Олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо Панамын Моссак Фонсека хуулийн фирмээс алдагдсан 11 сая нууц материалыг олон нийтэд ил болголоо.
Өмнө нь манай улсаас 47 иргэний мэдээлэл Панамын материалууд дунд бий гэсэн яриа гарч байсан хэдий ч албан ёсоор Монгол Улсын 49 иргэн, компанийн нэр оффшор данстай гэж бүртгэгджээ.
Оффшор данстай иргэдийн дунд өмнө нь төрийн алба хашиж байсан болон олны танил хэд хэдэн хүн байгаа хэдий ч яг одоо төрийн өндөр албан тушаал хашиж буй нэг хүн нь Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт юм.
Энэ материал цацагдсанаас хойш иргэдийн дунд, тэр дундаа сошиал орчинд манай улсаас оффшор бүсэд данстай иргэдийн талаарх яриа ихээр гарч байна. “Улсаас их хэмжээний мөнгө идсэн хүмүүс хулгайн мөнгөө гадаадын дансанд аваачиж нуусан” гэсэн ташаа ойлголтоор иргэд хандаж, цуурч байгаа нь илт.
Мэдээж татвараас нуусан мөнгөө оффшор бүсэд байршуулсан гэдэг нийтлэг ойлголтоор хандаж болох ч манай улсад оффшорт мөнгөө хадгалахыг гэмт хэрэг гэж хуульчилсан ямар нэг хуулийн зүйл заалт байхгүй гэдгийг санах хэрэгтэй.
Оффшор гэдэг үгийг судлаачид энгийнээр, татваргүйгээр бараа үйлчилгээ эрхлэх бүс хэмээн тайлбарладаг. Тэгэхээр бизнес эрхлэгчдийн хувьд энэ бол эрүүл үзэгдэл. Учир нь тэд өндөр татвар, дарамттай байдлаас зугтаж бизнес хийж байна гэсэн үг.
Энэ талаар Эдийн засгийн өрсөлдөх чадвар, бодлогын судалгааны төвийн захирал Б.Лагшми ингэж ярилаа.
-Ер нь бол татварын таатай нөхцөлтэй орныг оффшор гээд байгаа юм. Нэг талаараа улс орнууд аль болох гадаад хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгаа аль болох эрүүл авч явах нөхцөл байдлыг бүрдүүлэх гэж оролддог, өрсөлддөг. Тэгэхээр Панам, Виржинийн арлууд бол баялаг багатай орон. Гэхдээ нөгөө талаасаа эдгээр орон санхүүгийн хувьд хамгийн таатай нөхцөл байдлыг бүрдүүлсэн орнууд байдаг.
Энэ үйлдлийг хууль зөрчсөн үйлдэл гэж хэлж болохгүй. Яагаад гэхээр тэдгээр орон татварын хамгийн таатай нөхцөл байдлыг бүрдүүлсэн.
-Иргэдийн хувьд улстөрчид оффшор данстай байгааг их хардаж байна?
-Гадаадад компаниуд хөрөнгө мөнгө босгох, хувьцаа гаргах тохиолдолд зарим орны хөрөнгийн биржүүд нь тухайн орондоо компани, компанийн данс нээх болзол тавьдаг. Тэгэхээр гадаадад хөрөнгө босгосон ихэнх компаниуд тэр орондоо оффшор данстай байгаа. Бизнесийн талаас нь авч үзвэл энэ бол албан ёсных гэж хэлж болно.
Улстөрчид оффшор данстай байх нь хууль зөрчсөн асуудал биш. Харин улстөрчид хөрөнгө орлогынхоо мэдүүлэгт үүнийгээ албан ёсоор мэдүүлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр оффшор дансаа хөрөнгө орлогынхоо мэдүүлгэнд тусгаагүй гэж буруудна уу гэхээс өөр ямар нэг байдлаар хуулийн хариуцлага тооцох боломжгүй.
Бидний хэт туйлшраад байгаа бас нэг асуудал гэвэл улс төрчид одоо л мэдээлэл нь дэлгэгдэж байгаа болохоос тэр хүн насаараа улстөрч байна гэсэн үг биш шүү дээ. Өмнө нь ч юм уу ямар нэг байдлаар хуьцаа худалдаж аваад оффшор данс нээсэн байж болно. Манай улсын хувьд иргэн нь гадаадад данстай байлаа гээд үүнд нь хуулийн хариуцлага тооцох ямар ч боломжгүй. Тухайн орондоо албан ёсоор компаниа бүртгүүлээд тэр орондоо татвараа төлөөд явж байгаа хүнд ямар хуулийн хариуцлага тооцох юм бэ.
