Шууд Chart

Наран ургах Дорнод нутгаас Монгол эхэлдэг

2015-09-28 17:19:08

Монголчууд төдийгүй дорно дахины ард түмэн наран ургах зүгийг билэгшээх нь бий. Бидний хэсэг нөхөд эх орныхоо наран ургах зүгийг зорьж, хүлгийн жолоо залсан юм. 

Хааяахан сэвэлзэх салхи өвсний толгой найгуулан, мөдхөн хур хайрлаж мэдэхээр үүлс нүүх завсар үе, үе үүлэн чөлөөний нар шарж, Дорнодын их талд амар амгалан цогцолжээ. Машины цонхоор олон цаг байгалийн зураглал ширтэн явсан хүмүүст энэ нутгийн өвсний гарц хийгээд малын тарга тэвээрэг сайн байгаа нь шууд л ажиглагдаж байв. Бидний замд хадлан хадаж, хадсан өвсөө тээвэрлэн яваа хэд хэдэн малчин тааралдсан. Өвлийг өнтэй давах бэлтгэлээ малчид хэдийнэ базааж эхэлжээ. 

Дорнод аймгийн тухайд тал хээр болон ойт хээр хосолсон 123.5 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, хойд талаараа ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, зүүн талаараа БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр, Хянган аймагтай хиллэж, баруун урд, баруун талаараа Сүхбаатар, Хэнтий аймагтай хиллэдэг зүүн бүсийн тулгуур төв юм.

Байгалийн дурсгалт газар арвинтай энэ нутагт хүний хөдөлмөрөөр бүтсэн бүтээн байгуулалт ч их аж. Тус аймагт Мэнэн, Тамсаг, Матадын уудам тал, Буурь нуур, Хөх нуур зэрэг томоохон нуур цөөрөм, Халх-Нөмрөгийн, Дорнод Монголын, Монгол Дагуурын дархан цаазат, Угтам, Тосон-Хулстайн байгалийн нөөц газар, Онон-Балжийн байгалийн дурсгалт газар бий. Ухаа, гүвээ бүхий тал нутаг зонхилох ч X-XI зууны Киданы үеийн Хэрлэн бар хотын туурь, Хэрмэн зам, XI зууны үед хүний гараар бүтээгдсэн Утай таван уул, Их бурхант, Хүн чулууд, Угтамын хийдийн тууриудаас гадна 1939 оны ялалтын хөшөө зэрэг түүхийн дурсгалт газар арвинтай юм. 

Эдүгээ ч Чойбалсан хотод бүтээн байгуулалт ид өрнөж байна. Тус аймаг 1980-аад онд хөгжүүлсэн үндсэн дэд бүтцийн бааз суурийг давуу байдлаа болгон бүтээн байгуулалтын их ажлыг үргэлжлүүлсээр байгаа аж.

Аймгийн төвийн авто замын шинэчлэл, шинэ усан сан төсөл, “Найрамдал” парк, тал нутгийн ахан, дүүсийн цогцолбор, Бөртэ-Үжиний цэцэрлэгт хүрээлэн, Мод үржүүлгийн газар гээд хүний нүд баясгаж, сэтгэл сэргээх их  бүтээн байгуулалт тус хотод хийгджээ. Эдгээрийг хийж бүтээхийн тулд эхлээд сайн төлөвлөж, аймгийнхаа хэмжээнд баримтлах бодлогыг боловсруулсан нь үр дүнгээ өгсөн талаар нутгийн удирдлагууд ярьж байлаа. Бүтээн байгуулалтыг дагаад иргэдийн ая тухтай амьдрах орчин, цаашлаад чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж бүрдсэн байна.

Чойбалсан хотын төвд “Найрамдал” парк гэх том хаягтай орчин үеийн сонгодог дизайн бүхий хаалга бий. Энэ газар залуус чөлөөт цагаа өнгөрүүлж, эцэг, эхчүүд хүүхдээ салхилуулж, хөгшид нарлах дуртай гэнэ. Байгаль орчныг хамгаалах нөхөн сэргээх зардал болон ССАЖЯ-ны нийт 450 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн жил энэ бүтээн байгуулалтыг хийсэн аж. Нийт 2000 мкв орчим талбайтай эл паркад сандал байрлуулж, шөнийн гэрэлтүүлгийг шийдэж өгсөн нь ч мөн нутгийн иргэддээ ая тухтай орчин нөхцөлд амарч, зугаалах боломжийг олгосон гэж залуус ярьж байв. 

