Шууд Chart

Малчдын хүүхэд ч 6 настайдаа сургуульд орох эрхтэй

2016-04-08 12:39:46

Манай улс 10 жилийн өмнөөс зургаан настай хүүхдээ нэгдүгээр ангид элсүүлэн сургаж эхэлсэн. Мэдээж найман настай хүүхэд сургуульд орж, зургаан настай хүүхэд цэцэрлэгийн ахлах бүлэгт суралцаж олон жил дадсан учраас энэ тийм ч амар хэрэгжүүлэх ажил байгаагүй. 10 минут л анхааралтай сууж чадах зургаан настай хүүхдийн онцлогт таарсан багш нарыг бэлтгэхээс өгсүүлээд боловсролын агуулгыг өөрчлөх гэх мэт төсөв хөрөнгө, хугацаа шаардсан ажил ихээхэн хийгдсэн. Олон улсын жишгийг дагаж 12 жилийн боловсролын системд шилжихийн тулд хүүхдүүдээ зургаан настайгаас нь эхлэн  сургуульд сургахаас өөр арга алга гэж УИХ-аас гаргасан шийдвэрийг хүссэн, хүсээгүй иргэн бүр дагаж мөрдөж эхэлсэн. Гэтэл одоо эргээд л зургаан настай хүүхдээ сургуульд сургах албагүй талаар ярьж эхэллээ.

Боловсролын тухай хуульд өөрчлөлт оруулж малчдын хүүхдийг долоон настайд нь сургуульд оруулж болдог байх тухай өөрчлөлт оруулсан хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар дэмжив.

Өөрөөр хэлбэл, малчин эцэг, эхчүүд хүсвэл сургуулийн удирдлагаас нь зөвшөөрөл авч хүүхдээ долоон настайд нь сургуульд оруулж болно. Малчдын аж байдлын онцлогийг харгалзаж үзсэний үндсэн дээр их хурлын гишүүдийн олонх нь энэ асуудлыг дэмжиж байна. Тэгвэл 2006 онд иргэн бүр хүүхдээ зургаан настайд нь сургуульд оруулах ёстой гэсэн шийдвэр гаргахдаа яагаад малчдын талаар авч хэлэлцсэнгүй вэ.

Хуулийн яг энэ өөрчлөлтийг сонгууль дөхсөн үеийн улстөржилт гэж харж болохоор байна. Учир нь УИХ-ын гишүүдийн олонх нь энэ өөрчлөлтийг дэмжихдээ тойргийн сонгогчид, малчид хүүхдээ зургаан настайд нь сургуульд оруулахыг эсэргүүцэж байгаа гэдэг. Мэдээж хамгийн их санал авч болох боломж бий учир малчдын өмнө зогсоод “Та нарын хэлснийг их хурлаар батлууллаа” гэхийг ямар ч гишүүн хүсч байгаа.   

Бодоод үзье. Малчин өрхийн хүүхэд долоон настайдаа бага ангид орно. Гэтэл ижилхэн долоон настай хотод амьдардаг хүүхэд түүнээс нэг жилийн өмнө сургуулиа төгсөнө. Хотын хүүхдийн боловсрол нэг жилийн өмнө “явна”. Хэдийгээр нэг жилийн хичээлийг нөхөж сурах гэх мэт заалтыг хуульд оруулна гэж ярьж байгаа эндээс тийм ч бодит үр дүн гарахгүй.

Тэгээд ч Монгол Улсын иргэн бүр хаана амьдарч байгаагаасаа үл шалтгаалан боловсрол эзэмших үндсэн эрхтэй. Малчны хүүхэд болохоор долоон настайдаа сургуульд орно гэдэг нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа хэрэг мөн.

Хуульд өөрчлөлт оруулж малчдын хүүхдийг долоон настайд нь сургуульд оруулдаг болгох гол үндэслэл нь орон нутаг дахь гэр бүл салалт гэнэ. Өөрөөр хэлбэл, гишүүдийн олонх нь аймаг, сумдад зургаан настай хүүхдээ сургуульд сургахын тулд эцэг, эхийн аль нэг нь заавал аймаг, сумын төвд ирж байрладаг учраас гэр бүл салалтад ихээхэн нөлөөлдөг гэнэ. Гэтэл Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас энэ талаар орон нутагт судалгаа хийхэд зургаан настай хүүхдээ сургуульд сургахын тулд гэр бүл салсан тохиолдол бүртгэгдээгүй гэх.  

