“Болор цом-32" яруу найргийн наадам Төв аймгийн Зуунмод суманд болж яруу найрагч Б.Мягмаржав түрүүлсэн билээ. Тус наадмын маргааш түүний гэрт зочилж цөөн хором хөөрөлдсөн юм.
-Би “Болор цом” наадамд 20 гаруй жил уралдлаа. Тэгэхээр жил бүр Цагаан сар болдог шиг “Болор цом” маань болоод л өнгөрдөг. Нэг хэсэгтээ дуулиан тарьдаг. Энэ жилийн "Болор цом" тэрнийх боллоо гээд л нутагтаа очоод ярих жишээний. Явган яриа, хов жив байдаг л даа. Үүнийг бичдэг хүмүүс нь манайхан өөрсдөө л юм. "Болор цом" наадмыг мэргэжлийн хүрээнд янз бүрээр ярьж, бичдэг. Энэ бол байх ёстой наадам гэж би хэлнэ. Би "Болор цом"-д 1990-ээд оноос хойш тасралтгүй оролцож байна. Бүр шүлгээ унших эрхгүйгээр ч хасагдаж л байлаа. Мориор бол хоёр аман хүзүүдэж, хоёр удаа айрагдаж байсан. Энэ жилийн наадам тэр минь энэ минь гэж элэг бөөрөө таталцсангүй сайхан боллоо. Урд өмнө нь хэрүүл, зодоон гардаг л байлаа. Хөвсгөл аймгийн Дархадын хотгороос анх удаа "Болор цом"-ыг авч байна. Хойморийн хоймороос шүү. Одоо хөл хөдөлгөөн ихтэй л байна.
-“Болор цом”-ын эзэд ихэнхдээ мялаалгын шүлэг уншдаг. Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Хүчээ үзнэ. Нэг түрүүлчихээд бод идсэн боохой шиг хэвтэхгүй шүү. Тайз, ард түмэн, уншигчдаа хүндэтгэх ёстой. Яруу найрагч хүнд бол тэр нь залуу, энэ нь хөгшин гэх юм байхгүй. Бичиж эхэлсэн л бол яруу найрагч эцсийн эцэст зуун жилийн дараа шүлгийг чинь уншиж байгаа бол тэгээд л яруу найрагч шүү дээ.
-Тээр жил 1990-ээд он юм даа. Д.Цоодол ах шүлэг уншиж байхгүй юу. Тэгсэн үзэгчдийн суудлаас нэг хүн “Хөөе Цоодол оо чи юу юм бэ. Чиний шүлэг бичдэг гэж юу байсан юм бэ” гээд л орилж байна. 1990-ээд оны “Болор цом” тийм гоё "халуухан" болдог байсан байхгүй юу.
-Шар Мийгаа ах. Тэгсэн Д.Цоодол ах шүлгийнхээ дундуур агсам тавиад эхэллээ. Нэлээн юм ярьж байснаа “Өө, манай Шар Мийгаа л байна шүү дээ” гээд санаа нь амарсан мэт шүлгээ үргэлжлүүлэн дуудаж эхэллээ. Үзэгчид ч юу болчихов гэсэн шиг гайхаад эхэлмэгц би уриалан алга ташиж, намайг дагаад бүгд алга ташиж тэр жилийн наадам сайхан болсон доо.
-Би 12-ийн мөнгөний дэвтэр шиг дөрвөн ном гаргасан байдаг юм. Тэр бүхнээ нэгтгээд, дээр нь шинэ юм аа нэмээд нэг боть гаргах гэж байна. “Хөх Монгол” принтинг өнөө маргаашгүй хэвлээд авч ирж өгнө гэсэн. Тэр бол хатуу хавтастай нэлээд чамбай юм болох юм. Гэхдээ миний 30 жилийн яруу найргийн хөдөлмөрийг үнэлдэг хүнд бол нэг хуудас цаас ч байсан үнэ цэнэтэй юм. Харин үнэлдэггүй хүнд бол нэг тоосгоны төдий л юм байх шиг байна. Цагаан сарын дараа номын ахан, дүүсээ цай уулгадаг юм билүү гэсэн бодол байна.
- “Болор цом”-ын шүлгийг зориулж бичдэг үү. Та “Хадагтай мод” гэж шүлэг уншсан?
- Тийм ээ. Хамгийн түрүүнд ижийгээ л бодно л доо. Би нэг шүлэг бичье гэж бодож байсан юм. Ер нь тэгээд ижийгээ алдсан хүн хэцүү л байдаг юм билээ. Даанч тэр шүлгийн маань санаа боловсорч өгөөгүй учир энэ жил би наадамд уншаагүй. Яагаад гэвэл “Өөрийн ээж үгүй болсон хойно өрөөлийн бүх ээжүүд миний ижий боллоо” гэсэн санаатай шүлэг л дээ. Тэгээд яахав ухаан сууж, тавьтар тогтлоо гэж бодсон учраас л энэ эрхэм шагналыг надад өгсөн байх л даа.
-Намайг таньж мэддэг олон хүмүүс мэнд мэдэж, баяр хүргэж байна. Цагаан сарын бэлтгэл угаалга хийгээд л сууж байна даа. Ер нь манай 1990-ээд оныхноос Янжинлхам шүтээнийг гэр хороололд залж байгаа нь би л болж байх шиг байна шүү дээ.
Яруу найрагч Б.Мягмаржав: "Болор цом"-д шүлгээ унших эрхгүйгээр хасагдаж л байлаа | ||
Үзсэн: 4262 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.