Шууд Chart

Сумын заан Э.Чойням: Намайг медаль хүртэх болгонд аав маань мөнгөөр шагнадаг байсан

2019-11-18 09:17:44

МҮОНТ-ээс санаачлан зохион байгуулж буй "Монголын нинжа дайчид" шоуны шилдэг оролцогчдын нэг Энхболдын Чойнямыг "Гэрт нь" буландаа урилаа. Тэрбээр спортын олон төрлөөр хичээллэж байсан төдийгүй өдгөө ч улам ахиулж явна. Сумын заан цолтой түүний төрөлх нутаг Төв аймгийн Баянхангай сум.

-“Монголын нинжа дайчид” шоунд оролцоход юу нөлөөлсөн бэ?

-Манай аймгийн бөх Монгол Улсын заан Б.Батмөнх, улсын харцага Ө.Даваабаатар нар болон хамтааны нэг ах намайг “Ийм гоё шоу Монголд болох гэж байгаа юм байна, чи оролцооч. Чамд яг тохирно доо. Байнга үсэрч хайрж, юманд зүүгдэх сонирхолтой чиний үндсэн төрөл юм биш үү” гэж хэлсэн. Тэгээд л би маргааш нь МҮОНРТ-ийн байранд очиж бүтгүүлсэн. Үндэсний бөхийнхөө бэлтгэлээр л оролцсон. Түүнээс биш зарим хүн шиг тусгайлан бэлтгэл хийгээгүй ээ. Гэхдээ надтай хамт энэ шоунд оролцсон нэг залуу Богд ууланд нарийн төмөр залгаад тусгайлан турникийн бэлтгэл хийж байхыг харж, тэнд нэг өдөр бэлтгэл хийсэн.

-Хамгийн хэцүү даалгавар юу байсан бэ?

-Гуравдугаар шатны төгсгөл. Гэхдээ өмнөх оролцогчдыг харж байхад бүх даалгавар их амархан юм шиг харагдаж байсан ч биеэрээ мэдрэхээр хэцүү болж хувирсан. Хамгийн гол нь авхаалж самбаа шаардагдах юм билээ.

Түүнд 100 гаруй медаль бий гэсэн. Сүүлийн үед жюү жицү бөх болон бодибилдингийн спортоор хичээллэдэг болоод байгаа аж.    

-Тэмцээний зохион байгуулалт, аюулгүй байдал ямар санагдсан бэ?

-Маш сайн. Би бага байхын л уснаас айдаг. Голын усанд унаснаас хойш ийм болчихсон юм. Тиймээс энэ шоуны эхний даалгаварыг гүйцэтгэх гэж байхдаа аврагчдад нь “Би сэлж чаддаггүй шүү. Хэрвээ ус руу унавал та нар намайг гялс татаад гаргаарай” гэж захисан.

-Дээрх хүмүүс чамайг яагаад энэ шоунд оролцвол тохирно гэж хэлсэн юм бэ. Чиний онцлог өөр байх нь дээ ...

-Би байнга гүйж, харайж явдаг юм. Адуу малтай ч ноцолдох дуртай. Бага байхад “Нинжа” нэртэй хүүхэлдэйн кино гардаг байлаа. Түүн шиг болно гээд л машины граж, байшин, хашаа дамжиж гүйдэг байсан юм. Ямар сайндаа “Сармагчин” гэдэг хочтой байх вэ дээ. Одоо ч гэсэн хурдан хөдөлгөөнтэй. Үүнийг л тэд онцолж, надад тохирно гэж хэлсэн байх.

Үндэсний бөхийн малгайгаа мэдээж хоймортоо зална. Сүүлийн үед сумын наадамд түрүүлсэн бөхөд тэмдэг, залаа олгодог болсон ч тэрбээр ичээд зүүдэггүй гэсэн. Илүү том зорилготой хүн л ийм байдаг даа.

-Багаасаа спортоор хичээллэсэн үү. Ямар төрлөөр эхлэв?

-Есдүгээр ангиасаа хөнгөн атлетикийн төрлөөр спортын гараагаа эхэлсэн. Гүйх дуртай болохоороо аймаг, суманд зохион байгуулагдсан гүйлтийн аварга шалгаруулах тэмцээнд ихэвчлэн оролцдог байв. Мөн барилдана, гар бөмбөг тоглоно. Амжилт гэвэл сурагчдын аймгийн аварга шалгаруулах хөнгөн атлетикийн хоёр, гурав, таван км-ын төрөлд уралдахдаа таван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн.   