Мэдээж хүүхдүүдээ сумын төвд сургуульд сургана гэдэг малчдын хувьд чухал, хэцүү асуудлын нэг хэдий ч олон улсын жишгийг дагахаар 10 жилийн өмнө хуульд оруулсан өөрчлөлтөө буцаана гэдэг тийм ч зөв гарц биш санагдах юм.

Энэ асуудлыг шийдэж болох олон гарц байна. 2015-2016 оны хичээлийн жилд нэгдүгээр ангид 10 мянга орчим хүүхэд суралцаж байгаагаас хоёр мянга орчим нь дотуур байранд амьдардаг. Дотуур байр бол хамгийн чухал гарцуудын нэг. Өөрөөр хэлбэл, орон нутаг дахь дотуур байрны тоог нэмэгдүүлэх. Хэрэв алслагдсан багийн төвөөс ирж суралцаж буй хүүхдүүдээ тохилог дотуур байранд хүлээж авдаг бол заавал хүүхдээ сургахын тулд ээж аав, эмээ, өвөө нь хамт ирэх шаардлагагүй болно.  

Үүний дараа харин асрагч багш нарын талаар ярьж болно. Гэрээсээ хэдэн зуун км-ийн цаана дотуур байранд амьдарч буй зургаан настнуудын хувьд асрагч багш бол хамгийн чухал.

Энэ мэт хуулиа дагаж хэрэгжүүлээд боловсролын системээ дэлхийн жишигт хүргэх боломж бидэнд байна. Гэтэл тэнд гурван хүн эсэргүүцсэний төлөө энд байгаа гурван зуун хүний эрх ашгийг орхигдуулна гэдэг зөв систем биш.

Нөгөө талаас хууль эрх зүйн орчин хэр тогтвортой байна, тэр хэрээр тухайн салбарын хөгжил жигд, зөв хурдтай явах боломж бүрддэг. Манай улсад өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд боловсролын хуульд 17 удаа их, бага өөрчлөлт оруулсан байдаг. Гэтэл боловсролын салбар бол нийгмийн суурь салбарын нэг, энэ хэрээр тогтвортой байх ёстой. Тэгж байж энэ нийгмийн хөгжлийг түргэсгэх иргэдийн талаар ярих боломжтой болно. Тиймээс аль болох урт хугацаанд мөрдөгдөх хууль боловсруулж, түүнийгээ мөрддөг байх үндсэн зарчмыг л бид биелүүлэх ёстой юм.

Нийтэлсэн: О.Энхмаа

Малчдын хүүхэд ч 6 настайдаа сургуульд орох эрхтэй  
Үзсэн: 3098 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
203.169.50.xxx [203.169.50.xxx] 2016-04-10 16:48
7toi oruulah ni zuitei
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-04-08 19:06
хүн хэдэн настай сурах нь гол биш. Юу сурах нь гол. Үеийнхнээсээ хожуу 1-2 насаар ах хүүхэд ангийнхнаа удирдан чиглүүлэх арга барилтай болдог. Харин тэнэг эхийн бодлоор нас дутуу суусан хүүхэд үеийнхнээсээ хэт бага даган дууриагч болдгийг одоогийн багш нар мэдэхгүй эцэг эх нь тоохгүй банй.
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-04-08 15:19
7 настай сургуульд элссэн хүүхэд 12 жил сураад 19 настай бүрэн дунд сургуулиа төгсөнө. Энэ зөв үү? Хожуу сургуульд элссэн хүүхэд сургууль завсардах өндөр магадлалтай байдаг. Боловсролыг, хүүхдийг хорлох гэж байна уу? УИХ-д сонгогдож л байвал бусад нь хамаагүй юу? Малчдын хэдэн хувь нь хүүхдээ 7 настай сургуульд элсүүлье гэж санал гаргасан бэ? Яам хүрээлэнгийн мэргэжилтэн, эрдэмтэд үгээ хэлж чадахгүй байна уу? Зөв шийдвэр гаргах нь гээд баярлаж сууна уу?

Бидэнтэй нэгдээрэй