“Редакцийн зочин” булангийнхаа энэ удаагийн дугаарт Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнийг урилаа.
-УИХ-ын гишүүн болсон нь миний буруу юм уу-
-Өнгөрсөн жил батлагдсан чухал хуулиудын нэг нь яах аргагүй Хамтын тэтгэврийн тухай хууль байлаа. Энэ хуулийн талаар яриагаа эхлэе...
-Юуны өмнө гарч байгаа хуулийн ололттой, давуу тал, нийгэмд үзүүлэх үр дүнг харах ёстой. Хамтын тэтгэврийн тухай хуулийг боловсруулж байх явцад гарч болох эерэг, сөрөг үр дагаврын аль нь илүү байхыг их судалсан. Анх 2004 онд би Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар томилогдож очсон үеэс л намайг олон ахмад настан зорьж ирдэг байсан. Тухайн хувь хүн насан туршдаа Нийгмийн даатгалын шимтгэл төлнө. Дээрээс нь байгууллага нь бас төлнө. Ингэж баахан хуримтлал бий болгочихоод түүнийхээ үр шимийг үзэж чадалгүй нас бардаг. Үлдсэн мөнгө нь дундын сандаа үлдээд Нийгмийн даатгалтай холбоотой өөр янз бүрийн зардалд зарцуулагддаг зарчимтай. Хамтын тэтгэврийн тухай хуулийг би 2004 оноос судалж эхэлсэн. Үндсэндээ долоо, найман жил судлаад 2012 онд хуулийн төсөл боловсруулж өргөн барьсан. Гэвч тухайн үедээ буцаагдаад дахиж албан ёсоор 2014 оны нэгдүгээр сард өргөн барьсан юм. Уг нь бол бүтэн нэг жилийн дотор хангалттай хэлэлцээд 2014 ондоо баталж болох байсан. Харамсалтай нь улс төрийн ямар нэг зорилгоор тухайн ондоо хэлэлцүүлэгт орохгүй байсаар байгаад саяхан баталлаа. Гэхдээ сая бас л 2016 оны улсын төсөв батлагдсаны дараа орсон. Төсөв гэдэг бол хууль юм. Тэгэхээр Төсвийн тухай хууль батлагдсаны дараа энэ хуулийг хэрэгжүүлэх төсөв мөнгийг суулгах боломжгүй байсан учраас хэрэгжих хугацааг нь 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс гэж оруулсан.
-Европын зарим оронд ийм тогтолцоо ахмадуудынх нь амьдралын нэг хэсэг болчихсон байдаг. Харин манайд үүнийг шинэ ойлголт мэт хүлээж авсан?
-Энэ тогтолцоо бусад улс орнуудад байдаг л зүйл шүү дээ. Манайд иргэд, даатгуулагчид руу чиглэсэн төрийн бодлого хэрэгжүүлэх гэхээр шүүмжлэх хүн олон гарч ирдэг. Юм болгоныг болохгүй, бүтэхгүй талаас нь хардаг, нэг ёсны их хардамтгай хүн олон байна. Хүмүүсийн яриад байгаа шиг настай хүмүүстэй гэрлээд мөнгийг нь аваад үлддэг жишиг бусад оронд байсан байна. Энэ бүх жишээг бид судлаж, тооцож үзсэн. Тэгээд хууль ёсны гэр бүл болсноос хойш 15-аас доошгүй жил хамт амьдарсан байх ёстой гэсэн заалт оруулсан юм. Дундаж насаар бодохдод 30-тайдаа гэрлээд 30 жил хамт амьдраад 60-тайдаа тэтгэвэрт гарна. Харин 15 жил гэдэг бол тал хугацаа нь. Үүнийг боломжийн хугацаа гэж харж байгаа. Зөвхөн хэн нэгний тэтгэврийг авахын тулд 15 жил хамт амьдарна гэдэг нь боломжгүй зүйл гэж бодож байна.
-“Хүний хөгжил” сангаас олгодог хүүхдийн мөнгийг энэ сараас судалгаанд суурилан зарим өрхийн хүүхдүүдэд олгохыг зогсоож байгаа. Үүнийг төсөв хэмнэхийн тулд гэж тайлбарлаж байгаа ч хүүхдүүдийг ялгаварлаж байна гэсэн шүүмжлэл дагуулж байна. Энэ тухайд таны бодлыг сонсъё?
-Нэг хэсэг халамж хэтэрхий хавтгайрлаа, халамжийн орон боллоо гээд л баахан шуугисан. Тэгээд салбар дундын мэдээллийн санг бий болгосноор тухайн айл өрхийн амьжиргааг тодорхойлоход баг, хорооны Засаг даргын юм уу, ямар нэг улс төрчийн оролцоог байхгүй болгосон. Өмнө нь тухайн хороонд хэдэн ядуу өрх байдаг, хэдэд нь тусламж өгөх шаардлагатай талаарх мэдээллийг хорооны Засаг даргаас л авдаг байсан. Хорооны Засаг дарга өөрийнхөө намын гишүүдийг л илүү тодорхойлж өгдөг байсан. Одоо тэгэх шаардлагагүй болсон. Мэдээллийн нэгдсэн санд байршсан өрхүүдийн судалгааг харахад бүх өрхийн мэдээлэл гараад ирнэ. Энэ бол нийгмийн халамжийн бодлогыг улстөржилтөөс салгасан маш том алхам юм. Хүүхдийн мөнгийг ч гэсэн үүнтэй уялдуулж байгаа. Боломжтой айлын хүүхдүүдэд 20 мянган төгрөг өгөөд амьдралд нь мэдэгдэхгүй ш дээ. Бүр хүүхдийнх нь нэрийн данс руу 20 мянган төгрөг орж байгаа эсэхийг ч мэдэхгүй айл зөндөө бий. Гэтэл 20 мянган төгрөгөөр амьдардаг айлууд ч байгаа. Тэгэхээр нийгэм, эдийн засгийн хүндрэлтэй цаг үед ямар ч шаардлагагүй айл өрхүүдэд тэр мөнгийг өгч яах юм бэ. Үүнийхээ оронд тэр цэцэрлэг, сургууль барих, засварлах ч юм уу, аль шаардлагатай зүйлд тэр мөнгийг зарцуулъя л даа. Зорилтот бүлэг рүүгээ чиглэе гээд судалгаа хүртэл гаргаад ажиллахаар “сонгуулийн хар машин” гэдэг шиг юм яриад эхэлж байгаа юм. Манайд хардалт бол арай л хэтэрч байгаа.
Намайг ч гэсэн идсэн, уусан гээд л байнга хардаж сэрдэж байдаг. Тэр “Хар жагсаалт” гээчид ч хүртэл оруулчихсан байна лээ. Би ганц л юм хэлдэг. Монгол Улс шүүх тогтолцоотой, шүүх хяналтын байгууллага байдаг. Тэр байгууллагууд чинь ажлаа хийгээд идсэн, уусан бол олж илрүүлээд хуулийн хариуцлага хүлээлгэх ёстой биз дээ. Өнөөдөр Үндсэн хуульд шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно гэсэн заалт байгаа шүү дээ. Гэтэл манайд хэн дуртайгаа л луйварчин гэж зарлаад эхэлдэг. Монгол Улс бол парламентийн засаглалтай, парламентийн гишүүд нь төрөө удирддаг орон. Гэтэл өнөөдөр парламентийн 76 бол бүр байхгүй. 76 луйварчин, дээрэмчин л гэнэ. Тэгвэл ард түмний сонголт тийм сохор юм уу. Иргэд ямар нэг асуудлын зөв агуулгыг нь ч ойлгож амжилгүй наана нь улс төрийн хор хийдэг хүмүүсийн яриагаар урсаад явчихдаг.
-Би ямар ч гүйлгээн дээр гарын үсэг зурдаггүй-
-Ер нь хулгай, луйвар хийсэн хүн хэзээ ч би тэгсэн гэж хэлэхгүй байх л даа. Намайг гүтгэж байна л гээд байдаг шүү дээ...
-Тэгвэл хийснийг нь тогтоох хэрэгтэй ш дээ. Жишээ нь, таныг зүгээр л мөрөөрөө ажлаа хийгээд, шударгаар хөдөлмөрлөөд явж байхад гүтгээд байвал дуртай байхгүй биз дээ. Өнөөдөр УИХ-ын гишүүн болсон нь миний буруу юм уу. Би хэн нэгнээс гуйгаад, эсвэл хэн нэгний лобби, арын хаалгаар гишүүн болоогүй ш тээ. Шударгаар нэрээ дэвшүүлээд, өрсөлдөөд л гарч ирсэн. Чадлаараа л ажиллаж байна. Хууль санаачлах, тогтоох гээд миний хийсэн ажил аль ч УИХ-ын гишүүнээс илүү байна уу гэхээс дутахгүй.
Намайг нийгмийн даатгалтай холбож их харддаг л даа. Гэтэл яагаад Хууль зүйн сайд, Хөдөө аж ахуйн сайдыг харддаггүйг би гайхдаг. Бүх яам л төсөв мөнгөө Сангийн яамаар дамжуулж авдаг ш дээ. Улсын төсвийн батлагдсан хөрөнгийг Сангийн яам, Төрийн сангаар хянуулаад тухайн яамны санхүүгийн хэлтэс, газар нь гүйлгээгээ хийгээд л явдаг. Жил бүр аудит, мэргэжлийн хяналт орж шалгана. Шаардлагатай гэвэл хууль хяналтын байгууллага шалгаж байна. Эдгээр шалгалт намайг ямар ч алдаа дутагдал гаргаагүй, мөнгө төгрөг сох дутаагаад идэж, уусан юм байхгүйг нотолно. Өнөөдөр хүүхдийн мөнгө дутсан гэж та нар сонсоогүй биз дээ. Тэр мөнгө нь ордог дансандаа тоо ёсоороо орж л байгаа. Харин хүүхдийн мөнгөө авах гэж хүмүүс яаж дугаарлаж, ажлаа алддаг байлаа. Энэ асуудлыг шийдэж өгсөн. Одоо 20 мянган төгрөг хүүхдийнх нь нэрийн данс руу автоматаар л орчихож байгаа ш дээ. Тэтгэвэр авч байгаа ахмадууд ч гэсэн хуучных шиг мөнгө дуусчихна, банкны зузаатгал дуусахаас өмнө тэтгэврээ авъя гэдэг асуудал байхгүй болсон. Дуртай үедээ л мөнгөө авч байна.
Энэ бүгдийг олгож байгаа Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө гэдэг чинь тухайн аймаг, дүүргийнхээ Нийгмийн даатгалын хэлтэс, бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдтэйгээ харьцаад шимтгэл төлөлтийг нь хянаад, аж ахуйн нэгж байгууллага нь шимтгэлээ төлөөд тэр нь тухайн орон нутгийн Төрийн сан руу ордог. Орон нутгийн Төрийн сангаас төв Төрийн сан руу шилжинэ. Манай Нийгмийн даатгалын хөрөнгө бол төв Төрийн сан дээр байгаа. Жил бүр Монголбанк, холбогдох Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн удирдлагууд хамтраад тухайн жилд Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийн хэдэн төгрөгөөр бонд худалдаж авах вэ, хэдэн төгрөгийг хадгаламжаар байршуулах вэ гэдгийг шинэчилж баталдаг. Яг тэр баталсан хэмжээний мөнгийг нь арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна. Нэг бол Засгийн газрын үнэт цаасыг худалдаж авдаг. Ийм л зарчмаар явдаг юм. Жишээ нь, би ямар ч гүйлгээн дээр гарын үсэг зурдаггүй. Учир нь надад гүйлгээ хийх эрх байхгүй. Манай яамны гүйлгээг Төрийн нарийн бичгийн дарга, Санхүүгийн газрын дарга хийнэ. Хяналт тавьдаг 10-аад ерөнхий болон туслах нягтлан байдаг. Гэтэл намайг нийгмийн даатгалын нэг авдартай мөнгөн дээр суучихаад л хаа хамаагүй гаргаж цацаад байдаг юм шиг л яриад, бичээд байдаг. Тийм юм гэж байхгүй ш дээ.
-Бичиг баримт хуурамчаар үйлдэж мөнгө завшсан тохиолдол гарсан. Баабар гуай ч гэсэн нийгмийн даатгалынхан бол бичиг баримтыг бараг өөрсдөө л үйлдвэрлэдэг гэж хэлж байсан?
-Уучлаарай, тийм юм байхгүй. Надад тэр нэг хар энергитэй хүнтэй хэрэлдэж, маргалдаад байх ямар ч сонирхол алга. Угаасаа энэ хүний хуурамч баримт бичиг үйлдсэн, хуурамчаар тэтгэвэр тогтоолгосон, хээл хахууль өгсөн, авсан гээд бүх зүйл нь хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа. Тэгэхээр би хууль хяналтын байгууллагыг төлөөлж Баабар гэдэг хүнтэй маргалдаад байх шаардлага алга. Тэгээд ч би олон хүүхэдтэй хүн. Хэл амнаас хол баймаар байна.
-Та шүүх засаглалд итгэдэг үү?
-Шүүх засаглалд итгэхгүй гээд өөр юунд итгэх болж байна. Гэхдээ тэнд бас л алдаа байгаа. Над дээр ч гэсэн алдаа гаргаж л байсан. Би 2008 онд УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод түр үнэмлэхээ авчихаад байхад надад зургаан жилийн ял өгөөд би хоригдож байлаа. Улсын яллагч нь намайг яллахаас татгалзаж байхад Ерөнхий прокурор нь яллагчаа ажлаас нь халаад оронд нь надтай заргалдаж байсан Баяртсайханы нутаг буюу Увсаас н.Насанбат гэдэг прокурор татаж авчраад халагдсан прокурорын оронд томилж байгаад намайг яллуулж байсан.
Яахав монголчууд “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэж ярьдаг л даа. Гэхдээ шүүх гэдэг чинь нэг хүн биш шүү дээ. Шүүгч нар дотор зөвхөн өнөө маргаашаа аргацаагаад муу ч юм хийдэггүй, сайн ч юм хийдэггүй нэг хэсэг бий. Гэтэл нэг хэсэг бүлэглэлд элсээд тэр бүлэглэлийнхээ эрх ашгийг хамгаалж түүгээрээ амьдардаг нэг хэсэг бий. Үнэхээр хуульд заасан бүхнийг мөрдүүлэх гээд ажиллаж байгаа нэг хэсэг байгаа. Тэгэхээр шүүх гэдэг ерөнхий нэр томьёогоор бүгдийг нь буруутгаж болохгүй.
-Таныг яллаж байсан тэр үеэс одоо шүүх засаглалд ахиц дэвшил гарсан зүйл харагдаж байна уу?
-Тэр үеийн шүүгч нар хэвээрээ л байгаа ш дээ. Шүүгч нар чинь насаараа томилогддог. Тэгээд ч хууль эрх зүйн орчин нь өөрчлөгдөөгүй учраас хэвээрээ л байгаа. Харин сая Эрүүгийн шинэ хууль батлагдаж 2002 оны “Нямдоржийн хар хууль” хүчингүй боллоо. 2002 оноос хэрэгжиж байсан хууль бол бүхэлдээ шоронжсон хууль байсан. Хүнийг гэм буруутайг нь ойлгуулах ямар ч арга хэмжээ байхгүй, шууд л барьж аваачаад шоронд хийдэг. Хүн шоронд орж хүмүүжээд сайн хүн болно гэж байдаггүй л байхгүй юу. Улам л эвдэрнэ, халаас ухдаг байсан хүн бол шоронд ороод айл ухдаг болно. Хүн зоддог байсан бол хүн алдаг болно гээд улам л зэрлэгшиж, нийгмээс тасраад хүн чанараа алдаж эхэлдэг. Тэгэхээр одоо шинэ Эрүүгийн хуульд орсон гэрийн хорио ч гэдэг юм уу дэлхийн олон улс оронд хэрэглэдэг гэм бурууг нь ухааруулах, хүмүүжүүлэх хорихоос өөр төрлийн аргаар шийтгэх аргуудыг бол зөв гэж харж байгаа.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хувьд хэлэхэд, хүнийг олон дунд хүмүүжүүлэх арга нь л илүү үр дүнтэй байдаг болохоос тусгаарлаж хүмүүжүүлнэ гэдэг бол нэг их сайн арга биш. Харин нийгэмд аюултай, тэр хэргээ дахин давтаж үйлдэх эрсдэлтэй хүмүүсийг бол мэдээж тусгаарлаж хорих нь зөв.
-АТГ баривчлах нэрийдлээр хүнийг шоронд хийж, доод тал нь хоёр сар хорьж байна. Хүний эрхэнд халдаж байна гэж шүүмжлэх хүн олон байдаг. Та үүнтэй санал нийлдэг үү?
-Манай цагдаа, шүүх, хуулийн байгууллагад буруу практик байгаа юм. 1937 онд их хэлмэгдүүлэлтийн үед эхлээд нийтэд зарлаад, дараа нь барьж аваачиж хорьж, шийтгэдэг байсан энэ тактик одоо ч манайд байгаад байна. Яагаад ингэж амь бөхтэй байгаад байна гэхээр тэнд ажиллаж байгаа хүмүүс чинь бүгд л коммунизм, социализмын үед бэлтгэгдчихсэн боловсон хүчин хэвээрээ л байгаа байхгүй юу. Одоо л дөнгөж хорь, гучин хувь нь шинэчлэгдээд явж байна ш дээ. Одоо дахиад арав, хорин жилийн дараа л цэвэршиж байр байрандаа орно л доо. Өнөөдөр бид ардчиллыг бий болгочихлоо гээд байгаа боловч яг бодит байдалд бол түүндээ хүрээгүй л байгаа. Өнөөдөр салхи ороогүй, өөрчлөлт ороогүй салбар гэвэл би хуулийн салбарыг хэлнэ. Бас эрүүл мэндийн салбар байна. Яг л хуучнаараа. Эмнэлгүүдэд өглөө нэг хэдэн номер тараадаг. Тэгээд тэр номероороо хэдэн өвчтөн үзвэл үзээд, үзэхгүй бол тэгээд үдээс хойш бүгд тараад нэг бол өөрийнхөө, нэг бол найзынхаа хувийн эмнэлэгт очоод суучихдаг. Ямар нэг онош тогтоовол түүндээ таарах эмийг нь худалдаж авах Эмийн санг хүртэл зааж өгдөг. Энэ тэгээд хүн ардынхаа эрүүл мэндийн төлөө тангараг өргөсөн эмч хүнд байж болох ёс суртахуун мөн үү.
Хүмүүс яагаад заавал тэр өндөр үнээр гадаадад эмчлүүлээд байдаг юм. Манайд ядаж л оношийг нь зөв тогтоож чадахгүй байна ш дээ. Миний эргэн тойронд тийм жишээ олон байна. Манайд ажиллаж байсан нэг танил эмэгтэйг хавдар туссан гэж Монголд оношлоод өөрт нь бараг насгүй болсон гэж хэлсэн байгаа юм. Өнөөх хүн чинь сэтгэлээр унаад хэвтэрт орчихсон. Бид бүр хандив, тусламж цуглуулаад Солонгос явууллаа. Тэнд очиж 14 хоноод бүх шинжилгээг нь өгсөн чинь хавдар биш, сахарын шок болчихсон байж. Тэгээд хэд хоног сахарын эмчилгээ хийлгээд үхэх гэж очсон хүн чин дэлгүүр хэсээд баахан бэлэгтэй буцаад ирсэн ш дээ. Энэ бол нэг л тохиолдол.
Тэгэхээр энэ бол тухайн аль нэг салбартаа биш тогтолцоондоо байгаа гэдгийг л харуулаад байгаа юм. Хууль эрх зүйн тогтолцоо нь өөрөө буруу байгаа. Энийг л зөв болгох ёстой. АТГ өнөөдөр албан тушаал эрх мэдэлтэй холбоотой эрүүгийн таван зүйл ангиар л шалгах эрхтэй ш дээ. Гэтэл одоо АТГ-т орохгүй юм алга байна шүү дээ. Энэ газарт ч гэсэн хуулийн тогтолцоо нь буруу байна. Нөгөө талдаа манайханд тодорхой хэмжээний эрх олгочихоор тэрийгээ хэд дахин нугалж эдэлдэг. Тэгсэн мөртлөө үүрэг, хариуцлага хүлээх дургүй.
-Аргагүй байдалд ороод аль нэг яамыг эвсэж байгаа намдаа өгөөд, хамтарсан засаг байгуулаад л явж байна-
-Тэгвэл Ардчилсан нам засаг барьж байж яагаад хамгийн чухал эрүүл мэндийн салбарт хойд эх шиг ханддаг юм бэ?
-Ардчилсан нам өгөөд байгаа гэж буруу ойлгоод байна. Өнөөдөр аргагүй байдалд ороод аль нэг яамыг эвсэж байгаа намдаа өгөөд, хамтарсан засаг байгуулаад л явж байгаа шүү дээ. Аргатайдаа бол тэгэхгүй ш дээ. Үнэндээ Ардчилсан намыг хэзээ ч олонх болгож байгаагүй. Харин олон болгож байсан. 1996-2000 онд 50 суудалтай байсан. 51 дэх хүн орж ирж байж тэр үеийн хурлын ирц бүрддэг. 51 дэх хүн санал өгч байж шийдвэр хүчин төгөлдөр болдог байсан. Тэр 51 дэх хүн О.Дашбалбар агсан байлаа л даа. Тухайн үед сөрөг хүчин 25 хүнтэй. О.Дашбалбар маань голдуу л сөрөг хүчин тал руугаа орчихдог. Тэр үед бүхэл бүтэн дөрвөн Засгийн газар солиод тавьчихсан, дээрээс нь өчнөөн алдаатай бодлогууд гарсан. Гэхдээ хэдий тийм байсан ч гэсэн Ардчилсан намын хувьд өмч хувьчлал явагдсан, үнэ чөлөөлсөн, орон сууцыг иргэдэд өгсөн, малыг малчдад нь өгсөн гээд маш олон зүйл хийж чадсан. Тухайн үед МАХН алхам бүрт л үгүйсгэж шүүмжилдэг байсан. Жишээ нь, орон сууцыг иргэдэд өгч эхлэхэд за ингээд Улаанбаатар хот байхгүй болох юм байна, хэдэн байшинг чинь хана цонхоор нь хуваагаад аваад явна л гээд байсан. Одоо тэгээд авч яваад, Улаанбаатар байхгүй болсон нь хаана байгаа юм. Харин ч өнөөдөр Улаанбаатар хот улам л хөгжиж байна.
Өнөөдөр ч гэсэн бид 35-уулаа л байна ш дээ. Дөрвөн хүн нэмэгдэж байж бид олонх болж шийдвэр гаргах түвшинд хүрнэ. Тэгэхээр заавал хэн нэгэн, хоёр дахь, гурав дахь этгээдтэй хамтарч байж Эвслийн Засгийн газар байгуулагдах болчихоод байна ш дээ.
-Яагаад МАН-ыг биш, МАХН-ыг сонгосон юм?
-Сая бид нар МАНАН болж үзсэн ш дээ. МАНАН болж үзсэн чинь зургаахан сарын дотор яаж манантуулав. Хүмүүсийг хэдэн арваар нь ажлаас нь халж солиод л, олдсон дээр нь гэдэг шиг л хэдэн яамдыг бужигнуулж өгсөн. Тэгээд арга буюу МАН-аас салаад “Шударга ёс эвсэл”-тэй үлдсэн ш дээ.
Засаг хуваариалалтад заавал Хөдөлмөрийн яам ч юм уу, Байгаль орчны яамыг өгье гэсэн тийм хуваарилалт байхгүй. Зүгээр л тухайн үед хийсэн хуваарилалтад Эрүүл мэнд, спортын яам л ногдчихсон л байгаа байхгүй юу. Тэрнээс биш аль нэг яамыг илүү үзсэндээ хэн нэгэнд өгөөд байгаа юм байхгүй.
-Гэхдээ заавал хамгийн чухалд тооцогдох эрүүл мэндийн яамыг ингэж хуваарилах нь зөв юм уу?
-Хэрэггүй салбар, яам гэж байхгүй. Бүгд хэрэгтэй болоод л яам байгуулагдсан. Эрүүл мэндийн салбарт маш том реформ болох, энэ салбарыг эрүүлжүүлэх Эрүүл мэндийн даатгалын шинэ хууль батлагдсан. Ирэх наймдугаар сарын 1-нээс энэ хууль хэрэгжиж эхлэхээр дуртай ч, дургүй ч эрүүл мэндийн салбарт бүхэл бүтэн хувьсгал болно.
-Энэ хуулиар эрүүл мэндийн салбарын зах зээл ч гэсэн хөгжих боломжтой байх?
-Одоо бол иргэд эмнэлэгт очоод үзүүлэхдээ, хагалгаанд орохдоо, төрөхдөө гээд дандаа л эмчээ царайчилж, халаасыг нь дүүргэдэг. Харин энэ хууль хэрэгжээд эхлэхээр тийм зүйл огт байхгүй болно. Нэгдүгээрт, энэ хуулиар зөвхөн өөрийнхөө амьдардаг сум, дүүргийн биш, хаана ч, аль ч эмнэлэгт очоод эмчилгээ үйлчилгээ авах эрх нь нээгдэж байгаа. Хоёрдугаарт, үзүүлэх эмнэлгээс гадна эмчээ өөрөө сонгох боломжтой болж байгаа. Эрүүл мэндийн даатгалаас орж байгаа санхүүжилтээ өөрөө захиран зарцуулдаг болж байна гэсэн үг.
Одоо эмнэлгүүд Эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авахдаа яг л төсвөөс санхүүжилт авч байгаа юм шиг л авдаг. Жишээ нь, Нэгдүгээр эмнэлэг жилд мянган хүнд эмчилгээ үзүүлдэг байлаа гэж бодоход энэ эмнэлэг өмнөх гурван жил мянга орчим л хүн үзэж байсан юм байна гээд л энэ жилийн төсвийг бодохдоо 70 хувиар нь бодоод нэг тэрбум төгрөгийн санхүүжилтийнхээ 700 саяыг нь урьдчилаад өгчихнө. Үлдсэн 300 саяыг нь гүйцэтгэлэээр өгнө гэдэг нэртэй боловч гүйцэтгэл гарах үед эмнэлгүүд цаасыг харин ч нэг сайхан үйлдвэрлэнэ дээ. Долоо хоног хэвтсэн хүнийг 10 хоног хэвтсэн болгодог гэх мэтээр энэ хөрөнгө санхүүгийн асуудал яригддаг. Харин хууль хэрэгжээд даатгуулагчаар дамжиж даатгалын мөнгө очдог болоод эхлэхээр иргэдийг тосч үйлчилдэг болно. Үүнийг дагаад эмнэлгийн орчин, үйлчилгээ, чанар гээд манай иргэд гадаадад эмчлүүлэхэд ямар байдаг билээ, яг л тийм үйлчилгээг авна.
-Энэ хууль хэрэгжиж эхлэхээр бүх иргэн Эрүүл мэндийн цахим карттай болно гэж байсан?
-Одоо эрүүл мэндийн цахим картыг хэвлэх тендер зарлах бэлтгэл ажлыг хийж байна. Энэ жилийн төсөвт суугаад батлагдчихсан. Бид ямар ч байсан тавдугаар сар гэхэд цахим картыг бүх даатгуулагчиддаа олгохоор ажиллаж байгаа.
-Тэтгэврийн зээлийг зохицуулсан тусгай хууль байх боломж бий юу. Мөн энэ зээлийн хүүг бууруулах тухай нэг хэсэг ярьсан?
-Энэ бол тэтгэвэр барьцаалсан арилжааны зээл. Тэтгэврийн зээл гэхээр хүмүүс нийгмийн даатгалаас олгодог зээл юм шиг буруу ойлгоод байдаг юм. Арилжааны банкнаас тэтгэврээ барьцаалаад авч байгаа арилжааны л зээл юм. Тэр бол тухайн арилжааны банк, зээлдэгч хоёрын хоорондын харилцаа. Энд даатгалын байгууллага, манай яам ямар ч хамаа байхгүй. Тэгээд ч аливаа банкны дотоод үйл ажиллагаанд гаднаас оролцох боломжгүй.
Энэ тэтгэвэр барьцаалсан зээлийг гадны зарим улс оронд бол хар зээл гэж нэрлэдэг. Хамгийн муу зээл учраас зарим оронд бүр хориглодог. Тухайн иргэн өөрийгөө тэжээх чадваргүй болсон учраас амьжиргааны эх үүсвэр болгож тэтгэвэр өгдөг. Тэгэхээр амьжиргааны эх үүсвэрээ барьцаалж зээл авчихаад тэр хүн яаж амьдрах болж байна.
Энд бас нэг асуудал байгаа. Сүүлийн үед үр хүүхэд, ах дүү нар нь ирж аав, ээжийгээ дарамталж байгаад гурван жил хүртэл тэтгэврийг нь барьцаалуулж зээл аваад алга болчихдог тохиолдол их гардаг болсон. Энэ асуудлыг хуульчилж өгөөч гэсэн ахмадууд ч надад их хандсан. Энэ тэтгэврийн зээлийн тухай хуультай холбоотой ажлын хэсэг гаргаад ажиллаж байгаа л даа. Бид энэ ажлын хэсэг дээр юу ярьж байна гэхээр тухайн тэтгэвэр авагчийн сарын тэтгэврийн 50 хувиас дээш хэмжээтэйгээр барьцаалсан зээл өгөхийг хориглодог юм уу, зээл өгөхдөө хүүг нь урьдчилж авахыг хориглосон заалттай ч юм уу ахмадуудаа хамгаалсан цөөхөн хэдэн заалттай хууль гаргах хэрэгтэй гээд ажлын хэсэг ажиллаж байгаа.
Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа хүн амын дотор ахмадуудын эзлэх хувь их өндөр болчихлоо. Ахмадууд зодуулж байна, тэтгэврээ булаалгаж байна, үнэ хөлсгүй гэрийн зарц хийж байна, айл цэвэрлэж байна, хүүхдийг нь харж байна. Уг нь тэгэх гэж тэтгэвэрт гараагүй шүү. Тийм учраас Ахмад настны эрхийн тухай хууль боловсруулах ажлын хэсэг гараад ажиллаж байна.
-Хүүхэддээ дарамтлуулчихаад тэднийгээ цагдаад баривчлуулах өвөө, эмээ, аав, ээж байх болов уу?
-Заавал цагдаад баривчлуулаад шоронд хийх биш өөр ямар нэг аргаар шийдэж болно. Жишээ нь, өнөөдөр хөгжлийн бэрхшээлтэй иргэд бидэнд зориулалтын шат алга, зам талбай алга гээд мянга гомдоллоод хэн тэднийг тоож байгаа юм. Гэтэл Америкт яагаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд тийм хүндтэй байдаг юм бол. Яагаад гэвэл тэнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн хуультай. Хуулийн дагуу тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгэмд тэгш оролцох оролцоог хангаагүй иргэн, аж ахуйн нэгж заавал хариуцлага хүлээдэг. Америкт Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүний эрхийн тухай хуулийг санаачилж батлуулсан хүн нь өөрөө манайд ирж энэ хуулийн төсөл дээр ажиллаж өгсөн. Үүний дагуу бид өргөн барьчихсан байгаа. Хэрэв энэ хууль батлагдах юм бол хөгжлийн бэрхшээлтэй 100 мянга гаруй иргэний эрх хангагдана. Яг үүнтэй ижил өнөөдөр Эмэгтэйчүүдийн эрхийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Ахмад настны эрхийн тухай, Залуучуудын эрхийн тухай хуулиуд байх ёстой.
Ахмад настны эрхийн тухай хуулийг нийгэмд сайн сурталчлаад эхлэх юм бол айхгүй ч гэсэн аягүй гэгчээр зарим хүн бодно ш дээ. За энэ чинь аятайхан байхгүй бол нэг өдөр түмний шившиг болох юм байна гэдэг ч юм уу ямар нэг байдлаар хүмүүст хүрнэ.
-Дараа үе чинь өөрсдийгөө зарлаж, хүлээн зөвшөөрүүлж гарч ирдэг юм-
-Таны бодлоор одоогийн Засгийн газар хэр сайн ажиллаж байгаа вэ?
-Үүнээс илүү сайн ажиллаж болох байсныг үгүйсгэхгүй. Гэхдээ одоогийн нийгэм эдийн засгийн нөхцөлд бол хангалттай сайн ажиллаж байгаа гэж бодож байна. Үнэндээ одоо Засгийн газрыг муулаад байгаа нөхдүүд бидэнд ямар Засгийн газар хүлээлгэж өглөө дөө. Нэг их наяд гаруй төгрөгийн өртэй тийм л Засгийн газар хүлээж авсан. Засгийн газрыг шүүмжилж болно. Гэхдээ хийсэн ажлыг нь үгүйсгэж болохгүй.
-Ардчилсан нам залгамж үеэ бэлдэхгүй байна гэдэг шүүмжлэл ер нь их гардаг?
-Залгамж үе чинь өөрсдөө өсч бойжиж, эрийн цээнд хүрээд, өөрсдийнхөө үеийг зарлаж гарч ирдэг юм. Хүний хор нь гарна гэж байдаг. Энэ нь эдийн шунал, эмийн шунал гээд олон төрлийн шуналууд нь арилаад насны эцэст бүх сонирхол нь буураад, ганц л зүйл хүнд үлддэг. Тэр нь үр удмаа сайхан орчинд сайхан амьдруулах, өөрөө нэр төр бүтэн нөгөө ертөнц рүү явах. Тэгээд улс орныхоо төлөө нэг ч гэсэн сайн сайхан зүйл хийж бүтээе гэсэн сэтгэгдэл бий болдог тэр насыг хэлээд байгаа юм.
-Таны хор гарчихсан уу?
-Зарим нь гараад зарим нь арай гараагүй байгаа байх. Тэгэхээр залуучууд бол би одоо бэлэн болчихсон гэдгээ харуулаад өөрсдөө хүлээн зөвшөөрөгдөх хэрэгтэй. Тэрнээс биш хэн нэгэн Элбэгдорж юм уу, Энхболд “За одоо миний дүү суу” гээд суудлаа тавьж өгдөг тийм улс төр дэлхийн хаана ч байхгүй. Цэвэр өрсөлдөөн байдаг юм. Дараа үе чинь гарч ирэхдээ бидний үе одоо ирлээ гээд зарлаж гарч ирдэг. Тэгээд зарлаад гараад ир л дээ. Тэрийг нь нийгэм олон түмэн, намын гишүүд хүлээн зөвшөөрөх юм бол тэдний үе ирнэ шүү дээ.
-Та Л.Гансүхтэй холбоотой хэргийг улс төрч хүний хувьд яаж харж байна вэ. Энэ хэлмэгдүүлэлт үү, эсвэл байж болох хэрэг үү?
- Шүүхээс гарсан аливаа шийдвэрт би хөндлөнгөөс ямар нэг дүгнэлт хийх утгагүй л дээ. Яагаад гэвэл би өөрөө хууль тогтоогч хийж байгаа ийм цаг үед жирийн иргэд шиг үзэл бодлоо шууд илэрхийлэх нь хязгаартай. Тийм учраас одоо шууд хариулах боломж алга.
-Тэгвэл хувь хүнийхээ үүднээс та юу гэж дүгнэж байна вэ?
-Ер нь бол би Л.Гансүхийгээ мэднэ л дээ. Олон жил нэг намд, УИХ-д хамт байсан хүний хувьд сайн мэднэ. Аливаа асуудалд түргэн шуурхай, хурдтай ханддаг, хурц дайчин гээд авах их олон сайн чанартай хүн. Тиймдээ ч төр засгийн хариуцлагатай өндөр албан тушаалд ажиллаж байсан хүн шүү дээ. Хувь хүнийхээ хувьд би Л.Гансүхийг ийм хэмжээний ял шийтгэл авахаар хэрэг хийсэн хүн гэж боддоггүй. Гэхдээ алдаа хийдэггүй хүн гэж хаана ч байхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн хүртэл алдаа хийгээд явж л байна.
-Хэн лоббидож чадсаных нь хууль л урагшилдаг-
-Өргөн барьсан хуулиуд дарааллынхаа дагуу хэлэлцэгддэггүй. Энэ чухал хууль учраас эхлээд хэлэлцэнэ гээд л гаргаад ирдэг. Гэтэл ард нь жинхэнэ чухал хуулиуд орхигдоод байх талтай?
-Хэн лоббидож чадсаных нь хууль л урагшилдаг. Энэ нь ганц Монголд байгаа юм биш. Аль ч улс оронд байдаг л асуудал. Яагаад гэвэл хүн санаачилсан хуулиа их хурал дотор хүлээн зөвшөөрүүлнэ, гишүүдэд ойлгуулна, таниулна гээд ямар ч арга хэрэглэж болно. Манайд л ашиг сонирхлын зөрчил гээд сонин юм яриад бүгдийг нь хаагаад хаячихсан. Америкт гэхэд конгресст нөлөөлдөг лобби бүлгүүд байдаг. Энэ чинь хүн хоорондын харилцааны л асуудал ш дээ.
-Ардчилсан хүчний холбоог нэг төрлийн лобби бүлэг гэж ойлгож болох уу?
-Манай Ардчилсан хүчний холбоо лобби бүлэг дээр тогтдог, клубын зарчмаар ажилладаг. Хэн нэгний гарал угсаа, үүх түүх огт хамаагүй, манайд хэн ч орж ирж болно. Яг одоогоор манайд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 80-аад клуб, бүртгэлтэй 150-аад клуб байна. Мөн 21 аймаг, есөн дүүрэгт салбар зөвлөлтэй, тогтмол үйл ажиллагаа явуулдаг холбоо. Хүмүүс л буруугаар ойлгоод яриад байдаг юм. Жишээ нь, “Шонхор” бол манайд байгаа улс төрийн клуб. Энэ клубт маш олон хүн байдаг. Тэр дотор нам бус хүмүүс ч байгаа, өөр намын гишүүд ч бий. Ардчилсан хүчний холбоо бол хамгийн нээлттэй, ил тод бүлэг. Тэгээд ч хэн нэгнийг ажилд зуучилдаг газар биш.
-Ардчилсан нам ямар ч бүлэглэл, фракцгүй нам болно гэдэг байсан. Одоо тэр амлалтандаа хүрч чадаж байна уу?
-Өөрийн гэсэн найз нөхөд, хүрээлэлгүй хүн бол урагшилдаггүй. “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй”-тэй адил хүн олуулаа, нөхөдтэй, өөрийн гэсэн хүрээлэлтэй байж л өсч дэвждэг. Намайг дэмждэг, хамгаалдаг хүн байхгүй бол би хаана хүрэх юм бэ.
-Тэгэхээр сайн лобби л хийдэг байх хэрэгтэй юу?
-Би ганцаараа мянга лоббидоод яах юм. Өдөржин гүйгээд 10 хүн л лоббидно биз дээ. Харин арвуулаа байх юм бол өдөрт дор хаяж 100 хүн лоббидно ш дээ. Манайхан л нэг юмыг туйлшруулаад байдаг зангаараа муулаад байдаг болохоос ер нь бүлэг, фракц гэдэг чинь муу юм биш шүү дээ.
-Муу хэлүүлэх үйлдэл, шалтгаан гарсан болохоор л тэгж хэлж байгаа байх?
-Гүтгүүлж л байгаа бол заавал нэг “но” байна гэж хэлэх гээд байна уу. Үгүй л байхгүй юу. Өнөөдөр хэн дуртай руугаа дайрч, хэн дуртайгаа л гүтгэж байна ш дээ. Тэр хүн нь буруутай л юм бол шүүх хяналтын байгууллагаар тогтоох хэрэгтэй.
-Ардчилсан нам энэ олон фракцаасаа болоод нурж байна гэдгийг гаднаас биш, нам дотроосоо зарим гишүүн нь хэлдэг болсон шүү дээ?
-Олон хүн байгаа учраас хэн нэг нь гомдсон, өөрийнх нь бодсон, санасан биелээгүй болохоор тийм гомдол гаргасан байж болно. Яг нарийн ярих юм бол Ардын нам фракц, бүлэглэлийн тоогоороо Ардчилсан намыг арав нугална. Хөдөөгийн, хотын, Бадамжунайн, М.Энхболдын, Нямдоржийн гээд хэдэн арван бүлэглэлтэй ш дээ.
-Тэгвэл гадагшаа харагдахдаа МАН-ын тэр бүлэг хоорондох зөрчил нь АН-ын дотоод зөрчлөөс арай бага харагддаг юм болов уу?
-МАН сайн нуудаг гэж үү. Ил тод байснаараа АН буруутай болж таарч байна уу. Дотоод ардчилал гэдэг юм чинь ил тод л байх ёстой. Жишээ нь, би өнөөдөр Баабарын хуурамч тэтгэвэр тогтоосныг хэлчихвэл манай намын нэр хүнд уначихна гээд нуух юм байна л даа. Эсвэл айгаад дуугүй байх юм байна л даа. Үгүй л байхгүй юу. Баабар гэдэг чинь хувь хүн. Үүрэг, хариуцлага хүлээх чадвартай, эрх зүйн нэг субьект ш дээ. Би ч гэсэн адилхан.
-“Шонхор” фракцын хамгийн сүүлд идэвхтэй хийж байгаа лобби юу байна?
-Ардчилсан хүчний холбоо дотор клубууд маань санаачилсан хуулийн төслүүдээ нээлттэй хэлэлцүүлдэг. Хэрэв шаардлагатай бол төслөө бэлдээд хууль санаачлах эрх бүхий хэсэгтээ танилцуулна, лоббидно. Харин хууль санаачлах хэсэг тэрийг нь үнэхээр хэрэгтэй гэж үзвэл хууль болгож санаачлаад явдаг. Байгуулагдсанаас хойш 10 гаруй тийм хууль санаачилсан. Хамгийн сүүлд Хамтын тэтгэврийн тухай хуулийн боловсруулалт дээр их олуулаа ажилласан.
-Та 2016 оны сонгуульд яаж бэлдэж байна?
-Хийх ёстой ажлаа л сайн хийе. Тэгэхэд л болоо шүү дээ. Одоо энэ сайтуудаар явж байгаа шилдэг 76 тодруулах санал асуулга бол жинхэнэ мөнгөний хүүдий болж байна ш дээ. Хэдэн гишүүд нь тэр дотор нь багтчих гээд лобби хийгээд мөнгөө өгөөд л байдаг. Анх сонгуулийн үеэр би бас энэ дотор нь багтахгүй бол мултарчихдаг юм болов уу гэж боддог байсан үе бий. Тэгээд л амьхандаа ах дүү, найз нөхдөө санал өгөөдөх гээд л өгүүлдэг байсан. Одоо бол би тэрийг тоодог ч үгүй. Саяхан нэг сайт дээр бас нэг тийм шалгаруулалт явуулж байхаар нь манай хүү аавдаа санал өгч л дээ. Тэгээд хүү маань гурван өөр компьютерээс санал өгөхөд тоо нь нэмэгдэхгүй байж гэнэ. Тэгээд сайт руу нь утасдаж асуутал “Нэг тохиргоо хийгээд саналыг нь түр хаачихсан байгаа” гэсэн гэнэ. Би ч хүүхдүүддээ битгий тоо, орхи л гэдэг юм.
-Зарим гишүүн тойргоо сольж байгаад л сонгуульд өрсөлддөг юм билээ. Таны хувьд хэрхэх бол?
-Надад бол тойргоо солих боломж бол бий. Жишээ нь, Орхоныхон намайг Орхонд ирж дэвшээч гэдэг юм. Архангайнхан ч гэсэн намайг ирж дэвшээч л гэдэг юм. Миний унаган нутаг л даа. Энд тэндээс хүмүүс мэр сэр ярьж л байдаг. Би тэдэнд шулуухан л хэлчихдэг. Би бол өөрийн гэсэн тойрогтой, Баянголоосоо л дэвшинэ. Эндээсээ л тэтгэвэртээ гарна гэдэг.
