Шууд Chart

“Алтан-Эмээл”-д амьдрал ийм байна

2015-10-05 13:41:59

Монгол, Хятад, Орос гурван улсын уулзварт байрших Шинэ барга баруун хошуу Хөлөнбуйрын талд бий. Монгол үндэстнээр голлосон 40 мянга гаруй хүн амтай, Эвэнки, Орчин, Хотон, Манж зэрэг 11 үндэстэн холилдон амьдрах энэ газрыг монголчууд “Алтан-Эмээл” нэрээр нь андахгүй байх. Тэндэхийн хүмүүс “Алтан-Эмээл” балгас гэх ба манайхаар бол тосгон юм. 

Бидний хэдэн сэтгүүлч Шинэ барга баруун хошуунд зочилж, радио, телевиз хороо, Эрдэнэ уул тойрог, нэгдүгээр үндэсний хүүхдийн цэцэрлэг, ардын эмнэлгийн ажил байдалтай танилцаж, барга музейг үзэж, хүн зоных нь амьдрал ахуйг сурвалжлаад ирсэн билээ. 

Манай багийнхны очсон эхний газар Шинэ барга баруун хошууны Радио, Телевиз хороо. Тус хороо нь 1995 онд байгуулагдсан бөгөөд эдүгээ “Шинэ барга баруун хошууны сонин мэдээ”, “Эгшигт яруу Хэрлэн” зэрэг тусгай программтай, өдөр бүр 16 цагийн нэвтрүүлэг хийдэг юм байна. Радио нь “Малчдын хань”, “Шинжлэх ухаан”, “Хууль цааз”, “Утга урлаг”, “Залуучууд, багачуудын урлаг уран сайхан” зэрэг 11 нэвтрүүлэгтэй. Эдгээрийн тав нь шууд нэвтрүүлэг гэнэ. Шууд нэвтрүүлэг нь 1 цаг 50 минут үргэлжилдэг аж. Мөн дэргэдээ FM ажиллуулдаг юм байна.

Сэтгүүлчдийнх нь өрөөг бид сонирхсон. Бие биедээ саад болохооргүй хаалт бүхий ажлын шаардлага хангахуйц орчинд тэд ажилладаг юм билээ. Зай талбай хэмнэсэн ширээ, сандал, компьютер гээд ажлын багаж хэрэгсэл цөм бүрэн ажээ.

Дараа нь бид Эрдэнэ уул тойргийн үйл ажиллагаатай танилцсан. Тойрогт үйлчилгээний танхим, намын байгуулалтын контор, амар тайванг хамгаалах контор, тойргийн эмнэлэг, компьютержсэн үйлчилгээний танхим, номын сан, бялдаржуулах заал, үндэстний соёл, урлагийн үзэсгэлэн зэрэг танхим байрлаж үйл ажиллагаа явуулдаг юм байна. Бидний хэлдгээр бол “Нэг цэгийн үйлчилгээ” гэсэн үг. Гар урлалын бүтээлүүдийг дэлгэн тавьсан байхыг энд харлаа. Шагайг олон өнгөөр будаж, эсгийгээр хийсэн гэр, мал, сувсаар хийсэн цүнх гээд манайхны л хийдэг бүхнийг тэд бас хийдэг аж.

Энэ газрын үйл ажиллагаатай танилцаж явахад настнуудын дунд шатрын тэмцээн болж байсан юм. Дөрвөн хос тоглолт болж, шатарчид биднийг анзаарах сөхөөгүй нүүж суулаа. Настан эрэгтэйчүүд ийн нэг өрөөнд шатраар өрсөлдөж байсан бол бялдаржуулах танхимд настай эмэгтэйчүүд дасгал хийж биднийг угтсан юм. Бүгд хувцсаар жигдэрч, нэгэн зэрэг хөдөлгөөн хийх аж. “Хөгширч үхдэггүй хөшиж үхдэг” гэж бид ярьдаг. Тэгвэл энэ газрын настнууд дасгал хөдөлгөөн хийж,  эрүүл мэнддээ анхаарснаар илүү урт насладаг бололтой.

Ингэж таамаглах нь бидний очсон дараагийн газар болох Ардын эмнэлэгт харсан дүр зурагтай холбоотой. Учир нь Шинэ барга баруун хошууны Ардын эмнэлэг хаалгаар нь ороход л эл хуль байлаа. 100 ортой энэ эмнэлэг жилд 50 мянган өвчтөн хүлээн авдаг байна.

