Өнгөрсөн сараас эхлэн иргэдийн дунд “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1072 ширхэг хувьцааг зарж борлуулж болно гэх ташаа мэдээлэл тараад байгаа. Үүнтэй холбоотойгоор "Монголын мэдээ" сувгийн "Эх сурвалж" нэвтрүүлэгт Санхүүгийн зохицуулах хорооны хяналт шалгалтын газрын орлогч дарга Т.Жамбаажамц болон Цагдаагийн ерөнхий газрын Олон нийттэй харилцах төвийн дарга Б.Баатархүү нар оролцож, 1072 хувьцааны талаарх мэдээллийг өглөө.
Б.Баатархүү: Цагдаагийн байгууллага хаанаас ямар эх сурвалжаар худлаа мэдээлэл тараасныг тодруулж байна
-Иргэдийн дунд хувьцаагаа худалдаж зарж борлуулна гэдэг яриа хэдийнээс эхэлж гараад ингэж цугларч эхэлсэн юм бол оо?
- Одоогоос 20 гаруй хоногийн өмнө 1072 хувьцаатай холбоотой мэдээлэл гараад иргэд Урт цагааны гудамжинд цугларч эхэлсэн. Анхны шалгалтаар Монгол-Тайванийн төвд үйл ажиллагаа явуулж байсан зөвшөөрөлгүй брокерийн компани иргэдийн хувьцааг бүртгэхдээ ташаа мэдээлэл тараасан. Өөрөөр хэлбэл хувьцаагаа хурдан бүртгүүлбэл худалдах эрх нь нээгдэнэ гэж буруу сурталчилгаа явуулснаас иргэдийн бөөгнөрөл үүссэн гэж үзэж байгаа. Ингээд тухайн байгууллагын үйл ажиллагааг шалгахад бүртгэх эрхийн зөвшөөрөлгүй байсан, мөн иргэдийн дунд буруу сурталчилгаа явуулсан учраас тухайн үед нь Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Санхүүгийн зохицуулах хороотой хамтран шалгалт явуулаад тухайн байгууллагын үйл ажиллагааг зогсоосон. Мөн тухайн үед цугласан байсан иргэдэд Санхүүгийн зохицуулах хорооны мэргэжилтэн болоод тэр компанийн захирлаар нь мэдээлэл хийлгэсэн. Гэсэн ч иргэдийн дунд ташаа мэдээлэл цацагдсаар, бөөгнөрөл нь нэмэгдсээр байсан. Тухай бүрт нь цагдаагийн байгууллагаас арга хэмжээ авч ажилласан.
Цагдаагийн байгууллагаас энэ үйл ажиллагаа эхэлсэн цагаас нь хяналт шалгалтын ажлаа хийж байгаа. Одоогоор нэг ч иргэн хувьцаагаа худалдсан, худалдаж авсан тохиолдол тогтоогдоогүй. Иргэдийг санаатайгаар төөрөгдүүлсэн, ямар зорилгоор худал мэдээлэл тараасан зэргийг бол нэгд нэгэнгүй шалгаж байгаа.
-Иргэд зөвхөн Урт цагаан орчимд цугларахаас гадна Эмээлтэд хүртэл шөнө оройн цагаар ихээхэн цугларч байгаа. Үүнд та тайлбар өгөх үү?
-Нийслэлийн хэмжээнд Сүхбаатар, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй гэсэн дөрвөн дүүргийн нутаг дэвсгэрт иргэд ихээр бөөгнөрч байгаа. Эмээлт орчимд бол цагдаагийн байгууллагаас шалгасан, ингэхэд иргэдийн дунд машинтай хүмүүс ирээд хувьцаа худалдаж авсан гэх мэт цуу яриа гарсан. Үүнийг нь шалгахад мөн л хувьцаа худалдаж авсан болон зарсан нэг ч иргэн тогтоогдоогүй. Харин иргэдийн дунд ийм ташаа мэдээлэл ихээр тараагдсан. Цагдаагийн байгууллагад хаанаас ямар эх сурвалжаар ийм цуу яриа тараагдсан талаарх мэдээлэл бол ирсэн, шалгаж байгаа.
-Орон нутгуудад бас энэ ташаа мэдээлэл их хүрсэн талаар ярьж байсан. Тодорхой хэлбэл ямар аймгуудад ийм мэдээлэл гарсан юм бол?
- Нэр бүхий хэд хэдэн аймгийн зарим сумдад хувьцаагаа худалдаж болно гэсэн ташаа мэдээлэл хүрсэн байсан. Бид шалгаж байгаа.
-Тэгэхээр одоо ингээд иргэд олноороо бөөгнөрөөд байгаа газруудад цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад ч юм уу очоод иргэдэд ингэж хувьцаагаа зарж борлуулах ямар ч боломжгүй гэдэг ухуулга мэдээлэл хийж, тараах боломжгүй юу?
-Ийм үйл ажиллагаа эхэлсэн цагаас нь л цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороотой хамтарч холбогдох мэдээллийг өгч байсан. Энд тэнд цуглаад байгаа иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр зөв мэдээллийг олж авахгүй, зураг үздэггүй ч хүмүүс байгаа. Тиймээс цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад бүх хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарт хэлээд иргэдэд зөв мэдээлэл хүргэж байгаа.
Т.Жамбаажамц: Иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэл муу байна
-Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй хичнээн брокер диллерийн компани байгаа вэ. Түүнчлэн эдгээр компаниудад хичнээн иргэдийн хувьцаа бүртгэгдсэн бол?
– Санхүүгийн зохицуулах хороо брокер диллерийн үйл ажиллагаа явуулж буй компаниудад зөвшөөрөл олгож түүнийхээ хүрээнд хяналт тавьж ажилладаг. Өнөөдөр манай улсад тусгай зөвшөөрөлтэй брокерийн 62 компани байна. Брокерийн компани бол хөрөнгийн бирж руу иргэдийг холбож өгдөг гүүр гэж хэлж болно. Энэ нь үндсэн хоёр төрлийн үйл ажиллагаагаар явна. Нэгдүгээрт, үнэт цаасны данс нээнэ, хоёрдугаарт үнэт цаас худалдах, худалдан авах захиалгыг биелүүлэх. Энд яригдаад байгаа Монгол-Тайванийн төвд нэр бүхий хэд хэдэн брокерийн компани үйл ажиллагаа явуулдаг. Тодруулж хэлбэл, брокерийн компанийн зөвшөөрөлтэй компаниудаас гадна салбар хоёр компани үйл ажиллагаа явуулж байсан. Уг нь салбарын үйл ажиллагаа явуулахдаа бас зөвшөөрөл авах ёстой байдаг. Тиймээс зөвшөөрөлгүй байсан энэ хоёр салбарын үйл ажиллагааг зогсоосон. Нөгөө талдаа зөвхөн брокерийн компанийн үйл ажиллагаас гадна “Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах төв” гэдэг ТББ байгаа. Энэ ТББ-ын тэргүүн Э.Алтаншагай гэдэг хүн сүүлийн үед Тавантолгойн хувьцааны талаар их мэдээлэл цацсан, бид мэдээлэлд нь байнга хяналт тавьж байсан. Сүүлдээ энэ хүн иргэдээс 1072 хувьцаагаа яах хүсэлтэй байгаа талаар нь тусгай маягт бүхий өргөдөл бичүүлж аваад УИХ-д хүргүүлсэн байдаг юм. 800 орчим иргэдээс өргөдөл өгсөн, ингэхдээ иргэдийн дийлэнх нь хувьцаагаа зарах хүсэлтэй байгаагаа хэлсэн байсан. Сүүлдээ иргэдийн дунд эхлээд өргөдөл өгөөд дараа нь данс нээлгэхээр энэ хувьцаа мөнгө болчих юм байна гэсэн буруу ойлголт төрсөн. Тэгэхээр манай иргэдийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэл муу байгаа учраас ийм ташаа мэдээлэл их тараад байгаа юм.
-Иргэдийн дунд “Нотариатчдын танхим”-ын нотариатч хүмүүс өөрсдөө тамга тэмдгээ барьж очоод л газар нь дээр гэрээ хийгээд байгаа мэтээр яриа мөн гарсан л даа. Санхүүгийн зохицуулах хорооноос энэ тал дээр “Нотариатчдын танхим”- тай үйл ажиллагаагаа уялдуулж үзсэн үү?
-Буруу мэдээллийн дагуу иргэд ингэж цугларч эхлээд сар орчмын хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд бид Цагдаагийн байгууллага, Хууль зүйн яам, “Нотариатчдын танхим”, Тагнуулын ерөнхий газар гээд маш олон байгууллагатай мэдээлэл солилцож ажиллаж байна. Өнөөдөр “Нотариатчдын танхим”-аас бидэнд албан ёсны тайлбар ирүүлсэн, тэдний хэлж буйгаар бол нэг ч нотариатч ийм төрлийн гэрээ хэлцэл баталгаажуулаагүй.
Манай улсад үйл ажиллагаа явуулдаг бүх нотариатчиддаа ийм төрлийн гэрээ баталгаажуулж болохгүй гэдэг анхааруулгыг “Нотариатчдын танхим”-аас мөн хүргүүлсэн гэсэн.
Энэ хувьцаа бол иргэдийн гар дамжиж худалдаалагддаг таваар биш. Анхнаасаа Засгийн газрын шийдвэрээр иргэдэд үнэгүй эзэмшүүлсэн. Тэр анх эзэмшүүлсэн нөхцөлд “Энэ хувьцааны хөрөнгийн биржийн арилжаа эхэлтэл бусдад ямар нэг хэлбэрээр шилжихгүй” гэж заасан байгаа. Тэгэхээр энэ хувьцааг эзэмшиж байгаад нас барсан хүний хувьцаа ч тэр хүний нэр дээрээ л байгаа.
