Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр өөрийн боловсруулсан Төрийн шагналын тухай хуулийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд хийлээ.
Манай улсад төрийн одон медаль олгох асуудлыг зохицуулсан бие даасан хууль байхгүй байсаар өдийг хүрсэн. Энэ асуудлыг үе үеийн Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлийн хүрээнд шийдэж ирсэн гэж хэлж болно. Бүр тодруулбал, төрийн шагналтай холбоотой харилцааг
- БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар батлагдсан "БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм"
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1999 оны 71 дүгээр зарлигаар батлагдсан “Монгол Улсын цол хүртээх, одон, медалиар шагнах журам”
- “Монгол Улсын Төрийн шагналын дүрэм”-ээр тус тус зохицуулж байна.
Түүнчлэн улсын цол, одон, медаль, цэргийн дээд цолыг бий болгох асуудал нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд хамаардаг. Энэ мэт нэгдсэн зохицуулалтгүй байдлыг цэгцлэх, шагналын талаар төрөөс баримтлах нэгдсэн бодлогыг Үндсэн хуульд нийцүүлэх мөн төрийн шагналтай холбогдон үүсэж буй нийгмийн харилцааг зохицуулах зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.
Тухайлбал, иргэдийн дунд байдаг төрийн шагнал нэр хүндгүй боллоо гэх явган яриаг халж, шагналын үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд шагнал олгох хугацаа болон тоог нь тодорхой зааж өгсөн байна. Жишээ нь, хамгийн ихээр олгогддог Алтангадас одонг жилд 1000-аас илүү хүнд олгохгүй байх заалтыг оруулжээ. Ингэж тоо хэмжээг нь зааснаар тухайн жилд нэг сумаас 1-2 хүнийг Алтангадас одонд тодорхойлох болж байгаа юм. Энэ мэтчилэн бүх шагналыг жилд хэдэн хүнд олгох талаар тодорхой заасан байна. Үүнээс гадна хуулийн төсөлд одоо өгч байгаа одон, шагналын тоог цөөлсөн байна. Тухайлбал, хүний нэртэй одонгуудаас зөвхөн Чингис хаан нэртэй одонг үлдээсэн. Мөн гавьяат цолуудыг нэгтгэж зөвхөн нэг л “Соёлын гавьяат зүтгэлтэн” гэдэг цол байхаар оруулсан байна. Үүнээс гадна Ардын жүжигчин гэдэг цолыг байхгүй болгосон бөгөөд уг цолонд хуулийн төсөлд тусгагдсан “Улсын эрдэнэ” цол дүйцнэ хэмээн хууль санаачлагч үзэж байгаа аж.
Мөн “Сүхбаатарын одон”, “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”, “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-г хасч байгаа. Энэ талаар Ерөнхийлөгч тайлбарлахдаа “Зарим иргэдийн яриад байгаа шиг ямар нэг үзэл суртал, намын бодлогоор “улаан туг”-тай цол, шагналыг хасаагүй. Харин Үндсэн хуульд байдаг есөн хөлт цагаан туг гэсэн нэр томьётой уялдуулахыг хүссэн” гэсэн юм.
Хэрэв энэхүү шинэ хуулийн төсөл батлагдах юм бол өмнө нь олгогдсон одон, шагналууд бүгд тухайн хүндээ хүчин төгөлдөр хэвээр хадгалагдах юм байна. Энэ мэтчилэн Ерөнхийлөгчийн боловсруулсан хуулийн төсөлд төрийн одон, медалийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, зөвхөн хийсэн ажил хөдөлмөр, бүтээсэн гавьяа нь тодорхой хүмүүст хүрдэг байх олон заалтууд тусгагджээ. Та бүхэнд Төрийн шагналын тухай хуулийн төсөлд тусгагдсан одон медалиудыг ямар нөхцлөөр жилд хэдэн хүнд олгох талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе.
Ерөнхийлөгч өөрийн боловсруулсан Төрийн шагналын тухай хуулийг танилцууллаа | ||
Үзсэн: 6254 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.