Цаашлаад Чойбалсан хотын төвөөс энэ хаалгаар дамжин Хэрлэн голын эрэг хүртэл тохижуулахаар төлөвлөжээ. Дорнод аймаг, Хөлөнбуйр хотын хамтын ажиллагааны хүрээнд Чойбалсан хотын “Найрамдал” парк цэцэрлэгт хүрээлэнд Хөлөнбуйр гудамжийг байгуулахаар хоёр хотын удирдлага гэрээ байгуулсан байна. Энэ хүрээнд Хөлөнбуйр хотоос 2 сая юанийн хөрөнгө гаргаж, 412 метр урттай, 12 метр өргөнтэй зам барьж буй юм. Тодруулбал, энэ замын 10 метр нь явган хүнийх,  2 метр нь дугуйн зам аж. Зам барих энэхүү ажлыг орон нутгийн өмчит хоёр компани гүйцэтгэж, одоо дуусах шатандаа оржээ.

Хэрлэн гол хүртэл тохижуулах энэ гудамжинд “Ээж ээ”, “Зураач” зэрэг хөшөө барьж, гэрэлтүүлэг тавих юм байна. Түүнчлэн “Найрамдал” паркийн үүдний хэсэг болон Хэрлэн гол хүртэлх замын голын хэсэг даланд 12 метр өргөнтэй гүүр барьж, 2016 онд хүлээлгэн өгснөөр Чойбалсан хотын “Найрамдал” парк бүрэн хэмжээгээр ашиглалтад орох юм.

Дорнод аймгийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Х.Энх-Отгон “Дорнод аймаг хүүхэд залуус, ард иргэдийнхээ амрах,чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, парк, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулахад ихээхэн анхаарч байна. Аливаа бүтээн байгуулалтыг цогцоор нь төлөвлөж байж аль, аль талдаа хөрөнгө мөнгө, цаг хугацааг  хэмнэдэг” гэдгийг тодотгосон. 

Дорнод аймаг 75 гаруй мянган хүн амтай. Хүн амын 50-иас илүү хувь нь аймгийнхаа төвд оршин суудаг юм билээ. Судалгаагаар гурван өрх тутмын нэг нь авто машинтай аж. Ийм учир аймгийн ИТХ-аас Дорнод аймгийн авто замын талаар баримтлах бодлогыг баталж түүнийхээ дагуу авто замаа шинэчлэх, шинээр барих, өргөтгөх ажлыг шат дараатай хийж эхэлсэн байна. 2014 онд орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар Чойбалсан хот доторх авто замын сүлжээг сайжруулах зорилгоор “Зангиат”, “Ялалт” хороолол, “Эр хүний овоо” гэсэн гурван чиглэлд авто зам шинээр тавьж, 15 туслах замыг өргөтгөх шинэчилж, 18 орон сууцны гадна талд авто зогсоол шинээр барьж, заримыг нь шинэчлэн засварлажээ. Энэ жил аймгийн зүгээс босоо тэнхлэгийн замуудаа шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөж авто замын зураг төслийг боловсруулан ажлаа эхлүүлсэн байна. Чойбалсан хотын босоо тэнхлэгийн замыг урьдчилсан байдлаар 18 чиглэлд, хотоос гадна нэг чиглэлд хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, ДБЭХС ТӨХК-ийн баруун талын 0.5 км авто зам, Худалдаачдын гудамжны 0.7 км авто зам, Читийн гудамжны 0.5 км авто зам, Баянтүмэний гудамжны 460 метр авто зам, “Хэрлэн” зочид буудлын зүүн талын 220 метр авто зам, Хянганы гудамжны 450 метр авто зам, Үйлчилгээний төвийн баруун авто зам, таксины зогсоолын 250 метр авто зам, Бөмбөгдөлтийн хөшөөний зүүн талын 310 метр авто зам, Хуучин төвийн баруун талын 300 метр авто зам, Ивээл хороолол СМУ-н гол замыг Худалдааны гудамжтай холбох 375 метр авто зам, Агийн гудамжны замаас 10-р цэцэрлэг, орон сууцны 1, 3-р байр хүртэлх 220 метр авто зам зэрэг байршилд хийхээр судалгаа зураг төсөв гаргаж зарим замын ажил дуусах шатандаа ороод байгаа юм билээ.

