Багагүй хугацаанд яригдаж хэлэлцсэн Зөрчлийн тухай хуулийг өнгөрсөн долоо хоногт эцэслэн баталсан. Өмнө нь 210 гаруй хуулиар асуудлыг шийддэг байсан заалтуудыг нэгтгээд Зөрчлийн тухай хууль болгосон гэж хэлж болох юм. Нэг ёсондоо энэ хууль бол бага Эрүүгийн хууль гэдгийг хууль санаачлагчид хэлж байгаа.
Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэлийг нэгжээр тооцохоор тусгасан бөгөөд нэг нэгж нь 2000 төгрөгтэй тэнцэх хэмжээтэй. Өмнө нь торгох, баривчлах, тусгайлан олгосон эрх хасах, хууль бусаар олсон орлого, эд зүйл буюу зөрчил гаргахад ашигласан тээврийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, орон байрыг хураах гэсэн төрөлтэй байсан бол Зөрчлийн тухай хуулиар эрх хасах, торгох гэсэн төрөлтэй болж байгаа юм. Түүнчлэн иргэнд 10-10.000 нэгжтэй тэнцэх, хуулийн этгээдэд 100-50.000 нэгжтэй тэнцэх хэмжээний торгууль оногдуулна.
Энэ хуулинд зөрчил үйлдсэн иргэн, хуулийн этгээдэд шийтгэл хүлээлгэхээс гадна зөрчил үйлдэж олсон хөрөнгө орлогыг хураах, зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлсийг хураах, хохирол нөхөн төлүүлэх, албадан эмчлүүлэх, нийтэд тустай ажил хийх зэрэг албадлагын арга хэмжээг тусгасан. Өмнө нь уламжлалт зан заншил, тухайн хүний асуудалд хандах хандлагаар асуудлыг шийддэг байсан бол суурин амьдралд хэн хэндээ төвөг чирэгдэл удахгүйгээр амьдрахад хууль чиглэгдэж байна гэсэн үг. Жишээлбэл, сүүлийн үед орон сууцанд амьдарч буй иргэдээс бөө амгалан тайван байдал алдагдуулж байна гэх гомдол их гарах болсон. Үүнд нь хариуцлага тооцож чаддаггүй байсан бол шинэ хуулиар торгодог болох юм.
Үүнээс гадна хууль хэлэлцэх үед иргэдийн дунд яригдаж байсан нэг заалт нь хүн гүтгэхийг зөрчилд тооцсон заалт. Засгийн газраас өргөн барьснаар Эрүүгийн хуульд гүтгэлгийг бүхэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тусгасан байсан. Хууль зүйн Байнгын хороо болон УИХ-ын чуулган дээр ярилцаад Зөрчлийн хууль руу оруулж, торгох шийтгэл оногдуулдаг болсон.
Гэхдээ нэг биш гурван зүйл заалтаар эрүү үүсгэнэ. Нэгдүгээрт, сонгуулийн үеэр хүн гүтгэвэл эрүүгийн хэрэг үүсгэнэ. Энэ нь ямар учиртай вэ гэхээр сонгууль бол ард түмний төрөө байгуулж байгаа үйл явц. Энэ үйл явцыг ямар нэгэн байдлаар нөгөө тийш нь эргүүлж, гүтгэлэг хэрэглэж магадгүй гэж үзээд энэ үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээр заасан. Хоёрдугаарт, гэмт хэрэгт холбогдуулаад хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын шатанд хүнийг гүтгээд эрүү үүсгэвэл энэ тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэнэ. Гуравдугаарт, шүүх ажиллагааны явцад шүүгч эсвэл прокурор ч юм уу хүнийг гүтгэсэн зүйл байвал үүнд эрүү үүсгэхээр хуульчилсан байгаа.
Нэмж мэдээлэхэд, Зөрчлийн хууль ирэх оны есдүгээр сараас эхлэн хэрэгжих юм.
Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэлийг нэгжээр тооцно | ||
Үзсэн: 1824 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.