Өдрийн эмчилгээний тасагт нэг хүүхэд, хоёр том хүн байсныг эс тооцвол өвчтөн гээд хэлчихээр нэг ч хүнтэй бид таарсангүй. Ходоод, гэдэсний оношлогоо тогтоох аппарат, автоматчилсан аппарат, 500 МАХ цацрагт аппарат зэрэг өндөр зэрэглэлийн тоноглол бүхий багаж төхөөрөмжтэй юм билээ. Мөн ариутгасан гурван мэс заслын өрөө, 24 цагаар ажилладаг түргэн аврах аппараттай, түргэн авралтад 120 талаас саадгүй орж болох замтай гээд эмнэлгийнхээ давуу талуудыг эмч н.Мандаа бидэнд танилцуулсан. Манайд тун ховорт тооцогдох бөөрний диализийн аппарат тэнд 5 байсан бөгөөд бүгд үйлчлүүлэгчгүй байсан юм. Энэ эмнэлгийг зорьж манай улсын иргэд очдог гэх ч бидэнтэй нэг нь ч тааралдсангүй.

Бид цааш Шинэ барга баруун хошууны нэгдүгээр үндэстний хүүхдийн цэцэрлэгт зочилсон. Тэндэхийн багачууд “Алтан тав” нэртэй монгол дуу дуулж биднийг угтав. Ар Монголын зочдод ч монгол дуу дуулж, дээл өмссөн багачуудын “үзүүлбэр” таалагдсан. Энэ цэцэрлэг монгол, хятад нийт 16 ангитай гэнэ.

Үүний дотор Хөлөн тосгоны хүүхдийн цэцэрлэг мөн багтдаг юм билээ. 457 хүүхэд, 40 багштай үйл ажиллагаа явуулдаг аж. Хүүхдэд зориулсан тун тохилог орчин, тохижилт хийсэн нь бидний анхаарлыг ихэд татаж байв. Хүүхдийн нуруунд тохирсон толь байрлуулжээ. Мөн цэцэрлэгийн хаалгаар оронгуут л аль бүлэг хэдэн давхарт байгааг нь зургаар чимэглэн заасан байх аж. Цэцэрлэгийн гаднах талбайн хувьд ч тохилог бөгөөд хүүхдийн тоглоом байрлуулсан байна. Өнгөрөгч есдүгээр сарын эхээр шинэ байрандаа нүүж орсон нэгдүгээр үндэстний хүүхдийн цэцэрлэг “Барга үндэстний хүүхдийн цэцэрлэг” гэж нэрээ өөрчилсөн тухай цэцэрлэгийн багш бидэнд хэлсэн.

Шинэ барга баруун хошууны “Алтан-Эмээл”-д 2001 оноос эхэлсэн бүтээн байгуулалт өнөө ч үргэлжилсээр байгаа юм. Орон сууцжуулах, цэцэрлэгжүүлэлт, гэрэлтүүлэг, зам харгуй гээд хүн зоны амьдрал ахуйд чиглэсэн бүтээн байгуулалт, тохижилт их хийгдэж байна. Хаа сайгүй ухсан нүх, өрөмний дуу, краны чимээ сонсогдоно. Тэр битгий хэл бидний буусан буудлын халуун ус хүртэл энэ бүтээн байгуулалтаас үүдэлтэйгээр тасарч байлаа. Тэнд бараа бүтээгдэхүүн харьцангуй өндөр үнэтэй борлуулагддаг юм байна. Харин чихэр, жимс “боломжийн” үнээр зарагддаг тухай хөтөч маань бидэнд хуучилсан. 
 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“Алтан-Эмээл”-д амьдрал ийм байна   
Үзсэн: 8652 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2015-10-15 20:35
Taalagdlaa. Saihan niitlel bichjee.
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2015-10-05 14:37
Ee huurhii duu
112.72.11.xxx [112.72.11.xxx] 2015-10-05 14:05
Хорин жилийн өмнө Алтан эмээл Манжуураар залхтлаа л явж байжээ. Одоо явбал Хэрлэн гол, Далай нуур хэвээр л байхдаа. Өөр мэдэх юу ч байгаа аж дээ.

Бидэнтэй нэгдээрэй