ГУРВАН ЖИЛИЙН ӨМНӨХ УЛСЫН БАЯР НААДМЫН ТАВЫН ДАВАА ОДОО БОЛТОЛ СЭТГЭЛЭЭС ГАРДАГГҮЙ
Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны бөх, Монгол Улсын начин Алтангэрэлийн Даваанямтай ярилцлаа. Тэрбээр энэ баасан гарагт цолныхоо мялаалгыг хийхээр их л завгүй явав.
-Цолныхоо мялаалгыг нийслэл хотноо хийх гэж байгаа юм байна. Бэлтгэл ажил жигдэрч байна уу?
-Давгүй дээ. Өнгөрсөн зун төрөлх сумандаа нутгийн ард түмнээ хүлээн авч бэсрэг наадам зохион байгуулсан. Харин уламжлал ёсоор нийслэлдээ одоо хийх гэж байна.
-Манай ард түмэн наадмаас наадмын хооронд тухайн жилийнхээ наадмын сонин хачныг ам дамжин ярьдаг. Иймд энэ жилийн наадмын тухай ярилцъя. Монгол Улсын харцага М.Бадарчийг давж, начин цол хүртэхдээ хамгийн түрүүнд юу бодов. Наадмын өдөр хоёулаа уулзалдсан ч энэ тухай тухтай ярилцаж чадаагүй шүү дээ ...
-Харин тийм. Би бөхийн спорттой амьдралаа холбоод 20 орчим жил болжээ. Үндэсний бөх гэлтгүй самбо, жүдо, кураш зэрэг бөхийн төрлөөр барилдаж байсан. Харин Үндэсний их баяр наадам бол жилд нэг удаа болдог бахархал. Төрт ёсны энэхүү баяр цэнгэл наадамд есөн жил хүч үзээд Монгол Улсын начин хэмээх эрхэм сайхан цолыг хүртлээ. Тэр тусмаа Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат, залуу харцага М.Бадарчаар тав давсандаа баяртай байдаг.
-Улсын харцага М.Бадарчийг бөх сонирхогчид заан цолны эрэмбэтэй хэмээн ярьдаг даа ...
-Тэгэлгүй яах вэ. Ид хүч үзэж байгаа түүнийг давсандаа бахдалтай байна.
-Зургаагийн даваанд Монгол Улсын Аварга Ч.Санжаадамбад өвдөг шороодсон. Түүнийг давах боломж үнэхээр байгаагүй юу?
-2016 оны дөрвийн даваанд Монгол Улсын харцага Ш.Уламбарт өвдөг шороодохдоо өвдгөө бэртээж, тавын даваанд Монгол Улсын заан Б.Батмөнхөд унасан юм. Тэр бэртлээсээ болоод хэдэн жил бэлтгэл сайн хийж чадахгүй байлаа. Тэр уршиг энэ жилийн наадмын зургаагийн даваанд нөлөөлсөн болов уу.
-Гурван жилийн өмнө тавын даваанд тулаад буцаж байсан бол энэ жил илээчихлээ. Энэ хоёр агшны сэтгэл хөдлөл, мэдрэмж тэс өөр байсан нь мэдээж ...
-Жүдо бөхөөр жишээ авч үзвэл, өмнө нь хүрэл медалийн оосроос атгаад алдсан. Харин энэ жил өмнөх алдаагаа давталгүйгээр хүсч байсан медалиа зүүлээ гэсэн үг. Гурван жилийн өмнөх улсын баяр наадмын тавын даваанд уначихаад буцаж байсан үе одоо болтол сэтгэлээс гардаггүй юм. Ядаж байхад хөл маань бэртчихсэн доголоод л ... Харин энэ жил “Улсын цолтны эгнээнд бичигдлээ дээ” гээд бодоод тугаа тойрч байхад бугшсан сэтгэл минь тайлагдах шиг болсон. Мөн тэр жил тавын даваанд өвдөг шороодохдоо “Би хэзээ нэгэн цагт энэ давааг “гаталж” чадах юм байна. Хамгийн гол нь тууштай байх хэрэгтэй” гэсэн зорилго өөртөө тавьсан.