-Нас барсан иргэдийн хувьцааг яаж зохицуулах юм бол?
-Хувьцаа нь хөрөнгийн биржээр арилжаалагдаад ирэхээр өв залгамжлалын журмаар тэрийг зохицуулаад явж болно. Тэгэхээр нас барсан хүний ч хувьцааг шилжүүлж болохгүй байхад Дорж, Дондог хоёр хувьцаагаа нэг нэгэндээ шилжүүлэх ямар ч боломжгүй. Тэгээд ч тодорхой нэг арилжаа наймаа хийхийн тулд мөнгө өгөөд оронд нь нэг зүйл авах ёстой биз дээ. Харин иргэд болохоор сая төгрөгөөр хувьцаагаа зарна гэчихээд оронд нь юу өгөхөө мэдэхгүй. Бид нар энэ чинь худал мэдээлэл гэдгийг ойлгуулахын тулд газар дээр нь очиж мэдээлэл хийдэг л дээ. Тэгэхэд иргэдийн зарим нь иргэний үнэмлэхээ барьчихсан, зарим нь үнэт цаасны компанид данс нээсэн гэрээний нэг хувиа барьчихсан явж байгаа юм. Дансанд хадгалж байгаа цаад хувьцаа чинь өөрөө өмч. Тэгэхээр данс нээлгэсэн гэрээ бол тэр өмчийг арилжаанд оруулах, захиран зарцуулах эрх зүйн боломжгүй баримт бичиг.
-Хувьцаандаа данс нээлгэсэн хэдэн иргэн байна. Бэлнээр эсвэл сургалтын төлбөр болгоод авсан хичнээн иргэн байна вэ?
-Анх 2010 онд Засгийн газраас тухайн үед хийсэн шинэчилсэн бүртгэлээр хоёр сая 700 мянга гаруй иргэнд эзэмшүүлсэн байдаг. Сүүлд нь ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй 200 мянга гаруй иргэний хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж авсан. Мөн оюутнуудын сургалтын төлбөрийг шилжүүлсэн. Өнөөдөр хоёр сая 475 мянга орчим иргэний нэр дээр энэ хувьцаа бүртгэлтэй байгаа. Мөн 800 орчим мянган иргэний үнэт цаасны дансыг нээчихсэн байгаа. Энэ үнэт цаасны данс бол хувьцаа хөрөнгийн биржээр арилжаалагдаж эхлэх үед хэрэгтэй болно. Тэрнээс иргэдийн ойлгоод байгаа шиг заавал өнөөдөр нээлгэх хэрэгтэй юм биш. Данс нээлгээгүй ч гэсэн таны шинэчилсэн бүртгэлд бүртгүүлсэн регистрийн дугаар, хурууны хээгээр хувьцаа нь бүртгэгдчихсэн байж л байгаа.
-Одоо тэгвэл иргэдийн дунд хэзээ энэ хувьцаагаа арилжаалах эрхтэй болох юм бол гэсэн хүлээлт үүссэн байгаа байх л даа?
-Тэгэхээр би бол иргэд хэзээ эзэмшиж байгаа хувьцаагаа мөнгө болгож болох вэ гэдэг мэдээллийг өгөх эрх бүхий субьект биш. Өнгөрсөн сарын 29-ний өдөр Эрдэнэс Тавантолгой компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаа хийсэн. Компанийн хувьцаа эзэмшигчид болон төлөөлөн удирдах зөвлөлийн зүгээс удирдлагууддаа хувьцаагаа хэзээ эргэлтэд оруулах талаар албан ёсны мэдээлэл тайлбар өг гэдэг чиглэл өгсөн. Тэгэхээр компаниас албан ёсны мэдээлэл гарах байх.
Нөгөө талаас хувьцаа олон нийтэд арилжаална гэдэг бол олон хүчин зүйлээс хамаарна. Тухайлбал, зах зээлийн нөхцөл байдал, нүүрсний үнийн нөхцөл байдал, компанийн үнэлгээ ямар байх, олон улсын томоохон хөрөнгө оруулалтын сангууд энэ компанийн хувьцааг сонирхох сонирхол хэр байна гээд. Энэ мэт маш олон хүчин зүйл дээр үндэслэж байж хувьцааг олон нийтэд арилжаалах процесс явагдана. Хэрэв олон нийтэд арилжаалах бол эхлээд Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл аваад Хөрөнгийн биржээр арилжаалагддаг. Энэ компаниас хувьцаагаа бүртгүүлж арилжаалья гэсэн хүсэлт ирээгүй, бэлтгэл ажлаа бол хийж байгаа. Тэгэхээр яг хэдэн сарын хэдний өдөр аль хөрөнгийн биржээр ямар үнэ ханшаар худалдаалагдах вэ гэдэг мэдээллийг одоо өгөх боломжгүй байна.
-Баярлалаа.
1072 хувьцаа ба иргэдийн төөрөгдөл | ||
Үзсэн: 2294 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.