-Та жагсаалтад орох уу?
-Надад жагсаалтад орох боломж байгаа ч би орохгүй. Яагаад гэвэл надад дөрвөн жилийн турш хийж бүтээсэн юмтай дүүрэг байна. Хийсэн ажлаа бас дүгнүүлье л дээ.
-Сонгууль дөхөөд ирэхээр гишүүд тойрогтоо нэгжнээс эхлүүлээд бидон сав, нүүрс хүртэл тараагаад эхэлж. Та гишүүнийхээ хувьд үүнийг юу гэх вэ?
-Би одоо тэрийг дүгнэж, шүүмжлээд байх ч хаашаа юм.
-2012 оны сонгуулиар таныг 20 мянган төгрөг тарааж байсан гэж сонсож байсан. Энэ үнэн үү?
-Би хэзээ ч мөнгө тарааж байгаагүй. Тэр бол гүтгэлэг. 2007 онд Чингэлтэй дүүргээс Нийслэлийн иргэдийн хурлын нөхөн сонгуульд өрсөлдсөн. Тэгэхэд би Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын дарга байсан. Тэр үед МАХН эрх барьж байсан, АН нөхөн сонгуульд дандаа ялагддаг байсан. Тийм болохоор нөхөн сонгуульд бүр үзмээр санагдаад, ялагдсан ч хариуцлагаа өөрөө хүлээе гээд орсон. Тэр сонгууль УИХ-ын сонгуулиас илүү юм болж байсан. Гэр хороололд машинууд нь мөргөлдөөд л. Нэг өглөө босоод ирсэн чинь гэр хорооллын айлуудын хашаанд цас орчихсон юм шиг битүү цаасаар дарчихсан. Тэгээд аваад харсан чинь намайг бүр энэ хорвоогийн бичиж болох бүх муу муухайгаар биччихсэн байсан. Сонгууль болохоор л намайг элдвээр гүтгээд бичээд эхэлдэг юм. Баянгол дүүргийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 41 суудлын 30 нь Ардчилсан намынх. Тэр 30 суудлын дөрөвт нь нь миний ах дүү, хамаатан садан байгаа. 26-д нь бол надтай хамт насаараа ажиллаж ирсэн тийм л хүмүүс байгаа. Угаасаа ч би хэлдэг. Надад тэгж дүүрэг дүүргээд байх ах, дүү байхгүй. Би эхээсээ хоёулаа. Ганц төрсөн дүү маань бурхан болсон.
Элдвээр хэлүүлсэн ч би тоодоггүй юм. Фэйсбүүк, твиттерээр хүртэл муулж байдаг. Би нэг инээдтэй юм яръя. Дэлхийд анх сагсан бөмбөг үүссэн өдөр буюу 12 дугаар сарын 21-нд твиттерт ийм өдөр тохиож байна, сагсчиддаа баяр хүргэе. Монголын сагс Азид үнэлэгдэх болсон шүү гэж жиргэсэн чинь өөдөөс нэг хүн “Лав л энд таны оролцоо байхгүй шүү” гэнэ. Бас нэг нөхөр “Та Монголын сагсан бөмбөгийг хоёр хуваасан” гээд л авч байна. Монголын Сагсан бөмбөгийн холбоо байгуулагдаад дөрвөн жил болж байна. Энэ хугацаанд би нэг ч удаа энэ холбоог муулаагүй, сагсчидтай холбоотой ямар нэг хэрүүл хийгээгүй. Хэвлэл мэдээллээр юу ч яриагүй. Дуугүй л хийх ёстой ажлаа хийгээд явж байгаа. Сүүлд тэр Хандгайтад манай хүүхдүүд хүртэл оролцоод ах, дүүгээрээ нийлж байгаад зээлийн хөрөнгө мөнгө босгож Спортын ордон барилаа. Тэгсэн чинь С.Эрдэнэ хаанаасаа ийм мөнгө олдог юм, хулгайч дээрэмчин гээд л эхэлсэн. Хүнийг дандаа ингэж хар, муу талаас нь харж ярина. Яагаад надад урам өгч болдоггүй юм бэ. Би тэнд залуучуудад зориулсан барилга босгочихоод байна ш дээ.
-Танд ингэж хүмүүсээр хардуулан, сэрдүүлэн байж улс төрд байх шаардлага байгаа юм уу?
-Миний хийсэн ажил болгон үр дүнтэй байгаа. Хүн ам, хөгжлийн бодлогыг ямар ч байсан төрийн анхааралд оруулж ирж чадсан. Анх энэ яамыг шинээр байгуулаад Н.Алтанхуяг Ерөнхий сайд намайг Нийгмийн хамгааллын сайд гэж тавих гэж байхад нь би дан нийгмийн хамгаалал авахгүй ээ. Нэг бол Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамаа цуг авна, эсвэл Нийгмийн хамгааллаа хүн амын хөгжилтэй цуг авна гэж байсан. Тэр үед намайг яагаад заавал ингэж авах гээд байгаа юм бэ гэхэд нь та нар наад хүн амаа хар, хүн амын бүлгүүд нь эзэн байхгүй, төрийн оролцоо байхгүй. Төрийн оролцоо байхгүй болохоор тэр олон төрийн бус байгууллагууд байгаа юм. Зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн чиглэлээр 150 холбоо байна. Бүх хүн амын бүлгүүдээд үндэсний хэмжээний чуулган хоёр, хоёр удаа зохион байгуулсан. Тэгж байж одоо л нэг юм цэгцэрч байна.
Үүнийг би хийхгүй юм бол тэгээд өөр хэн хийх юм. Би энэ ардчилал гэдэг юмыг анхнаас нь, үүсэхээс нь эхлээд зүтгэсэн. Ямар ч байсан улс эх орноо өөрчилье, нийгэмд миний чадах зүйл байдаг бол хийе гэж бодоод л өнөөдрийг хүртэл ажилласан. Ямар ч цаг үед би С.Эрдэнэ хэвээрээ л байдаг.
-Ярилцсанд баярлалаа.
С.Эрдэнэ: Дараа үе чинь өөрсдийгөө зарлаж, хүлээн зөвшөөрүүлж гарч ирдэг юм | ||
Үзсэн: 7814 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.