-Гэвч яагаад бөхийн спорт руу урвачихав?

-Аав маань намайг бөх болгох сонирхолтой. Хөнгөнөөр хичээллэж байхдаа би 50 гаруйхан кг жинтэй байлаа. Тиймээс аав намайг “Одооноос битгий гүйгээд бай. Бөхийн бэлтгэл л хий. Мөн жин нэм” гэдэг болсон. Үргэлж гүйгээд байхаар жин их хасагдах нь арга үгүй шүү дээ. Ямар сайндаа аавынхаа уяж байсан үрээний ажлыг хийхдээ жолоогоор нь бүсэлхийгээрээ уячихаад хөтлөөд гүйчихдэг байсан юм. Хамгийн багадаа таван км газар гүйнэ. Унаад давхих гэхээр бага насны адуу учир цээжийг нь авах, хөлийг нь гэмтээх магадлалтай тул хөтлөөд гүйхээс өөр арга байхгүй. Гэтэл айл, саахалтын хүмүүс намайг харчихаад “Тэрийг хараа. Мориныхоо ажлыг хийхийн зэрэгцээ өөрийнхөө бэлтгэлийг ч хийж байна” гэж шоолоод л ... Эдгээр спортын эс үүсвэрийг манай сумын дунд сургуулийн биеийн тамирын Т.Алтанхуяг багш тавьсан. Намайг анх хөнгөн атлетикаар хичээллэж эхэлж байхад мотоцикл унаад хөөдөг байлаа. Удаан гүйвэл сингналдаад загнана. Үүний дараа аав тэр багшид хэлж байгаад намайг бөхийн спорт руу эргэлт буцалтгүй оруулсан. Уг нь би аймагт бөхийн тэмцээн болно гэвэл явах дургүй. Харин хөнгөний тэмцээнтэй гэвэл сайхан санагддаг байлаа. Бөхийн спортын анхны тэмцээн эрдмийн баяраар болсон юм. Тухайн үед есдүгээр ангид сурдаг байлаа. Тэр тэмцээнд аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн том ангийн хүүхдүүдийг ч өвдөг шороодуулаад үзүүрлэж байв. Өчүүхэн тэр амжилтаасаа би маш их урамшиж, бөхийн спортод элэгтэй болсон доо.  

Сурагч байхдаа аавынхаа туслах уяа болж, морь сойдог байхдаа уг түрүүний хусуурыг хэрэглэдэг байжээ.

-Тухайн үед мотоциклийн км-ээр хэмжихэд дээд хурд чинь хэд хүрч байсан бэ?

-35 км. Дундаж хурд бол 20-25 км байсан.  

-Танайханд спортын хүн байсан уу?

-Дагнан хичээллээд амжилт үзүүлсэн хүн байхгүй ч өвөө маань сум орон нутагтаа барилддаг байсан юм билээ. Аав ч гэсэн залуудаа шаггүй барилдаанч байсан гэдэг. Одоо ч том биетэй. Хөнгөний спортод дурласан шалтгаан маань есдүгээр ангид байхдаа сумынхаа 10, 11 дүгээр ангийн хүүдүүдтэй тэмцээнд оролцож түрүүлээд аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль зүүснээс үүдэлтэй. Багш маань ч миний бэлтгэлийг сайн хийлгэдэг байсан. Аймагт ямар л тэмцээн болно тэр бүхэнд намайг авч явж оролцуулна. Гүйлт, гар бөмбөг, сагс, үндэсний болон жүдо, чөлөөт бөх гэх мэт. Би ч оролцсон тэмцээн бүрээсээ бараг хоосон буцаж байгаагүй. Ядаж л хүрэл медальтай харина. Тэгэхээр Төв аймгийн спорт хорооны багш нар багшаас “Танай суманд энэ хүүхдээс өөр хүн байдаггүй юм уу. Дандаа л энийг авч ирэх юм” гэдэг байж билээ.

-Дунд сургуулиа төгсөөд аль их сургуульд орсон бэ?

-Аав намайг бөхийн спортоор дагнаг гээд МУБИС-ийн багш дасгалжуулагчийн ангид оруулсан. Мөн Монгол Улсын ардын багш, гавьяат тамрчин, олимпийн хүрэл медальт, улсын харцага Д.Сэрээтэр багшид шавь оруулсан. Тэр цагаас хойш зургаан жилийг үдэж байна.