Харин УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин энэ талаар :
-Оффшор данс бол бизнес эрхлэгч, баялаг бүтээчдийн хувьд бол сонгож болох нэг сонголт нь. Яагаад гэвэл хамгийн татвар багатай, таатай, мөнгөтэй байгаа газраас баялаг бүтээгчид зээл авч өөрсдийн бизнесээ эрхэлдэг. Тиймээс бизнес эрхэлж байгаа хувь хүмүүсийг оффшор данстай байна гэдэг байдлаар буруутгана гэдэг бол зохимжгүй. Харин ч ийм хүмүүсийг хэт өндөр татвартай, дарамттай байдлаас зугтаж ухаалаг бизнес хийж байна гэж харах ёстой.
Харин төрийн албан хаагч, улс төрчид, тэр дундаа эрх мэдэл албан тушаал өндөр хүмүүсийн хувьд энэ бол ёс зүйн бөгөөд хууль зүйн хувьд таагүй хэрэг. Яагаад гэвэл татвар төлөгчдийн мөнгөөр цалин авчихаад өөрсдийнхөө хуримтлуулсан хөрөнгийг татвар багатай газаррлуу шилжүүлж байна гэдэг чинь бусдын татвараар амьдарч, өөрийнхөө мөнгийг нууж байна гэсэн үг шүү дээ. Нөгөө талаасаа оффшор бүсэд байгаа мөнгө ихэнх тохиолдолд татвараас зугтахаас гадна “сүүдрийн эдийн засаг”-т байгаа мөнгө, “гудсан доор байгаа мөнгө” ч гэж ярьдаг. Ингэж хэн нэгнээс нуух шаардлага нь ихэнхдээ хулгай, луйвар, албан тушаалын авлига байдаг.
Тэгэхээр оффшор бүсэд данстай байх нь хувь иргэн, компанийн хувьд бол хууль зөрчсөн зүйл биш. Харин төрийн албан тушаалтнуудын хувьд энэ бол хууль зөрчсөн үйлдэл. Гэхдээ энэ талаарх мэдээллээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ дурдаагүй нөхцөлд хууль зөрчсөн үйлдэл болно.
Манай улсад өнгөрөгч 2007 оноос Авлигын эсрэг хууль, 2012 оноос Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсанаар төрийн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлэг өгдөг болсон. Харин энэ мэдүүлгийн журамд “гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байгаа бүх төрлийн данс, картын үлдэгдлийг мэдүүлнэ” гэсэн заалт бий.
Тэгэхээр хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдагдаагүй хөрөнгөтэй нь албан тушаалаас нь чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах хуулийн зохицуулалт бий. Цаашлаад оффшор дансанд байгаа мөнгө нь улстөрийн өндөр албан тушаал болон авлигын, хулгайн хэрэгтэй холбоотой гэдгийг нотолж чадах юм бол тэрийг албан тушаал болон авлигын хэргээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжтой юм.
Гэхдээ манай улсын хууль хэрэгжүүлэх, хууль сахиулах болон гэмт хэрэгтэй тэмцэх, мөрдөн шалгах чиг үүрэг бүхий байгууллагууд улс төрөөс ангид, зохистой ажиллах хэмжээнд байж чадах уу, үгүй юу гэдэг асуудал энд дахиад яригдана.
Манай улсаас оффшор бүсэд данстай олны танил хэд хэдэн хүний нэр дурдагдсан талаар дээр хэлсэн.