Б.БАТ-ЭРДЭНЭ АВАРГАД БИ ОДОО БОЛТОЛ БАЯРЛАЖ ЯВДАГ
-Энэ жилийн наадмаар таны ах дээлийн тань захыг мушгиад хамт сууж байсан гэсэн. Ахын сургааль, нөөлөг ч дэм болсон байж болзошгүй ...
-Тэгэлгүй яах вэ. Миний төрсөн ах А.Галбаатар, А.Цогтбаатар, төрсөн эмэгтэй дүү А.Бямбасүрэн, хүргэн дүү Золбоо, багын найз, аймгийн арслан Л.Нямбаяр нар хамт байсан. Мөн нутгийн бүх бөх нэг дор цугласан байлаа.
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ ЖҮЖИГЧИН, УРТЫН ДУУЧИН Б.МӨНХБААТАР, АЙМГИЙН АРСЛАН Л.НЯМБАЯР НАРЫН ХАМТ.
-Таныг начин цолны болзол хангахад засуул тань таниас түрүүлээд тугны дэргэд гүйгээд очсон хөгжилтэй бичлэг байдаг ...
-Тийм. Батжаргал гэдэг сайхан залуу байна билээ. Анх удаа улсын наадамд бөх засч, анхны улсын цолтон нь би болоод ёстой л хагартлаа баярласан гэсэн. Хожим би түүнд хүндэтгэл үзүүлж, мөнгөн аягатай сүү барьсан.
-Бөхийн олон төрлөөр хичээллэдэг тань улсын цол хүртэхэд нөлөөлсөн байх. Гэхдээ таны үндсэн мэргэжил бизнес, менежментийн чиглэлийнх гэдэг юм билээ ...
-Энэ мэргэжлийг сонгох болсон шалтгаан маань их сонин. Намайг 16 настай байхад Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхийлөгчөөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Дархан аварга Б.Бат-Эрдэнэ ажиллаж байлаа. Тухайн үед манай улсын жүдо бөхийн холбоогоор дамжуулж, Японы ахлах, дунд сургуулийн багш нар Спортын төв ордонд жүдогоор хичээллэх хүүхдүүдийг сонгон шалгаруулж байв. Тэр үед би “Улаанбаатар” их сургуулийн зааланд Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв багшийн удирдлага дор бэлтгэл хийдэг байлаа. Дээрх шалгаруулалтыг багш сонсчихоод намайг дагуулж, Спортын төв ордон руу очсон юм. Гэтэл бид хоёр шалгаруулалтаас нь хоцорчихсон. Ингээд буцах гэснээ “Нэгэнт ирсэн юм чинь шалгаруулалт авч байгаа Япон багшийг харъя” гэж бодоод заалны хаалгаар шагайсан чинь өнөө багш намайг харснаа орчуулагчаа дуудаад “Хэдэн настай вэ. Энэ л бөх болох хүүхэд байна. Үүнийг авъя” гээд намайг шалгаруулалтгүй тэнцүүлсэн. Тэр үед 40 гаруй хүүхэд шалгаруулалтад орсон ч надтай хамт нэг хүүхэд хамт явсан. Мөн тэр боломжийг нээж өгсөн Б.Бат-Эрдэнэ аваргад одоо болтол баярлаж явдаг.
-Тантай хамт явсан хүүхэд хэн байв. Одоо ямар амжилт үзүүлсэн байгаа бол ...