-Д.Сэрээтэр багшийн сурны амт нэлээн чанга гэх юм билээ. Та хэр их амсав?

-Дэг, жаяг хатуу шүү. Бэлтгэлээс нэг л минут хоцрох юм бол нарийхан сүлжсэн сураараа нуруу руу ороолгоно. Мөн мэхээ дутуу хийвэл эхний хугацаанд анхааруулна. Дахиад алдвал өнөө сурныхаа амтыг мэдрүүлнэ. Бэлтгэлээ залхуурч хийвэл бүр ч уурлана. Харин сүүлийн үед Д.Сэрээтэр багш бэлтгэл хийлгэхээ байсан. Нас нь өндөр болсон тул арга ч үгүй. Клүбийнхээ зөвлөх багшаар л ажиллаж байгаа. Харин түүнийг орлож, Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат, Монгол Улсын начин Б.Бадам-Очир багш дасгалжуулж байгаа.

Мөн нум сум ч харвадаг байсан гэдэг. Нутгийнхаа улс төрч Д.Доржпүрэвийн санаачлан зохион байгуулсан “Монгол эр хүн бахархал” наадамд оролцохдоо анх харваж түрүүлжээ. Уг арга хэмжээгээр эрийн гурван наадам зохиогдох бөгөөд өөрсдөө уясан морио унаж, нум сум харваж, барилддаг аж. Тэрбээр энэхүү наадам хоёр жил дараалан түрүүлж дээрх хоёр цомыг гурван сая төгрөгийн хамт гарджээ.

Сумын заан цолоо та аль сумын наадмаас хүртсэн бэ?

-Өөрийнхөө төрсөн сумын наадамд 2013 онд анх барилдаж, үзүүрлээд дараа жил нь дахин барилдаж түрүүлсэн. Ийнхүү 2015, 2016 онд шөвгөрч, 2017 онд сумынхаа наадамд дахиж түрүүлээд өнгөрсөн жил Лүн сумын баяр наадамд түрүүлснээр сумын наадмын гурав дахь түрүүгээ хүртсэн. 2018 онд Лүн сумын наадамд барилдахдаа мөн үзүүрлэсэн.

онгол Улсын гавьяат тамирчин, дархан аварга Г.Өсөхбаяр “Миний хамгийн гоё цол сумын заан” гэж хэлж байсан. Анхны түрүүгээ хүртэхэд ямар санагдаж байсан бэ?

-Тухайн үед арваннэгдүгээр ангид сурч байлаа. Түрүүлчихээд туг тойроод гүйж явахад аав гүйж ирээд үнсээд л сайхан байсан. Нутгийнхан ч гэсэн баяр хүргээд л ... Тэр жилийн наадамд Өвөрхангай аймгийн нэг залуу манай сумын наадмын түрүүг авна гээд ногт ганзаглаад ирсэн байсан болохоор нутгийн зон олон надад л хамаг найдвараа тавьж байсан байх. Тэр залуугийн бие хаа надтай харьцуулашгүй том. Миний голлох мэх хөмрөх, хутгах, хөл авах. Намайг тахимдаад хөөх үед нь би далбааных нь араас давуулж бариад зүүн тал руугаа нүдээ аниад хөмөрчихсөн чинь аз болж дээр нь буусан. Тэгээд л би гараа өргөөд тугны зүг хамаг хурдаараа гүйчихсэн.

Тэрбээр хоёр дахь удаагаа энэхүү зодог шуудгаа хийлгэжээ. Өмнөх нь багадсан тул гэртээ хадгалах гэсэн боловч хамаатных нь ах А.Аюур нь бурхныхаа дэргэд залахаар ёсолж авчээ.

-Аавыгаа тэгвэл хагартал нь баярлуулж, санасан хэргийг нь бүтээж дээ ...

