тиймээс бид хамгаалалтын байдлыг өндөр түвшинд явуулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Судалгааны дүнг бид Засгийн газрын хэмжээнд танилцуулж, мэдээллийг дэлхийд сурталчлах ажлыг хийх болно” гэж ярьж байсныг та бүхэн санаж буй биз ээ. Мазаалайг зөвхөн Монголынх гэж батлан, дэлхий дахинаа сурталчлах нь судлаачдын л хийх ажил биш юм. Бид говийн “эзэн” энэ пөөнөгөр найзынхаа талаар хэр ихийг мэддэг билээ!?
Эвш ихэр алманцагтайгаа. Гэрэл зургийг Я.Нямбаяр
Мазаалай “Монголын улаан ном”-ын нэн ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн амьтан. Энэ амьтан бусад хүрэн баавгайтай харьцуулбал биеэр харьцангуй жижигхэн ба биеийн дундаж жин нь 80-120 кг, цайвар бор өнгөтэй боловч толгой, хөлийн хэсгүүд нь бараавтар, хүзүүний ойролцоо цагаан судалтай тул бусдаас ялгагдах онцлог шинж болдог гэж “Мазаалай баавгай (Ursus arctos)-н генийн сан бүрдүүлэх” 2011-2013 оны хугацаанд хэрэгжүүлсэн судалгааны төслийн тайланд дурджээ. Чөлөөт нэвтэрхий толь-Википедиад өгүүлснээр Цагаан богд уулын шармаахайн биеийн урт 168 см, сэрвээний өндөр 92 см, жин 90 кг гэжээ. Биеийн дундаж жин 90-100 килограмм, биеийн урт нь 150 сантиметр орчим, өндөр нь 80-92 сантиметр. Зуны зүс жигд хүрэн бор, өвөл, хавар хүрэвтэр, бор саарал гэсэн байна.
Хөнгөн, шалмаг хөдөлгөөнтэй энэ амьтны нас бие гүйцсэн эрийг нь шармаахай, эмийг нь эвш гэдэг. Эвш нь жил өнжин төллөж гол төлөв ихэр алманцаг төрүүлдэг байна. Сүүлийн үед мазаалайн тоо толгой хорогдож байгаа тухай мэдээ цацагдах болсон. Мазаалай нь жил өнжин төллөдөг учир бусад амьтдыг бодвол үржил удаантай гэж ойлгож болох юм. Доктор Л.Амгалан мазаалай баавгайн үржлийн идэвх удаан байдгаас тоо толгой нь өсдөггүй тухай ч ярьсан байдаг. “Улаан ном” дахь мазаалайн тоог харвал, 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60, 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. ШУА-ийн Биологийн Хүрээлэн Олон Улсын Баавгай Судлалын Нийгэмлэгтэй хамтарч мазаалай баавгайн популяцийн генетикийн судалгааг 2008-2010 оны хугацаанд хамтран хэрэгжүүлсэн байдаг. Тэд Монголд 22-31 толгой мазаалай, түүний 14 нь эр, 8 нь эм гэдгийг тогтоосон юм. Одоогоор энэ хамгийн сүүлийн тоон баримт юм. Хэдийгээр сүүлийн 50 жилд тоо толгой нь тогтмол байгаа боловч, тархац нутаг нь 1940-өөд оныхоос 10 дахин, 1960-аад оныхоос тав дахин хумигдаж, одоогийн тархац нутгийн хэмжээ 18000 ам км болсон гэж ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн судлаачид тайландаа дурдсан байгаа юм.
Мазаалайн судалгааны багийнхан мазаалай хүзүүвчилж байгаа нь
Олон жилийн судалгааны дүнд гол нутагшил нь Алтайн өврийн Аж Богд, Тост, Нэмэх дуул, Ээж хайрхан, Захуй, Зармангийн Баянбүрд, Эдрэнгийн нуруу, Цагаан богд, ба Сэгс цагаан богд гэж тогтоосон тухай Чөлөөт нэвтэрхий толь-Википедиад өгүүлсэн байна. Харин “Мазаалай баавгай (Ursus arctos)-н 2013-2014 оны генетикийн судалгааны тайлан”-д мазаалай баавгай нь Монгол Улсын баруун өмнөд хэсэгт орших Говийн Их Дархан Цаазат газрын “А” хэсэг (44,000 км2) -ийн Атас Ингэс, Шар Хулс, Цагаан богд гэсэн гурван гол баянбүрдээр байршдаг гэжээ. Мазаалайн нутаг ийн хумигдаж буйг хүний хүчин зүйлтэй холбон тайлбарлаж болох юм. Уул уурхайн олборлолт, отор нүүдэл гээд хүн мазаалайг нутаг орноос нь холдуулан дайжуулахад ихээхэн үүрэг гүйцэтгэж буй.