-Б.Бат-Эрдэнэ аваргын үүсгэн байгуулсан “Аварга” биеийн тамирын дээд сургуульд одоо жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа Э.Баттөр гэж залуу бий. Үндэсний бөхийн Аймгийн начин цолтой. Рио-де-Жанейрод болсон жүдогийн ДАШТ-д +100 кг-д хүч үзэж байсан ч хожим хөлөндөө бэртэл аваад спортоо орхисон юм билээ. Уг нь бөхийн удам талдаа мундаг хүн шүү дээ. Б.Бат-Эрдэнэ аваргын ойрын хамаатан байгаа юм.
ОЛИМПИЙН АВАРГА Э.БАДАР-УУГАН МАНАЙ ДООД АНГИД СУРДАГ БАЙСАН
-Японд тэгээд хэдэн жил суралцсан бэ?
-Гурван жил суралцах ёстой байсан. Тэр хугацаагаа дуусгасан. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд наймдугаар ангиа төгсөөд хотод дөнгөж ирээд байхад дээрх шалгаруулалт болоод Япон руу явчихсан юм. Хотод ирэхдээ Шар хадны 79 дүгээр дунд сургуульд орсон. Тэгэхэд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн аварга Э.Бадар-Ууган манай доод ангид сурч байлаа. Мөн гавьяат тамирчин Н.Төгсцогт, ДАШТ-ий хүрэл медальт Э.Цэндбаатар нар төрөн гарсан.
Японд “Gifu daichi” ахлах, дунд сургуулийг 2001-2005, “Daito bunka” их, дээд сургуулийг 2005-2009 оны хооронд сурч төгссөн. Тэнд суралцаж байхдаа “Жүдо бөх гэж чухам юу вэ” гэдгийг анх заалгасан. Мөн цэвэр жүдогоор хичээллэдэг болсон. Цэвэр жүдо гэдэг нь зөвхөн энгэр, ханцуйны барьцнаас барьж барилддаг. Энэ нь хожим үндэсний бөхөөр барилдахад маш их сөрөг нөлөөтэй болж хувирсан. Учир нь тонгойж биш гэдийж барилддаг болоод сурчихсан.
-Японд очоод хэр их тэмцээнд оролцов ...
-Ахлах, дунд сургуулийн бүх Японы аварга шалгаруулах тэмцээнд оролцохдоо “Gifu daichi” сургуулийнхаа нэрийн өмнөөс барилдсан. Үндсэндээ тэр сургуулиас дээшээ орох тамирчин сурагч ховор төрдөг болохоор намайг легонероор авсан юм билээ. Гэхдээ Э.Баттөр бид хоёр эхний даваануудад ялагдаж байсан ч өсөх ирээдүйтэй тамирчин гэдгээ харуулж чадсан. Мөн Япончууд манай улсын өөр, өөр аймгаас маш олон хүүхэд сонгон шалгаруулж авч байсан. Нэг үгээр хэлэхэд, бид хоёр анхдагч нь болж, араасаа олон хүүхэд дагуулж чадсандаа баяртай байдаг. Япончууд одоо ч авч байгаа.
-Тэр үед эх орон, гэр бүлийнхнийгээ санадаг байв уу?
-Жигтэйхэн их санана. Тэр үед одоогийнх шиг фэйсбүүк, хүн болгон гар утастай байсангүй. Гэрээс ирэх захиа сард нэг л удаа тохионо. Эсвэл сард нэг удаа сургуулийнхаа утсаар таван минут ярих эрхтэй. Би эхээс тавуулаа. Бүгдтэй нь яримаар санагдлаа ч аавтайгаа ярьж байтал утас тасарчихна. Тэгээд шөнө болохоор хөнжил дотроо уйлаад л ... Гэхдээ нэг давуу тал нь надаас гарах бүх зардлыг миний сурч байсан “Daito bunka” сургууль хариуцдаг байсан. Тэр ч бүү хэл цалин авна. Миний хийх ёстой зүйл бол өөрийн сургуулийнхаа нэрийг гаргаж, бусад тэмцээнүүдэд оролцох байлаа. Намайг зөвхөн барилдахаас гадна мэргэжил сонгох ёстой гэсэн үүднээс бизнес менежментийн ангийг сонгож суралцсан. Өглөө нь хичээлдээ явж, үдээс хойш бэлтгэлээ хийж, хуваарилагдсан тэмцээнүүдэд оролцоно.
ОЛИМПИЙН АВАРГА Н.ТҮВШИНБАЯР БИД ХОЁР -100 КГ ЖИНД БАРИЛДДАГ БАЙЛАА
-Мэргэжлээрээ ер нь ажиллаж байв уу?
-2009 онд төгсөөд Японы нэг компанид ажилд орсон. Гэвч аав, ээж маань намайг “Чи эх орондоо ирж ажилла” гэсний дагуу бага хугацаанд ажилласан. Ингээд бөхийн спортоо дагнах болсон. Тэр үед Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, Олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр бид хоёр -100 кг-ын жинд барилддаг байлаа. 2008 оны Бүх ард түмний спартикад хүртэл, 2007 оны УАШТ-ээс хоёулаа хамтдаа хүрэл медаль хүртэж байлаа. Тухайн үед Монгол Улсын Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох Жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байв. Насаа багш бид хоёрыг олон улсын тэмцээнд ээлжлүүлж оролцуулдаг байсан. Миний хувьд Японд суралцаж байсан ч тэмцээнд оролц гэвэл шууд л яваад очно. Ингээд 2008 оны Бүх ард түмний спартикадад Түвшээ бид хоёрын аль түрүүлсэн нь олимпийн наадамд оролцох нь тодорхой байлаа. Гэвч би финалын шатанд түүнтэй таарахдаа юүко үнэлгээгээр ялагдсан. Тэр мөчөөс хойш Н.Түвшинбаяр олимпийн оноо цуглуулах тэмцээнд оролцож, би Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эхлээд арай жижиг тэмцээнд оролцдог болсон. Ингээд Түвшээ маань Бээжингийн олимпод түрүүлж, элэг нэгт түмнээ баярлуулахад нь би “Аваргатай би бие, нас чацуу ч түүний зэрэгт хүрч чадахгүйгээс хойш өрсөлдөөд яах вэ. Харин Монголдоо очихдоо жингээ нэмж, үндэсний бөхөөр барилдъя” гэж бодсон. Ийнхүү би 2010 оны жүдо бөхийн Токиогийн ДАШТ-д +100 кг-д өрсөлдөөд эхний тойрогт Италийн тамирчинд ялагдсан. Харин УАШТ-ий шилдэг найман багийн нэг алт, ганцаарчилсан төрлөөр зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн. Хамгийн сүүлд Ө.Дүүрэнбаяртай улсын аваргын алтан медалийн төлөө барилдаж, ялагдаад энэ бөхийн төрлийг ерөнхийдөө орхисон доо.
-Та дээр Ц.Шийрэв багшийн талаар яриад өнгөрсөн. Энэ хүнтэй багш, шавь болсон учрал их сонин юм билээ ...
