Аз жаргалтай амьдралыг мөрөөдөхгүй хэн байх билээ. Хүн төрөлхтний амьдралын утга учир гагцхүү энэ л байх. Хүмүүсийн зарим нь аз жаргалтай амьдралаа цогцлоож амжсан байхад нөгөө хэсэг нь тэр аз жаргалынхаа эрлийг үргэлжлүүлсээр яваа. Ийн аз жаргалд тэмүүлэх нь хүн төрөлхтний хязгааргүй хүсэл юм. Бидний эдлэхийг мөрөөдөн байгаа тэр аз жаргал гэгчийг энгийнээр тайлбарлавал сэтгэл ханамжтай амьдрах гэсэн үгтэй утга ижилсэх болов уу. Амьдралдаа сэтгэл ханамжтай хүн аз жаргалтай амьдарч, ажил үйлс нь цэцэглэнэ.
Саяхан эрдэмтэд дэлхийн хамгийн аз жаргалтай хүнийг олжээ. Буддын шашны 66 настай ламтны тархины сканердсан дүрсээс сэтгэл ханамжийн түвшин ер бусын өндөр байгааг нь харжээ. “Дейли мэйл" сонинд Балбын Катманду хотын буддын шашны хийдийн лам Матье Рикардыг шинжээчид хамгийн аз жаргалтай хүнээр тодрууллаа гэж бичсэн байна. Тэр ламтан өдгөөгөөс 40 жилийн өмнө буддын шашинд орж, Парис хотоос явахдаа дорно дахины гүн ухаан судлахыг илүүд үзсэн гэнэ. Түүнээс хойш тэр өрнөдөд нэртэй шашны номлогч болж, Далай ламын үнэнч анд гэсэн нэр алдрыг олсон аж.
Бясалгал нь хүний уураг тархинд хэрхэн нөлөөлдөг тухай мэдрэлийн эмч Ричард Дэвидсон судалгаа хийсэн байна. Гэтэл ламтанд “Шинжлэх ухааны ном зохиолд урьд нь тайлбарлаж байгаагүй” гамма-долгионы түвшин ер бусын өндөр байжээ. Долгионы энэ идэвхжил нь хүний анхаарал, сургалт, ухамсар болон ой санамжтай холбоотой байдаг аж. Матье Рикардын тархины зүүн талын хэсгүүдийн бор давхарга идэвхитэй байгаа нь тогтоогдсон байна. Судлаачид түүнийг энд сөрөг мэдээг саатуулан барьдаг гэж үзжээ. Энэ нь хүний амьдралыг эерэгээр харах бодол санаанд нөлөөлдөг гэнэ. Урт хугацааны турш хийдэг бясалгал тархинд эерэгээр нөлөөлдгийг судалгааны энэ дүн харуулж чаджээ. Бясалгал эерэг үр нөлөөтэй байдаг гэдэгт ч эрдэмтэд итгэлтэй байгаа гэнэ. Ер нь бясалгалыг 50 мянган удаа давтсаны дараа тархинд тогтвортой эерэг нөлөө сууж өгдөг аж. Гэхдээ гурван долоо хоногийн турш өдөрт ердөө 20 минут бясалгал хийх нь үр нөлөө ихтэй байдаг гэнэ. Дэлхийн хамгийн аз жаргалтай хүнийг эрсэн дээрх судалгаанд 280 орчим хүнийг хамруулсан хэдий ч эдгээр хүн биеийн дулааны үзүүлэлтээрээ Матье Рикард ламтнаас 25 хувь бага гарсан ажээ.
