Эршүүд, хэнэггүй, ил цагаан үгтэй сонин, содон дүрүүдийг кино урлагт бүтээж үзэгчдийн таашаалыг хүртэх болсон жүжигчин бүсгүйг редакцийн зочноор урилаа. Тэрбээр жүжиглэхийн зэрэгцээ найруулагч, продюссорын ажлыг чадварлагаар гүйцэтгэж “Хэцүү анги” ОАК, “Рашаантын 18”, “Лардьма” киног бүтээсэн уран бүтээлч.
-“Лардьма” киног онлайнаар зөвшөөрөлгүйгээр тараасан сайтуудтай та учир зүйгээ ололцов уу?
-Монголд оюуны өмч байнга хулгайд өртдөг. Уран бүтээлчид ч үүнтэй эвлэрчихсэн. Ерөөсөө хэнд ч юу ч хэлэхгүй аваад л цацаад, ашиглаад л. Ийм байж болохгүй ээ. Миний утас бүх лавлахад “Навчаа фильм” гээд бүртгэлтэй байж байдаг. Утсаар ч гэсэн яриад “танай киног тавих боломжтой юу” энэ тэр гэвэл магадгүй би зөвшөөрчихсөн л байгаа. Би энэ киноны зарж борлуулах эрхийг Скай медиад өгөөд гэрээ хийчихсэн. Угаасаа монголд хаанаас зөвшөөрөл авсан, хаана хэн ажиллуулж байгаа нь мэдэгдэхгүй, эзэн холбогдогчгүй хулгайн сайтууд байдаг. Тэгэхээр энэ асуудлыг цэгцлэх хэрэгтэй.
-Таны тэмцэл үр дүнд хүрэх нь үү?
-Ямар ч байсан өмнө нь удаа дараа ингэж бусдын юмыг хулгайлж байсан зургаан сайтыг хаалгасан. Би дуугүй өнгөрмөөргүй байна. Манай уран бүтээлчид “Навчаа чиний зөвөө, бид ингэхгүй бол болохгүй” гэцгээгээд л байна. Хажуугаар нь надад зориулж маш их комент бичиж. Уншлаа. Ямар мулгуу, залхуу, ухамсар дорой, хялбар аргаар мөнгө олох гэсэн залуус олшроо вэ. Монгол хүний оюун ухаан ямар доод түвшинд байна вэ? Намайг ямар шуналтай юм бэ, одоо болоо юм бишүү энэ тэр гээд л бичиж өгчээ. Ийм байхад монгол улс хөгжихгүй шүү. Энэ бүхнээс үүдээд энэ залууст зориулж уран бүтээл хиймээр санагдлаа.
-Шинэ уран бүтээл тань иймэрхүү чиглэлтэй байх нь уу?
-Мэдээж уран бүтээлээ хийнэ. Залуусын ийм нэг хачин үзэл суртал бол нийгэм улс төрийн байдалтай холбоотой. Өнөөдөр ард түмний сонголтоор гарчихаад амлалтаа биелүүлж байгаа нь хэд билээ, авилгын хэрэгт хэд нь орооцолдож байна. Дээшээ гараад хулгай хийгээд эхлэхээр доодох хүмүүс нь хулгай хийхээс яахав. Өнөөдөр маш олон гадны ажилчид ирж барилга барьж байна. Гэтэл монгол залуус хужаа нарыг ингэнэ тэгнэ гээд дайраад байгаагаас эх орныхоо бүтээн байгуулалтад өөрсдөө оролцож чадахгүй залхуураад л. Тэгсэн хирнээ Солонгост очихоороо шургаж унатлаа ажиллана. Ийм нэг заваан, бодлоосоо яаж салах ёстой юм бүү мэд.
-Киноны хувьд эзэмшигчийн асуудлыг хэрхэн яаж шийддэг юм бэ?
