Өөрийн амьдарч буй хашаагаа хэрхэн тохижуулж, ая тухтай амьдарч болдгийн нэгэн жишээг та бүхэнд сонирхуулъя.
Энэ бол Орхон аймагт оршин суух Т.Банзрагчийн хашаа. Хэдэн сарын өмнө сошиал орчинд Т.Банзрагчийн хашааны зураг тарж, залуучууд өөрсдөө хүсвэл амьдарч буй орчин нөхцөлөө яаж ч тохижуулж болно гэдгийг олон хүн харсан. Харин бид энэ удаад уншигчдадаа дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөр Т.Банзрагчийн хашаанд зочиллоо.
Тэдний хашаа бусад айлуудтай л ижил 0.7 га газартай. Харин хашааны гадна хаалга, гаднаа байрлуулсан хогийн сав, шуудангийн хайрцаг зэргээс эхлээд л хичнээн хөдөлмөрч эзэнтэй болох нь харагдана.
Т.Банрагч 2011 оноос хашаагаа тохижуулж эхэлжээ. Ингэхдээ үндэсний хэв маягаа шингээсэн хэрнээ боломжийн хямд зардлаар тохижуулсан гэдгээ бидэнд хэлсэн юм.
Хаалгаар ороод л явган хүний цементэн зам тавьж, хажуугаар нь жижигхэн модон хашаа босгожээ. Хашааны хөрсийг эвдэхгүй гэсэндээ цементэн замнаас гадна цэцэгний савны суурь хүртэл байрлуулсан байна. Т.Банзрагч “Цэцэгний саваа ч гэсэн шууд газар дээр тавьчихаар хөрс эвдчих гээд байдаг болохоор ингээд суурь бэлдчихсэн юм. Нарийн ногоог ч жижиг саванд тарьчихдаг” хэмээн ярилаа.
Бид Т.Банзрагчтай цөөн хором ярилцлаа.
-Танай хашаанд их олон төрлийн мод ургасан харагдаж байна?
-Манай хашаанд есөн төрлийн 38 ширхэг мод байгаа. Тэрнээс гадна нарс, үхрийн нүд, чацаргана, монос, давжаа алимны мод, агч мод, интоорын мод, нарийн ногоо, цэцэг, цэцэгнүүдийн үрсэлгээг гэртээ хийж байна. Гадаа сайн дулаарахаар хашаандаа гаргаж ирж тарина.
-Сагсны талбайгаа хашааны буландаа байрлуулчихсан болохоор зай талбай хэмнэчихсэн харагдаж байна?
-Тийм, хашааны булангаа ашиглаад л сагсны талбай хийчихсэн юм. Хүүхдүүдийнхээ чөлөөт цагийг зөв өнгөрөөх ямар зүйл хийж болох вэ гэж бодож байгаад л хийчихсэн.
-Ингэхэд та хэдэн хүүхэдтэй вэ?
-Би хоёр хүүхэдтэй. Гэхдээ сагны талбай дээр бол ойр орчмын хүүхдүүд дандаа л ирж тоглодог юм.
-Одоо хашаандаа нэмж хийхээр төлөвлөж байгаа зүйл байна уу?
-Одоо байшингийнхаа хажууд сийлбэртэй, дөрвөн ханатай гэр барих гээд талбайг нь бэлдчихсэн байгаа. Үндэснийхээ хэв маягийг шингээсэн гэр барихаар төлөвлөж байгаа. Мөн хашаандаа саун, бассейн барихаар төлөвлөж байна даа.
-Та Эрдэнэт хотын уугуул иргэн үү?
-Би Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат хүн. Эрдэнэт хотод 1993 онд ирж суурьшсан. Ирснээсээ хойш авто тээврийн байгууллагад кразын жолооч хийж байна.
-Анзаарч байхад танд бүтээлч сэтгэлгээнээс гадна зурах авьяас байх шиг байна. Хашааныхаа хээг их нарийн зурсан байна л даа?
-Ер нь бага зэргийн гарын ур дүй бий. Би 1990 онд Эрдэнэ зуу хийдэд зураачийн ажил хийдэг байсан. Тийм болохоор л бага зэрэг зүйлээ өөрөө гарчлан хийчихдэг юм.
-Та Эрдэнэ зуу хийдэд ямар зураг зурдаг байсан бэ. Одоо таны бүтээлүүд тэнд бий юу?
-Эрдэнэ зуу хийдэд сүмийн хээ хуар хийж байсан. Мөн зүмбэрийг нь хийж байсан. Одоо очиход гол Гурванзуугийн хийдэд миний хийж байсан зүмбэр хээ нь хуучнаараа байгаа.
“Хашаагаа тохижуулсан ч гэсэн газрынхаа хөрсийг эвдэхгүй байвал ууланд ургадаг бүх л төрлийн цэцэг, ногоо хашаанд ургадаг. Зун болохоор үнэр нь ханхлаад л сайхан шүү дээ” гэж ярих Т.Банзрагчийн хөдөлмөрийг үнэлүүштэй. Мөн хотын төв рүү орон сууцанд амьдрах гэж мөрөөдөж суухын оронд боломжийн хэрээр хашаагаа тохижуулчихаад амгалан тайван амьдрах боломж бидэнд байна гэдгийг харуулж байна.
Хотын төвийн орон сууц мөрөөдөхийн оронд амьдарч буй хашаагаа тохижуулъя | ||
Үзсэн: 16071 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.