Шууд Chart

Жолооч нар робот биш

2015-05-20 11:32:23

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаагаар дэлхий дээр өдөр бүр 16 мянга гаруй хүн осол гэмтлийн улмаас амиа алддаг нь хүн амын нийт нас баралтын 12 хувийг эзэлж байна гэжээ. Ослын улмаас амиа алдагсдын гуравны нэг нь 1-40 насныхан байдаг аж. Эдгээр осол гэмтлийн дийлэнх нь зам тээврийн ослоос шалтгаалдаг байна. Зам тээврийн ослын шалтгаант нас баралтын 50 хувийг 15-44 насныхан эзэлдэг ажээ. Зам тээврийн осол гэмтлийн шалтгаант нас баралтын 85, зам тээврийн осол гэмтэлтэй холбоотой хөдөлмөрийн чадвар алдалтын 90, хүүхдийн осол гэмтлийн шалтгаант нас баралтын 96 хувь нь бага болон дунд орлоготой орнуудад тохиолддог гэнэ. Цочирдмоор тоо баримт дурдахын учир нь сүүлийн үед дэлхий нийт төдийгүй манай оронд зам тээврийн осол буурахгүй байгаатай холбоотой.
Зам тээврийн ослын шалтгааныг согтуу жолооч л гаргадаг гэвэл өрөөсгөл ойлголт юм. Тэдгээр жолоочийн цөөнгүй нь цагдаагийн байгууллагад “Өөрөө ч мэдэлгүй зүүрмэглэчихсэн байсан. Нэг мэдэхэд замаас гарчихсан, тормоз гишгэхэд оройтсон байсан” гэж мэдүүлдэг аж. Үүнээс бид нэг зүйлийг ойлгож болно. Монголчууд жолоочийг робот мэтээр бодох нь бий. Бидний дунд хэдэн өдөр, шөнө ганцхан жолоочтой давхилддаг хэрнээ өөрсдөө машин дотроо унтаж амраад явчихдаг гэмтэй улс олон бий. Хичнээн их яарсан байсан ч жолоочийг амраах нь гарч болзошгүй аливаа ослоос сэргийлж буй хэрэг юм. Энэ мэт жишээнээс жолооч хүн зөвхөн жолоогоо л барих ёстой гэх дэндүү өрөөсгөл ойлголтыг халах цаг ирсэн нь харагддаг. Жолооч ч гэсэн бидний л адил хүн учраас робот шиг нойр, хоолыг умартаж үл чадна. Бид жолоочийн хажууд суугаад хол замд явахдаа хэчнээн их ядардаг билээ. Гэтэл машин барьж буй хүн биднээс ч илүү ядардаг гэдгийг ойлгох учиртай юм. Ядаж сэлгээний жолоочийн тухай ойлголтыг бид амьдралдаа хэвшүүлэх нь хойшлуулж болшгүй арга хэмжээ болоод байна.
Нөгөөтэйгүүр жолооч нар хэт ядарсан, нойрмоглосон, бие нь таагүй байх үедээ автомашин жолоодохгүй байх эрхтэй гэдгээ ухаарах хэрэгтэй. Машин жолоодоод хэдэн зуун км явах эрх уг нь хэнд ч нээлттэй. Гэсэн ч энэ тал дээр учир дутагдалтайгаа хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдал бидэнд тулгардаг. Холын замд зарим хашир жолооч нар нойр нь хүрсэн үедээ машинаа зогсоож, унтаж амраад цааш явдаг. Энэ нь олон хүний амь насыг дээдэлсэн хэрэг юм. Жолоочид асар их хариуцлага байх ёстой. Энгийн үед хүн өөрийн амь насаа боддог бол жолооны ард суусан үедээ өрөөлийн амь насыг хүртэл бодох шаардлага тулгардаг. Машинд зорчигчид суусан л бол тэр хүмүүс жолоочид амь насаа даатгаж байна гэсэн үг. Тиймээс танд итгээд машинд тань суусан зорчигчийн амь насыг жолооч хамгаалах үүрэгтэй юм. Иймийн тулд жолоочид согтуу байх, нойр дутуу байх, машин техник нь бүрэн бус байх “эрх” байхгүй. 
Ер нь жолооны ард суусан хэний ч анхаарлыг сарниулах нь осол гарах шалтгаан байсаар иржээ. Тэгэхээр зорчигчдод ч бас анхаарах зүйл бий гэсэн үг. Жолоочийг машинтайгаа замын хөдөлгөөнд оролцож байхад ноцолдох, анхаарлыг нь сарниулж, ийш тийш гараараа юм заах нь мөн л эрсдэлтэй алхамд тооцогддог. Тэр битгий хэл, хэт чанга ярьж, архи уухгүй байх нь чухал юм. Угтаа бол замын хөдөлгөөнд оролцож байгаа л бол жолооч, зорчигчийн алинд ч өндөр хариуцлага бий нь тодорхой. 
"Жолоочийг хэн стресстүүлдэг вэ" цахим судалгааны дүнг сонирхвол уншигч та бас нэгийг эргэцүүлнэ биз ээ.


Жолоочийн стресстүүлнэ гэдэг мөн л хүний амь настай холбоотой зүйл гэдгийг мартаж болохгүй. Хэн нэгний санамсаргүй хийсэн нэг алхам олон хүнийг үхэлд хүргэж болзошгүй тийм л цаг үед бид амьдарч байна. Тиймээс жолооч, зорчигч нар дор бүртээ анхааралтай байж замын хөдөлгөөнд оролцвол болзошгүй аюулаас өөрийгөө болон өрөөлийг аварч чадаж байгаа нэг хэлбэр юм.
Зам тээврийн ослын улмаас 2014 онд улсын хэмжээнд нийт 503 хүн нас барж, 1460 хүн гэмтсэн гэх харамсалтай тоо баримт байна. Энэ нь 2013 онтой харьцуулахад улсын хэмжээнд нас баралт 18.6 хувь, гэмтсэн хүний тоо 13.9 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Мөн өнгөрсөн онд улсын хэмжээнд 48 хүүхэд амь насаа алдаж 1164 хүүхэд зам тээврийн ослын улмаас гэмтсэн байгаа юм. Энэ мэт тоо баримтаас замын хөдөлгөөнд тун болгоомжтой оролцох хэрэгтэй гэдгийг санууштай. Ингэхийн тулд хамгийн түрүүнд бид жолооч нар робот биш гэдгийг ой тойноосоо арчигдахааргүй сайн ойлгох учиртай болов уу.    

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Жолооч нар робот биш   
Үзсэн: 4873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-06-13 22:14
ene ih chuhal shuu. jolooch bol hamgiin ih anhaarah hun bdag yum. tuunii gart olon hunii ami nas ywj bdag bolohoor baingiin bolgoomjlol dund amidrah ystoi. mashin barij l bgaa bol arhi bitgii hel airag tarag ch uugaad hereggui.
202.70.44.xxx [202.70.44.xxx] 2015-05-21 10:19
заваарсан юм бичих юм аа, ямар ч сонирхолгүй
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-05-20 12:45
Ene hudlaa sudalgaa b/na. Hamgiin ih ni Gerel, Tsagdaa 2 baih estoi!
202.55.191.xxx [202.55.191.xxx] 2015-05-20 12:33
яг үнэн байхаа ...

Бидэнтэй нэгдээрэй