-Тийм. 2000 оны үед одоогийнх шиг хаа сайгүй гутал зардаггүй байлаа. Хамгийн их сонголттой нь “Нарантуул” олон улсын худалдааны төв. Би ахлах ангийн сурагч байхдаа 45-46 размерийн гутал өмсдөг байлаа. Арай гайгүй олдоцтой нь пүүз. Эсвэл улалсан гутал өмсөнө. Ээжээрээ оёулж 2000 он хүртэл ийм гутал өмссөн дөө. Ер нь зөвхөн гутал ч биш бүх хувцсаа хийлгэж өмссөн. Учир нь худалдаж авсан хувцас болгон таардаггүй байлаа. Ийнхүү Улаанбаатарт ирээд хотжуу байх гэж аавтайгаа гутал авахаар “Нарантуул” зах орсон юм. Тэр үед хөдөөнөөс ирсэн хүмүүс халаасны хулгайчаас их сэргийлдэг байлаа. Аав минь хэдэн бор төгрөгөө өвөртөө хийчихсэн явж байв. Гэтэл аавыг нэг хүн бариад авсан чинь аав өнөө л хулгайчуудын нэг нь байна гэж бодоод “Юун хүн бэ” гэсэн чинь тэр хүн “Намайг Ц.Шийрэв гэдэг юм аа. Та сандрах хэрэггүй. Таны хүү сайхан бие хаатай юм. Шавиа болгож барилдуулах гэсэн юм” гэхэд нь “Чи Монгол Улсын заан С.Хүрэлбаатартай холбогдоод асуугаарай. Тэр хүн болно гэвэл би зөвшөөрье” гээд явсан юм. Учир нь С.Хүрэлбаатар заан манай хамаатан юм л даа. Аав түүнээс зөвлөмж авах гэж багшид анх тэгж хэлсэн байж болзошгүй. Хариад байж байтал Хүрэлээ ах орой аавтай утсаар холбогдож “Та хоёртой зөв хүн таарч. Сайн дасгалжуулагч шүү” гэсний дагуу би Ц.Шийрэв багшийнхаа шавь болсон түүхтэй.
-Таны аавыг лам хүн гэж сонссон. Мөн залуудаа шаггүй барилдаанч байсан гэдэг ...
-Тийм ээ. Бөхийн цол хүртэж байгаагүй ч сайн барилддаг байсан гэж үеийнхэн нь хэлдэг. Барилдаж байгаад нуруугаа гэмтээж, хоёр жил хэвтэрт орсноосоо хойш зодоглохоо больсон. Мөн ээжийн хоёр ах Сумын заан цолтой.
-Тэгвэл та биеийн хөгжлөөрөө хэнийг нь дуурайсан бэ?
-Эмэгтэй хүн гэхэд ээж маань нэлээн том биетэй шүү. Мөн аавын аав буюу өвөөг ч биеэрхүү хүн байсан гэж авга ах, аав хоёр хэлдэг. Тэд намайг “Чи өвөөгийнхөө өтөл насны үеийн өндөрт ч хүрэхгүй юм байна” гэдэг. Тэгэхээр аргагүй том хүн байсан шиг байгаа юм.
-Та ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны даргаар гурван жил ажилласан. Энэ хугацаанд санасандаа хүртэл ажиллаж чадав уу?
-Энэ хороо маань үнэхээр ээлтэй, сайхан байгууллага. Спорт хорооны ажил бол төрийн албан хаагчид буюу шүүхийн шийдвэрийн ажилтнуудын нийтийн биеийн тамир, мэргэжлийн тамирчдын амжилт гаргах хоёрт чиглэсэн. Мөн байгууллага хоорондын тэмцээн, түүхт 95 жилийн ой гэх мэт миний зүгээс хийсэн ажил их бий. Би өөрөө жүдо бөхийн хүн гэдэг утгаараа хорооныхоо жүдочдыг мундаг болгосон. Ц.Шийрэв багшийгаа дасгалжуулагчаар авч, Ази тив болон гран пригийн аварга, ДАШТ-ий хүрэл медальтан ч төрсөн. Боксын Э.Цэндбаатар тэр үед Азийн аварга болж байлаа. Үндэсний бөх талаас дурдвал Монгол Улсын арслан Ц.Содномдорж, улсын заан Н.Жаргалбаяр, улсын харцага Т.Баасанхүү нарын зэрэг бөхийг нэрлэж болно. Улсын начин цолтон бол тоо томшгүй. Жүдогийн баг маань халз барилдаанд гурван жил дараалан алтан медаль хүртэж байсан. Тодруулбал, 60 кг-д Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, 81 кг-д О.Ууганбаатар, 90 кг-д Э.Мөнхжаргал, -100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д би өөрөө барилдчихна.
