Шууд Chart

Хамтын тэтгэвэр авах хүмүүст насны зөрүү хамаарахгүй

2015-12-08 10:02:24

Өнгөрсөн долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталсан. Гэхдээ уг хууль 2017 оноос хэрэгжинэ.

Хамтын тэтгэвийн тухай хуулийн дагуу 15-аас дээш жил хамтдаа амьдарсан эхнэр, нөхөр хоёрын нэг нь нас барахад түүний тэтгэврийн тодорхой хувийг үлдсэн нь өөрийн тэтгэвэр дээр нэмж авах боломжтой болж байгаа юм. Энэ хуульд хамрагдах хамгийн эхний шаардлага бол гэрлэлтээ хууль журмын дагуу бүртгүүлсэн, 15-аас доошгүй жил амьдарсан байх. Хоёрдугаарт, хуульд заасны дагуу нийгмийн даатгалаа 20 жилээс доошгүй хугацаанд төлсөн байх шаардлагатай. Магадгүй гэр бүлийн хоёрын нэг нь бурхан боллоо гэхэд үлдсэн нь тэтгэвэрт гарах нас, шимтгэл төлсөн хугацаа нь бүрдээгүй байж болно. Энэ тохиолдолд тэрхүү нөхцөлийг бүрдэх хүртэл буюу таван жилийн хугацаанд хамтын тэтгэвэр авах боломж нь хадгалагдаад явах юм байна. Жишээ нь, нөхөр нь нас барах үед эхнэр нь 50 настай байлаа гэж бодоход  таван жилийн дараа эхнэр нь тэтгэвэртээ гарахад хамтын тэтгэвэр авч болох юм.

Харин таван жилээс дээш хугацааны дараа тэтгэвэрт гарахаар байвал Хуульд хамрагдах эрх нь хүчингүй болно гэсэн үг. Мөн хамтдаа амьдарсан хугацаа нь 15 жилдээ хүрээгүй 14 жил байсан ч энэ хуульд хамрагдах боломжгүй болно. Хамтын тэтгэврийн хувийг одоогоор хамгийн багадаа 20 хувь байна гэж тооцож байгаа бөгөөд хууль хэрэгжиж эхлэх үед хувийг Засгийн газраас тогтоох юм.

Хамгийн бага хувиар тогтоолоо гэхэд 20 хувь  байна гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа. Одоо манай улсад бүрэн тэтгэврийн доод хэмжээ 230 мянган төгрөг байгаа. Үүний 20 хувиар бодоход сардаа 44-45 мянган төгрөг нэмж авна гэсэн үг. Жилийн 500-600 мянган төгрөг үлдэж байгаа гэр бүлийн хүнд нь дэмжлэг болж очих юм. Дундаж тэтгэвэр 350- 400 мянган төгрөг гээд бодоход сар бүр 80 мянган төгрөг нэмж авна.

Үүнээс гадна Хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдах гэр бүлийн хоёр заавал нэг дор хамт амьдарсан байх шаардлагагүй. Тухайлбал, нэг нь гадаадад ач, зээгээ хардаг ч байж болно гэсэн үг. Мөн хосуудын насны зөрүүнд ямар нэг хязгаарлалт байхгүй бөгөөд 20 насны зөрүүтэй байсан ч энэ хуульд хамрагдах юм.

Түүнчлэн уг хууль 2012 оны нэгдүгээр сарын нэгнээс хойш эхнэр эсвэл нөхрөө алдсан хүмүүст хамаарна.

 

Нийтэлсэн: О.Энхмаа

Хамтын тэтгэвэр авах хүмүүст насны зөрүү хамаарахгүй  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй