Шууд Chart

Т.Санчир: Аав минь намайг Д.Оюунболд багшид “Бөх болгоорой” гэж захисан юм билээ

2019-10-14 11:11:48

Монголын мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин, ОУХМ Тунгалагийн Санчирыг “Гэрт нь” буландаа урив. Тэрбээр МҮОНТ-ээс зохион байгуулж буй “Монголын нинжа дайчид" шоунд оролцсон билээ. Иймд энэ талаар болон түүний спортын амжилт, гэр бүл, аав Монгол Улсын гарьд Д.Баяраа агсны талаар гэрт нь зочилж ярилцсан юм.

-МҮОНРТ-ээс зохион байгуулж байгаа "Монголын нинжа дайчид" шоуны талаар хоёулаа яриагаа эхэлье. Өчигдөр үзэгчдэд хүрч, тэдний анхаарлыг нэлээн татсан нь мэдрэгдэж байна. Үүнд оролцоход юу нөлөөлсөн бэ?

-Би зөвхөн сагсан бөмбөг гэлтгүй өөрийгөө сорих хэмжээний усанд сэлэлт, теннис, хөлбөмбөг гэх мэт тэмцээнд оролцох сонирхол маш их байдаг. Хааяа ч оролцдог. Тэр сахилаггүй зандаа хөтлөгдөөд л өөрөө "Монгол нинжа дайчид" шоунд өрсөлдөх шийдвэрээ гаргасан. Бусад оронд болж байсан тэмцээнүүдийг үзэж байсан л даа. Тэр үедээ “Энэ тэмцээн хэрвээ Монголд болвол оролцоно” гэсэн зорилго өвөрлөсөн байсан. Гэтэл МҮОНРТ-ээс надтай холбогдож, “Энэ тэмцээнд оролцоно уу” гэсэн санал тавьсан. Ийнхүү тэд миний өмнөх бодлыг мэдсэн юм шиг ийм сайхан санал тавихад нь дуртайяа хүлээж авсан. Мөрөөдлөө ч биелүүлж чадлаа.

-Гэхдээ хоёрдугаар шатанд нь бүдэрсэн. Юунаас болов ...

-Энэ тэмцээний даваа бүр нь тухайн оролцогчоосоо асар их тэвчээр, хатуужил, хурд, авхаалж самбаа шаарддаг юм билээ. Зуны амралттай байсан үедээ уг тэмцээнд оролцсон болохоор бэлтгэл муутай байлаа. Турник ахиулдаг үе дээр харамсалтай нь алдчихсан.Өмнө нь ганц ч удаа туршиж үзээгүй болохоор тэр байх. Тэмцээн дууссаны дараа “Турниктай дасгалуудыг сайн хийх ёстой юм байна” гэж бодсон.

-Гэхдээ сагсан бөмбөгийн мэргэжлийн тамирчин танд бусад даалгаварууд нэг их хүнд санагдаагүй болов уу. Мөн өндөр нуруу чинь давуу тал болсон байх ...

-Зарим даалгавар нь өндөр нуруутай хүнд давуу тал болж байсан бол бусад үед сул тал ч болж байх шиг байсан. Ялангуяа эхний даалгаварууд өндөр нуруутай надад арай хялбар санагдсан. Нэгдүгээр шатны төгсгөлийн даалгавар намхан нуруутай хүмүүст бүтэлгүйтэх магадлал өндөр байна билээ.

-Танд бэлтгэл хийх боломж гараагүй юу эсвэл өөртөө итгэлтэй байв уу?

-Ер нь итгэлтэй байсан. Учир нь манай улсад анх удаа болж байгаа болохоор даалгаварууд нь амархан байна байх гэж бодсон. Гэтэл санаснаас хавьгүй илүү байлаа. Тэгээд ч тусгайлан бэлтгэл хийх зав муу байсан. Учир нь хөдөөгүүр их явж байсан үе таарсан л даа. Гэхдээ тэмцээн болохоос долоо хоногийн өмнө “Наадам центр”-т дүүжлэгддэг шатанд жаахан бэлтгэл хийсэн.

-Өмнө нь аль улсад болж байсан тэмцээн илүү таалагдсан бэ?

-Японд болсон тэмцээнийг үзэж байсан. Даалгаварууд нь манайхтай төстэй юм билээ. Гэхдээ АНУ-ын тэмцээн илүү хүнд даалагавартай юм шиг санагдсан. Мөн их сонирхолтой.

-Монголд болсон тэмцээний зохион байгуулалт, стандарт танд ямар санагдсан бэ?

-Маш сайн бэлдсэн байна билээ. Дэлхийн хэмжээний стандартад нийцэхээр болсон байсан. Тайз засалт, даалгаварууд гээд л ...

-Ихэвчлэн ямар мэргэжлийн хүмүүс таны өрсөлдөгч болно байх гэж таамаглаж байсан бэ?

-Жүдо бөхийн тамирчдыг илүү их орно байх гэж бодсон. Биеийн хувьд дундаж нуруутай байх болов уу гээд л.

-Спортын хувьд өөрийгөө сорьсон ямар ч төрөлд өрсөлдөх сонирхолтой юм байж. Харин урлаг талд ямар авьяастай вэ?

-/инээв/. Ялангуяа амьд хөгжим сонсох дуртай. Чөлөөт цагаараа гитар ч тоглодог. Шийдвэрлэх тоглолтын өмнө дуртай дуу, хөгжмөө сонсчихоод талбайд гарвал илүү төвлөрдөг сайн талтай. Нервитэх ч үгүй .

-Одоо таныг ямар тэмцээн хүлээж байна вэ?

-Ирэх арваннэгдүгээр сарын эхнээс 2020 оны дөрөвдүгээр сарын хооронд сагсан бөмбөгийн лиг болох учир тэр тэмцээнүүдэд оролцоно. Хэдхэн хоногийн өмнөөс бэлтгэлдээ орсон байгаа. Их, дээд сургуулиудтай гэрээ хийж, долоо хоногийн гурван өдөр тухайн зааланд нь бэлтгэл хийдэг бол хоёр өдөр нь тоглолттой таардаг.

-Төсөв санхүү хангалттай бол мэргэжлийн тамирчин та нарт зориулж бэлтгэл хийх заал баригдвал сайхан л байх даа ...

-Харин тийм. Олон улсад сагсан бөмбөгийн тамирчиддаа зориулж бэлтгэл хийх болон тоглолтын заал тусдаа байдаг. Өөрийн гэсэн заалтай тэд өдөрт 2-3 удаа бэлтгэл хийдэг юм билээ.

-Саяхан манай улсын баг тамирчид “3х3” төрөлд дэлхийн аварга боллоо.Тэр тэмцээнийг та үзсэн байх.Мэргэжлийн хүний нүдээр харахад ямар санагдав.Мөн та нар аль холбоонд харьяалагддаг вэ. Манай улсад чинь Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо, Монголын сагсан бөмбөгийн холбоо гэсэн хоёр холбоо байгаад байна л даа ...

-Би аль нэг холбоонд харьяалагддаггүй. Тамирчин хүн тэгэх ёсгүй гэж боддог. Бид дэлхийн аварга болсон залуучуудтай хамтарч бэлтгэл хийх үе байдаг. “3х3” гэдэг нь шинэ төрөл л болохоос яг адилхан спорт. Сайн ч хөгжиж байна. Энэ төрлийн тоглолт богино хугацаанд болдог тул бэлтгэлээ ч богино хугацаанд ачаалал өгөх зорилгоор хийдэг.

-Ярилцлагынхаа сэдвийг хоёулаа таны өмнөх үе рүү хандуулья.Таныг судлах гэж интернетээс нэлээн хайсан ч нэг их ярилцлага өгөөгүй юм билээ. Тэгэхээр спортын олон төрлөөс чухам яагаад сагсан бөмбөгийг сонгов гэдэг сониуч асуулт тавья ...

-Сүүлийн таван жил ямар ч сонин, сайтад ярилцлага өгөөгүй. Харин телевизүүдэд бага хэмжээний тодруулга өгч байсан. Энэ спортыг сонгосон минь сонин түүхтэй л дээ. Уг нь би хоёроос дөрөвдүгээр анги хүртлээ чөлөөт бөхөөр хичээллэж байсан. Тэр үед би Монгол Улсын гавьяат тамирчин, Москвагийн олимпийн хүрэл медальт Дугарсүрэнгийн Оюунболд агсны удирдлага дор явдаг байлаа. Намайг бөх болгоно гээд их л хичээж байсан даа. Харамсалтай нь 2001 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлснээр би бөхийн дугуйлангаа орхисон. Тэгээд хичээлийнхээ чөлөөт цагаар үеийнхээ хүүхдүүдтэй байрныхаа өмнөх сагсны талбайд бөмбөг хөөдөг болсон. Тэр мөч л намайг энэ спортод дуртай болгосон. Сагсан бөмбөг бол багийн спорт.Бүгдээрээ зэрэг тэмцэж, амжилтаа хамтдаа хүрдэг нь надад маш их таалагддаг. Ялах, ялагдах мэдрэмжийг бид хамтдаа л амсдаг.