-“Лардьма” киноны оюуны эзэмших эрх зөвхөн Навчаа гэдэг хүнд байдаг. Яагаад гэхээр би санааг нь гаргаж, бүх санхүүжилтийг хийсэн. Киноны оюун өмчийн эрх үүсгэн санаачилсан, мөнгөө гаргасан хүн дээр үүсдэг. Өөрөөр хэлбэл би бусдад цалин өгч бүтээл хийлгэсэн. Өмнө нь оюуны өмчийн талаар мэдлэггүйгээсээ болж өөрийнхөө санааг, бүтээлээ алдаж байсан удаа бий.
-Цаашдын төлөвлөгөө болон ойрын үеийн уран бүтээлийн тухай?
-“Навчаа” фильм уран бүтээлчидтэй хамтран шинэ бүтээл рүү орчихсон, үйл ажиллагаа эхэлж байна. Энэ бол монгол хүн гэдэг бахархлыг төрүүлэх зорилготой томоохон бүтээл болно. Одоо бидний насны уран бүтээлчид нэг шалдар бульдар юм хийгээд яах юм бэ? Хэрвээ залуухан уран бүтээлч бол алдаа оноотой юм хийхийг хэн ч үгүйсгэхгүй. Харин бидний насныхан нийгэмдээ хэрэгтэй, ач холбогдол өндөртэй л юм хийх үүрэгтэй. Уран бүтээлийн алдах эрхгүй нас шүү дээ, энэ чинь.
-Та энэ шинэ кинондоо ямар үүрэг гүйцэтгэж байна вэ?
-Маш олон үүрэг гүйцэтгэнэ. Гэхдээ энэ бол хамтын бүтээл юм шүү.
-Залуучуудын тархинд юм суулгамаар байна гэсэн. Харин та хүүхдийнхээ тархинд хамгийн түрүүн юуг суулгаж байна?
-Одоо ус хэмнэх, усны зөв хэрэглээг дадал болгож байна. Шүдээ угаахдаа ийм хэмжээтэй, аяга угаахдаа гоожуулахгүй саванд тосно гэх мэтээр. Долоохон настай юм чинь зөв дадалтай болох л чухал. Түүнээс биш усны нөөц, хомсдол, үнэ цэнэ яриад ойлгохгүй шүү дээ. Хожим нь том болохоороо ээжийнхээ яагаад ингэж сургасны учрыг мэдэрнэ. Бас хүнд худлаа ярих зайлшгүй шаардлага гэж байдаг. Гэхдээ яах гэж худлаа ярьснаа надад заавал тайлбарлах хэрэгтэй гэж тохирсон. Хүүхэд айсандаа нэг худлаа хэлнэ, тэгээд давтсаар реплекс болно гэж бодсондоо л тэр.
-Харин таныг аав, ээж тань яаж хүмүүжүүлсэн бэ?
-Их эрх чөлөөтэй өссөн. Хорьж цагдаж байгаагүй. Гадуур гарахад юм хэлэхгүй, надад их итгэл өгсөн. Гэхдээ би хүүхдээ тийм байлгаж чадахгүй. Нийгмийн байдал өөр болсон. Хүн гэр бүлээс гадна тухайн орчноосоо ихийг мэдэрч ухаарч өөрийн болгодог. Тэгэхээр яаж төлөвших вэ гэдэг асуудал их чухал. Мэдээж хэрэг, яг тэр төлөвшлийн үед нь гэр бүлээ их тайван, сайхан нөхцөлтэй байх хэрэгтэй. Мэдээж би загнана, хайрлана, зодно, зөвлөнө. Бидний хамгийн том алдаа бол миний хүүхэд юм чинь гэсэн хандлага. Би үүнийг ойлгож байгаа ч засч залруулж чадахгүй л явна. Хүүхэдтэй хүүхэд бус иргэний хувиар харьцах ёстой юм.
-Ертөнцийг үзэх үзэл, амьдралдаа баримталдаг зарчмын тухайд?