Авто замын зураг төсвийг гаргахдаа 7-14 метрийн өргөнтэй асфальт болон цемент бетон хучилттайгаар хийж, явган хүний зам бүхий гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсөн байна. Худалдан авах тендерээ ч цогц байдлаар хийхээр зарладаг гэсэн. Хэдийгээр Дорнод аймагт барилгын тусгай зөвшөөрөлтэй 39 компани орон сууц олноор барьж байгаа ч Чойбалсан хотод гэр хороолол цөөнгүй бий. Эдгээр айл өрхийн дэд бүтцийг шийдвэрлэх ажлын нэг том зорилт нь энэ жил хэрэгжүүлж эхэлсэн “Шинэ усан сан" төсөл гэдгийг орон нутгийнхан онцолж байлаа. Энэ төслийг хэрэгжүүлэхийн өмнө ажлын хэсэг байгуулж, үүнд хүн амын хэрэгцээг ундны усаар хангадаг мэргэжлийн байгууллага болох НАА ХХК, Хэрлэн сумын ЗДТГ, аймгийн Эрүүл мэндийн газар, МХГ, Үйлдвэр Хөдөө Аж Ахуйн Газар, Газрын Харилцаа Хот Байгуулалтын Газар, Байгаль орчны газар, Улз голын сав газрын захиргаа, Буурь нуур-Халхголын сав газрын захиргааны дарга, удирдлагууд багтан ажиллажээ.  

Чойбалсан хотын хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг, гэр хороололд байх 33 усан сангаар дамжуулан хэрэгцээнийхээ усыг авдаг юм байна. Түүнчлэн усан сангуудын дийлэнх нь 1974-1995 онд байгуулагдсан байр сав болон гадна орчны хувьд эрүүл ахуй болон стандартын шаардлага хангахгүй болжээ. 2000-аад оноос хойш олон улсын төсөл хөтөлбөрөөр 17 усан сан нь төвлөрсөн системд холбогдсон хэдий ч байр савных нь хана нурсан, дээврээс нь ус гоождог, халаалтгүй, гэрэл цахилгаангүй зэрэг дутагдал их байсан аж. Мөн газар олголтыг хийхдээ усан санд тавигдах стандартыг алдагдуулан айлууд хэт шахаж бууснаас хөрсний бохирдол, элэгдэл явагдсан гэнэ. Одоо “Шинэ усан сан” төслийг боловсруулан аймгийн ИТХ-аар оруулж, орон нутгийн төсөвт тусгуулан 3 багц тендерийг зарлаад гүйцэтгэгчээ тодруулаад байгаа юм. Төсөл хэрэгжсэнээр гэр хороололд байх усан сангууд эрүүл аюулгүй орчинд хязгаарлагдсан бүстэйгээр ундны усыг түгээж эхэлнэ.  

Зам талбай, нийтийн эзэмшлийн газруудыг тохижуулахад зайлшгүй хэрэгтэй нэг зүйл нь ногоон орчин. Тус хотыг эко хот болгох зорилгоор дагуу “Чойбалсан” нисэх буудлаас аймгийн төв орох зам дагуу хоёр талдаа 5 км газарт ойн зурвас байгуулах Мод үржүүлгийн газрыг байгуулжээ. Тус газарт энэ жилээс мод үржүүлж эхлээд байгаа аж. Мод үржүүлгийн газарт ургуулсан модны суулгацуудыг аймгийнхаа төвийн нийтийн эзэмшлийн зам талбайд шилжүүлэн суулгах юм байна.

Дорнод аймагт Мод үржүүлгийн газартай болсноор гаднаас мод суулгац худалдан авахгүйгээр аймгийнхаа хэрэгцээг хангах бүрэн боломжтой болж байгаа юм. Мод үржүүлгийн газрыг мэргэжлийн байгууллага болох “Гэрэл сэтгэмж” орон нутгийн өмчит үйлдвэрийн газарт харьяалуулан мод үржүүлэхийн хамт арчилгаа тордолгоог ч орхигдуулаагүй хийж байна. 