-Чөлөөт бөхийг дагнасан бол сагс тоглоод гаргасан амжилтаасаа илүү гаргах байсан болов уу гэж та бодож байсан уу?

-Одоо байгаагаасаа илүү байж чадахгүй байх аа. Гэхдээ чөлөөт бөхөөр бага хугацаанд ч болтугай хичээллэсэн минь сагс тоглоход сайнаар нөлөөлсөн байх. Хөдөлгөөний эвсэл, хурд гэх мэт зүйлд зөв суурь болсон болов уу.

-Баянгол дүүргийн 40 дүгээр сургуулийг төгссөн юм билээ. Тэгэхдээ спортын мастер М.Мэндсайхан багшийн удирдлага дор сагсан бөмбөгийн дугуйлан руу шилжсэн гэдэг ...

-Тийм. Багш тухайн үед 40 дүгээр сургуулийн биеийн тамирын багшаар ажиллаж байсан юм. Намайг энэ спортод ороход хамгийн их нөлөөлсөн хүний нэг гэж боддог. Тухайн үед би Хан-Уул дүүргийн 18 дугаар сургуулиас Мэндээ багшийг хайж, 40 дүгээр сургууль руу очсон юм. Багшид “Би сагс тоглодог болмоор байна. Та намайг сургуулийнхаа дугуйланд багтааж, заагаад өгөөч” гэхэд багш “Чи тоглож чаддаг юм уу. Надтай халз тоглоод хожиж чадах уу” гэхээр нь “Чадна” гээд хэллээ. Тэгсэн чинь багш “За за, маргаашаас ирээрэй” гээд тоглолгүйгээр явчихсан. Ингээд би 18-аас 40 рүү шилжин ирж, олон ч тэмцээнд оролцож байлаа.

-2007 онд “Отгонтэнгэр” их сургуульд элсэн орж, сагсан бөмбөгийн багт нь мөн багтсан юм билээ ...

-Сагсан бөмбөг гэдэг спорт намайг олон сонирхолтой зүйлтэй учруулдаг. Одоо ч гэсэн. 40 дүгээр сургуульдаа есдүгээр ангид сурч байхад “Отгонтэнгэр” их сургуулиас санал ирсэн юм. Юу гэвээс намайг аравдугаар ангид суулгүйгээр шууд оюутан болгох санал. Тэр үед онц сурлагатай хүүхдүүд дараагийн ангид суралгүйгээр төгсдөг дөө. Тэрэн шиг л намайг сурагчийн ширээнээс шууд оюутан болгочихсон. Дээрх сургуульд сурч байхдаа хувийн хэвшлийн дээд сургуулиудын дунд дахь аварга шалгаруулах тэмцээнд оролцоод түрүүлсэн. Үүний дараа оюутны лигт оролцох эрхтэй болов. Тэр үед МУИС, ШУТИС, Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль л эхний гурван байрыг ээлжилж эзэлдэг байлаа. Гэтэл манай сургууль түүхэндээ анх удаа Ц.Цэвэрбал багшийн хичээллүүлдэг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн багтай аваргын төлөө өрсөлдөөд цөөхөн онооны харьцаагаар ялагдсан. Тэр тоглолт нэлээн хүнд болсон. Хоёр цаг ч сунгагдсан. Ингээд тэмцээний дараа Ц.Цэвэрбал багш “Отгонтэнгэр” их сургууль руу холбогдоод ХҮДС-даа авсан. Тэр мөчөөс миний хагас мэргэжлийн замнал эхэлсэн гэж хэлж болно. Их сургуулийн хоёр дахь жилээс Ц.Цэвэрбал дасгалжуулагчийн дасгалжуулдаг ХҮДС-ийн “Ёлууд” багт тоглосон. Тэр багтай нэгдсэн эхний жилдээ оюутны сагсан бөмбөгийн лигийн аварга, шилдэг тоглогчоор шалгарсан. Бусад тэмцээнд ч багаа тэргүүлэн оролцож байв.

-Тэгээд 2006 оноос мэргэжлийн тамирчин болж чадсан ...