-Бид өчигдөр тэгсэн, маргааш тэгнэ л гэж ярьдаг. Харин өнөөдөр би яах вэ гэдгийг ер ярьдаггүй. Өнөөдөр сайн байвал өчигдөрт алдаа байхгүй, маргааш ч сайхан л байна. Энэ бол Далай ламын үг. Би хэзээ ч баяжья гэж боддоггүй. Орох орон, хөл дүүжлэх унаа, сольж өмсөх хувцас байвал болоо. Хүмүүс юм хураах гэж, хурааснаа өсгөх, хамгаалах гэж бусдад муу юм хийдэг. Хамгийн аймаар нь хэдхэн төгрөгний төлөө газар нутгаа зарчихаж байгаа хүмүүсийг үзэн ядаж байна. Чингис хаан гээд цээжээ дэлддэг хирнээ бий болгосон газар нутгийг нь үгүй хийж байна. Чи мөрөн дээрээ тохох ганц л юмтай байхад дэлхийн хүн амын 75 хувиас баян гэж үг бий. Мөн хүмүүс ганц олдох нас гэж яриад байх юм. Үгүй ээ, чи хүн төрлийг олж төрсөн л бол үйлийн үрээ эдлээд дахин дахин төрнө. Үхэл гэдэг чинь зөвхөн энэ насны чинь төгсгөл. Дараа нь дахиад л төрнө. Би үүнд итгэдэг. Тийм учраас дараа төрөлдөө сайн явахын тулд энэ насныхаа амьдралыг зөв цэгцтэй явах хэрэгтэй. Би өнөөдөр баяжиж яахын, газар нутгаа зараад яахын. Дараагийн төрөлдөө юу ч болж төрж мэднэ шүү дээ. Өнөөдөр хог түүгээд хөөрхий минь хэцүү яваа хүмүүс урд насныхаа үйл лайг үүрч явна гэдэг. Үнэн байх шүү. Миний ертөнцийг үзэх үзэл энэ онолоор яваа шүү.
-Таны хүсэл шунал юунд тэмүүлдэг вэ?
-Хүмүүсийг ухааруулсан, шаагуулсан бүтээл хийх. Миний хүсэл шунал бол ерөөсөө л энэ. Кино хийгээд айхтар ашиг олдоггүй. Би шал угааж үзсэн, нарийн боовны цехэд ажилласан, алтны уурхайд ч ажиллалаа. Олдог мөнгө нь адилхан л байхгүй юу. Гэхдээ хийж чаддаг юмаа хийх нь миний үүрэг байхгүй юу.
-Таны мөрөөдлийн оргил?
-Шуналд хязгаар байдаггүй шүү дээ. Би “Хэцүү анги”-ийг хийсний дараа инээдмийн кинонд орон зай байгааг мэдэрч “Рашаантын 18”-ыг хийсэн. Харин дараа нь амьдралд байдаг хирнээ гаргаж ирдэггүй зүйлийг дэлгэе гээд “Лардьма”-г хийсэн. Тэгэхээр нэг бүтээлээсээ урам авч нөгөө киногоо гаргаж ирдэг. Тэрнээс биш яг тийм юм хийе, энэ бол миний мөрөөдлийн оргил гэх нь уран бүтээлч хүнд харьцангуй ойлголт л доо. Одоо залуучуудын тархинд юм хийе гэж бодсоор явна. Энэ бол “Лардьма”-гаас төрсөн бодол.
-Та киноны бүх процесст өөрийн бодол санаагаа шигтгэдэг үү?
-Лардьма кинон дээр ярья л даа. Гэр бүлийн хүчирхийллийг харуулсан хоёр эмэгтэй дүртэй нэг хүчирхийлэгч байх ёстой, тэр тэгж тэгж хүчирхийлдэг, энд шорон байх ёстой, ял авч байгаа эмэгтэйчүүдийн ихэнх хувь нь гэр бүлийн хүчирхийллээс болж хэрэг хийдэг.Ингэж л хэлнэ. Зохиолч зохиолоо бичнэ, уншаад болбол ок, болохгүй бол ингэе тэгье гэнэ. Эцсийн бүлэгт кино продюссорт л таалагдах ёстой. Сэнгэдорж бол мундаг найруулагч, Баттүшиг байна. Би тэр хүмүүсийг итгэсэн учраас сонгосон. Магадгүй зарим уран бүтээлчид мөнгөндөө тааруулж багаа бүрдүүлдэг учраас алддаг.
-Мөнгө муутай бол чадвар муутай баг бүрдэнэ гэсэн үг үү?
-Мэдээж. Анх уран бүтээлч энэ киног тэр найруулбал, энэ тогловол гэж төлөвлөнө. Энэ дагуугаа хийвэл сайн бүтээл болно. Сэнгэдоржийн үнийг дийлэхгүй нь, би өмнө хоёр кино найруулсан юм чинь гээд л Навчаа тэнэгтсэн бол “Лардьма” энэ зэргийн бүтээл болж чадахгүй л байхгүй юу. Тэгэхээр энэ бүтээл дээр яг хэн байх ёстойв гэдэг чухал.
-Та санхүүг яаж босгож байна?
-Өрөвдмөөр ш тээ. “Хэцүү анги” киног бол тэр үеийн телевизийн захирал байсан Ц.Оюундарь босгосон. Хүүхдийн редакцийн Эрдэнэцэцэг эгч маш сайн холбогч хийж ажилласан. “Раш аантын 18” бол МУГЖ Т.Баясгалан захиалж хийлгэсэн учраас мөнгө тэндээс гарсан. Харин “Лардьма” кинон дээр нэг хүнээс дэлхий дээр байхгүй хүүтэй мөнгө зээлж, оронд нь байгаа бүхнээ барьцаалсан. Тэгээд киногоо гарсан хойно зээлсэн мөнгөө болон бага зэрэг ашиг өгсөн. Тэгэхээр өнөөдөр Навчаагийн амьдрал дээшлэхгүй нь тодорхой байхгүй юу. Намайг коментчид яасан шуналтай юм, ханаж цаддаггүй юмуу гэжээ. Тэр хүмүүс манайд ирээд миний амьдралыг хараасай. Ямар хоол идэж, яажшуу амьдарч байна. Нэг муу өрх толгойлсон эмэгтэй, хүүхэддээ нэг аятайхан гутал авчих юмсан гээд л бусдын жишгээр л амьдарч явна. Үнэндээ бол би харьяалагдсан байгууллага байхгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, өрх толгойлсон эмэгтэй шүү дээ. Хажуугаар нь хэдэн муу дүү нараа чирчих гээд л. Олны танил гэхээр л баян болчихдог юм биш. Баян нь бол баян. Харин би бол тийм биш.
-“Лардьма”-гийн орлогоос дараагийн киноныхоо санхүүг шийдэж чадсан уу?
-Чадаагүй. Одоо энэ киног дахиад мөнгө зээлээд хийнэ. Навчаа өнөөдөр бусад кинонд бүтээсэн туслах дүрийн цалин, рекламд оролцож авсан мөнгөөрөө л болж байна. Надад кино маань ашиг өгөөгүй биш өгсөн. Гэхдээ хүмүүсийн яриад байгаа шиг “оох” биш л байхгүй юу. Бид нарт 200 сая төгрөг байхад л сайхан кино хийчихнэ. Энэ бол томчуудын зүгээр л халаасны мөнгө шүү дээ.
-Кинонд бүтээсэн дүрээс харахад та их нээлттэй, ойлголцоход амар хүн шиг санагддаг. Амьдрал дээр?
