... Тэмээ гэхээр усгал зөөлөн нүдтэй ертөнцийн ааш анирыг анирлах гэсэн мэт алсыг ширтэн зогсоо бодь нэгэн амьтан сэтгэлд бууна. Монголын их, бага хаадын өдүүлсэн дайны хөлд Алтайг давж говийг гатлан хөсөглөж тив алгасан ачаалсан бурхан шиг амьтан. Уул шиг биеэ утсаар хөтлүүлэн хаана ч хүрч мэдэх гэнэн, зөөлөн, дуулгавартай амьтан. Жил өнжин ботголдог болохоор тэр бүрий хонь, ямаа шиг хотгор гүдгэрийг дүүргээд байхгүй “ногоон хурга” шиг амьтан. Улсын хэмжээгээр нэг сая хүрэхтэй үгүйтэй цагаан номтой амьтан.
Цагаан номтой энэ амьтан улаан номд орохтой шахсан.Тэмээ гэдэг энэ сайхан амьтныг өнчрүүлэн буйлуулахгүйхэн шиг байлгах вэ? Тэнгэрээс асуултай нь биш. Өөрсдөөсөө л асуухаас өөр замгүй.
Нэгдэл гээчийг байгуулах сургаар Монголын олон айл тэмээ малаа зарж хөх зуут болгон авдрандаа хийсэн тавь, жараад оны зааг дээр тэмээ нэг их хорогдсон гэнэлээ. Хорогдлын тоо нь 108000. Сүүлд 1990-ээд оны өмч хувьчлалын битүү шуурганаар тэмээн сүрэг 120.000-аар хорогдсон гэсэн эмгэнэлт түүхийг тэд цус, сэвсээрээ бичин үлдээжээ. Сүүдрээ чирэн ганц нэгээрээ гэлдэрч өсдөггүй, сүргээрээ нэгнээ нөмөрлөн хань бараа татан өсдөг энэ амьтныг мал мэдэхгүй хүнд хүчээр тулган өгсөн нь очсон газраа нутагшихгүй говь талаа бараадахад нь алдахаасаа өмнө гээд махны лангууруу авч очсон нь ихээ. Нэг тэмээг хоёр, гурван айлын дунд хувааж өгөхөөр хувьчилсан жишээ бас бий. Бодвол бодийг нь хөтлөөд хаа, гуяар нь хувааж авцгаа гэсэн санаа. Ингэ, ботго хоёрыг орилуулан байж хоёр тийш нь хөөгөөд явчихсан согтуу хувьчлал бас бий. Хувьчлалын цоорхой гэж тэмээ хүртэл унаж үхдэг ийм том цоорхой бас байсан юм аа.
Өөх тос ихтэй бууз, хуушуурхан хийхэд нүнжигтэй гэдгээр нь захын гуанзны гол ашиг болсоор байгаа тэмээн сүргийг хамгаалах, өсгөн арвижуулах санаа сэдэл хэдхэн тооны малчдад байхаас биш тэрэг хөлөглөсөн дарга, хэтэвчээ тэмтэрсэн наймаачин хоёрт лав байхгүй. Миний багш Монголын үндэсний радиогийн сурвалжлагч Монгол Улсын СГЗ, нэрт яруу найрагч Цэндийн Чимиддорж агсан “Тэмээ хэмээх динозавр” нэртэй олон арван цуврал нэвтрүүлэг бэлтгэн тэмээний эсрэг дайнд мордогсдыг зогсоогоогүйсэн бол энэ амьтны хувь заяа кино хальснаа үлдэж сүүлчийн ганц тэмээ мөнхийн зогсоолд зогсох байсан байж мэдэх.