Дээрх үйл явдлаас бясалгал хийдэггүй хүн аз жаргалгүй амьдардаг гэж ойлгож болохгүй. Аз жаргалыг олж авахын тулд хүн амьдралдаа олон зүйлийг хийх хэрэгтэй болов уу. Аз жаргалтай амьдрал чухам юун дээр тогтдог юм бол. Энэ асуултад зарим хүн хайр сэтгэл гэж хариулна байх. Харин зарим нь аз жаргалтай амьдрал мөнгөн дээр тогтоно гэж хариулж мэднэ. Бүр нэг хэсэг нь хүний эрүүл мэнд жаргалтай амьдралын үндэс гэх байх. Үр хүүхэд аз жаргалтай амьдралын эхлэл гэж ярих хүн ч бий. Өнгө, мөнгө дагасан амьдрал өөдлөхгүй гэж зарим хүн ярьдаг. Гэвч бодоод байхад хүний амьдралыг аз жаргалтай болгох олон хүчин зүйл байдаг бололтой. Ямар нэг зүйлээр дутагдаж, гачигдахгүй, сэтгэл хангалуун байх нь л аз жаргал юм бол мөнгө ч гэсэн үүнд үүрэг гүйцэтгэх нь дамжиггүй.
Социологичид “Аз жаргалтай амьдрахын тулд танд хэр хэмжээний мөнгө хэрэгтэй вэ” гэсэн судалгааг хүмүүсийн дунд явуулжээ. Тун сонирхолтой хариулт гарсан байна. Аз жаргал амтагдах жилийн бодит орлогын хэмжээ улс орнуудын хувьд дэндүү их гэмээр хол зөрүүтэй байжээ. Тухайлбал, энэ тоо Германд жилийн 86 мянга байгаа бол Дубайд 276 мянган ам.доллар байсан гэнэ. Манай гарагийн оршин суугчдын 85 хувь нь орлогын тодорхой түвшинтэй байх нь аз жаргалтай амьдрах арга боломж гэж үздэгийг социологичид тогтоожээ. Орлогын түвшин гэдгийг их харьцангуй ойлголт гэж тодотгожээ. Тухайн хүний амьдарч буй улс орон, өөрөө нийгмийн аль анги давхаргад багтдаг гэхчилэн олон хүчин зүйлээс шалтгаална.
Нобелийн шагналт эдийн засагч Даниэл Канеманаар ахлуулсан Принстоны их сургуулийн судалгааны багийнхан 450 мянган америк хүнээс авсан судалгаагаар тэдний жилийн бодит орлого 75 мянган ам.доллараас доошгүй байвал аз жаргалтай амьдарна гэж үздэгээ илэрхийлжээ. Тэгэхээр жилийн орлого нь энэ хэмжээнээс бага америкчууд өөрсдийгөө аз жаргалгүй гэж төсөөлдөг болж таарах нь уу. Тэгвэл судалгааны багийнхан зарим хүний мөрөөдөл болоод байгаа 75 мянгын орлого үнэн хэрэгтээ амьдралын сэтгэл ханамжийг нэмэгдүүлж чаддаггүй гэдгийг нотолжээ. Харин ч эсрэгээрээ өндөр цалин хөлс нь асуудал нэмж, сэтгэл санааг тайван бус болгодог гэнэ. Өөрөөр хэлбэл, өндөр орлогыг дагаж хариуцлага, ачаалал хамтдаа ирдэг байна.
Дэлхийн 13 оронд явуулсан дээрх судалгаагаар аз жаргалтай амьдрахад шаардлагатай орлогын зөрүү үлэмж их байжээ. Нефтийн баян орд бүхий дубайчууд жилийн 276 мянган ам.доллар гэсэн хүсэмжлэлээрээ тэргүүлж байгаа бол сингапурчууд 228 мянган ам.доллараар удаалсан байна. Харин Хонгконгийн иргэдэд 198 мянга хангалттай гэнэ. Тэгвэл хэдэн зууны уламжлалт тансаг хэрэглээ, эрх ямбыг эрхэмлэдэг европчуудын хариулт санаанд оромгүй даруухан гарчээ. Хөгшин европынхон сүүлийн жилүүдэд эдийн засгийн хувьд хэмнэлттэй хямд төсөр автомашин хэрэглэх болсон нь аз жаргалын орлогын эрэлт хэрэгцээгээр ард давхихад нөлөөлсөн гэжээ. Тухайлбал, Европын хамгийн өндөр хөгжилтэй орны нэг гэгддэг Германчууд жилд 86 мянган ам.долларын орлоготой байхад аз жаргалын мөрөөдлөө биелүүлэхэд хүрэлцэх гэнэ. Харин францчуудад 114 мянга, британчуудад 133 мянган ам.доллар хангалттай аж.