-Харин тийм. Аав, дүү хоёр намайг хаана л барилдана үргэлж хамт явна. Мөн хэрэгцээтэй уураг, витамин гэх мэт бүхийл зүйлээр тусладаг. Миний ивээн тэтгэгч гэсэн үг (инээв.сурв). Намайг анх аймгийн аварга шалгаруулах тэмцээнд явахад аав надад “Чамайг хүрэл медаль хүртвэл 50, мөнгө эсвэл алтан медальтай ирвэл 80-100 мянган төгрөгөөр шагнана шүү” гэсэн. Тэгээд би зорьсон тэмцээндээ яваад анх мөнгөн медаль хүртээд ирэхэд амласан 80 мянган төгрөгөө гардуулж байлаа. Харин би тэр мөнгөө халааслаад хотод ирж кино үзэх, дуртай амттанаа авч идэх, явж үзээгүй газраараа явах, тоглох зэрэгт зарцуулаад харьсан. Дараагийн хэд хэдэн тэмцээнээс медаль хүртээд ирэхэд аав уламжлал ёсоороо дээрх хэмжээний мөнгөөр урамшуулсан. Гэтэл намайг үргэлж медаль хүртэж ирээд байхаар тоохоо байж, мөнгө өгөхөө больсон. Харин хамгийн сүүлд буюу 2018 онд жюү жицү бөхийн олон улсын тэмцээн Унгар Улсын нийслэл Будапешт хотод болоход “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд гаргаж өгөхдөө “Хүүгээ энэ тэмцээнээс ямар нэгэн медаль хүртвэл 500 мянган төгрөгөөр шагнана аа” гэж амласан. Хуучны дурсамж сэргэх шиг болсон шүү. Ингээд би хоёр төрөлд өрсөлдөхдөө алт, мөнгөн медаль хүртэж, ааваасаа уламжлал ёсны мөнгөө дахин авсан (инээв,сурв).  

Дархан-Уул аймагт зохион байгуулагдсан олон улсын марафон гүйлтийн тэмцээнд оролцож түрүүлэхдээ энэхүү цомыг хүртжээ.  

Гэр бүлээрээ авхуулсан зураг. Э.Чойном тухайн үед тавдугаар ангид сурч байжээ. Харин дүү нь хараахан мэндлээгүй байсан аж. 

Энэ зургийг нутаг нэгт М.Отгонжаргал гэдэг эмэгтэй зурж өгчээ. Монгол Улсын аварга болоорой хэмээн билэгдэж, малгайных нь тэмдэг, залааг улсын аварга Н.Батсуурийнхаар төлөөлүүлжээ. Найзынхаа билэгшээсэн цолонд хүрэхийг уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.

Түүнийг тэмцээнд ороход санхүүгээр үргэлж туслаж дэмждэг "Санто апартмент" барилгын компанийн захирал Ц.Оюунтуяа, Б.Дүнжээ нарт манай сайтаар дамжуулж талархлаа илэрхийлсэн шүү.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

















































Нийтэлсэн: У.Баярсайхан

Сумын заан Э.Чойням: Намайг медаль хүртэх болгонд аав маань мөнгөөр шагнадаг байсан  
Үзсэн: 8777 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-19 20:32
мундаг шүү
Зочин [127.0.0.xxx] 2019-11-19 14:44
Ёстой л байгалиасаа заяасан сайхан яргай биетэй хүү байна лээ дээ. Их спортоор хичээллэсэн нь л дээр дээ. Чөлөөт эсвэл Жүдогоор
Зочин [127.0.0.xxx] 2019-11-19 11:43
Нинжа дайчин тэмцээнд маш амжилттай оролцсон. Гаднаас хараад хэлэх амархан л даа. Гэх дээ саяны тэмцээнд хүч бяраа сайн хуваарилаад /сүүлийн шат хүндрэх тул нөөцлөөд/ жаахан жин бага байсан бол ч яг түрүүлсээн гэж бодогдсон.цаашдынх нь тэмцээнүүдэд амжилт
Зочин [127.0.0.xxx] 2019-11-19 11:18
Сайн хүү байна билээ. Шат дараалаад үндэсний бөхийн аврага цолонд хүрээрэй
Бөхөд дуртай нэгэн [127.0.0.xxx] 2019-11-19 09:20
Залуу минь Чиний дуслуулсан урсгасан хөлс болгоноор Амжилт нь ирэх болно оо
Зочин [127.0.0.xxx] 2019-11-18 20:20
Тамирчин угсаатай, бие, сэтгэхүйн өндөр хөгжилтэй сайн бөх болох хүү байна. Урт гартай юм, олимпийн төрөл, жюдо, чөлөөтөөр үзвэл яах бол.
Зочин [127.0.0.xxx] 2019-11-18 10:48
Мундаг залуу юмааа амжилт
Зочин [127.0.0.xxx] 2019-11-18 10:29
Амжилт
Зочин [127.0.0.xxx] 2019-11-18 10:13
Дайчин эрч хүчээр дүүрэн дүүдээ амжилт хүсье. Улсын аварга болоорой

Бидэнтэй нэгдээрэй