Оффшор данстай гэх олны танил хүмүүс ямар тайлбар хийв
Нэн түрүүнд УИХ-ын гишүүн Сү.Батболдыг оффшор данстай гэх яриа гарсан. Тэрбээр “Монгол Улсад мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бол улстөрчид бизнесийн үйл ажиллагаанд шууд оролцохгүй, харин хөрөнгө оруулагч байж болдог. Бидний оролцсон энэ ажил бол хуулийн хүрээнд хийгдсэн. Гэхдээ хөрөнгө оруулалт хийсэн “Бату Майнинг” компани бол Монгол Улсад бүртгэлтэй. Энд үйл ажиллагаа явуулж байсан. Харин толгой компани нь Энэтхэгт үйл ажиллагаа явуулдаг юм. Бидэнд нуусан хаасан зүйл байхгүй. Хуулийн дагуу хувьцаа эзэмшигчээр бүртгүүлсэн. Энэ компанид би 11.9 хувийг эзэмшдэг байсан. 2003 онд нэрээрээ нээлттэй бүртгүүлж орсон. Би 18 мянга 771 ам.доллартай тэнцэх хувьцааг авсан. Тухайн үеийн ханшаар 20 гаруй сая төгрөг. Энэ мөнгө миний хувийн данснаас гарсан. 2005 онд компанийн үйл ажиллагаа доголдож эхэлсэн учраас тус компанийн хувьцаа эзэмшигч байхаа больсон. Хөрөнгө орлогын мэдүүлэгт тусгах хууль 2007 оноос мөрдөж эхэлсэн учраас мэдүүлэх шаардлага байгаагүй. 2007 оноос хойш би бүх компанийнхаа тухай мэдүүлэг өгч байсан. Монголын бизнес эрхлэгчид бүгд л хувьцаа худалдаж авдаг. Оффшор дансны мэдээлэл бид хоёрын нэр дээр байхгүй. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллагад бид өөрсдөө хандана. Данстай байна уу, хууль зөрчсөн үү гэдгээ тодорхой болгоно” гэв.
Харин Барилга, хот байгуулалтын сайд асан Д.Цогтбаатар “Надад оффшор данс байхгүй. Хариуцлагатай хэлье. Гадаадын хөрөнгө оруулалттай “Бату Майнинг” компани биднийг уриад хувьцаа эзэмшиж, хамтарч бизнес хийсэн. Тэр үед гадны хөрөнгө оруулалт бараг орж ирдэггүй байсан. Бид хөрөнгө оруулалт татах үүднээс хамтарч бизнес эхлүүлсэн. Ер нь гадны компаниудын ихэнх нь оффшор бүсэд бүртгэлтэй байдаг шүү дээ. “Оюутолгой”-н толгой компани хүртэл оффшор бүсэд бүртгэлтэй байдаг. Гэхдээ хууль зөрчөөгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ яагаад мэдүүлээгүй вэ гэхээр би 2006 оноос хувьцаагаа татчихсан байсан. Надад байгаа бүх хувьцааг би нэгд нэгэнгүй оруулж өгдөг. Монголын компанидаа л хийсэн хөрөнгө оруулалт байсан”
Мөн хотын дарга Э.Бат-Үүлийн хүү Чулуудай оффшор бүсэд өөрийн гэсэн компанитай байгаа нь бүртгэгдсэн. Энэ талаар тэрбээр “Энэ компанийг 2011 онд байгуулаад 2013 онд хаагдсан. Хөрөнгө оруулалт татаж чадаагүй учраас данс нээлгэж ч чадалгүй хаагдсан. Оффшор бүсэд компани бүртгүүлэх нь хуулиар хориглоогүй зүйл, бизнесийн хэвийн л горим. Тэгээд ч оффшор данстай байх, оффшорт бүртгэлтэй компани байх өөр ойлголтууд” гэсэн юм.
Харин УИХ-ын гишүүн Д.Батбаяр оффшор бүсэд өөрийнх нь нэр орсон талаар “Би 25 жилийн өмнө Японд барилдаж байхдаа цалингийн данс, Эрүүл мэндийн даатгалтай холбоотой данс, өөрийн хувийн амьдралд зориулж данс нээж байсан юм. Эдгээр дансыг зодог тайлснаас хойш 10 гаруй жил ашиглахгүй байгаа. Тодруулбал, мөнгө байхгүй хоосон данснууд юм. Японоос өөр оронд бол данс нээгээгүй. Тэгээд ч миний нэрийг зохион байгуулалттайгаар оруулсан юм болов уу гэж хардаж байна” гэсэн юм.
Одоо харин оффшор бүсэд данстай эдгээр иргэнд ямар хариуцлага тооцох вэ гэсэн асуулт гарч байна. Мэдээж дээр дурдсанчлан манай улсад хувь иргэдэд оффшор бүсэд компани байгуулж данс нээснийх нь төлөө хариуцлага хүлээлгэх ямар нэг механизм байхгүй. Харин төрийн албан тушаалтнуудад тодорхой нөхцөлтэйгээр хариуцлага хүлээлгэх боломж бий.
