Монгол хөгжиж эхлээд буй оюуны спортын тамирчин, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон “цээж” сайтай охинтой ярилцлаа. Тэрбээр спортын энэ төрлөөр хичээллээд хэдхэн сар болж байгаа ч Монголдоо төдийгүй дэлхийд данстай тамирчин болж чаджээ. МУИС-ийн Олон улсын харилцааны I ангийн оюутан, Монголын оюун ухааны академийн оюуны спортын тамирчин, үндэсний ой тогтоолтын аварга Б.Намуунтуул энэ өдрүүдэд Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах 29 дэх удаагийн тэмцээний бэлтгэлээ хийж байна. Английн Лондон хотноо энэ сарын 29-нээс эхлэн дөрвөн хоног үргэлжлэх тус тэмцээнд манай улсын зургаан тамирчин оролцох юм байна.
-Яагаад оюуны спортоор хичээллэх болов?
-Манай нагац ах анх санал болгосон. “11 дүгээр анги төгсөх дөхлөө, олон шалгалт өгөх учир ой тогтоолтоо сайжруулах хэрэгтэй учир энэ курст яв” гэсэн. Тэгээд нэг сарын курст явсан. Дараа нь Акчол багш намайг хавар болох тэмцээнд оролц гэсэн санал тавьсан. Тэгээд жилийн ангид орж үндэсний аваргын тэмцээнд бэлдэж эхэлсэн. Оюун ухааны спорт анхнаасаа таалагдсан л даа. Өмнө нь зарим хичээл дээр сэтгэлзүйн дарамтад ордог байсан. Харин оюун ухааны спортоор хичээллэснээр өмнөх проблемууд бол маш энгийн өчүүхэн зүйл болохыг мэдэрсэн. Анхаарал төвлөрүүлэх дасгалууд нь их сайхан, үр дүнгээ өгсөн болохоор цаашдаа хичээллэхээр шийдсэн юм.
-Та бол богино хугацаанд их амжилт үзүүлсэн тамирчин. Энэ талаараа яриач?
-Анх өнгөрсөн 3 сард ой тогтоолтын үндэсний аварга шалгаруулах тэмцээнд орж дунд, ахмад насны аварга болсон. Энэ тэмцээнээс 7 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль авсан. Дараа нь Туркийн цээж бодолт, ой тогтоолтын тэмцээний таван төрөлд оролцож 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл авсан. 9 сард Хонконгийн нээлттэй тэмцээнээс 3 алт, 5 мөнгө, 1 хүрэл медаль авсан. Нийлбэр оноогоороо хоёрдугаар байранд орж, дэлхийд чансаагаараа 51 байрт бичигдсэн. Одоо Англид болох дэлхийн ой тогтоолтын аваргын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байна.
-Багаасаа ийм ой сайтай хүүхэд байсан уу?
-/инээв/ Үгүй. Оюун ухааны академид анх ой тогтоолтоо муу гэж үзсэн учраас анх хандсан.
-Тэгээд их амжилтад хүрчээ. Нууц нь юунд байна?
-Сонгосон зүйлдээ цаг гаргаж чадвал хэн ч амжилт гаргах боломжтой. Би оюуны ухааны спортын ой тогтоолтын төрлийн ихэнхээр нь хичээллэдэг. 5 минут, 15 минут, 60 минутын тооны марафон, тав ба 30 минутын хоёртын тоолол, үг цээжлэх, зураг цээжлэх, хөзөр цээжлэх, хоёртын тоолол гэх мэт.
-Хамгийн энгийн дасгал гэвэл?
-Хамгийн энгийн дасгал нь баганад өгөгдсөн үгийг дарааллаар нь цээжлэх. Мэдээж энэ бүхэнд төсөөлөл хамгийн чухал. Үлгэр болгон өрнүүлэх мэтээр цээжилдэг. Энэ спортоор хичээллэхэд хувь хүнээс анхаарлаа төвлөрүүлэх чадвар их шаарддаг.
-Амжилт гаргахын тулд юуг анхаарах вэ?
-Миний бодлоор тухайн төрлөө сайн ойлгож өөртэйгөө ажиллах чадвар маш чухал.
-Манайхан тамирчидаа дэлхийн аваргаас нэг медаль аваад ирэхэд маш их хүндэтгэл үзүүлж үнэлдэг. Харин оюун ухааны тамирчдыг ойшоох талаар?
-Монголд оюун ухааны спорт хөгжөөд гурван жил болж байна. Тийм учраас хүмүүс сайн мэддэггүй. Мэдэхгүй зүйлээ хүн үнэлэх нь битгий хэл сонирхдоггүй шүү дээ. Герман, Япон зэрэг улсуудад оюун ухааны тамирчид спонсортой, бүх нөхцөл нь хангагдсан байдаг. Гадаадын орнуудад оюун ухааны спортыг чухалчилж авч үздэг юм билээ.
-Манайхан хэдийд ингэж хүлээж авна гэж боддог вэ?
-Нилээд хугацаа хэрэгтэй. Энэ спортоор олон хүн хичээллэж их амжилтуудыг гаргасны дараа л ийм болох байх.
-Танай найзууд оюуны спортоор хичээллэхэд яаж хүлээж авсан бэ?
-Хүмүүс ой тогтоолт гэхээр шууд сэтгэн бодох чадвар гэж ойлгодог юм билээ. Манай найзууд таашаасан, зарим нэг нь хичээллэнэ гэж байгаа.
-Гудамжинд явахдаа дасгалаа хийдэг үү?
-Болно. Шаардлагатай зүйлсээ бол тогтоочихдог. Би минутад 80 тоо цээжилдэг, замбараагүй дарааллаар нь. Бэлтгэлээ ихэвчлэн оюун ухааны академи дээр очиж хийдэг.
-Ой тогтоолтын төрлөөр хичээллэсний давуу тал нь?
-Тархи байнга сэргэг хөгжиж байна. Төсөөлөн бодох, анхаарал төвлөрөх чадвар байнга нэмэгдэж байдаг. Энэ бол спортын маш гоё төрөл.
-Намуунтуул хэдий 17 настай ч дэлхийд танигдсан тамирчин. Харин чиний хамгийн хүчтэй өрсөлдөгч?
-Германы Иохонас гэж тамирчин бол маш мундаг.
-Та нарын үеийнхэнг их задгай болсон, ёс зүйн хувьд боловсроогүй гэх мэтээр шүүмжилдэг. Энэ талаар ямар байр суурьтай байдаг вэ?
-Заримдаа тийм хандлага харагддаг. Гэхдээ манайхан сүргийн сэтгэлгээтэй болохоор бүгдийг нь хамруулж ойлгоод байна л даа. Түүнээс биш энэ чинь тухайн хүний гэр бүлээс олгогдсон хүмүүжлийн л асуудал шүү дээ. Айлын хүүхэд болгон бүдүүлэг, ёс зүйгүй байна гэдэг бол өрөөсгөл.
-Хувь хүнийхээ үзэл бодол, аливаад хандах хандлагаасаа хуваалцаач?
-Хүн амьдралдаа ямар ч юмыг үзэж туулж болно. Гэхдээ энэ бүхэнд тэнцвэртэй байдлаа хадгалж чаддаг байх ёстой. Би ямар нэгэн юмыг байгаагаар нь хүлээж авдаг, тэгээд сайн сайхан, тэмүүлэлтэй, эерэг талаас нь харахыг хичээдэг.
-Баярлалаа. Амжилт хүсье.
Б.Намуунтуул:Замбараагүй дараалалтай 80 тоог нэг минутад цээжилдэг... | ||
Үзсэн: 2408 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.