-Тийм. 18 настай байлаа. Ц.Цэвэрбал багшийнхаа удирдлага дор бэлтгэл хийж, “Таван Толгой Транс”-ын “Ёлууд” багт тоглор болсон. Эхний жилдээ аваргын төлөө “Хараагийн Харцагууд” багтай тоглон ялагдсан. Харин дараа улирлаас гарааны тоглогч болж, тухайн улирлын “Шилдэг амжилт нь ахисан тоглогч”-ийн шагналыг хүртсэн. Ер нь Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Цэвэрбал багшийн шавь болно гэдэг тэр болгон аавын хүүд олддог завшаан биш. Шавь нь болохоор очоод буцаж байсан хүн ч олон юм билээ.

-Мэргэжлийн тоглогч болсны дараа сэтгэлзүйн хувьд илүү ачаалал нэмэгдэж байсан уу?

-Тийм. Лигийн тоглогч болно гэдэг дунд сургууль, оюутан байхдаа тоглож байснаас тэс өөр. Сахилга баттай байхаас гадна улам сайн бэлтгэл хийж, илүү тоглох ёстой гэсэн бодол өөрийн эрхгүй төрдөг юм билээ.

-2010 оноос МСБХ-д шинээр нэгдсэн “Баянзүрх Буллз” багт тоглож байсан. 2011 оны МСБХ-ны бүх оддын тоглолтод тоглогчдыг тэргүүлэн “Үнэ цэнэтэй тоглогчийн шагнал”-ыг хүртсэнээр таны нэр хүнд улам ихээр өссөн дөө ...

-2011-2012 оны улирлаас лигийн хамгийн нэр хүндтэй багуудын нэг, лигийн гурван удаагийн аварга “СБЛ Хасын Хүлгүүд” багт тоглосон. Тэр жилдээ “Хүлгүүд” аваргын төлөө миний өмнөх баг “Буллз”-тэй таарч тоглосон ч финалын цувралд 4:2-ийн харьцаатай манай баг яалт байгуулсан. Тэр цагаас хойш би таван удаа лигийн шилдэг тоглогч болсон.

-2014-2015 оны улиралд “Мон-Алтиус”, “Мадимос Шонхорууд” багт тоглохоор гэрээ хийсэн. Мөн АНУ-аас домогт “Лос Анжелес Лэйкерс” багт хүчин зүтгэж байсан Смүш Паркер ирсэн түүхтэй юм билээ ...

- Смүш Паркертай хамт тоглож, туршлага судалсан минь миний хувьд том олз болсон.

-Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн “Мон-Алтиус”, “Мадимос Шонхорууд” багт мөн тоглож байсан …

-Тийм, 2015 оны үед л дээ. Дээрх багууд үндэсний лигт орж байсан юм. Гэхдээ тэнд нэг жилийн гэрээтэйгээр тоглосон. Ер нь тамирчид тухайн багт 1-3 жилийн гэрээгээр тоглодог. Тэр зарчмаар л тоглосон.

-2014 оны Азийн наадамд 16.6 оноо, 5.6 самбараас бөмбөг авалт дундажлан, оноо авалтаар багаа тэргүүлэн тус тэмцээнд наймдугаар байрт шалгарсан. Мөн Монгол Улсын сагсан бөмбөгийн түүхэнд хамгийн том амжилт үзүүлсэн дээ ...

-Инчёоны наадмаар ийм амжилт үзүүлсэн. Тэр маань одоогоор миний хувьд үзүүлсэн хамгийн том амжилт. Харин түүнээс өмнө буюу 2010 онд Гуанжоугийн Азийн наадамд оролцсон.

-Одоо та “Архангай Алтан дорнодын дайчид” багт тоглож байгаа.Хэдэн жилийн гэрээ хийсэн бэ?

-Өнгөрсөн жил гэрээгээ хийсэн бөгөөд одоо гурван жил тоглоно. Монголын сагсчид бусад багтай гэрээ хийхдээ жилд 7-40 орчим сая төгрөгийн хооронд тохиролцдог. Ямар үүрэгтэй тоглохоосоо бас хамаарна л даа. Гэрээнийхээ мөнгийг сар бүрт эсвэл жилд хоёр хувааж авах уу гэдгийг хоорондоо ярилцдаг.

-2015 оны 4-р сарын 1-нд Филиппиний сагсан бөмбөгийн холбооны “Barangay Ginebra” багт нэгдсэн. Хэр удаан тоглосон бэ?