-Навчаа гэдэг хүнийг охин, аав ээж, дотны хэдэн найз, ах дүү нар минь л мэднэ. Хүмүүс намайг кинонд бүтээсэн дүрээр хардаг. Энэ зэвүүн, хэрүүлч, хөдөөний авгай гээд явж өгнө. Тэд миний жинхэнэ өнгө, мөн чанарыг мэдэхгүй учраас л тэр. Яг надтай танилцаад ирвэл өөр л дөө. Би магтаалын үгэнд дургүй, заримдаа худлаа ч юмшиг санагддаг.
-Хувь хүн талаасаа?
-Юмыг шууд шударгаар хэлдэг. Мулгуу хүний шинж байхаа. Энэ байдлаасаа болоод зарим хүмүүст ад үзэгдэнэ ээ. Хоёрт их түргэн зантай. Бас өрөвч. Дараа нь яах гэж тэгэв дээ гээд л. Бүгд л хүнд хэрэггүй зан л даа. Гэхдээ яахав, төрөлхийн юм гэдэг чинь хэцүү ш тээ.
-Амьдралдаа зэвсэг болгон ашигладаг давуу тал байна уу?
-Хийнэ гэснээ л хийдэг. Залхуурч хойшоо суухгүй. Харин өөрийнхөө эрүүл мэнд, гоо сайхны асуудал дээр бол хойрго. За яадгийн идчихье маргаашнаас болно биз гэх мэтээр хандана. Харин ажил төрөл дээр бол ёстой яс шүү дээ. Яг л цагтаа.
-Өөрийгөө хайхрахгүй байна гэдэг том дутагдал байхаа?
-2006 онд төрсөн. Тэрнээс хойш нэг ч удаа эмнэлэгт очоогүй. Өөрийгөө эрүүл л гэж бодоод байгаа, юу болж байгаа юм бүү мэд. Нэг жил нуруу аймаар өвдөөд эмнэлэгт үзүүлсэн хагалгаа хийлгэ гэлээ. Хагалгаанд ч орсонгүй, аарцаг нурууны бариа хийлгээд боссон. Уг нь үзүүлье гэж боддог л юм.
-Хэзээ өрхийн тэргүүнтэй болох гэж байна?
-Ёстой мэдэхгүй. Энэ чинь хэдийд энэ тэр гэж төлөвлөөд байдаг ч асуудал биш.
-Эр хүний жинхэнэ мөн чанарын талаар. Танд ямар хүн таалагддаг вэ?
-Нэг тийм ярихад, харьцахад л мэдрэгддэг сайхан зөөлөн хүн. Тэр үг дуу цөөтэй, гүндүүгүй энэ тэр чинь шал худлаа юм билээ. Анх танилцахад үг дуу цөөтэй даруухан л санагдаж байсан, ханилаад суусан хойно роман романаар нь юм ярьж байсан. Хүнийг шууд хараад танихад хэцүү. Сэтгэлийн хөөрлөөр зүрхэнд жаахан оч өгсний төлөө сонголт хийж эцэст нь үр хүүхдээ өнчрүүлэхэд хүрдэг. Хамгийн чухал зүйл хүний эд хөрөнгө, албан тушаал, байр унааг бус өөрийг нь байгаагаар нь хайрлаж сурах хэрэгтэй. Намайг ойлгочихдог, надад итгэчихдэг хүн байхад л болоо. Түүнээс биш зэрэглэл, ангилал, хэмжээ тогтоогоод байх юм алга.
-Ямар эмэгтэй хүмүүс таалагддаг вэ?
-Эмэгтэй хүн гэдэг хорвоо дэлхийн менежер юм шүү дээ. Хань ижил нь яаж явахав, үр хүүхэд нь хэн болохов, эцэг эх нь хэрхэн амьдрах вэ гээд бүх зүйл эмэгтэйчүүдээс шалтгаалдаг. Тийм учраас эмэгтэй хүн гэдэг чинь намайг бодвол зөөлөн байх ёстой. Гоё аядуухан, намбалаг сайхан хүмүүс байдаг даа. Чал пал, хар хур гээд л хэн нэгэнд аймаар зовлонгоо яриад явдаг хүмүүс таалагдаггүй.Эмэгтэй хүн уучламтгай, өршөөж, хайрлаж энэрч чаддаг байх хэрэгтэй.