Мод тарих ажлыг хийж дууссаны дараа арчилгаанд аймгийн зүгээс анхаарч Чойбалсан хотын ногоон байгууламж, цэцэрлэг хүрээлэнгүүдэд усалгааны 15 цэгийг нэмж гаргасан байна. Мөн шинээр байгуулсан ойн зурвас төгөлдөө гүний худаг дөрөв, модоо услах хоолойнуудыг гаргаж, дотоод нөөцөө ашиглан зарим төрлийн авто машиныг тоноглож ногоон байгууламжийн усалгааг шийдэж эхэлжээ.  

Чойбалсан хотод бүтээн байгуулалт өдөр өдрөөр нэмэгдэж, хүн зоны амьдрал ахуй энэ хэрээр дээшилж байна. Энэ нутагт халх, буриад, барга, үзэмчин гээд олон ястан амьдардаг юм. Дорнод аймаг ОХУ-ын Өвөр байгалийн хязгаар, Агын буриадын автономит тойрог, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр , Хянган, Шилийн гол аймагтай нийгэм, соёл, эдийн засаг, худалдааны шууд харилцаатай учир хүн амын амьжиргааны түвшин ч тийм доогуур биш аж. 

Бид “Наран ургах Дорнод нутгаас Монгол эхэлдэг” гэж ярих дуртай. Тэгвэл энэ сайхан нутагт бүтээн байгуулалт ид өрнөж, Монголын ирээдүйн хөгжлийн шанг татаж эхлээд байна. Эх орны минь зүүн хязгаараас эхэлсэн их бүтээн байгуулалт наран шингэх зүг хүртэл үргэлжлэх буй заа.      
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

Наран ургах Дорнод нутгаас Монгол эхэлдэг   
Үзсэн: 11014 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
43.242.242.xxx [43.242.242.xxx] 2015-09-30 12:40
Аян замын сайхан тэмдэглэл байна. Энэ мэт уншууртай, утга учиртай, эх орныхоо хөгжил дэвшил, хүн ардынхаа хийж бүтээж байгааг суовалжлан нийтэлж баймаар байна. Монголд маань бас болж бүтэж, өсч дэвжиж өдий төдий зүйл байна. Дорнод нутгийн сонин сайхнаас дуулгасан сэтгүүлчид баярлалаа. Амжилт хүсье
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2015-09-29 13:40
САЙХАН НИЙТЛЭЛ БОЛЖЭЭ.НҮД АЛДАМ ТАЛ НҮЦГЭН ЭЗГҮЙ ХЭЭР ИХ МОНГОЛ УЛСЫН МОРИНЫ ТУУРАЙН МӨР АРИ ЛААГҮЙ МОНГОЛЫН САЙХАН ОРОН.
112.72.6.xxx [112.72.6.xxx] 2015-09-29 09:58
zasag darga ganbatiin ued sanaachlan heregjuulj ehelsen delhiin jishigt niitsehuits nogoon baiguulamjtai hot boloh zorilt sain heregjij baigaa yum baina. irged ni eb negdeltei baij dorniin nogoon hotiig tsogtsloon baiguultsgaay. eh oron zuun hyuzgaaraas ehlene, naran urgah uudam hyuzgaar natgaas mini ehlene,,,,,,,
112.72.6.xxx [112.72.6.xxx] 2015-09-29 09:51
dornodiin uls tor bujignaad heruulee neg tiish ni bolgoh zangaragtai negen baihgui yu. minii nutagaas naran mandsan saihan nutagaa... setguulchee dahin zochlon ochooroi ajild ni amjilt husie. bauyrlalaa..
182.160.2.xxx [182.160.2.xxx] 2015-09-29 08:39
Дорнодынхон даанч залхуу. Их хуралд дэвшүүлэх нутгийн хүн байхгүй нь залхуугийн шалгуур
78.250.88.xxx [78.250.88.xxx] 2015-09-29 05:46
Torson nutag mine denduu gemeer saihan shuu
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-09-28 22:20
IDORNODIIN UUDAM TAL MAANI UNEHEER TASARHAI DAA,TAMSAGAA AWRAH HUDULGUUND NEGDEERE
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2015-09-28 22:04
Saihan bichjee. Harin Gazriin tosoo tushiglevel ch hogjil ulam lundarna daa...
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2015-09-28 20:20
Сайхан шүү миний төрсөн нутаг
43.242.243.xxx [43.242.243.xxx] 2015-09-28 19:37
ok halh goloo aldaj bolohgui shuu

Бидэнтэй нэгдээрэй