Улс орон даяар сая сэрж нээрээ тэмээ гэдэг амьтан устаж үгүй болох дээрээ тулчихсан юм байна шүү дээ хэмээн ухаарч онгоцоор, машинаар, явган нүцгэн шахам энэ тэнд очин сум, аймаг улсын зөвлөлгөөн хийж тэмээн поло хэмээх мал яргалсан тэмцээн уралдааныг хүртэл хийгээд авсан. Говь нутагт тэмээ минь дээ, тэмээ минь гэж уйлсаар, буйлсаар УИХ-ын гишүүн болоод амжсан эрхэм ч бас бий. Туйлшрал гэж энэ. Өнөөдөр энэ сэдвийг хөнддөг сэтгүүлч, сурвалжлагч, дарга сайдыг эрээд олоход бэрх болсон. Тэмээний мах амттай, өөх тосоор нь боов боорцог хийвэл арвин, ноосоор нь оймс, өмд, цамц хийвэл дулаахан гэх иргэд байхаас биш тэмээ уян зөөлөн сэтгэлтэй бурханы унаа, махыг нь идсэн хүнийг тулганаасаа дээш нь бүү гарга, сан тавьж ариутга гэсэн хатуу зарлигтай амьтан гэдгийг тоож хэлэх байтугай тосож учирлах хүнгүй болжээ. Унаж тэшихэд зөөлөн, бурхан судраа ачин хөсөглөхөд эвтэй энэ амьтныг тоож өсгөх тогтоон хариулж баясах малчин цөөхөн. Тэмээ рүүгээ буйл бурантаг бариад очихоосоо илүү, хуур бариад хөөслөх гээд очихоосоо илүү, хувин бариад саах гэж очихоосоо илүү хутга бариад очдог нь олон болсон. Арчаагаа алдсан амьдралаа бид малаараа төлнө. Амиар нь төлнө. Тэмээг ядаж л тэмээнийх нь үнээр арилжвал зүгээрсэн. Жил өнжиж байж нэг юм ботголдог байтал нь жил өнжилгүй идээд байхаар яаж өсөх вэ? Тэмээг хөлөөр нь хөсөглөх биш тэрэг хөлслөн ачдаг болж. Амьд явахаар тэмээний “бойвго” хүртэл үздэг юм байна гэж он цагийн тэртээд нэгэн захчин эмгэн дуу алдсан гэдэг. Энэ шиг тэмээ машин унан зардлаа бусдаар төлүүлэн давхихыг хардаг цаг бас байж.
Малчид нь дурангийн үзүүрээр хариулна хаа нэг зээр шиг эргүүлнэ. Сэрмүүн бэлчээр хөөн холдоод ганц нэгхэн эрэл сурал болговол махны лангуу руу гулсуулчихна. Хувь заяа нь ийм л өнчин нулимс шиг болсон амьтандаа.
Малчид нь дурангийн үзүүрээр хариулна хаа нэг зээр шиг эргүүлнэ. Сэрмүүн бэлчээр хөөн холдоод ганц нэгхэн эрэл сурал болговол махны лангуу руу гулсуулчихна. Хувь заяа нь ийм л өнчин нулимс шиг болсон амьтандаа.
Тэмээний тухай хэд гурван магтаалтайгаа үлдэхгүй гээгүй л юм бол тэмээ өсгөн үржүүлж байгаа малчин, баг сумыг сурталчлах тэргүүн туршлагыг нь яриулах, ашиг шимийг нь зөв тооцож уриалах гээд юм юм л бий дээ. Ховд аймгийн Манхан сум 2014 оны жилийн эцсийн мал тооллогоор түмэн тэмээ тоолуулжээ. Түмэн тэмээний баярыг хийлээ. Дөргөн сум 100 тэмээн жин хөдөлгөлөө. Сайхан хэрэг. Гэвч тунгаан бодвоос тэмээ олноороо хэд гуравхан малчны гар дээр өсөн үржиж байна. Ачилганы тэмээтэй малчин өдрийн од шиг ховор боллоо. Ачуулж эдлүүлдэг нь ч мөн тийм. Нуруундаа айл гэрийн хийморийг тээж хөсөглөдөг, ариун бурханы зарлигийг ачиж хөдөлдөг Алтайд ирж идээшсэн энэ ариун цагаан буяныг аргадаж, арвилаж явбал амьдралд тустай билээ. Тэртээгээс тэмээн хөсөг, айлын нүүдэл ирж явна.
Н.Баасанжав
Тэмээ буйлна, тэмээ уйлна | ||
Үзсэн: 6136 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.