-Манай улсын сагсан бөмбөгийн тамирчид 100 хувь мэргэжлийнх биш. Харин өндөр хөгжилтэй орнуудын тамирчид зөвхөн бэлтгэл, тэмцээн гэсэн зарчмаар л явдаг. Манайхан өглөө үндсэн ажилдаа явчихаад орой нь бэлтгэлээ хийдэг. Дэлхийн хамгийн олон жилийн түүхтэй лиг бол NBA, дараа нь Филиппинийх. Филиппиний лиг 70 орчим жилийн настай юм билээ. Тэнд очоод би яг мэргэжлийн баг гэж ямар байдгийг мэдэрсэн. Дээрх багт дөрвөн сар тоглосон. Мэргэжлийн багийн 12 тоглогчийн ард эмч, сэтгэл зүйч, бариач, ерөнхий дасгалжуулагч, туслах дасгалжуулагч, дуслахын туслах дасгалжуулагч, шагай боодог хүн нь хүртэл тусдаа байдаг юм билээ. Тэгэхээр энэ спорт манай улсад мэргэжлийн болоход асар их хэмжээний хөрөнгө шаардагдана л даа.

-Их аварга Д.Дагвадоржоор дамжуулж, Япончууд танд өөрийн багтаа тоглох санал тавьсан гэдэг.Яагаад зөвшөөрөөгүй юм бэ?

-Цалин нь нэг их хангалттай санагдаагүй. Тэгээд ч яг тэр саналтай зэрэгцээд Филиппинээс хүсэлт ирсэн байсан болохоор сүүлчийнхийг нь сонгосон. Цалингаас гадна миний нааш, цааш явах зардал, байр хоолыг хариуцаж байсан. Мөн долоо хоногийн хоёр тэмцээнд түрүүлбэл 200-300 ам.доллар нэмэлт шагнал болгож өгч байсан.

1176155_1414463458779139_1286927060_n

-Цаашид үргэлжлүүлэх боломж байгаагүй юу?

-Байсан. Гэхдээ би тэр мундаг мэргэжлийн сагсан бөмбөгийг Монголынхоо залуучуудад ойлгуулж, хамтарч ажиллья гэсэн зорилготойгоор өөрийн саналаар татгалзаж, эх орондоо ирсэн. Гэтэл тэр үед хүмүүс намайг “Хөөгдөөд ирж” гээд буруугаар ярьж байсан ч би ямар нэгэн тайлбар өгөөгүй. Хамгийн гол нь миний тэр зорилгыг мохоосон зүйл бол хоёр холбооны хэрүүл. Хэрвээ тэр маргааныг болно чинээ мэдсэн бол ирдэггүй байж гэж дараа нь харамссан шүү.

-Одоо та хаана ямар ажил эрхэлж байна вэ?

-“Скайтел” компанийн маркетингийн менежерээр ажиллаад хоёр жил болж байна. Үүрэн телефонуудын дунд сагсан бөмбөгийн тэмцээнд болдог. Түүнд байнга оролцоно. Мөн бусад тэмцээнд болох үед манай ажлынхан их сайхан дэмжиж, чөлөө өгдөг.

-Гэр бүлийнхээ хүнийг танилцуулна уу?

-Манай гэр бүлийн хүнийг О.Сарнай гэдэг. Бид хүү Энэрэл, охин Нандинтайгаа хамт амьдардаг. Ирэх өвөл гурав дахь хүүхдээ өлгийдөх гэж байгаа. Бид хоёр нэг сургуулийн оюутан. Эхнэр маань анх сагсан бөмбөгийг нэг их сонирхдоггүй байсан ч сүүлийн үед шимтэн үздэг болоод байгаа.

-Таны аав Монгол Улсын гарьд Д.Баяраа агсан. Өвөө тань Монгол Улсын хөдөлмөрийн баатар, дархан аварга, циркийн гавьяат жүжигчин Дарийн Дамдин. Тэднийхээ тухай та хэр сайн мэдэх вэ?