Гэсэн хэдий ч энэ бол нэг талаасаа цэвэр ёс зүйн асуудал. Тийм ч учраас ардчилал өндөр хөгжсөн орнуудад улстөрчдөд нь ийм байдал илэрвэл өөрөө албан тушаалаасаа огцрох тохиолдол бий. Мөн оффшор дансыг улстөрчдөд огт хүлээн зөвшөөрдөггүй улс төрийн ёс зүй, хариуцлага өндөртэй орнууд ч бий. Товчхондоо гудсан доороо мөнгөө нуусных нь төлөө тэднийг яллах хэрэг байгаа юу гэдгийг бодож үзэх хэрэгтэй болох нь.
Арилжаалагдаж эхлээгүй байгаа 1072 хувьцааг сая төгрөгөөр зарж болно гэсэн цуу ярианд итгээд шөнө оройн цагаар хүртэл хувьцаагаа зарах гэж зогсож байгаа иргэд оффшор дансны талаар ингэж цуурах нь аргагүй гэмээр. Одоо бол олон нийтэд оффшор бүс, оффшор дансны талаар зөв мэдээлэл тарааж чадаагүйн ачаар энэ бол зөвхөн сонгуулийн шоу болж үлдэнэ.
Оффшор бүсийн талаар дэлхий нийт юу ярьж байна вэ
Панамын материалд өмнө нь ерөнхийлөгч байсан бол одоо ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа 12 орны ерөнхийлөгчийн нэр шууд болон шууд бусаар холбогдож байгаа. Түүнчлэн төрийн өндөр албан тушаал эрхэлдэг 120 гаруй улс төрч байгаа юм.
Тухайлбал Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Петр Порошенко, Исландын ерөнхий сайд, Умард Солонгос, Ираны улс төрчид, Аргентины хөлбөмбөгийн од Леонел Месси, Хонгконгийн кино урлагийн домог Жэки Чан, Испанийн кино найруулагч Педро Алмодовар зэрэг алдартнууд мөн АНУ-ын хар жагсаалтанд бүртгэлтэй Израилийн Хезболла алан хядагч бүлэглэл, Мексикийн хар тамхины бүлэглэлүүд Панамын бичиг баримтанд шууд болон шууд бусаар холбоотой байна.
Үүнээс гадна Панамын бичиг баримтаар ил болсон оффшор компаниуд ихэвчлэн Их Британийн Виржинийн арлууд, Панам, Бахамын арлууд, Сейшелийн арлууд, Ниуэ арал, Самоа арал, Хонгконг, Их Британид байрладаг юм байна.
Дэлхийн ихэнх хэвлэл мэдээллийн байгууллагууд ОХУ-ын ерөнхийлөгч Путиныг Панамын бичиг баримтанд шууд бусаар оролцоотой гэдгийг нотлохыг чармайж байгаа. Гэвч ерөнхийлөгч Путин үүнд шууд оролцоотой гэсэн нотолгоо байхгүй, харин ерөнхийлөгч Путины багын найз нь Панамын оффшор байгууллагаар үйлчлүүлж хоёр тэрбум америк долларыг хилийн чанадад нуусан гэж Өрнөдийнхөн мэдээлж байна
Гэтэл Панамын бичиг баримтаар Хятадууд давамгай оролцоотой бүр 25 мянган хувь хүн аж ахуй нэгж татвараас зайлсхийхийн тулд оффор дансанд хөрөнгөө хадгалуулсан нь ил болсон. Тухайлбал Хятадын эрх баригч коммунист намын өндөр дээд тушаалын найман хүн, тэдний хамтрагчид болон хамаатан садан, тэр дунд Си Зиньпин даргын хүргэн нар оффшор дансанд хөрөнгөө хадгалдаг гэдгийг Панамын баримт бичгээр ил болоод байгаа. Гэвч одоогоор Хятадын эрх баригчид энэ талаар нэг ч үгүй дугараагүй, харин Хятадад Панамын бичиг баримттай холбоотой гадна дотны хэвлэлүүдийн мэдээлэлд хатуу хяналт тавьж байгаа ажээ.
/Оффшор бүсэд бүртгэлтнй Монголын иргэд болон компанийн нэрс/
Гудсан дор мөнгөө нуусных нь төлөө тэднийг яллах ёстой юу | ||
Үзсэн: 7354 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.