Шууд Chart

Монголын хамгийн хурдан гүйгч Н.Солонго: 30 жил хадгалагдсан рекорд амжилтыг эвдэх зорилготой байгаа

2019-11-28 13:23:40

Монголын хамгийн хурдан гүйгч сурагч Н.Солонготой ярилцлаа. Тэрбээр Дархан-Уул аймгийн дөрөвдүгээр сургуулийн 12А ангид сурч байна. Түүнийг уг сургуулийн биеийн тамирын багш, спортын мастер Ж.Ганболд дасгалжуулж байна. Иймд багш, шавь хоёртой сургуулийнх нь зааланд уулзалдав.

-Монголын хамгийн хурдан гүйгч сурагчтай ярилцаж байгаа минь сайхан санагдаж байна. Өөрөө чухам яагаад хөнгөн атлетикийн спортоор хичээллэх болов ...

-Хоёрдугаар ангид сурч байхдаа ангиараа шахуу Ж.Ганболд багшийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн. Тухайн үед дээд ангийн эгч нар шиг хурдан гүйдэг болж, олон медаль хүртэх юмсан гэсэн мөрөөдөлтэйгээр энэ спортыг сонгосон. Түүнээс биш манай гэр бүлээс спортын хүн байхгүй. Мөн хэн ч намайг албадаагүй.

-Хөнгөн атлетикаар хичээллэхийн хамгийн сайхан нь юу вэ?

-Урт наслах байх гэж боддог. Идэвхитэй хөдөлгөөн бие эрүүлжүүлэх үндэс болдог. Гэхдээ хоол хүнсэнд нэг их хориг тавьдаггүй. Тэмцээн дөхөх үед айраг, тараг л уухгүй байх шаардлагатай. Эдгээрийг хэрэглэвэл гэдэс эвгүйрэх магадлалтай.

-Бэлтгэл хийх явцад шантрах үе байдаг уу?

-Хавар, зуны улиралд гадаа бэлтгэл хийхэд хүндрэлтэй байдаг. Цасан шуурга, ширүүн бороо, халуун нар гээд л ... Гэвч гэртээ харихад аав, ээж маань сэтгэлзүйгээр дэмжиж, шаардлагатай зүйлсээр хангадаг болохоор эргээд урамшдаг. Манай аавыг Б.Нямдаваа гэдэг. Дархан-Уул аймгийн цагдаагийн газар ажилладаг, ахлах ахлагч цолтой бол ээжийг Ө.Туул гэдэг, борлуулалтын менежр. Аав маань заримдаа дүү бид хоёрыг бэлтгэл хийж байх үед хараад суучихдаг. 24 цаг нойргүй ажиллаад ирсэн хэрнээ тэгээд суугаад байхаар нь “Харьж амраач” гэсэн ч “Зүгээрэй” гээд л суугаад байдаг.

-Сэтгэлд тань хамгийн тод үлдсэн тэмцээн гэвэл алийг нэрлэх вэ?

-2015 оны Монголын хамгийн хурдан гүйгч хүүхэд шалгаруулах тэмцээн Архангай аймагт болсон юм. Тэр жил яагаад ч юм Улаанбаатараас тэмцээн болох аймаг хүртэл миний ходоод тасралтгүй өвдсөн. Гэвч маргааш нь 60, 100, 200, 400, буухиа гэсэн таван зайнд уралдахдаа бүгдэд нь түрүүлсэн болохоор хамгийн тод дурсагддаг. Мөн анх удаа гэрээсээ тийм хол газар очиж тэмцээнд явж үзэж байлаа. Түүнчлэн анх удаа Монголын хурдан гүйгч хүүхдээр шалгарч байсан юм. Олон эгч нарыг ялсан болохоор бүр их баярлаж байлаа.

-Дараа нь олон улсын тэмцээнд оролцож, хилийн дээс алхсан нь улам сайхан санагдсан болов уу?

-Тийм. Якутад болсон тэмцээн юм. Түүнд би түрүүлэх зорилготой явсан ч шагналт дөрөвдүгээр байрт орсон бол Хятад хүүхэд нэгдүгээр байр эзэлсэн. Өнгөрсөн жилийн Монгол туургатны тэмцээн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ордос хотод болоход би 100 метрт өрсөлдөхдөө мөнгөн медаль зүүсэн. Уг нь энэ тэмцээнд зөвхөн Монгол туургатнууд оролцох ёстой ч цэвэр Хятад хүүхэд оролцсон байсан. Ер нь энэ төрөлд Хятадууд дэлхийд тэргүүлж байгаа шүү дээ.

-Өөрийн тань бэлтгэл хэрхэн хийгддэг вэ?

