“Хилчин залуу гайхалтай хөөмийлж, исгэрч байна” гэсэн сургаар сонирхож, бичлэгийг нь үзлээ. Үнэхээр гайхалтай авьяастай нь мэдрэгдсэн тул утасных нь дугаарыг олж холбогдов. Тэрбээр хилийн 0151 дүгээр ангийн хөгжимийн сургалтанд суралцахаар Улаанбаатар хотод ашгүй ирээд байхад нь уулзаж ярилцлаа. Түүний нэрийг Отгонбаатарын Батдорж гэдэг бөгөөд Өмнөговь аймаг дахь хилийн 0131 дүгээр ангийн Сэтгэлзүй мэдээлэл соёл суртачилгааны албанд хөгжимчнөөр ажилладаг аж.
-Таны хөөмийн бичлэг олон нийтийн сүлжээгээр тархжээ. Хүмүүс ч их сонирхож байх шиг байна. Энэ авьяасаа хэзэнээс нээсэн бэ?
-2013 онд Соёл урлагийн их сургуулийн үндэсний язгуур урлагийн хөөмийн ангийг төгссөн. Тэр цагаас хойш энэ төрлийн ардын урлагийг сурсан.
-Дунд сургуульд сурч байхдаа хөөмийлдөг байсан уу?
-Огт хөөмийлж үзээгүй. Багаасаа дуулах дуртай байсан болохоор дуугаар л бага сага амжилт гаргаж байлаа. Харин их сургуульд орсноор язгуур урлаг. Тэр дундаа ардын дуу, хөөмийг анх сонсч, сонирхож эхэлсэн.
-Тэгвэл дууны ямар ямар уралдаанд амжилт үзүүлж байсан бэ?
-Хүүхдийн урлагийн болон ардын урлагийн их наадамд түрүүлж байсан. Мөн сургууль, орон нутгийн нэлээн хэдэн наадамд байр эзэлж байлаа. Би Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн. Арвайхээр сумынхаа дунд сургуулийг төгссөн.
-Яагаад цэргийн хүн болохоор шийдсэн юм бэ?
-Анх цэрэгт татагдахад төрсөн сэтгэгдэл нөлөөлсөн байх аа. Тухайн үед хилийн цэргийн талаарх ойлголт муу байлаа. Албаа хаах хугацаанд хил гэж чухам юу вэ, хилчин гэж хэнийг хэлэх вэ гээд л ... Энэ бүхнийг биеэрээ мэдэрч, ойлгохоор үнэхээр бахархмаар санагддаг юм билээ. Мөн маш их нэр хүндтэй алба юм гэдгийг ойлгосон. Цэрэгт ирээд үе үеийн хилчдийн байгуулсан гавьяаг бид мөнхөд мандуулж, үргэлжлүүлж явах нь яалт ч үгүй эр хүн, эх оронч хүнд байх ёстой үүрэг. Тиймээс цэргийн газар бол миний очих ёстой орчин мөн байна гэдгийг өөртөө хэлсэн. Эх орноо маналцаж байхдаа хилчиддээ ая дуугаа өргөх ч сайхан. 2016-2017 онд хугацаат цэргийн алба хааж, 2018 оноос хилийн 0151 дүгээр ангидаа улиран ахлагчийн эгнээнд шилжин ажиллаж байна. Манай ангийн алба хаагчид, ажилчид хөөмийг их ойлгож, хүлээж авдаг. Тиймээс би хөөмийлөх дуртай.
-Саяхан Ховд аймагт Монгол ардын язгуур урлагийн томоохон өв болсон Хөөмийн урлагийг дэлхийн дээд амжилтын ном Геннист бүртгүүлсэн. “Хамгийн олон хөөмийч нэгэн зэрэг хөөмийлөх” үйл ажиллагаа болсноороо онцлог болсон. Үүнд та оролцсон уу?
-Оролцсон. Их том түүхэн үйл явдал болсон шүү. Нийт 1308 хөөмийч нэгэн зэрэг хөөмийлж Геннисийн номонд бүтгүүлсэн.
-Таны гэр бүлд урлагийн хүн байдаг уу. Хөөмийлөх авьяас хаанаас ундраатай вэ?
-Манай аавын талыхан урлагт их ойр байдаг. Аавын төрсөн ахыг МУСТА Д.Ганбаатар гэдэг. Уртын дуучин хүн бий. Энэ хүн намайг анх хөөмий сонирхож эхлэхэд СУИС-д хөөмийн анги байдаг талаар зөвлөгөө өгсөн юм. Тэгээд л би 11 дүгээр анги төгсөөд хөөмийн ангийн хувиар авч, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Одсүрэн, Т.Загд-Очир Н.Санжаадорж нарын зэрэг багшийн удирдлаган дор төгссөн.
-Хөөмийлөх ур чадварын гол зүйл юу вэ. Тухайн хүнээс юуг илүү шаарддаг вэ?
-Аливаа зүйлийг таних, ойлгох мэдрэмж маш чухал. Үгүйлэхүйн эрхтэнээр дамжин дуугарч хүнд хүрдэг учраас маш хүнд урлагийн нэг л дээ. Хамгийн гол нь хөөмийч хүн үндсэн шахаа, хархираа бүтэн сайхан эзэмшсэн байх ёстой. Дараа нь исгэрээ болон бусад олон төрлийг хэл болон амны хөндийн тусламтайгаар дуугарч, аялгуу эгшгийг гаргадаг.
-Ярилцсанд баярлалаа.
О.Батдорж: Манай ангийн алба хаагчид, ажилчид хөөмийг их ойлгож, хүлээж авдаг | ||
Үзсэн: 2881 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.