-Монгол эмэгтэйн 21 сайхан шинжээс танд хэд нь байна?
-Ямар ямар шинж байдгийн.
-Үйлэнд уран, үгэнд цэцэн, ханьдаа халамжтай, хадамдаа элэгтэй гээд л...?
-Байхгүй, байхгүй. Аль нь ч байхгүй.
-Таны хамгийн сайн чанар юу юм вэ?
-Хүнд итгэл төрүүлж чадна. Надтай хамтарч ажилласан хүмүүс надад итгэдэг. Чадахгүй юмаа бол шууд л хэлнэ. Хүмүүс намайг “худлаа гар” энэ тэр гэдэггүй л юм. Бусдын итгэлийг алдахгүй юмсан, хүмүүст муу юм бодогдуулчихгүй юмсан гэж ажилладаг. Би орсон уран бүтээлдээ маш сайхан сэтгэгдэл үлдээгээд л явдаг. Замын хүзүү урт шүү дээ. Би дайсагнах, жөтөөрхөх юманд дургүй.
-Ихэвчлэн юунаас болж стресст ордог вэ?
- Зөндөө, зөндөө. Өчигдөр шөнийн 02.35 цагт сэрсэн чинь халтуур хийдэг дүү минь байдаггүй. За тэгээд үхэж үрэгдчихсэн юм биш байгаа гээд л нойр хүрэхээ больчихсон. Өчигдөр их хачин өдөр байсан. Охин маань хүндээр бие засахад нь цус гарсан чинь шоконд орчихсон. 103 руу ярьсан чинь ув улаан байвал санаа зоволтгүй гэлээ. Тэрүүхэн хооронд чинь элэг уушги нь өвдөөд мэс засалд орвол яанаа. Үхчихвэл яанаа, оршуулганд хэн хэн ирэх вэ, ямар үг хэлэх вэ гээд бүхнийг бодож байгаа байхгүй юу.
-Арай дэндэнэ ээ. Тийм аймаар юм бодлоо гэж үү?
-Аймаараа, аймаар. Надад урлаг уран сайхан хэрэггүй, бүх юмаа зарж үрээд Бөмбөгөр хавьцаа архи ууна гээд л бүгд төсөөлөгдөж байгаа байхгүй юм. Надад стресс их байна. Гэхдээ дандаа л үхэх хатах юм бодно. Сонсож байгаа мэдээнүүд, нийгмийн байдал, мэргэжлийн онцлог нөлөөлөөд байна.
-Хамгийн сүүлд ямар монгол кино үзэв?
-“Зэрлэг цэцэгсийн хүлэмж”-ийг үзсэн. Аймаар сэтгэл догдлоод ингэсэн тэгсэн гэвэл худлаа. Уран бүтээлч хүн болохоор өөрийнхөө түвшинд л үзлээ. Харин Ричард Гирийн тоглосон Хайчи гээд нохойны тухай киног би үзэх болгондоо уйлдаг. Бүр эхэр татаад уйлдгийн, өмнө 2 үзсэн. Өчигдөр үзээд бас л баахан уйллаа.
-Яг юу ойлгоод уйлаад байна?
-Нохой эзнээ үгүйлээд, хүлээгээд л. Нэг их тийм нандин юм байна. Илүү дутуу юм байхгүй, амьдралд ойрхон. Одоо ер нь дэлхийн киноны хандлага ийм болоод байгаа. Амьдралд ойрхон, натур. Хийсвэр юм явахаа больсоон.
-Танд жүжиглэхээс өөр авьяас байдаг уу?
-Авьяас илрээгүй байна. Солгой хоолойтнуудыг бодвол найрын дуутай. Бэлэн цэцэн үгтэй гэсэн. Үг нь бол бэлэн.
-Бичих авьяас байх уу?