-Долоо хоногийн 5-6 өдөрт нь бэлтгэлээ хийдэг. Өмнөх өдөр нь хүнд бэлтгэл хийсэн бол маргааш нь багш арай хөнгөн бэлтгэл хийлгэдэг.  

-Ирэх хавар дунд сургуулиа төгсөх юм байна. Тиймээс энэ спортоо орхиод өөр мэргэжил сонгох нь мэдээж байх ...

-Хөнгөн атлетикийн спорт бол залуу насны ажил гэдэг. Насанд хүрэгчдийн УАШТ-ий 100 метрийн зайн рекорд амжилт 11 секунт, 70 доль байсаар 30 жил болсон юм билээ. Би үүнийг ойрын хэдэн жилд эвдэх зорилготой байгаа. Үүний дараа ямар мэргэжил сонгохоо шийднэ дээ.

-Гүйлтээс өөр спортын төрлөөр хичээллэдэг үү?

-Бага, дунд ангид сурч байхдаа сагс болон гар бөмбөгөөр хичээллэдэг байсан ч одоо больсон. Учир нь бэртэл авахаас сэргийлж. Тиймээс зөвхөн үндсэн спортдоо л анхаарч байна.

-Дүү тань чөлөөт бөхийн спортоор хичээллэдэг гэсэн үү?

-Тийм. Ж.Ганболд багшийн шавь. Бид хоёр нэг багштай гэсэн үг. Дүү маань надаас олон медальтай болох төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Би 100 гаруй медальтай байгаа бол дүү 30 орчим байх.

-Чи анхны медалиа хаана болсон тэмцээнээс хүртсэн бэ?

-Манай сургуулийн төгсөгч Сургарсүрэн эгчийн нэрэмжит заалны аварга шалгаруулах тэмцээн сургуульд болоход хүрэл медаль хүртсэн. Тэр үед би дөрөвдүгээр ангид сурч байсан юм. Уг тэмцээнийг ээж дэргэдээс үзэж, маш их баярласан болохоор намайг одоо болтол дэмжиж байгаа байх.

-Одоо хаана, ямар тэмцээн хүлээж байгаа вэ?

-ОХУ-д хэд хэдэн тэмцээн болно. Гэвч би төгсөх ангийн сурагч учир хичээлдээ анхаарахгүй бол болохгүй. Харин ирэх оны долоодугаар сард насанд хүрэгчдийн УАШТ болох учир тэнд заавал оролцоно. Ер нь Монголд гүйлтийн тэмцээн бага болдог.    

-БНСУ-д хамтарсан бэлтгэл хийсэн гэсэн ...

-Хоёр жил тэр улсад хамтарсан бэлтгэл хийж байна. Солонгосын тамирчин хүүхдүүд хичээлийнхээ зав чөлөөгөөр бэлтгэлээ хийнэ гэсэн ойлголт байдаггүй юм билээ. Бүх анхаарлаа бэлтгэлдээ хандуулж, өдөрт хоёр удаа хийдэг байсан. Мөн өндөр ачаалалтай. Түүнийгээ дагаад бэлтгэл хийх орчин, тоног төхөөрөмж, төсөв, хангамж нь сайн байгаа нь ажиглагдсан шүү. Хэрвээ манай улсын хөнгөн атлетикийн тамирчид тийм нөхцөлд бэлтгэлээ хийвэл олон улсад маш амжилттай оролцох байх гэж бодогдсон. Мөн хол, ойрын зайнд тус бүртээ нэг багштай. Харин манай багш ганцаарахнаа бидэнд бүх төрлийн бэлтгэлийг заадаг. Өнгөрсөн жилийн хамтарсан бэлтгэлд БНСУ-ын олимпийн тамирчид болон залуучуудын ДАШТ-ээс медаль хүртэж байсан мэргэжлийн тамирчид нэгдсэн нь маш өгөөжтэй болсон. Биднийг зөвхөн онгоцны зардлаа л хариуц гэдэг боловч заримдаа өөрсдөө 100 хувь хангадаг. Өнгөрсөн жилийн бэлтгэл Сөүл хотын Жин Ду мужид байрлах далайн эрэг дээр сар орчим хугацаанд хийгдсэн. Тэнд гол техник, дэг журам, юу идэж уух ёстой вэ гэх мэт зүйл заасан. Монголоос 10 хүүхэд явсан. Бидэнд тийм бололцоог “Алдар” спорт хороо олгосонд баярлаж байгаа. Энэ хороонд БНСУ-ын хөнгөн атлетикийн холбооноос хамтарсан бэлтгэл хийх санал ирсний дагуу бид сонгогдсон.