-Аавтайгаа би хамт амьдарч байгаагүй ээ. Намайг жаахан байхад хааяа ирдэг л байсан. Бага байсан болохоороо би аавынхаа талаар сайн лавлаж ч байгаагүй. Сүүлд том болсны дараа хүмүүс эдгээр алдартай сайхан хүмүүсийн хойч үе гэдгийг мэдээд домог мэт яриа өрнүүлдэг. Харин Б.Төрмагнай ахтайгаа дотно. Аймгийн харцага цолтой залуу бий. Өдөр бүр шахуу уулздаг. Нэг зүйл нэмж хэлэхэд, Д.Оюунболд багшид аав намайг “Бөх болгоорой” гэж захисан юм шиг байна билээ. Хамгийн гол би эдгээр буурлуудынхаа нэр хүндийг зөв авч явж, өөрт оногдсон спортын төрөлдөө улам их амжилт гаргахыг хүсч байна.

-Ярилцсанд баярлалаа. 

Дархан аварга Дарийн Дамдин. /ДДДДДДД/

Монгол Улсын гарьд Д.Баяраа 

 

















Нийтэлсэн: У.Баярсайхан

Т.Санчир: Аав минь намайг Д.Оюунболд багшид “Бөх болгоорой” гэж захисан юм билээ  
Үзсэн: 18617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2020-02-25 18:02
Юу ярих гээд юу ярьчихав даа энэ одоо. Баяраа гарьд гэж сайхан айлтай олон жил айл хөрш явлаа. Энийг ёстой хараа ч үгүй юм байна
Зочин [127.0.0.xxx] 2019-10-19 09:34
sain aaviin sain hvv bayar hvrgie
Аан [127.0.0.xxx] 2019-10-15 19:48
Баяраа гарьдийн хүү гэж одоо л мэдлээ
Зочин [127.0.0.xxx] 2019-10-15 08:53
Duudee, duugin ger buld n amjilt xusie.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-14 18:16
Санчир төрмагнай хоер дүүдээ удам судраа өндөрт өргөж явахыг хүсиии. Тунгалаг бид хамт ажилдаг блаа тэр хүнии удам судрыг өндөрт авч яваа мундаг бүсгүй
Зочин [127.0.0.xxx] 2019-10-14 17:07
аргагүй л найздаа шавь оруулж дээ тэр 2 дотно найз бсн гэдэг
зочин [127.0.0.xxx] 2019-10-14 16:16
сайхан хүү, сайхан гэр бүлд нь аз жаргал хүсье. бусдын элдэвээр хэлэхийг бүү тоо. улам гялалзаарай.
бат [127.0.0.xxx] 2019-10-14 15:32
болоогүйн болж тэгээгүй бол одоо допинг чаацан байхгүй юу кк
Зочин [127.0.0.xxx] 2019-10-14 15:24
Баяраа заан гээд сайхан хүн байж билээ Удам сайтай хүү байна
Зочин [127.0.0.xxx] 2019-10-14 15:24
сайхан хүү сайхан гэр бүлд нь аз жаргал хүсье. улам гялалзаарай.
Tsagaan-Uuriin hun bichij bna [127.0.0.xxx] 2019-10-14 14:59
Bayaraa garidiig nutgiinhan ni Monhoodoi l gedeg yum. Ene zaluugiin harts, bga baidal ni ih tostei yum bna. Monhoodoi ahiin emee, Damdin avargiin eej Dari teevii gedeg buriad hogshin baisan, bi ger oirhon, dandaa tedniid ochij geriig ni tseverlej ogdog baij bilee. Dari teevii 40-iin bedond baraashig esgene, hatsan yabloka, har chavgaar, yanziin amttai. Monhoodoi ah naizuudtaigaa ireed tseverlesen geriig budaa bolgono, bid Nogoon demjiin huuhduud baisan daa.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-14 14:22
Нэртэй хүниии зүстэй хүүхэд шүүүү битгии өөр шигээ бод. Дамдин аваргын ач нт
зочин [127.0.0.xxx] 2019-10-14 13:57
мэдсэн л юм бол ааваараа овоглохоо яасан юм бол,нээх ойрхон биш байх муу зээрэнцэг л биз,үхсэн хүн үг хэлэх биш олонд таалагдах гээд том баачих шиг л боллоо доо
Зочин [127.0.0.xxx] 2019-10-15 05:03
Ийм адгийн шаар, новшийн гөлөгнүүдийг ертөнц дааж явдаг нь агуу. Холоо очиж уль
Зочин [127.0.0.xxx] 2019-10-14 18:38
zailaa chi, muu teneg amisgaa. bichij baigaashigee adgiin shaar baigaa daa. hunii amidral bayn sh dee, yuch tohioson ym bilee.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-14 14:38
тэнэг мал

Бидэнтэй нэгдээрэй