ТЭР ҮНЭХЭЭР ОЙР ХАВИЙНХНАА "АТГАЧИХСАН" НӨХӨР БАЙСАН ШИГ БАЙГАА ЮМ
-Дээр та Олимпийн аварга Э.Бадар-Уугантай нэг сургуульд сурч байсан гэж хэлсэн. Түүнтэй эр хүний хувьд нударга зөрүүлж байв уу?
-Үгүй. Би чинь их даруухан хүүхэд байлаа шүү дээ. Аав маань ч намайг бага байхаас “Хүмүүсийг битгий дээрэлх” гэж сургасан. Тэгээд ч дээрх сургуульд шилжиж ирээд нэг их удаагүй байхдаа Япон руу явчихсан юм. Гэхдээ намайг зодох гээд ороод ирвэл би зүгээр зогсохгүй л байх. Тухайн үед ангийнхан “Доод ангид Э.Бадар-Ууган гэж аматан байдаг” гээд хэлж байсан. Тэр үнэхээр ойр хавийнхнаа "атгачихсан" нөхөр байсан шиг байгаа юм. Сүүлд “Сүлд” спорт хороонд харьяалагдаж, Олимпийн аварга болж байсан түүхтэй.
-Таныг бөхчүүд дундаа нэлээн боловсролтойд нэрлэдэг юм билээ. Ер нь боловсрол гэдгийг та юу гэж боддог вэ?
-Их, дээд сургууль төгссөн хүн 100 хувь боловсролтой болчихдог юм биш. Эцэг, эхээс дамжсан сургамж, амьдралын хар ухаан юм. Сурч мэдсэнээр дүгнэвэл би Японд 10 жил амьдрахдаа япон, англи хэлийг хослуулж сурсан.
ОХИН МААНЬ ЖҮДО БӨХӨӨР ХИЧЭЭЛЛЭЖ БАЙГАА
-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулаач. Дорнод аймгийн бүсгүй гэж сонссон ...
-Миний ханийг Ж.Учрал гэдэг. Надад хоёр хүү, хоёр охин төрүүлж өгсөн. Хадам аав маань Дорноговь аймгийнх ч Дорнод аймгийн отрядын даргаар ажиллаж байсан дэд хурандаа Жамбаа гэж хүн бий. Хадам ээжийг Энхчимэг гэдэг, эмч мэргэжилтэй. Сэхээтэн айлын охин. Ах Ууганбаатар нь ч Анагаах ухааны эрдэмтэн. Би Японд сурч байхдаа УАШТ-д оролцохоор ирдэг байлаа. 2009 оны уг тэмцээнд өрсөлдөхөөр ирж байх үеэрээ англи хэлний дүрмийн курст сурч байсан юм. Тэгэхдээ эхнэртэйгээ нэг ангид таарч, танилцаж байлаа.
-Танай хөвгүүдэд барилдах сонирхол ажиглагдаж байна уу?
-Хөвгүүд маань арай л балчир байна. Том нь дөрвөн настай. Харин том охин есөн настай хэдий ч саяхан болж өнгөрсөн жүдо бөхийн ДАШТ-ийг үзчихээд “Би жүдогоор барилдана” гэхээр нь ам өчиг асууж байгаад Ц.Шийрэв багшдаа шавиар оруулчихсан. Тууштай байвал бөхийн заяа түших биз ээ.
-Ярилцлагынхаа төгсгөлд асуухад та одоо цолоо батлах, ахиулах боломж хэр байгаа гэж бодож байна вэ?
-Насаа бодоход би одоо “Тийм цол хүртэнэ” гэсэн бодолгүй байна. Гэхдээ эр хүнд бодсон, санасан зүйл байдаг. Адаглаад цолоо батлах. Миний спортын замнал дээд тал нь таван жил үргэлжлэх болов уу. Дараа нь хувийн амьдралаа улам сайхан авч явна даа.
-Ярилцсанд баярлалаа.
А.Давааням: Сурагч байх үед надад хэр баргийн хувцас таардаггүй байсан | ||
Үзсэн: 6116 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.