Ж.Ганболд: Биелүүлж амжаагүй амжилтаа шавь нараараа төлөөлүүлнэ ээ 

Дархан-Уул аймгийн дөрөвдүгээр сургуулийн биеийн тамирын багш, спортын мастер Ж.Ганболд.

-Н.Солонго  таны удирдлага дор хэдэн настайгаасаа эхэлэж бэлтгэл хийсэн бэ?

-Хөнгөн атлетикаар сүүлийн үед хүүхдүүд 14-15 настайгаасаа эхэлж хичээллэж байна. Харин Н.Солонго хоёрдугаар ангиасаа буюу долоон настайгаасаа эхэлсэн. Энэ бол эрт хичээллэсэн гэсэн үг. Тухайн үед түүнтэй 100 гаруй хүүхэд хичээллэж байсан ч шантралгүй шигшигдээд үлдсэн нь ганцхан энэ шавь маань байгаа юм.

-Онцлог шинж нь юу вэ. Анх ирэхдээ танд хэрхэн мэдрэгдэж байсан бэ?

-Төрөлхийн тэсрэлттэй хурдтай, тэмүүлэлтэй, хөдөлгөөний эвсэлтэй хүүхэд байсан. Гэхдээ гар хөл нь гадагшаа сарвалзаж гүйдэг байлаа. Тэр бол техникийн асуудал л даа. Үүнийг нь засаад хэлээд өгөхөөр болчиж байгаа юм. Ар гэрийн дэмжлэг ч сайн.

-Та хоёр багш, шавь болсноосоо хойш нэлээн олон рекорд амжилтыг эвдсэн юм билээ. Цаашдын томоохон зорилго юу вэ?

-Би сайн тамирчин бэлдэх зорилготой байгаа. Энэ зорилгоо Н.Солонго шавиараа биелүүлэхээр ажиллаж байна. Одоохондоо өсвөрийн тэмцээнд оролцож байгаа ч насанд хүрэгчдийн ойрын зай буюу 100 метрт 11 секунт 70 доль гэсэн 30 жил хадгалагдсан амжилтыг эвдэх зорилготой байна. Одоо бид хоёр 12 секунт 00 доль амжилттай байгаа. Ерөнхийдөө 30 долийн асуудал байгаа болохоор болох байх. Тамирчин хүний оргил нас 22-23 байдаг. Гэвч манай шавийн нас арай бага байгаа болохоор туршлага, чадамж дутагдаад л байгаа. Яваандаа болох байх аа.    

-Хамгийн томоохон амжилтыг нь нэрлэвэл ...

-Сайхан, сайхан амжилт ихийг үзүүлсэн. Монголын спортын аль ч төрөлд зуны болон өвлийн спортын хүүхдийн наадамд дараалан түрүүлсэн хүүхэд Н.Солонгоос өөр байхгүй. Хамгийн анх 13 настайдаа 17 хүртэлх настай эгч нартайгаа уралдаад түрүүлж байлаа. Мөн Монголын хурдан гүйгч хүүхдийн тэмцээн жил бүр болоход 14-тэйдээ түрүүлсэн бол энэ жил дахин түрүүлж, дөрөв дэх удаагаа аваргаллаа. Энэ тэмцээн 60, 100, 200, 400 метрийн төрөлд өрсөлдөхдөө 12 алтан медаль хүртсэн. Түрүүгээ алдсан жил цөөхөн.

-Та багшийн ажлаа хэд жил хийж байна вэ?

-Нийтдээ 20 жил ажиллаж байна. Сургуульдаа багшлахын зэрэгцээ хөнгөн атлетик, чөлөөт бөхийн дугуйлан ажлуулдаг. Чөлөөт бөхийн шавь нараас сүүлийн гурван жилийн хугацаанд өсвөрийн УАШТ-д өрсөлдөхдөө алтан медалийн төлөө хүч үзэхээр гарч ирдэг болсон. Яваандаа олон сайхан тамирчин бий болно байх. Ер нь Монголд болж байгаа чөлөөт бөхийн өсвөрийн тэмцээнээс тэд маань олон медаль хүртэж, намайг баярлуулсаар байна. Энэ спортын төрлөөр эрэгтэй, эмэгтэй нийлээд 40 орчим хүүхэд хичэллэж байгаа бол хөнгөн атлетикаар 60 орчим байна. Манай сургууль 1100 хүүхэдтэй. Тэдний 100 орчим нь миний удирдлага дор спортоор хичээллэж байна гэсэн үг. Эдгээр хүүхдээс ирээдүйд тив, дэлхий, олимпийн медальтан төрнө гэдэгт итгэлтэй байгаа. Ер нь манай сургуулиас Н.Солонготой нийлээд таван хүүхэд Монголын хамгийн хурдан гүйгч болоод байгаа. Тодруулбал хамгийн анхны хурдан гүйгчээр А.Алдартос байсан бол дараа нь У.Мөнх-Очир, 2017 оны төгсөгч Г.Ган-Эрдэнэ, Батлан хамгаалахын их сургуулийн төгсөх курсын сонсогч, спортын мастер А.Ариунаа нар байлаа. Одоо Н.Солонго залгаж байна. Тэд бүгд миний шавь.