-Уг нь би чинь “Би монгол хүн” шүлгийг бичсэн Чойжилын Чимэд гэж хүний удам угсаа юм шүү дээ. Тэр хүн бол манай эмээгийн төрсөн ахын хүүхэд. Цаасан дээр санаагаа буулгаж үзье гэж боддог. “Рашаантын 18”-ын зарим текстийг зохиосон. Нөгөөдүүл чинь элэг хатаж байгаа юм. Алиа хоржин үг нь хүмүүст хүрэхдээ сайн л даа. Саяхан үзээд баахан инээлээ. Нэг муу ном ертөнцийг харж байхад нүд юу харах нь ойлгомжтой биз дээ, өргөн гудамжийг нарийн болгоно энэ тэр гээд л. Яг л гэр хорооллын амьдрал шүү дээ.
-Урлагийн шүүмжийн хэрэгцээ, шаардлагын талаар та ямар бодолтой явдаг вэ?
-Энэ талаар тусгай баг, мэргэжилтэн ажиллах ёстой. Манайхан нэг кино хийгээд ёстой гоё, алаад өгнө гээд гаргадаг, нөгөөх нь явдаггүй л байхгүй юу. Өөртөө л сайхан бүтээл хийж, өөрөө л кайф аваад явдаг. “Рашаантын 18” киног эхлээд жирийн хүмүүст үзүүлэн эмоцийг нь хараад зарим хэсгийг хассан. “Лардьма”-г бас тэгж үзүүлсэн. Аймаар кино болжээ гэж хэлсэн.
-Хасах зүйл харагдаагүй юу?
- Тийм. Би энэ кинонд сэтгэл хангалуун байгаа. Хүмүүс хэзээ ийм амьдрал байлаа гэдэг. Үгүй хөөе, үүнээс цааш ч амьдрал байна. Хүүхдээ заазуурдаад, хүүхэд мөчлөөд хаясан хүмүүс харь гариг, сансараас бууж ирээгүй биз дээ. Нэг тийм юманд санаа зовдоггүй хэсэг бүлэг хүмүүс байна. Бүх юм нь бэлэн, амьдрал нь сайхан, нийтлэг амьдрал болоод амьдралын наад захын проблемийг амсаагүй, мэдрээгүй. Хүмүүс ертөнцийг таних хэрэгтэй, амьдралыг суралцах ёстой. Тэгвэл өнөөдөр ийм юм байхгүй гэж ярихгүй л байхгүй юу.
- Хүлээж авах үзэгчдээс гадна урлагийнхан өөрсдөө ч чадваржих хэрэгтэй гэж боддог?
-Манайд хэцүү, хэцүү юмнууд байна. Нийтийн дуу өрөвдмөөр байна. Сонсмоор сайхан дуу бий л дээ. Зарим нь яагаад байгаа юм бэ. Заавал дуу дуулах хэрэгтэй байгаа юмуу, чөлөөт цагаараа дуулаад байна уу. Би нийтийн дууг үзэн ядаж байгаа шиг кино урлагийг үзэн яддаг хүмүүс байгаа. Сая ёстой тэнэг тэнэг кино гарлаа ш тээ. Нэрийг нь хэлээд яахав, бөөн асуудал болно. Больчихооч гэмээр юм их байнаа.
-Болихгүй ш тээ. Тэгэхээр яахав?
-Зэрэглэл тогтооё. A B C гэсэн. А нь үнэхээр бүтээл болж, олон нийтэд цацаж болно гээд кино театрууддаа бүтэн заалыг нь өгөх хэрэгтэй. В зэрэглэл нь болохоор тал тал цагаар гаргая, үзэх нь үзэг. С нь болохоор шууд хааж боох нь юу юм, арай өөр нэг зааланд гаргаж болно биз дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Жүжигчин Б.Навчаа: Би эрхэлсэн тодорхой ажилгүй, өрх толгойлсон эмэгтэй шүү дээ | ||
Үзсэн: 15260 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.