Мөн амьдрах орчны хатуу ширүүн уур амьсгал, хоол тэжээлийн хомс байдлаас улбаатайгаар энэ амьтан хорогдож байж болох талтай. Говьд ургадаг хармагийн жимс, бажууны үндэс, навч, хулс, зээргэнэ, сухайн навчис зэрэг ургамлаар голлон хооллодог мазаалайн бааснаас хятад үсэгтэй цаасан хайрцагны хэсэг гарч байсан тохиолдол ч бий юм. Үүнийг мазаалайн нутагт нинжа нар нэвтрэн тэдний үлдээсэн хог хаягдлыг мазаалай идсэн байх магадлал өндөр гэж Хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч тайлбарлаж байсан удаатай. Мазаалай нь зөвхөн ургамлаар хооллодоггүй.
Говь, цөлийн шавьж хорхой, гүрвэл зэрэг жижиг амьтны сэг зэргийг түүж иддэг байна. Гэвч хоол, тэжээлийн олдоц мууг нь бодолцон мазаалайг нэмэлт тэжээлээр хооллох арга хэмжээг Засгийн газраас авч эхлээд байгаа. Мазаалай баавгайн амьдрах орчныг тэтгэх, тоо толгойг нь өсгөх үүднээс зориудын үржүүлэг хийх, хамгаалах зорилго бүхий Үндэсний хөтөлбөр батлагдсан билээ. Тус хөтөлбөрийн хүрээнд зориудаар хур оруулах төхөөрөмж суурилуулж, хөв цөөрөм, автомат булаг шандууд байгуулж, мазаалайд зориулж тэжээл үйлдвэрлэх цехийг энэ оны /2014/ есдүгээр сард ашиглалтад оруулаад байна. Мөн БНХАУ-ын эрдэмтдийн панда баавгайг лабораторийн нөхцөлд үржүүлсэн туршлагыг Мазаалайд хамтран хэрэгжүүлэхээр болсон таатай мэдээ байна.
Энэ жил төрсөн мазаалайн алманцаг /Автомат зургийн аппаратанд/
Хэнд ч гэмгүй эл амьтныг 1953 онд агнахыг хориглосон байдаг. Гэвч тэдний цөөнгүй нь турж үхдэг байсан тухай баримт ч бий юм. Тэжээлийн цех байгуулсан нь мазаалайд амьдрах “баталгаа” өгч буй ч түүгээр “үйлчлүүдэгсдийн” дийлэнх нь шармаахай байдаг байна. Мазаалайн судалгаа хийж эхэлсэн үе буюу 2005-2011 оны хооронд хулгайн ан, хууль бус ангийн улмаас мазаалай хорогдсон тохиолдол гараагүйг судлаачид нотлож байгаа юм. Харин 2012 оны тавдугаар сард Баруун тооройн булаг орчим нэг шармаахай хөгширч үхсэн байсныг Дархан газрын мэргэжилтнүүд цуглуулганд авчээ. Мазаалай орооныхоо үед эрүүд нь зодолддог ба дийлсэн мазаалай заавал өрсөлдөгчөө алдаг тухай баримт бас бий.
Нэг үеийг бодвол мазаалайд тавих анхаарал төр засгийн хэмжээнд өсч байна. Энэ хэрээр судалгааны ажлууд ч тасралтгүй хийгдэж байгаа. Мазаалай 11 дүгээр сараас дараа оны гуравдугаар сар хүртэл агуй, хонгил, хулсан ширэнгэ, сухайн төгөл доогуур нүх хэвтэр засч ичдэг амьтан. Яг өдийд тэд дуг нойрондоо дугжирч буй гэсэн үг. Харин ирэх хавар түүнийг сэрэхэд идэш тэжээл нь элбэг байгаасай. Хавар, намрын улиралд хачин их “ядардаг” гэх мазаалайн дүрийг бид марк, бэлэг дурсгалын зүйл дээр мөнхлөх гэж яарах хэрэггүй. Эхлээд түүний унаган нутгийнхаа элсэн дээр татуулсан мөрийг дэлхий нийтэд “танилцуулах” нь чухал байна.
Зургуудыг Mazaalai/Мазаалай/ цахим хуудсаас ашиглав.
Бид говийн “эзэн” пөөнөгөр найзынхаа талаар хэр ихийг мэддэг билээ | ||
Үзсэн: 10932 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.