-Шавь нар тань онцгой хурдан юм. Харин та энэ төрөлд ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Би хөнгөн атлетикийн биш чөлөөт бөхийн хүн байхгүй юу. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх багшийн “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн багш дасгалжуулагчийн ангийг төгссөн. Хөнгөн атлетик бол бүх спортын суурь. Би “Хасу Мегастарс” клуб, чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Барясайхан багшийн анхны шавь. Багш надад хөнгөн атлетикийн төрлөөр маш их зүйл сургасан. Тэр зөвлөмжөөр л өнөөдрийг хүртэл шавь бэлдэж байна. Түүнчлэн манай сургуулийн захирлаар ажиллаж байсан, Монгол Улсын гавьяат тамирчин, хөнгөн атлетикийг Монгол Улсдаа үндэслэгчдийн нэг Л.Ваанжил багшийн нөмөр нөөлөг их бий. Тухайн үед намайг залуухан багш ирхэд олон зүйл зөвлөж, сургасан даа.

-Чөлөөт бөхийн төрлөөр та ямар амжилт үзүүлж байсан бэ?

-Өсвөрийн УАШТ-ээс алт, хүрэл медаль хүртсэн. Мөн Монголд болсон тэмцээнүүдийн найман алтан медалиар энгэрээ гоёсон. 1990-ээд оны үе л дээ, 55 кг-д хүч үздэг байлаа. Тухайн үед Монгол Улсын гавьяат тамирчин Б.Наранбаатар бид хоёр нэг жинд өрсөлддөг байв. Гурван удаа алтан медалийн төлөө хүч үзэж, би ялж байсан юм.

-Гэвч яагаад спортоо орхиж, багш болохоор шийдсэн юм бэ?

-Тухайн үед орон нутгийн хүүхдүүд хотод очиж бэлтгэл хийнэ гэдэг хэцүү байлаа. Тэгээд ч багш болох сонирхол давамгайлсан болов уу. Өөрийнхөө гаргаж чадаагүй амжилтаа шавь нараараа л гаргуулахын төлөө хичээж явна. Мөн Монголын чөлөөт бөхийн холбоонд бөх тайлбарлаж байгаа.  

-Таны төгсөгчдөөс хэн хэн байгаа вэ?

-Үндэсний бөх тайлбарлагч Ц.Батнасан, Г.Батсүх, Үндэсний сурын харвааны хошой мэргэн Ц.Баасанхүү ах, улсын начин Ш.Тогтохбаяр нарын зэрэг алдартнууд байна.

-Ярилцсанд баярлалаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын хамгийн хурдан гүйгч Н.Солонго: 30 жил хадгалагдсан рекорд амжилтыг эвдэх зорилготой байгаа  
Үзсэн: 12147 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-12-04 11:05
mongold guiltiin temtseen bolj bhiig barag medehgvi ym bn vneheer tsoohon zohiodog bh zohiosonch chimeegvihen tende bolchdiim shig bgn
Зочин [127.0.0.xxx] 2019-11-29 08:47
амжилт
Зочин [127.0.0.xxx] 2019-11-29 00:25
Ээжийгээ дуурайсан шаламгай охин
зочин [127.0.0.xxx] 2019-11-28 18:19
Мундаг охин аль эрт аав ээж багшийнхаа нэрийг мандуужээ одоо улс орныхоо нэрийг мандуулаарай
Darxan [127.0.0.xxx] 2019-11-28 17:02
Zov bodoltoi , zov tolovshiltei bagsh shavi xoert amjiltiin deediig xusen erooe !
unshigch [127.0.0.xxx] 2019-11-28 16:03
bagsh shavi 2 hoyoluu mundag hymyys baina. yneheer baharhaltai, saihan mongol hymyys. ta byhend az jargal, eryyl enh, ulam ich amjilt Hysen erooe
Зочин [127.0.0.xxx] 2019-11-28 15:13
minii naiziin ohin mundag shvvv

Бидэнтэй нэгдээрэй