Аз жаргалтайгаа мэдрэхийн тулд жилд хэдий хэрийн орлоготой байх хэрэгтэй вэ
Бодит орлого багатай гэгдэх украйн болон түүнтэй ойролцоо орлоготой орнуудын ард иргэд бүр ч ихийг хүсэмжилдэг ажээ. Тухайлбал, бразильчууд 144 мянга, мексикүүд бүр ч их 185 мянган ам.доллартай байвал аз жаргалыг мэдрэх бололтой юм. Дэлхий нийтийн дунджаар бол наанадаж сардаа 13 мянга, жилдээ 161 мянган ам.долларын бодит орлоготой бол өөрийгөө аз жаргалтай нэгэнд тооцох гэнэ. Тэгвэл “Хэчнээн доллартай бол өөрийгөө баян хүнд тооцох вэ гэсэн асуултад манай гарагийнхан дунджаар 1.8 сая ам.доллар гэсэн байх юм. Гэхдээ Сингапур, Дубай, Хонгконгийн оршин суугчид 2.4- 2.9 сая доллар гэж хариулжээ. Ингэхээр “томчуудын” хүсэмжлэл ч бас том байдаг нь анзаарагдаж байгаа биз. Эндээс нэг зүйлийг анзаарахад америкчууд нэг сая ам.доллартай байхад л өөрсдийгөө баян хүний тоонд оруулан тооцох гэнэ.
Аз жаргалтай амьдрал зөвхөн мөнгөн дээр тогтдог гэвэл бас өрөөсгөл ойлголт. Өдөр хоногууд өнгөрч, амьдрал урсдагаараа урсч байгаад л сэтгэл хангалуун аз жаргалтай явдаг нэг хэсэг бас байдаг. Хадгалж, харамлаад байх эд хөрөнгө, мөнгөгүй ч элэг бүтэн амьдралаасаа аз жаргалыг мэдэрдэг гэх. Ямартай ч бидний амьдралд олон зүйл аз жаргалыг авч ирдэг байх нь. Гэхдээ хүн аз жаргалыг хайх нь утгагүй, өөрөө аз жаргалыг бий болгох нь хамгаас чухал гэж байна. Гоё дуу сонсоод, эсвэл шүлэг уншаад сайхан мэдрэмж авч сэтгэл хангалуун жаргалтай байж болно. Дурлалт залуугаа хараад, бяцхан үрээ өхөөрдөөд ч энэ амьдралаас аз жаргалыг амталж болно гэх.
Тэгэхээр аз жаргал гэгч “холын мөрөөдөл” бидний ойрхон, бүр хажууд маань ч байж болох нь. Өнөөдөр нийслэлд стресст өртөөгүй хүнийг олж харах хэцүү болсон нь үнэн. Гэвч үүнийг бид аз жаргалтай амьдралтайгаа огтхон ч холбоогүй байлгаж болно. Аз жаргалыг бид хамгаас дотно, сэтгэлд ойрхон тэр л хүмүүсээс мэдэрдэг. Гудамжаар зөрж өнгөрөх нэгэн чамайг мөрлөсөн бол өөрийгөө азгүйд тооцон бухимдах хэрэггүй. Учир нь тэр хүн чиний аз жаргалтай амьдралын нэгээхэн хэсэг биш. Энэ нь хүнд тохиолдож байгаа түр зуурын явдал болохоос бидний амьдралд нөлөөлөхүйц тийм том зүйл биш гэсэн үг. Тэгэхээр амьдралаас аз жаргалыг мэдрэхийн тулд энгийн бухимдлуудаас ангижрах хэрэгтэй болов уу.
Аз жаргалтай амьдрал юун дээр тогтдог вэ | ||
Үзсэн: 14428 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.